Pages

Thursday, March 21, 2013

ЧИМИДИЗМ БА ЭРХ ЗҮЙТ ТӨРИЙН ТӨЛӨВШИЛТИЙН ЯВЦ


ЧИМИДИЗМ БА ЭРХ ЗҮЙТ ТӨРИЙН ТӨЛӨВШИЛТИЙН ЯВЦ


PS. (ОДООГООС 7 ЖИЛИЙН ӨМНӨ БАГШИЙНХАА АМЬД СЭРҮҮН БАЙХ АХУЙД ЭНЭХҮҮ НИЙТЛЭЛИЙГ БИЧИЖ БАЙЖЭЭ. ГОЛ КОНЦЕПЦИ НЬ МОНГОЛЫН ТӨР, ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААН, ХУУЛИЙН СИСТЕМД ЧИМИД БАГШИЙН ТОГТООСОН БҮХЭЛ БҮТЭН ШКОЛА, ЖИШИГ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БИЙ БОЛСОН БАЙНА. БНМАУ-ЫН СҮҮЛИЙН ҮНДСЭН ХУУЛЬ, МӨН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТИЙН ХУУЛЬ БОЛОН МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ, ТҮҮНИЙГ ДАГАЛДАН ГАРСАН БҮХ ОРГАНИК ХУУЛИУД УГ ХҮМҮҮНИЙ ОЮУН ТАРХИАР БҮТЭЭГДСЭН, ӨӨРИЙНХӨӨ ДАРААГИЙН БҮТЭН ГУРВАН ҮЕИЙГ БЭЛТГЭЖ ЧАДСАН БОЛОХООР МОНГОЛЫН АНХНЫ ...ИЗМ ҮҮСГЭЖ, ЧИМИДИЗМ ГЭЖ НҮҮР БАРДАМ ТУНХАГЛАЖ БОЛНО. БАГШ МААНЬ АРДЫН БАГШ ЦОЛ АВСНЫ ДАРААХАН ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНД ХИЙГДСЭН ХУРЛЫН ҮЕЭР ЭНЭ НИЙТЛЭЛИЙН ТАЛААР ЗӨНДӨӨН ТАЙЛБАР ӨГЧ ДАРУУ БАЙХЫГ СУРГАЖ БИЛЭЭ МАНЬД. ГЭСЭН Ч МИНИЙ Л ҮЗЭЛ БОДОЛ МИНЬ БОЛОХООР БИЧСЭН ЗҮЙЛДЭЭ ХАТУУ ЗОГССООН. ТӨР САВЛАСАН ЭНЭ ҮЕД БАГШИЙНХАА ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТӨРД БАЙГАА ШАВЬ НАРТ НЬ ДАХИН САНУУЛАХ ҮҮДНЭЭС НИЙТЭД ХҮРГЭЖ БАЙНА. ХАЙРТ УХААЛАГ БАГШ ТАНЬДАА МӨРГӨМҮЙ. )


2008.09.17

 ЧИМИДИЗМ: "Төрийг төвийлгөн Намыг дор нь оруулж, Төрийн дээр Иргэнийг тавих ..."                                                                        
 
Өө хүмүүсээ- Сэтгэлд багтамгүй сэтгэлгээний өөрчлөлтийг хэдийгээр 1990 онд өрнөсөн ардчилсан хувьслаар эхлүүлсэн ч гэлээ шинэ Үндсэн хуулийг цогцлоон бүрдүүлэх, түүнээс улбаалсан эрх зүйн шинэтгэлийн үйл явц түүний хэлбэршилтийг анхлан маш зөв, системтэйгээр тодорхойлсон үйлдэл, эс үйлдэлийг цаашид мунхаг харанхуй, мугуйд бүлэг санаатай, санамсаргүйгээр буруу тийш залаад байгаа нь өнөө цаг үед бидэнд хичнээн урхагтай үр дагавар бий болгоод байгааг бид таахыг, төсөөлөн бодохыг ч оролдохгүй байна шүү дээ. Энэ нь танд хачирхалтай сонсогдож буй биз ээ.
                                                                                                
Гэвч энэ бүхэн нь өнөөдөр амьдарч буй танд, чамд, ер нь бид бүгдэд цаашилбал бидний ирээдүйд, улс орны хөгжлийн хурдасгуурт зарим нэг талаараа шууд саад тушаа болж буйг анхаарах нь зайлшгүй болоод байна.

Зөвхөн үнэнийг бодит байдалтай харьцуулан байж магадлалыг нь олох нь хэнд ч чухал зүйл.

Учир нь 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааны дагуу хууль тогтоомжийг шинэтгэн засамжлах үйл явц өрнөөд даруй 16 жилийн нүүрийг үзжээ.
Энэ хугацаанд бидний тооцоолсноор одоогоор Үндсэн хуулинд нийцүүлэн ,,, 382 бие даасан хууль, 1010 нэмэлт, өөрчлөлтийн хууль тогтоомж батлагдсан тооцоо бий.

  • Чимидтэний бодьгал

Бяцхан түүх сөхөхөд шинэ Үндсэн хууль батлагдан гарсантай холбогдуулан түүнд нийцүүлэн нийгмийн харилцаа, хувь хүний бодьгал хэв шинжийг зохицуулж байх Үндсэн хуульчилсан болон бусад хууль тогтоомжуудыг бүхэлд нь шинэчлэх шаардлага гарсан бөгөөд энэхүү ажиллагааг системтэйгээр хийх нь чухал байсан юм.
Энэ утгаараа 1992 оноос Эрх зүйн шинэтгэлийг эхлүүлсэн бөгөөд ингэж хуульчлан баталгаажуулах, бэлтгэн боловсруулах санаа, санаачлагыг Шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулагч, Эхийг баригч, Монгол Улсын Гавьяат хуульч, Ардын багш, “Энэ цаг үеийг Эзэрхийлэн илэрхийлэгч” Төрийн Сайн Түшмэл, Эрхэмсэг Бяраагийн Чимидтэн гаргасан гэдэг нь яалт ч үгүй маргашгүй үнэн юм аа.

Үнэнийг хэлэхэд тэрээр хөндлөнгөөс ажихад халдаж харьцахад сүрдэм, амаргүй, адармаатай, мэдэхгүй хүн ойлгоход бэрх гэмээр л байдаг. Нэгэнт халдаад ойртчихвол номхон морь шиг, залуус бидэнд хайлсан туглага шиг л ээлтэй, нэг л их дотно найзтайгаа байгаам шиг санагддагсан. Гэхдээ энэ нь агуу хүний илэрхийлэл байж болох талтай л даа.

Мөн тэрээр өөрийгөө ЧИМЭД гэж бичүүлэх тун дургүй, ихэвчлэн ийм нэртэй хүмүүсийг ингэж бичиж, дууддаг. Мөн ихэнх хэл шинжлэлийн нэр томьёоны толь бичигт ийм нэрийг “Э”-ээр л бичдэг юм билээ. Гэтэл өвгөн өөрийнхөө нэрийг ингэж бичүүлэхэд тун эгдүүцдэг бөгөөд шавь нар, хамтран ажиллагсадаа ингэхэд шулуухан л дургүйцлээ илэрхийлдэг. Нөгөөдүүл нь ч үүнийг нь мэддэг юм болохоор, энэ тэнд хурал зөвлөгөөний эхлэхээс өмнө бичсэн нэрийг нь сэмхэн шалгаж сүйд болдог нь ажиглагддаг.

Ингэхийн учрыг багшаас нэг удаа асуухад “ЧИ” “МЭД” гэдэг чинь өөрөө өөрийгөө чи мэдэхгүй, яахыг чинь өөр хүн мэднэ гэсэн утга муутай, идэвхитэй бус байр суурь баримтласан, бөөрөнхий л хүний шинж шүү гэх ухааны янз муутайхан тайлбарлаж билээ. Үүгээр л өвгөний бодьгал шинжийг илэрхийлж болох мэт ээ...

Inline imageМөн нэг зүйлийг бас шулуухан хэлэхэд өвгөн эрдэм шинжилгээний болон багшийн ажлыг богинохон хугацаанд хийж байгаа гэж бас болох байх. Учир нь 30 гарсан хойноо их сургууль төгсч, МУИС-д багшилж байгаад төрийн сайд болсноос хойш ихэнх хугацаагаа Төр засгийг засамжилах, төрийн хуулийг төвшитгөхөд зориулж, чөмөгөө дундартал өнгөрөөсөн байх агаад эрт үед “БНМАУ-ын Захиргааны эрх зүй” гэдэг манай хуульчдийн хэлдэгээр алдарт “Чимидийн Цагаан ном”-ыг бичснээс хойш бие даасан бүтээл гаргаагүй юм. Харин 2002 онд буюу шинэ Үндсэн хууль батлагдсаны 10 жилийн ойн үеэр “Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал” номыг (ямар төрөлдөө хийсэн буян минь юм мэдэхгүй, их хувь заяагаар мөхөс намайг багштан тоож уг номынхоо редактораар болгож, загнан хүчлэн байж тэгж номондоо бичүүлж билээ. Хэдийгээр тухайн үед бага залуу хүүхэд баярлан хөөрч байсан ч одоо ичдэг юм өөрөөсөө би) гаргаснаас хойш худалч хүнд жилд хоёроос дээш бие даасан томоохон бүтээл гаргадаг болоод байгаа. Чингэхдээ багштан ганцхан сэдвээр биш эрх зүйн өөр өөр хэтэрхий том салбарыг барьж авахыг нь яана.

Энэ нь бидний хувьд өөрсдөд маань тэр хэмжээгээрээ ичгэвтэр тусахыг нь хэлэх юун. Үүнийг нь манай хуульчид багштан ангасан адуу цангаагаа тайлах шиг л цаг хугацаагаа нөхөх гэсэн мэт уралдаж байнаа гэж өөрсдийгөө цайруулчихаан аядаж байдаг юм.
 
Нөгөөтэйгүүр Монголын хууль зүйн шинжлэх ухаан, Төрт ёсны түүхэнд Бяраагийн Чимидтэн эрхэм шиг их хүмүүн лав л 100 жилдээ ахин төрөхөд бэрх бизээ. Магадгүй Их Монгол Улсын үед Юлыи Чу Цай Их Чинсан Монгол төрийг хууль, номын дор төвшитгөхөд хэд хэдэн хаадын үе үзэж зааж чиглүүлсэн үетэй дүйцэх их гавьяат хүмүүн билээ л. Цаг хугацаа үүнийг минь нотлох буй за.

  •           Эрх зүйт төрийн төлөвшилтийн явц

Гэвч Эрх зүйн шинэтгэлийн бодлого, арга хэмжээг эхлүүлэхэд улс төрийн болоод бас бус шалтгаануудын улмаас ч юм уу төрийн бодлогын хэмжээнд төдийлөн цэгцтэй системчлэгдсэн байдлаар тусгагдаагүй явж ирсэн гэж болно.

Тухайлбал, 1992 оны 1 дүгээр сарын 16-нд БНМАУ-ын АИХ-аас Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хууль , БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийг батлан гаргасан байх агаад тус хуулийн “Хууль тогтоомжийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн шинэчлэх” гэсэн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “...Монгол Улсын Үндсэн хуульд заасан хуулиудыг Улсын Бага Хурлаас тогтоосон хуваарийн дагуу 1993 онд багтаан батлан гаргана.”, 5.4-т: “Хууль тогтоомжийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн бүрэн шинэчлэх ажлыг 1996 онд багтаан хийж дуусгана.” гэж тус тус заасан байдаг.
Мөн Улсын Бага Хурлын 1992 он 14 дүгээр тогтоол гарч шинэ Үндсэн хуулийг дагаж мөрдөх, хууль тогтоомжийг шинэчлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан гаргаж, түүндээ банк, гааль, өмч, аж ахуйн харилцааг зохицуулж буй хуулиудыг болон төрийн байгуулалтын шинэтгэл, сонгууль, төрийн, нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг шинэчлэн зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх талаар эрх зүйн орчинг яаралтай боловсронгуй болгох зорилт тавин ажилласан байдаг.
Тухайн цаг хугацаанд хууль тогтоох байгууллагаас батлан гаргасан хууль, хууль тогтоомжууд нь манай улсын шилжилтийн үйл явцад үнэтэй хувь нэмэр оруулж, зорьж буй шинэ нийгмийн байгууллыг зөв голдиролд нь ороход ихээхэн үүрэг гүйцэтгэсээр байна. Гэсэн хэдий боловч тавьсан зорилтоо тодорхойлсон хугацаандаа амжаагүй, мөн гүйцэтгэлээ амархан шийдэх боломж ч байхгүй байсан гэж болно.
 

 Энэ үүднээс шинэ Үндсэн хууль батлагдснаас 8 жилийн дараа л системтэйгээр эрхийн шинэтгэлээ хийхээр төлөвлөж, УИХ-ын 1998 оны 18 дугаар тогтоолоор “Монгол Улсын Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2000 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”, Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-г баталсан байдаг. Мөн УИХ-аас дээрх Үндсэн чиглэлийг 2001, 2005 онд шинэчилсэн байдаг.

 Энэхүү баримт бичгүүд нь урьд хийсэн эрх зүйн шинэтгэл, шинэчлэлд үнэлэлт өгч, цаашид төрөөс ямар чигийг баримтлахыг тодорхойлсон бодлогын барим бичиг болов уу. 
Хэдийгээр шинэ Үндсэн хууль, түүний үзэл баримтлалд нийцсэн ардчилсан нийгэм, эах зээлийн эдийн засгийн эрх зүйн үндэс бүрэлдэж эхэлсэн боловч эрх зүйн шинэтгэлийг үргэжлүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, нийгэмд шинээр үүсч буй харилцааг хуульчлан зохицуулах, тэдгээрийг олон улсын жишиг, загварт нийцүүлэх, хуулийг дээдлэх, ягштал хэрэгжүүлэх нийгмийн ухамсарыг төлөвшүүлэх шаардлага хэвээр байна.

Мөн хатуухан хэлэхэд 1998 оноос Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр, Хууль тогтоомжийг боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлагдан хэрэгжиж эхэлснээс хойш хууль тогтоох байгууллагаас батлан гаргасан хууль, хууль тогтоомжууд нь хэдийгээр нийгмийн амьдралд реформын шинжтэй суурь харилцаануудад зохицуулалт хийж ирсэн боловч зарим талаараа ухралт хийсэн, шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцээгүй, хууль, хууль тогтоомжийн уялдаа муутай, Үндсэн хуулийн үндсэн бүтцийн бус хэм хэмжээнүүд гаргасан байдаг.
Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуульд заасан хууль тогтоомжийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх зарчмаас зарим талаараа ухарсан үйлдэл, үйл ажиллагаа ч болсон гэж дүгнэж болох юм.

Тухайлбал, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Үндсэн хуулийн өөрчлөлт, Бүчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай, Иргэний хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай, Монгол Улсын Яам, мөн Агентлагийн эрх зүйн байдлын тухай, Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай, Ашигт малтмалын тухай, Төсвийн тухай, Татварын ерөнхий хууль болон эдийн засгийн харилцааны зэрэг зарим суурь шинжтэй хууль тогтоомж нь үндсэн бүтцийн бус, уялдаа холбоо муутай, давхардал хийдэл ихтэй, нэг удаагийн шинжтэй байгаа нь учир дутагдалтайгаас илүүтэйгээр хөгжил дэвшил, нийгмийн найрсалтай болоход хор уршиг болоод байна.

Үүнийг нөгөө Чимид багшийн хэлдэг “Алтан цээжтэй, мөнгөн бөгстэй, зэсэн туурьтай, гоолиг сайхан эрлийз адуу”-тай манай эрх зүйн бүл, түүний бүрдүүлбэр хууль тогтоомжийг зүйрлэн хэлж болмоор байна.

Манай нийгмийн амьдралын бүх хүрээ, салбарт хийж буй шинэчлэл түүний дотор засаг захиргаа, түүний байгууламжийн гол цөм нь болох засаг захиргааны тогтолцоонд шинэтгэлийг зөв арга зүйтэй хийх зайлшгүй шаардлага байгаа нь хот, хөдөөгийн амьдралын ялгаа, төрийн байгууллагуудын үйлдэл, үйл ажиллагаа, ажилгүйдэл, ядуурал, орон нутгийн өнгө төрх, ард түмний амьдрал, нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдээс харагдаж байна.


Засаг захиргаа, түүний тогтолцооны өнөөгийн олон жижиг, удирдлагын тогтолцооны ойлгомжгүй нэгжүүд нь төсвийн үрэлгэн зардлыг нэмэгдүүлж, хүн амын нийгмийн хөгжлийг тэтгэх хүчин зүйл болж чадахгүй, зах зээлийн багтаамж бага, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих боломж хязгаардлагдмал, үүнтэй уялдан төрийн байгууллагын хүнд суртал, үндэслэлгүй чирэгдэл учруулах явдал нь иргэдийн төрд итгэх итгэл сулрах, төрөөс төлөвлөж, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа орхигдох зэрэг сөрөг үр дагавар гарахад нөлөөлж байна.

Төрийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, ард түмэндээ үр нөлөөтэй, шуурхай үйлчилж, тэдний үндсэн хэрэгцээг хангах, шударга ёсыг хэвшүүлэх, сайн засаглалыг бүрдүүлэхийг зорих нь Монгол төрийн гол зорилго байх ёстой билээ.
Гэтэл шилжилтийн үед дээрх бэрхшээл байх нь зайлшгүй мэтээр ярьж бичиж, улмаар нийгмийн удирдлагын түвшинд хүртэл хүлээн зөвшөөрөх хандлага газар авах байдал ажиглагдсаар удлаа.

Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2008 онд Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрт хийсэн хяналт, шинжилгээ үнэлгээгээр тус хөтөлбөр нь үндсэндээ хэрэгжиж, шинэтгэлийн зорилт “хууль тогтоомжийн хувьд” биелэгдсэн гэж дүгнэсэн байх юм... 

Гэтэл эдийн засгийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжууд нь ойлгомжгүй, тодорхойгүй, хэрэгжих механизм нь харагдахгүй байсаар байгаа нь манай хуулийн үйлчлэл 3 хоног байдагт нөлөөлж байна. Гэвч одоо шилжилтийн үе дууссан эсэх талаар маргаж мэтгэлцэх шаардлагагүй бөгөөд хөгжлийн үе нэгэнт эхэлснийг хүлээн зөвшөөрч түүнд нийцэн алхах нь чухал болоод байна. Учир нь даяаршилын үед өрсөлдөөн улам ширүүсч, харгис шинжтэй болж, өчүүхэн хугацааг алдахад л хоцрогдох аюул байгаа бөгөөд улс орны оршин тогтнох эсэхтэй холбоотой болж байна.

Шилжилтийн үе нь өмнөх нийгмийн буруу тогтолцоог задлах үйл явцаар тодорхойллогддог бол хөгжил дэвшлийн үе нь шинэ тогтолцоог эмхлэх, нийгмийг найрсалтай болгох үйл явцаар тодорхойлогддог. Шилжилтийн үед хуулийн хэрэгжилт тааруухан байдаг бол хөгжил дэвшил, нийгмийн найрсал бүрдүүлэх явцад чухамхүү хуулийн чанд хэрэгжилт, шударга ёсонд тулгуурлах ёстой. Үүнийг зөвхөн эрх зүйн зөв шийдэл, хэм хэмжээ зохицуулах учиртай билээ.

Иймээс тэрхүү сайн цагийн хөгжлийн түлхүүрийг гардах гол хүчин зүйл болох хууль сахиулах салбарт шинэтгэлийг эрчимжүүлэх, дэлхий нийтийн чиг хандлага, хөгжил дэвшлийн технологийг тухайн салбарт нэвтрүүлэх нь туйлын чухал байна. Энэ нь эдийн засгийн шинэчлэлтийг хууль зүйн салбарын шинэтгэл гүйцэхгүй хоцорч байгаагаас хамаарч байна.

Чухам ингэж дүгнэх болсон шалтгаан нь бол манай хууль тогтоомжийн төсөл боловсрогдох, батлагдах үйл явц, түүний эх сурвалж, арга зүйн асуудалд  гол нь бэрхшээл байгааг илэрхийлэхийг зорьж байна. Учир нь манайхны хууль боловсруулж, батлагддаг технологи нь тун энгийн, гадны төсөл, зөвлөмж, гадаад томилолт, сургалт, хувь хүний, бүлэглэлийн хүсэл зоригоос л хамааран шийдэгддэг гэхэд хилсдэхгүй бизээ. Гэхдээ нийт хууль боловсруулагчдынхаа хөдөлмөр, зүтгэлийг үгүйсгэж буй хэрэг огт биш шүү. 

Басхүү үүнийг зөвхөн өөрсддөө нялзааж, хэтэрхий буруушаах нь бас зохисгүй байгаа юм. Өөрөөрхэлбэл, дэлхий нийтээр ноёлох байр суурьтай АНУ, Япон болон барууны орнууд, сүүлдээ ОХУ зэрэг улсууд өөрийн эрх ашиг сонирхол, зах зээлээ тэлэх бодлогын үүднээс, үндэстэн дамнасан корпорациудын нөлөөгөөр Олон улсын гэрээ, хэлэлцээр, хамтын нийгмэлэгийн төлөв гэх нэрийн дор жижиг орнуудын зах зээлийг өөрсддөө хүчээр нээх бодлого баримтлахад эрх зүйн төлөвшил, шинэтгэлийг дам байдлаар ашигладаг нь нөлөөлөө биз дээ ...

  • Хууль гэдэг санааных ...

Ер нь Үндсэн хууль нь нийгмийн ашиг сонирхолуудын бүрдэл, улс төрийн хүчнүүдийн харьцаагаар тодорхойлогдох үзэл суртлын чиг хандлагатай баримт бичиг гэж шуудхан хэлж болох юм. Гэхдээ Үндсэн хууль бол нийгмийн бүх бүлэг, давхаргын эрх ашгийг нэгэн адил эн тэнцүү байдлаар тусган зохицуулах боломжгүй байдаг. Гэвч ардчилсан дэвшилтэт нийгэм байгуулахад үйлчилдэг, ашиг сонирхолуудын тэнцвэрт байдлыг хангах гол хүчин зүйл болдог.
Тухайлбал тухайн нийгмийн тэр үеийн хүчний харьцаа, нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, хувьсгалын болон Үндсэн хууль батлагдах үеийн улс төрийн тохироо зэргийн хүчин зүйлсийн нөлөө, үр дүнд дэлхийн олон орны Үндсэн хуулиуд батлагдсан түүхтэй.

Иймээс Үндсэн хуулийн үндсэн бүтцийн ерөнхий шинж нь:
-                              Үндсэн хуулийн заалт, хэм хэмжээ нь тухайн эрх зүйн тогтолцоонд анхдагч, хамгийн дээд хүчин чадалтай байдгаараа төрийн гол хууль болдог. Иймд Үндсэн хуульд харшилсан хууль, эрх зүйн бусад акт хүчингүй байна. Эрх зүйн ямар ч акт Үндсэн хуулийн хэм хэмжээнээс гажих ёсгүй. Ийм тохиолдолд хэд хэдэн сөрөг үр дагавар гарч болно. Тухайлбал, хууль ёс гажих, ардчилал, энэрэнгүй ёс алдагдах, мөн нэг гол шинж бол эрх зүйн салбарын онол, практикийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон үзэл баримтлалын шинжтэй байхаас гадна тэдгээрийн эрх зүйн суурь үндэс нь болно.

Үндсэн хуулийн хэм хэмжээ, зарчим заалт нь нийгэм, төрийн байгуулал, тэдгээрийг бүрдүүлдэг Үндсэн хуулийн элементүүд, эрх зүйн орчныг бүрдүүлэх хууль зүйн бааз болдог билээ. Хэдийгээр шинэтгэл маань хэрэгжиж байгаа ч гэсэн тулгамдсан асуудал олон байна.

Тухайлбал, хууль тогтоомж хэрэгжихгүй байх, нийгэм, төрийн зүгээс  түүнийг үл биелүүлэх, үл хүндэтгэх, үгүйсгэх үзэл нилээд  байгаа бөгөөд энэ нь нэг талаас иргэдийн эрх зүйн ухамсрын төвшин доогуур, нөгөө талаас хуулийг хэрэгжүүлэх  механизм боловсронгуй бус  байгаатай  холбоотой  гэж үзэж байна. 

Нөгөө талаас хуулийг ямар нэгэн ид шидийн хүчин чадалтай мэт үзэж тулгамдсан бүхий л асуудлыг ганц  далайлтаар шийдвэрлэх чадвартай хэрэглүүр гэсэн нийгмийн сэтгэлгээ ч дэлгэрэх хандлагатай байна.

Жишээлбэл, бүх шатны сонгуульд нэр дэвшигч, тэр байтугай байгууллагын удирдлагын сунгаанд хүч үзэгч хүртэл эрх зүйн орчинг боловсронгуй болгож асуудлыг чинь шийдэж өгнө гэдэг болж. Өөрөөр хэлбэл олон нийтийн ухамсар бараг л асуудал нэг  бүрт тохирсон  шинэ шинэ хуулиуд баталж  байхыг шаардаж байна.
Энэ нь асар олон хууль тогтоомжууд шинээр батлагдаж, богино хугацаанд өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд иргэдээс хууль тогтоомжуудыг тухай бүр судлах, мэдээлэл авах, танилцах боломж тун хомс байгаатай холбоотой.

Ардчилал бол угтаа хуулийн диктатур /нийтийн хүсэл зоригийг илэрхийлдэг/ тул хуулийг хэрэгжүүлэх албадлагын механизмыг улам боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл бүх нийтээрээ хуулийг ягштал дагаж мөрддөг, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага нь тодорхой, механизм нь боловсронгуй бөгөөд хуулийг үл тоомсорлон биелүүлэхгүй байх замыг хаасан байх ёстой. 

Орчин үеийн төрийн гол философи, зорилт болон иргэн нь тайван, аюулгүй амьдрах орчинг нь бүрдүүлж өгөхөд оршиж байгаа бөгөөд энэхүү зорилтоо хэрэгжүүлснээр нийгэм, эдийн засаг нь дараа дараагийн шатандаа орж хөгжих боломж бүрдэх болов уу.

  • Яагаад бид худлаа ярих ёстой гэж !

Үнэндээ хууль гэдэг хүний, хувь хүний хүсэл зоригийн илэрхийлэл, бүтээл нь л байдаг шүү дээ. Мэдээж та энэ бол үндэслэлгүй, сэтгэлийн хөөрлөөрөө хэлсэн, юмыг хэт нэг талаас нь харж буй нэгэн бацааны наукажаагүй гэнэн төсөөлөл гэж хэлэх байх л даа. Үнэн чанартаа үүнийг үгүйсгэж болох ганцхан үндэслэлийг би хэлмээр байна.

Үндсэн хуулийн Үндсэн бүтцийн онолын ерөнхий хүрээнд нь авч үзвэл Үндсэн хууль нь бодит асуудлыг, өөрөөр хэлбэл тухайн үед оршин байгаа аливаа асуудлыг бус, харин төрийн хэлбэр, төрийн байгууллагуудын тогтолцоо, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны арга хэлбэр, зарчим зэрэг нь Үндсэн хууль бүтээгчдийн урьдаас бодож төлөвлөсөн бүтээлийнх нь үр дүн болдог нийтлэг жишиг бий. Энэ үүднээсээ ч төрийн бодит засаглал нь Үндсэн хуулийн агуулга бус, харин түүний зохицуулалтын обьект болж, тухайн цаг үеийн бодит байдлын тусгал төдий зүйл биш, эцсийн дүндээ хөгжил дэвшлийн загвар болох ёстой.

Уг шалгуур үзүүлэлтийн хүрээнд нь авч үзвэл БНМАУ-ын Үндсэн хуулийн 1990 оны Нэмэлтийн хууль болон одоогийн шинэ Үндсэн хууль, бусад 1990-1999, 2000-2010 онд батлагдсан тулгуур ориганик хуулиудын 70 гаруй хувь нь энэ Бяраагийн Чимидтэн гэх их хүмүүний бүтээл, оюун тархинд нь цогцлоосон үзэл санаа нь байсан, байсаар л байна. Байх ч биз ойрын ирээдүйд 100 жилд. Үүнд бид бүрэн итгэлтэй байж болно.

Эргэлзээд хэрэггүй дээ. Учир нь бидний амьдарч буй цаг үед хэн ерөнхийлөгч, ерөнхий сайд, хэр их эрх мэдэлтэй, баян чинээлэг байснаар нь хамаараад түүх гэгч хэний ч нөлөөнд ордоггүй ноёнтон өөрийн хуудаснаа бичихгүй шүү дээ.
Ганцхан жишээ хэлэхэд л хувь хүн, хэсэг бүлэг, цаашилбал хүмүүсийн нэгдлийн дээд хэлбэр болох улс төрийн нам баримтлах чиглэл бодлого, үйл ажиллагаандаа дэмжлэг болох үүднээс хууль батлах замаар төрийн бодлогоор дэмжүүлдэг нь хэнд ч нууц биш.
 Тухайлбал, Энэ гурван арван жилд Бяраагийн Чимид гэх энэ хүний хүсэл зоригоор хууль, цаашилбал төрийн бодлого тодорхойлогдож байсан нь, байгаа нь хатуу ч гэсэн үнэн. Учир нь хуулиар Хууль санаачлагч субьектүүд түүнээс зөвшөөрөл авч, үзэл баримтлалаа, хуулийн төслөө түүнээр хийлгэн, зөвшөөрүүлсэн тохиолдолд батлагдаж байсан нь, мөн хэлэлцэх жагсаалтанд тусгуулах эсэхээ шийдвэрлүүлж байсан нь, байгаа нь яав ч л үнэн зүйл. 

Ийм байдлаар төр гэгч тодорхой хүнд, бүлгийн нэгдлээр төрийн бодлогоо тодорхойлуулан төрийн дархлаагаа бий болгон авч явдаг даа. Энэ нь тийм ч зохисгүй зүйл биш. Жам ёсны л тохиол. Яалт ч үгүй гашуун юм.

Иймээс өчүүхэн би Бяраагийн Чимид хэмээх энэ их хүмүүний алдарыг магтан дуудмаар санагддаг юм аа.

Тэртээ  30 насандаа нэгэн сумын багийн даргаар ажиллаж байгаад, оюутан, багш, Шүүх яамны сайд, Улсын дээд шүүхийн дарга, Ардын их хурлын тэргүүлэгч, АИХ-ын Төрийн байгуулалтын хэлтсийн дарга, Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зөвлөх, эрдэмтэн багш, эрдэмтэдийн дарга гээд арвин их туршлагатай нэгэн билээ. Тэрээр бүхий л амьдарлаа хуулийн төсөл боловсруулах, батлах, түүнийгээ хэрэгжүүлэх, заавар чиглэл өгөх, удирдах жолоодох, зөвлөн туслах, замчлан заах зэрэг олон талт хэлбэрээр Монгол төрийг хөгжүүлэн чиглүүлж, төгөлдөршүүлэхэд зүйрлэшгүй хувь нэмэр оруулсан юм аа.

          Гэхдээ Төгс төгөлдөр зүйл гэж хаа ч байдаггүй, жишээ нь л гэхэд багшийн маань эх барьсан Үндсэн хууль маань л гэхэд хэл зүйн 83 алдаатай байдаг гээд бодохоор үнэн төгс юм байдаг гэхэд эргэлзээтэй агаад аливаа зүйл байнга тэмүүлэлтэй байдаг юм болов уу. Нөгөөтэйгүүр дээр хэлсэнчлэн Үндсэн хууль гэдэг бүтээгчийнхээ урьдаас бодож төлөвлөсөн бүтээлийнх нь үр дүн байдаг юм болохоор түүнийг нь “улам төгөлдөршүүлэх” гэхээр дурамжхан байдгийг ойлгоцгооё л доо...

  •           Алдаршин дуурсаасай Та.

Саяхныг болтол өмнөх Улсын Ерөнхийлөгч маань юуг хүлээж, ямар үнэлэмжинд тулгуурласан шалгуураар хүний, хүмүүсийн хөдөлмөр зүтгэл, гавьяа үнэлэмжийг тодорхойлон улаан, хөх харандаагаа зурдаг юм болоо? гэж боддог байлаа бид хэд. Улсад 10 давсан бөх, алт авсан олимпчин, улсын төсвийг өөрийнхөө сайнаар, нөхдийнхөө туслалцаатайгаар бүрдүүлэхэд нөлөөлсөн аж ахуйн нэгжийн эрхлэгч найз, малаа сайн өсгөсөн төрсөн ахдаа ч гэдэг юм уу хөдөлмөрийн баатар цол “олгогдуулагдсан” байх жишээтэй.

Гэтэл энэ Б.Чимид гэгч хүн тэр үеийн нам, төрийн удирдлагыг эрх зүйн цэгцтэй мэдээллээр хангаж, зөв оновчтой шийдвэр гаргахад нөлөөлсөн төрийн сайн түшмэлийн үүргийг гүйцэтгэсэн, улмаар 1990 оны Үндсэн хуулийн Нэмэлтийн хуулийг боловсруулан батлуулж, түүний үрээр нийгмийн тайван, ухамсартай шилжилт-хувьсгалыг нэг ч цонхны шил хагалгүй, нэг ч хүний хамраас цус гаргалгүйгээр хийх, гудамжны босуул хөдөлгөөнийг төрийн хайрцаганд /тогоонд/ албан ёсоор оруулах аятай нөхцлийг бүрдүүлж, тэрхүү Нэмэлтийн хуулийн үзэл санаанд суурилсан шинэ Үндсэн хуулийг боловсруулж гаргасан энэ эрхэм хүмүүний нэгэн биед ахдах агуу хөдөлмөр билээ. Энэ их хөдөлмөр зүтгэл оюун санааг нь үнэлүүлж хөдөлмөрийн баатар цол олгодоггүй нь хачин. Ухвар миний сонссоноор хэдэн удаа нөхөд, шавь нар нь, мэргэжлийнх нь сэм сэмхэн зүтгүүлсэн байдаг ч өдгөө болтол сураг лав олж сонсоогүй. Харин өнгө нь хувирч ирдэг гэнэ лээ.


Тэгэхээр миний эхэнд хэлсэнчлэн зөвхөн үнэнийг, зөвхөн үнэнийг бодит байдалтай нь харьцуулан хагаралдуулж магадлалыг нь олох нь чухал гэсний учир нь тэр ээ. 


Би энэ хүнийг амьдад нь үзэл санаа, сэтгэлгээний нь хурдыг өвлөн авахыг илүүд үзэж байна. Өнөөгийн хуульчдын ихэнх нь /том гэгддэг/ энэ хүний гарын нь шавь гэж ярьж хэлж явах нь нэн элбэг. Гэсэн хэдий ч түүний үзэл санааг цааш нь оршоож бодит байдал болгох тал дээр хомс мэт. Хөндлөнгийн ажиглалтаар бол тэд өөрсдийн карерь, эрдэм номын мөрөө сайжруулах тал нь ихэмсүү юм болов уу. Энэ нь ч тийм муу зүйл биш байх.

 Нөгөөтэйгүүр энэ нь уг хүмүүний хэр их мөлжүүр сайтай булууны яс вэ гэдгийг нь илтгэх мэт.



Шагдарын Үнэнтөгс J.S.D.

2008.09.17.  Токио

No comments: