Pages

Friday, March 8, 2013

Хүннү гүрний соёл иргэншил

 Хүннү гүрний соёл иргэншил

http://www.esacademic.com/pictures/eswiki/66/BeltBuckleXianbei3-4thcentury.jpg




Монголчууд бид агуу түүхтэй дэлхийн долоон томоохон иргэншлийн нэгд тооцогддог.
Өөрөөр хэлбэл дэлхий дээр одоогоор байгаа 14000 гаруй угсаатан ястнуудаас Хүннү, Сяньби угсааны хожмын монголчууд бидний түүх хамгийн агуу долоод багтдаг гэсэн үг л дээ. Түүхийн хуудас сөхвөөсхүннү нар бол монголчуудын эртний удам бөгөөд Төв Азийн түүхэнд гүн ул мөрөө үлдээсэн нүүдэлчин аймаг билээ. Хүннү нар нь МЭӨ III зууны үед хүчирхэгжин мандаж, Төв Азийн эртний нүүдэлчин аймгуудын дундаас анх удаа өөрсдийн төрт улсыг байгуулсан гэдэг.

МЭӨ 209 оңд Хүннү аймгуудын зонхилогч Модун шаньюй гэгч Хүннүгийн 24 аймгийг нэгтгэн захирч, Хүннү улсыг үндэслэн байгуулжээ. Хүннүгийн төрийг барьж агсан хэсэг нь монголчуудын өвөг учир тэдний байгуулсан төрийг Монголын нүүдэлчдийн анхны төрт улс гэж үздэг. Хүннү улсын хаан Модуны өргөө нь Хангайн нуруу, Орхоны хөндийд барладаг байсан агаад Модуны үед Хүннү улс ихэд хүчирхэгжин Төв Азийн нүүдэлчдийн эзэнт гүрний зиндаанд хүрч, Хятадын Хан улстай өрсөлдөн тэмцэлдэх болсон юм. Тэр ч утгаараа Модун шаньюйд ялагдсан Хан улсын хаан Гао-ди МЭӨ 198 онд Модунтай ургийн холбоо тогтоож, найрамдлын гэрээ байгуулж байв.

Уг гэрээ ёсоор Хүннү гүрэн, Хан улс хоёр бие даасан, эн сацуу хоёр эзэнт гүрэн гэдгийг харилцан хүлээн зөвшөөрсөн хэрэг. Хүннүгийн нутаг дэвсгэр нь өмнө зүг Цагаан хэрмээс умар зүгт Байгал нуур, баруун зүгт Ил Тарвагатай, дорно зүгт Солонгос хүрдэг байв. Харамсалтай нь Хүннү гүрэн нь дотоодын тэмцэл самуун болоод Хан улсын арга явуулгаас болж, МӨ 53 онд хоёр хэсэг болон хуваагдаж, улмаар МӨ 93 онд Сяньбид эзлэгдэн мөхсөн тухай түүхийн хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ. Ташрамд сонирхуулахад Хүннүгийн нийгмийн бүтцэд сурвалжит язгууртны давхраа ноёлж байсан боловч ураг төрлийн байгуулал, овог аймгийн ахлагчдын нэр нөлөө бас хадгалагдсаар байжээ.
 Embedded image permalink Хүннү шанью -ийн алтан титэм Өвөр Монголын Далан хар уулнаас олдсон.

Хүннү улс нь төв, зүүн, баруун гэсэн гурван хэсэгт хуваагдаж, аравтын зохион байгуулалттай байсан бөгөөд улсын төв хэсгийг шаньюй өөрөө, зүүн, баруун гарыг хааны томилсон вангууд захирдаг байв. Харин вангуудад элдэв хэргэм зэрэг зүүсэн үе залгамжлагчид захирагдах бөгөөд тийм зонхилогч 24 байсан нь тус бүрдээ нэг түмэн морин цэрэгтэй байсан гэх. Түмний ноёд ажил хэргээ залгуулахын тулд аравт, зуут, мянгатын дарга нарыг томилдог ба тэдний дундаас үе залгамжлуулан ван, цэргийн томоохон дарга нарыг дэвшүүлдэг байсан бөгөөд Хүннүгийн төрийн байгууллын эл онцлог нь хожмын Монгол, Түрэг угсааны нүүдэлчин улсуудад уламжлагдан үлдсэн хэмээн эрдэмтэд баталдаг. Түүнчлэн аж ахуй, эдийн засгийн байгууллын үндэс нь бэлчээр ус, мал сүрэгт тулгуурласан нүүдлийн мал аж ахуй байсан агаад нүүдэлчин аймгууд тус бүр нүүдэллэн сэлгэх тусгай тогтоосон нутаг бэлчээртэй байсан төдийгүй ан агнуур нь Хүннүгийн эдийн засагт багагүй үүрэгтэй байжээ.

Хүннү нарын Төв азийн нүүдэлчдийн утга соёлын хөгжилд оруулсан том хувь нэмэр бол бичиг үсэгтэй болсон явдал юм. Тэрхүү бичиг нь арамей нарын бичгийг өөрсдийн хэл ярианд тааруулан нэн эртний овог аймгийн тамга тэмдгээр баяжуулсан байж. Түүнчлэн өнөөгийн Монгол Улсын нутаг нь Хүннү гүрний газар нутгийн цөм болж байсан тул хүннү нарын түүх, соёлын арвин баялаг дурсгал Монголд хадгалагдан үлдсэн тухай та бид бэлхнээ мэднэ. Хүннүгийн эд өлгийн дурсгалын нэг онцлог бол хүн мал, араатан амьтны дүрсийг төрөл бүрийн арга барилаар, янз бүрийн эдээр дүрслэх явдал байв. Хүннүгийн соёл нь Монгол нутаг дахь урьд үеийн хүрэл, төмрийн үеийн соёлыг уламжлан урагш ахиулж, хойч үеийнхээ нүүдэлчдийн соёлд гүнзгий ул мөрөө үлдээсэн юм.

Түүнчлэн Хүннүгийн түүх, соёлын дурсгалуудад хөрш зэргэлдээ нүүдэлчид болоод Хятад, Солонгос, Дундад Ази, Грек-Бактрийн суурьшмал иргэншилтэй өргөн харилцаж явсны ул мөр хадгалагдан үлдсэн байдаг юм. Төв Азийн тэгш өндөрлөгт нүүдэлчдийн байгуулсан Хүннү гүрэн дорноос өрнө тийш Солонгосын хойгоос Иран Ирак хүртэл, Байгаль далайгаас түмэн газрын цагаан хэрэм хүртэлх асар уудам газар нутгийг эрхшээлдээ оруулж тухайн үедээ Ази тивийн хамгийн хүчирхэг гүрэн болох Энэтхэг, Хятад, Перстэй эн зэрэгцэж байсан аугаа их сүр хүчний илэрхийлэл болж байсан юм. Төв Азийн энэ нүүдэлчдийн довтолгооноос эмээхдээ Хань гүрний хаад алдарт түмэн гадрын цагаан хэрмийг бариулж байсан тухай түүхэн эх сурвалжуудад тодорхой дурдсан нь бий.

Монголчуудын шууд өвөг дээдэс болсон Хүннүчүүдийн тухай өнөө цагийн, бид Цагаан хэрэм бариулахад хүргэсэн энэ миний өвөг дээдэс гэж бахархдаг хэрнээ өвгийнхөө дурсгалд зориулж юу хийж бүтээв ээ гэдэг тухай бодох л асуудал. Хэдийгээр Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын нэгний өдрийн хуралдаанаар энэ онд болох Хүннү гүрэн байгуулагдсаны 2200 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Үндэсний хороог байгуулж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр ахлуулсан ч наана нь хийх, сурталчилах ажил арвин их байна. Хүннү гүрэн нь одоогийнхоор бол олон үндэстний улс байсан учир тэгш ойг Ази, Европын олон оронтой хамтран тэмдэглэж нүүдэлчдийн түүх, соёлыг дэлхийд таниулах боломж ч бүрдэх нь гарцаагүй.

Тэгээд ч Хүннү гүрэн асар уудам нутгийг эзлэн оршиж байсан ч төр улсын голомт, тархан сууж байсан газар нутгийн дийлэнх нь одоогийн манай улсын нутаг дэвсгэрт багтдаг тухай дээр дурьдсан. Өнөөдрийн байдлаар Хүнүгийн үеийн таван мянга орчим булш, 20 орчим хот, суурин, долоон оршуулгын дурсгалт газар манай улсын нутагт илрээд байгаа. Гэвч дан ганц монголчуудын тухайд ч бус бүрэлдэхүүнд багтаж байсан сая сая Түрэг, Уйгар, Тунгус зэрэг угсаатан их ойг угтан элдэв мэдээллийг дэлхий даяар түгээх боллоо. Тухайлбал сүүлийн үед их Хүннү гүрнийг өөрийн өвөг дээдэс хэмээн “хувьчлан” хамаатуулах хандлага асар ихээр илэрч байна. Монголчуудын эртний өвөг Xүннү гүрэн байгуулагдсаны 2200 жилийн ойг Монгол Улс санаачлан тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйн хэрэг атал биднийг маанайж суух зуур хүний хүмүүс өөрсдөдөө хамаатуулан аягүйдвэл Юнескод бүртгүүлэхээс буцахгүй бололтой байна.

Үнэн хэрэгтээ Монголд Модун шаньюйн тухай ганц ч кино, жүжиг, бүтээл, хөшөө алга. Баярлаж цэнгэх арвин их туршлага, дуршилтай бидний монголчууд дэлхийд данстай түүхэн ойдоо арай л цэвдэг хандаад байх шиг. Кино хийж, хөшөө босгож амждаггүй юмаа гэхэд ядаж л Хүннү гүрний дэлхийн болон Азийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийн талаар нүүдэл угсааны улс гүрнүүдийн эрдэмтэн мэргэдийг оролцуулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж бүдэг бадаг үлдэж түүхэн эх сурвалжуудын талаар нэгдсэн ойлголттой болоход болохгүй гэх газаргүй. Тэгж гэмээн Хүннү гүрнээ “хүн”-д алдах аюулаас мултарна биз дээ.

Хүннүгийн удам гэгддэг түүхэнд догшин Атилла хэрхэн өрнийг чирүүлж байсан хүмүүний тухай өнөө ч европчууд шагшин гайхацгаадаг атлаа Хүннүчүүд Төв азиас тэр тусмаа Монголын тал нутгаас ирсэн гэдгийг тэр бүр мэддэггүй. Хүннүчүүд өнөөгийн Унгарчуудын бахархал. Мөн Ази, Европыг дамнасан Түрэгүүдийн ч өвөг дээдэс. Тэр утгаараа Хүннү гүрний алдар гавьяа тэдэнд ч бас хамаатайг үгүйсгэж болохгүй ч эх сурвалж нь монголчууд бидний алтан өлгийн Төв азийн тэгш өндөрлөг. Хүннүгээ “хүнд” алдчихгүй л юмсан даа.

Хүннү гүрний соёл иргэншил

Хүннү нар нь Төв Азид тогтсон анхны төрт улс, тухайн үеийн нүүдэлчдийн соёл иргэншлийн томоохон төв болж таван зүйлээр тайлбарладаг. Тухайлбал,


• Хүннү нь Хан улстай эн тэнцүү хүчирхэг орон гэж хүлээн зөвшөөрсөн төдийгүй 50 гаруй жилийн турш татвар авч байсантай холбоотой. Хан улс нь Хүннү улсыг довтолгооноос хамгаалж цагаан хэрмийг барьсан юм.


• Соёл иргэншилийн онолоор буюу Л.Н.Гумилевын үзэж байгаагаар эрчимт хүчний хөжлийн нэг нэг эргэлт долоон үе шатыг буюу 1200-1500 жил үргэлжилдэг гэж үзвэл Монгол угсаатны хувьд эрчимт хүчний нэг дэх оргил нь Хүннүгээс эхлэн 1200-аад жил үргэлжлэн Кидан гүрний мөхлөөр дуусаж байгаа цаг үетэй тохирдог.


• Нүүдэлчдийн соёл иргэншлийг ач холбогдлоор нь суурин соёл иргэншилтэй эн тэнүүцүүхэн тавьж үзвээс чухамхүү Хүннү нарын үеэс нүүдэлчдийн соёлын өвөрмөц талууд болох байгаль дэлхийдээ нөлөө учруулахгүйгээр түүнтэй аль болох зохицон мал аж ахуйгаа эрхэлж амьдарсаар иржээ


• Хүннү нар нь өндөр соёлтой хүчирхэг орон болохынхоо хувьд бусад орнуудтай өргөн харилцаатай байж, нүүдлийн ба суурин соёл иргэншлийн давуутай талуудыг харилцан солилцон баяжуулж иржээ. Тухайлбал, Хүннү нарын үеэс 12 жилийн он тоолол үүссэн бөгөөд түүнийг Хан үндэстэн авч хэрэглэсэн гэсэн үндэслэлийг АНУ-ын эрдэмтэн М.Л.Лач, Хятадын түүхч Чжао Инь нар баталсан юм. Энэ бол нүүдэлчдээс дэлхийн соёл иргэншилд оруулсан хувь нэмрийн зөвхөн ганц жишээ.


• Зарим эрдэмтэд, судлаачид ЛУУГ Төв Ази болон Монголын говь, тал хээрт анх үүссэн гэсэн дүгнэлт хийжээ. Хүннүгийн нийслэл Луут хот, дараа дараагийн улсуудын гол хот нь Орхоны сав дагуу нутаглаж байснаас үзэхэд Хүннү нарын нүүдэлчдийн соёл иргэншлийн өлгий, төв болох нь баталгаатай асуудал юм.

Хүннүгийн Эзэн Шаньюйгийн хэрэглэж байсан Алтан Луут бүс

 http://www.esacademic.com/pictures/eswiki/66/BeltBuckleXianbei3-4thcentury.jpg

 Embedded image permalink
 Ноён уулын Хүннүүгийн булшаас гарсан Лууны дүрс. Луу хятадаас өмнө Монголд бүтээгдсэн байх үндэстэй Лууны яс манайд л бий


Embedded image permalink

Маш их харамсалтай нь Луу монголоос гаралтайг нотолсон Ноён уулнаас олдсон энэхүү хосгүй олдвор маань подвальд цаасан хайрцаганд ШУА-ийн Археологийн музейд хадаглагдаж байна. Үүнтэй адил хосгүй олдворууд, үлэг гүрьэлийн араг ясууд гээд зөндөө зүйл илжирсэн байдалтай байна.






Хүн гүрний түүх, соёл

-Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн эртний улсуудын нэг нь Хүн юм. Мөнгөн улсын мөхөл сүйрэлтэй холбоогүйгээр, харин хөгжлийнх нь явцад аажим төлөвшиж буй болсон улс гэдэг. Мөнгөн, Хүн гэдэг нь нэгэн улсын хоёр нэр ч хэмээж буй.
Сүүлийн үед, хятадын эрдэмтэд улсынхаа эх суурийг 8000 жилийн өмнө тавигдсан гэхийн сацуу, тэр үед л хойдын нүүдэлчин аймгуудтай байлдаж тэмцэлдэж явсан гэж байна. Мөн, Энэтхэгийн эрдэмтэд манай дээдэс 6-7 мянган жилийн өмнө өвөг монголчуудтай харилцаж байсан гэх болов. Төр улсын бүтэцгүй аваас, олон хүн амтай хятадын улстай тэмцэлдэх, алс холын Энэтхэг гүрэнтэй харилцах бололцоогүй юм. Харин ч, төр улс байсан гэж таамаглагдах дурсгал, сэжүүрүүд олдсоор.
8000 жилийн өмнө гэдэг нь дэлхийн хамгийн анхны улсууд гэсэн үг болно. Дунд-шинэ чулууны үе болой. Алтай хэл задраагүй асан /5000 жилийн өмнө задарсан гэж судлаачид үздэг/. Дэлхийн соёл иргэншлийн өлгий Монгол, Хятад, Энэтхэгт байсан болж таарах агаад, Монголын анхдагчлал нь илүү итгэл үнэмшил төрүүлнэ.

Хүн гэх нэрийг алтан ургийн Киян язгуур, эсвэл хүчирхэг Куян аймгаас гаралтай гэдэг. Гэхдээ, өргөмжлөлд урьд өмнө байгаагүй нэр хэрэглэх уламжлалын дагуу Хүн, Хүнни болгож өөрчилжээ. Хятад хэлт сурвалжид Хүннү, латин хэлт сурвалжид Хүнни гэсэн. Латинаар илүү ойр буулгасан байх үндэслэлтэй бөгөөд, хятад сурвалжид бол аль болох доромж утгатай дүрс үсгээр “галиглахыг” чармайсан байдаг. Хүннүг догшин боол гэсэн утгатай дүрс үсгээр тэмдэглэсэн.
НТӨ 1200 он орчмоос Хүн гүрэн бүрэлдэн тогтнох явц эхэлжээ. Конфэдэрациас, фэдэраци, улмаар унитар улс болох хувьсал явагджээ.
Шар, Хөх мөрний хооронд голдуу нутаглаж асан хятадуудын түрэмгий хаад ноёд хөрш улс түмнүүдийн эсрэг эзлэн ноёрхох бодлого явуулж байснаас үүдэн, нүүдэлчид сөрөх дайн байлдааныг их хийж байлаа. Заримдаа олз ашгийн үүднээс довтолж асныг ч үгүйсгэх аргагүй.
Хятадын эртний Инь улс сурвалжид өвөг монголын улсыг Чөтгөрийн орон гэсэн байдаг. Дайн тулаан, эрдэм ухаан, аж төрөл аль алинд нь авьяас чадвартай болохоор чингэсэн аж. Мөн жун, ди, ху гэхчлэн янз бүрээр нэрлэжээ. Жун довтлов, Жунтай тэмцэлдэв гэсэн мэдээлэл хятадын сурвалжид их буй.
Хүн улс НТӨ IҮ -НТ II зуун хүртэл нэн хүчирхэг байжээ. Тэр үед, дунху гэгдсэн, дорнодын өвөг монгол аймгууд салан тусгаарлах хандлага гаргаж тэмцэлдсэн, Хятад Цинь нэрийн дор нэгдсэн, түргүүд хүчийг олсон /хятад сурвалжид динлин/, скиф буюу сарматууд Согдыг эзэлсэн, Ром Карфагэнийг дарж хүчирхэгжсэн зэрэг Хүн гүрэнд нэлээд нөлөөлсөн үйл явдлууд болов.
Ялангуяа, Хүн гүрний заналт дайсан болсон, хятадын Цинши хуанди хааны довтолгоо, дунху нартай байлдсан нь улсыг хэсэг зуур сулран доройтуулжээ. Нэгэнтээ, хятадын хамгийн аугаа байлдан дагуулагч гэх Цинши хуанди, өвөг дээдсээс маань хамгаалах зорилгоор Их цагаан хэрмийг бариулах атлаа, Хүн гүрнийг тойрч, баруун зүг иран, түрэг хэлтнүүдийг түрэмгийлэн эзэлж асан. Гэтэл Түмэн хааны үед Ордос зэрэг говийн өмнөх нутгийг Хүн гүрнээс булаажээ. Хүү Модунгаа дайсагнагч тохарууд /юэчжи ч гэгддэг, иран хэлтэн/ барьцаа болгон өгч, улмаар сэм хорлохыг завдаж байв. Их хатнаас төрсөн, хууль ёсны залгамжлагч Модунг биш, бага хатнаас төрсөн хүүг өөрийн дараа хаан болгох гэсэн ордны явуургүй будлианаас үүдэн, чингэжээ.
Модун тохаруудын барьцаанаас оргож, хаан ширээг булаан, хүчирхэгжлийн эхийг тавьсан нь 209 он. Дунху буюу сүмбэ нарыг байлдан дагуулж, бүх угсаатнаа нэгтгэв. Тохар, хибчааг /динлин, кюэшэ/, хиргис /гээгүүн/ нарыг ээлж дараалан цохиж, эзэрхий санаархлыг нь дарав. Цинь гүрэнтэй, залгамжлагч Хан гүрэнтэй нь олон удаа их тулалдааныг хийж, ялж явав. НТӨ 201 онд нанхиадын 400 мянган цэрэгтэй тулалдаж дийлсэн. НТӨ 200 онд Хүн гүрний дөчин түмэн цэрэг Хан гүрний армийг хиар цохиж, Гао Ди хааныг нь Пинчэн хотод бүсэлж байв. Эцэст, Цагаан хэрмээс хойшхи нутгаа бүрмөсөн чөлөөлжээ.
НТӨ 198 онд Хүн, Хан гүрнүүдийн хооронд найрамдлын гэрээ байгуулагдаж, улсын хил Цагаан хэрмээр тогтсон нь өдий хүртэл хүчинтэй байж, хоёр угсаатныг зааглаж ирэв. Түүнээс хойш, Хан улс 50 жилийн турш Хүнд алба барьж, гүнжээ илгээжээ.
Ташрамд хэлэхэд, урьд цагт хоёр угсаатны зааг нь Шар мөрөн байсан ч хятадын шунахай хаад ноёд элдэв аргаар нутаг орныг булаасаар, хилээ ихэд хойшлуулсан агаад, Цагаан хэрмийг барьсан давхар зорилго нь түрэмгийлсэн газартаа бэхжих явдал байв. Тийм учраас монголын хаад ноёд Шар мөрөн хүртэлх нутгаа эргүүлж авах оролдлого, дайн байлдааныг хожим олон удаа хийсэн.
Их байлдан дагуулагч Модун хаан өнөөгийн Зүүн Түркэстаны нутгийг эзэлж, Торгоны замд ноёрхлоо тогтоосноор байр сууриа улам бэхжүүлэв. Хүн гүрний МАА, төмөрлөгийн бараа бүтээгдэхүүний өмнө өргөн их зах зээл нээгдэв. Дэлхийн улс гүрнүүдтэй харилцах боломж ч үлэмж нэмэгдлээ. Дорны их гүрэн Хүн, өрний их гүрэн Ром хоёр өргөн хэмжээний найрамдалт харилцаа, хамтын ажиллагаатай болох хандлага гарав.
Хүн гүрэн 24 аймагтай, Төв, Зүүн, Баруун гар гэсэн их мужлалтай. Ой хөвч, далай тэнгисийн нөхцөлд Зүүн гарынхан, тал, говийн нөхцөлд Төв, уулархаг нөхцөлд Баруун гарынхны аж төрөл, төлөвшил өөр өөрөөр, янз бүрийн төвшинд бүрэлдэж байв. Мөн бусад улс, угсаатны хүрээлэл, бодлого ч нөлөөлнө. Сүмбэ, ухуань зэрэг хүчирхэг аймгуудтай Зүүн гарынхны салан тусгаарлах байдлаас болж, зөрчил их үүсч байв. Гэтэл Умард, өмнөдийн зөрчил мөн нэмэгдлээ. Энэ шинэ зөрчлийг үүсгэхэд Хан улсынхан гол үүрэг гүйцэтгэсэн.
Хан гүрэн хөрш улсууд, ялангуяа хүчирхэг хойд хөршийнхөө эсрэг байнгын, эртнээс уламжилсан хорт бодлогуудыг хэрэгжүүлж байв. Зэргэлдээ улс түмнүүдийг нь Хүн гүрэнтэй эвдрэлцүүлж турхирахад багагүй ахицыг олов. Хан улсын хаан У Ди Хүн гүрний бүх дайснуудыг нэгтгэж чадлаа гэж сайрхаж байжээ. Чингээд эдийн засаг, улс төрийн хоригт оруулж, ганцаардуулахыг чармайв. Дэргэд нь хүчирхэг улс байхыг огт хүлцэхгүйн учир бүхнийг Хүнтэй тэмцэхэд зориулах нь холгүй асан. Тулаанд эрсэдсэн Хой Цуй Бин жанжиндаа, хүн дайчныг хөнөөж буйгаар дүрсэлсэн хөшөө босгож байлаа. Хүнчүүдэд хэрхэн хандаж асны нэгэн жишээ энэ буюу.
Гэвч Хүн гүрнийхэн хүч чадал, нэр нөлөөндөө эрдэж, шаардлага гарвал цэргийн цохилт өгөхөөр л хариу арга хэмжээг хязгаарлаж байв. Тэр үед хүнчүүдийг хүнчүүд л дийлэх байлаа. Тийм ч учир хятадууд Таван урхины хэмээх тусгай бодлогыг боловсруулж хэрэгжүүлэв. Хүн гүрний хүчирхэг ноёдыг шаньюй /сайн хаан/ хэмээн өргөмжлөн харьцаж, өдөөн хатгана. Нэг хэсэг 5, бас нэг хэсэг 7 сайн хаан тодорсон байв.
Хүтүүс /Жижи/ хаантай Их усун /Хуханье/ дүүг нь эвдрэлцүүлснээр л сая Хан улс санасандаа хүрчээ. Их усунг шаньюй хэмээн өргөмжилж, алба барьж, гүнж илгээж, нийслэлдээ урьсан байна. Түүнийг 7 мужаар өнгөрөхөд, муж бүрд 2000 морьт, хүндэт харуул дагалдуулж, нийслэл Чаньанд хаан Сюань Ди өөрийн биеэр угтжээ. Нэг сар тансаг жаргалд умбуулж, хил хүртэл 20 мянган цэрэг дагалдуулан үдэж байжээ. Энэ айлчлалын үеэр Их усун өмнөд Хүнийг салан тусгаарлуулах, Хятадыг умард Хүн улсаас хамгаалахыг зөвшөөрчээ. Түүний холбоотон нь мөн дунху нар болов.
Удалгүй Өмнөд Хүн, Дунху, Хан, бусад өстөн улсуудын нэгдсэн хүч Хүтүүс хааны тал бүрээс довтолж, бут цохижээ. Ингэснээр Хүн гүрэн Өмнөд, Умард гэж бүрмөсөн хоёр хуваагдаж, Зүүн гарынхан нэлээд тусгаар байдалтай болов. Янз бүрийн дайн тулаан нэлээд явагдсаны эцэст Умард Хүнгийн ард зоны нэг хэсэг нь баруун, нөгөө хэсэг нь баруун өмнөд, гуравдахь хэсэг нь дорно зүг рүү нүүж /Зүүн гарынханд дагаар орж/ байв. 85-87 онд Зүүн гарынхан сүмбэ нараар толгойлуулан, Умард Хүннүд удаа дараалан том цохилт өгөв. Чингэснээр 93 онд Хүн гүрэн мөхлөө. Гэхдээ Хүн гэж өөрийгөө нэрлэх гурван ч хүчирхэг улс оршсоор байсан нь, гүрний сүр хүчийг илтгэх ажгуу.
Дунху нар Хүн гүрнийг залгамжлах Сүмбэ улсыг байгуулж хүчирхэгжсэн. Малчин, ойн иргэн, тариаланч, гар урлалч, загасчин, далайчин олон тооны ардыг багтаасан дорнод өвөг монгол 50 гаруй овог аймгийнхан хүн ам ихтэй, газрын хомсдлыг амсч байв. Сүмбэ, Ухуань хоёр аймаг нь хамгийн хүчирхэг бөгөөд, хожим Сүмбэ зонхилжээ.
Сүмбэчүүд буддын шашинтай байсан агаад, Сүмбэр гэх шүтээн уулынхаа нэрээр нэршсэн гэдэг. Шивээ гэх үгнээс Сүмбэ үүссэн хэмээх нь ч буй.
Хан улсынхан одоо л нүүдэлчдийг ноёлох цаг болов хэмээтэл, Өмнөд Хүн улс бид танайхыг умардынхнаас хамгаална гэснээс бус, захирагдах гээгүй гэжээ. Хоорондоо эвдрэлцэн байлдаж, хятадууд дахин дахин ялагдал хохирлыг үзэж, улмаар алба барих болов. 50 жилд олон тн алттай тэнцэх алба өргөсөн байдаг.
Нанхиадуудын хагалан бутаргах бодлогоос болж, Өмнөд Хүннү гурав хуваагдсаныг хятад сурвалжид Хан, Их Жао, Бага Жао гэж тэмдэглэсэн. Тэдгээр улсынхан Хятад руу уулгалан довтолж, нутгийнх нь гүнд суурьшиж, хаан ширээг нь ч булааж байжээ. Өмнөд Хүнгийн үүх түүх арвин.
Баруун зүг одсон хүнчүүд баатар гавъяа ихийг байгуулжээ. Гал мэсэн дундуур нүүдэллэн явсаар Ижил хавьд Хүн гүрнээ байгуулан суусан. Дараа нь ахин нүүдэллэж, Дунайн Хүнийг байгуулсан юм. Чингэх замдаа түрэг, иран, угор олон хүн ардыг дагуулан уусгажээ.
Герман овог аймгуудтай их дайтсан агаад, энэ тухай Нибэлүнгүүдийн дуулал зохиогджээ. Улмаар Визант, Ром зэрэг хүчирхэг гүрнүүдтэй нүүр тулж, байлдаж тулалдаж, аль алинаар нь алба бариулав.
Тэнгэрийн ташуур гэгдсэн агуу байлдан дагуулагч Аттила хаан Европын улс төрд багагүй нэр нөлөөтэй байв. Ордны хуйвалдаанаас болж, Византид цөлөгдсөн, Ромын Хонория гүнж өөрийг нь чөлөөлбөл хатан нь болохоо илэрхийлж асан. Хэрэв Хонория гүнжтэй гэрэлбэл, Ром, Византид ноёрхох боломж нээгдэх байлаа. Энэ асуудлаас болж, Аттила Ромтой эвдрэлцэж, их дайнд мордсон. Хэрэв хүнчүүдийн дунд өвчин гараагүй бол ялах байжээ. Ромын пап тэргүүтэй төлөөлөгчид ирж хүндлэл үзүүлснээр, найрамдлын гэрээ тогтоогдож асан. Дунайн хүнчүүд Францын нутагт ч цөмрөн орж байв.
Аттила хааныг их эрдэнэсийнх нь хамт нэгэн голын усан дор оршуулжээ. Тэр нууцлаг газар одоо хүртэл тодорхойгүй.
Умард хүн нар Ард түмнүүдийн их нүүдлийн эхийг тавьж, Евразийн улс төр, угсаатны дүр зургийг багагүй өөрчилсөн, Ромын дарангуйллыг унагалцаж, олон ард түмнийг чөлөөлсөөн.
Баруун өмнө рүү одсон хүн нар нэг хэсэг Долоон ус хавьд Цагаан хүн улс байгуулсаныг Юэбань гэсэн нь буй. Улам өмнө зүг рүү нүүдэллэж байжээ. Дундад Ази, Энэтхэг, Пэрс, Мэсопотамид ч байлдан дагуулж, ноёрхон захирч байсан. Баруун Хүний нөлөөний бүсэд нэвтэрч, хоорондоо байлдаж асан нь, хүн нар дэлхийд багтахгүй эрч хүчтэй явсан гэлтэй. Эфтал, Тораман хаадынхаа нэрээр ч улс нь нэрлэгдэж асан. Цагаан хүн нар өвөг монголчуудаасаа харилцаа тасралгүй, байнгын холбоотой байжээ. 533 онд Цагаан хүн улс мөхжээ. Өмнөд, Баруун, Цагаан Хүн улсуудыг киян овогт, Модунгийн удмын хаад захирч байв.
Алс газар байгуулагдсан хүн улсууд мөхөхдөө колониуд болон хувирлаа. Хүн колониуд Ижил, Дунай, Хар тэнгис, Газар дундын тэнгис, Улаан тэнгис, Сырдарья, Амударья, Каспийн тэнгис, Энэтхэгийн далайн эргээр олноороо байгуулагджээ. Өрнө Дорныг холбосон эдгээр колонийн зарим нь хүчирхэг хот-улс болж байв.
Өвөг монголчуудын үндсэн хэсэгтэйгээ нягт хэлхээ холбоотой байх шаардлага колониудад их байлаа. Сүмбэ зэрэг улсууд ч колониудыг дэмжих, тэдэнтэй хамтран ажиллах нь ашигтай болохыг ойлгож, тал бүрийн дэмжлэг үзүүлэв. Ийнхүү колониуд-Сүмбэ гэсэн харилцан эргэх холбоо, дэлхийн сүлжээ үүсэв. Тэнгис далайг эзэмших үйл хэрэг ч эрчтэй хөгжлөө. Улсыг захирч асан дорнод өвөг монголчуудын дунд далайчин уламжлал арвин байсан нь ч нөлөөлөв. Дорны викингүүд гэгддэг өвөг монгол далайчид колонийн үйл хэрэгт идэвхийлэн зүтгэв. Зарим нь далайн дээрмийн томоохон бүлэглэлүүдийг ч байгуулж байв.
Хүн гүрэн мөхөж, гадагш их хүн ам нүүдэллэн одсон ч, хожим ордын хөдөлгөөн өрнөж, нэлээд нь буцаж иржээ. Энэ нь монгол газар нутгаа онцгой эрч хүч, нууцлаг ивээлтэй гэж шүтэхээс үүдэлтэй. Модун хаан “Газар бол төр улсын үндэс” гэж ач холбогдлыг нь өндрөөр үнэлсэн байдаг.
“Газар нутгийн хүч аугаа. Монгол газар нутаг Мөнх Тэнгэрийн хэмжээлшгүй их энэргийг шингээсэн. Энэ газар нутагт эцэг өвгөдийн маань мянга мянган жилийн эрч хүч, эр зориг, илч дулаан хуримтлагдсан юм. Бидний газар нутаг монгол хүнд хязгааргүй ээлтэй, ивээлтэй.
Газар нутгаа хайрласнаар бид харамгүй их эрч хүчийг хариуд нь авна. Хөл нь газарт хүрэх тусам хүч ордог Ки баатартай бид адил. Хөрст алтан дэлхий хэмээн өвөг дээдэс маань газар орноо алттай зүйрлэдэг асан. Газар нутгийнхаа төлөө амь амьдралаа зориулан тэмцэж байсан юм.
Бид уугуул нутгаасаа алдаж байсан. Нэмж алдах эрх байхгүй. Учир нь бид нутагтайгаа нэг цогц. Бусдад найр тавих нь байтугай, булаагдсан нутгаа авахын төлөө тэмцэж байх учиртай. Газраа алдах тусам л бид доройтно. Дээд Тэнгэрээс заяат эрч хүчийг хамт алдаж, энэ гэм нүглийнхээ дарамтад бөхийх болохоор тэр юм.
Хөрс шороонд амьдын хүч, амьдрал тэтгэгч эрчим дүүрэн лугшиж байдаг. Эрч хүчийг нь мэдрэн, хүртэж яв. Газарт залбирч, мөргөж, сүсэлж биширч, наманчил. Газар орноо хайрлаваас гайхамшигт энэргийг хүртдэг юм шүү” хэмээн ойлгож болох үзэл баримтлал өвөг дээдэст маань байсан учир, тийнхүү эх нутаг руугаа эргэн тэмүүлдэг байжээ. Нүүн ирж чадахгүй юмаа гэхэд, шүтээн болсон газар орондоо мөргөөд буцдаг асанжээ. Үүнийг, Монголоо шүтэхүй гэж томъёолж болох юм.
Хүн гүрэн цэргийн ардчиллаас сонгодог фэодализм хүртэлх замыг туулжээ. Улсыг сайн хаан /шаньюй/ цолт, үе залгамжлах тэргүүлэгч захирах бөгөөд, нэлээд тогтмолжсон хоёр хуралдайтай. Нэг хуралдайг язгууртнууд, нөгөөг гавьяа зүтгэлтнүүд /зонхилогчид/ бүрдүүлнэ. Улсыг Зүүн, Төв, Баруун гар гэсэн их мужлалд хуваана. Зүүн гарыг хүндэтгэн үзэх уламжлал Төвийг хүндэтгэх шинэчлэлээр солигдох шилжилтийн үе тохиосноор, зөрчил гарч байв.
Хаан Киян овгийнх байх ёстой. Эртний Ки баатар хааны удам юм. Хаадын түүхийг тодорхой үгүүлсэн “Шижир” гэх судар буй. Түүнд сайнаар дурдагдахыг хаад ихэд хичээж, зарим нь түүхийг гуйвуулсан тал бий. Хаад язгууртнуудыг болон, төрийг ард зон тэнгэрийн гаралт хэмээн ихэд хүндэтгэнэ.
Хүн гүрний, тэр үедээ хамгийн дэвшилтэй, цэгцтэйд орж байсан төр хууль бүтээх, улсыг байгуулах, бэлгэдлийн ёс үйлдэх, гадаадтай харилцах зэрэг тодорхой үүрэгтэй байлаа.
Засаг захиргааны аравтын зохион байгуулалттай байв. Гэвч хүн ам өсөхийн хэрээр, тооны утга нь алдагдсан. Хүн гүрэн 24 аймагтай байлаа. Зарим сурвалжид 100 ч гэдэг. Хүн ам нь 3 сая гаруй байв. Өнөр өтгөн болохын хэрээр суурьших, гадагш нүүдэллэх нь ихэсч асан.
Маш их баян чинээлиг улс асан тул ард иргэддээ Эрдэнийн хишгийг түгээдэг байв. Дайн дажин, байгалийн гамшиг, эдийн засгийн хямрал зэрэг давагдашгүй хүчин зүйлээс болж үгүйрэн хоосорсон; өрхийн тэргүүн нь тулаанд үрэгдсэн, шархадсан, эсвэл ажил ахуйн осолд өртөн хөдөлмөрийн чадваргүй болсон зэрэг нөхцөлд төрөөс тусламж үзүүлэх Авлигын яам байлаа. Нийгмийн халамжийн төрийн дорвитой тогтолцоо анх өвөг монголчуудын дунд буй болсон юм. Ордын хөдөлгөөн буюу рэпатриацийг ч төрөөс мөнгө хөрөнгө гарган, үлэмж дэмждэг асан. Үнэт болон өнгөт төмөрлөгийн олборлол энэ бүхнийг санхүүжүүлэхэд их үүрэг гүйцэтгэдэг асан.
Тэнгэризм, хасизм гэгдэх шүтлэг ноёлсон хэвээр байв. Энэ шашин нь үндэсний үзэл сурталтай ихээхэн сүлэлдсэн учир бусад ард түмнүүдэд түгэн дэлгэрдэггүй, харин харийн хүн дагавал өвөг монгол хүн гэж тооцогдох болдог байлаа. Монголыг шүтэх, Монголын төлөө зүтгэх, монгол хэл мэдэх, ёс заншлыг дагах ёстой болдог тул тиймд хүрдэг асан.
Хүнчүүд өглөө нар, өдөр гал, орой саранд мөргөдөг асан нь үндэсний нэгэн бэлгэдлийг үүсгэжээ.
Хүн гүрэнд, ялангуяа Сүмбэ аймгийнхны дунд буддын шашин дэлгэрсэн. Өвөг монголчууд нанхиадын уусгах бодлогоос их болгоомжилж, бусад түмнүүдтэй соёлын өргөн харилцаатай байхыг эрмэлздэг асныг онцлох хэрэгтэй. Тиймээс, Азийн Баруун Өмнөдийн шашин Зүүн Хойдын Сүмбэд өргөн дэлгэрч байжээ. Тэнгэризм нь шашны дээдэх шашин маягаар төлөвшсөн тул, зэрэгцээгээр нь өөр шашин шүтэх явдал нэлээд байв.
Хүн гүрэн дэлхийн соёлын нэг том төв байсан тул бусад улс түмэнд багш болж ч явсан. Жишээ нь, Хан улс Хүн улсаас 12 жилийн, жарны цаг тооллын систэмийг авч хэрэглэсэн. Хуанли гэдэг нь куян тоолол гэсэн хятад үг болой. Мөн цэргийн, мал адгуулах зэрэг эрдмийг хүнчүүдээс идэвхийлэн суралцаж байв. Нүүдлийн хэвшилд шилжихийг оролдсон хятад ноёд, ардууд ч байдаг. Хүнгээс европчууд ч их зүйл суралцсан бол, хүн нар дэлхийгээс мөн суралцаж, дэвшиж хөгжиж байлаа.
Эртний Энэтхэг, Хятад, Грэк, Ромын ном зохиолыг хүн /өвөг монгол/ хэл рүү их хөрвүүлсэн. Хүн улсын мэргэдийн ном зохиол ч гадаадад алдар суутай байв. Хүн нарын дунд сэцэн цол хамгийн нэр хүндтэйн тоонд ордог байлаа.
Мөнгөн бичиг гэгдсэн рун бичгийг хүн нар улам хөгжүүлж боловсронгуй болгосон. Ер нь өвөг монголчуудын үсэг бичгийг дэлхийн хамгийн эртний байж болзошгүй гэдэг. Хүн хэл Евразид нэлээн өргөн дэлгэрсэн, худалдаа, эрдмийн хэл байлаа.
Хүн гүрэн 50 сая малтай, дэлхийн МАА-н хамгийн том төв асан. Хятадын түүхч Сыма Цянь хүнчүүд таван хошуу малаас гадна, илжиг луус өсгөдөг гэжээ. Мөн сайн үүлдрийн морийг зориуд үржүүлж худалддаг байв. Бас уул уурхайн ажилд зориулсан одой морь гаргаж авчээ. МАА-н зонхилох хэвшил нь нүүдлийнх. Нүүдэлчин ахуй нь хүн соёл иргэншлийг хадгалах, хамгаалах хүчин зүйл болж байлаа.
Төмөрлөгийн олборлол, боловсруулалтаар дэлхийн тэргүүн эгнээнд явсаар ирсэн. Ерөөс хүрэл, төмрийг өвөг монголчууд анх гарган авсан байх магадлалтай. Тэр нь дайн байлдаан, аж ахуйн давуу талыг олгодог байв. Өвөг монголчуудын цэргийн ялалт төмөрлөгийн үйлдвэрлэлийн дэвшилтэй нь нэлээд холбоотой асан. Хятад сурвалжид умардын бүдүүлэгчүүд төмөр зэвсэгтэйн тул хүрэл зэвсэгтэй манай цэргийг ялав гэж дурдсан байдаг. Алтны олборлол, боловсруулалт өндөр төвшинд байв.
Монгол бол ашигт малтмал, ялангуяа төмөрлөгийн ордоор дэлхийд хамгийн баян. Тиймээс, төмөрлөгийн ухааныг өвөг монголчууд эрчимтэй хөгжүүлсэн, үйлдсэн эдлэл нь дэлхий даяар эрэлт хэрэгцээтэй байлаа. Уул уурхайн эрдэм ухаан ч эртнээс хөгжиж, химийн шинжлэх ухааны эх үндэс тавигдаж асан.
Уул уурхай, худалдаа, зам харилцаа, цэрэг, шашин, засаг захиргааны холбогдолтой суурьшлууд олон байв. Хүн гүрэнд 10 том хот, 200 гаруй жижиг хот, суурин, тосгон байжээ. Хамгийн том хот нь Луут хот байв.
Ташрамд, луу бол Хятадын бэлгэдэл гэх нь ташаа ойлголт. Дорно, Өрнийн олон оронд луу хүндэт бэлгэдэл нь болж асан. Лууны ясыг уул уурхай хөгжсөн Хүн гүрэнд олонтаа олж биширч асан төдийгүй, амьтан судлаачид сонирхон шинжилж байв.
Хурмастын амьтад хэмээн мөхсөн амьтдыг нэрлэж, ясыг нь эвлүүлж, дүр төрхийг нь сэргээхийг оролдож; их бага олон зүйл луу буй гэсэн “Луугийн судар”-ыг ч бүтээсэн нь палэонтологийн шинжлэх ухааны үүдэл гэлтэй. Луугийн ясыг цуглуулж, тахидаг сүм хийдүүд ч байлаа.
Модун хаан хүүгээ Луу хэмээн нэрлэж ч асан.
Хүн улсын хот суурингууд өвөрмөц архитэктур бүхий барилгуудтай, сүрлэг цайз хэрэмтэй байлаа.
Суурин газруудын дэргэд гар урлал, худалдаа, газар тариалангийн үйл хөгжиж байв. МАА-н түүхий эдийг боловсруулах нь аж ахуйн том чиглэл байжээ. Торго ч нэхэж асан. Гэхдээ газар тариалангийн хувьд Хятадтай харилцаа сайдах муудахаас хамаарна. Хэрэв Хятад эдийн засгийн хориг тавибал Хүн гүрэн өөрийгөө бүх хэрэгцээт зүйлээр 100 хувь хангах чадвар бүхий автарки эдийн засагтай байсан юм. Торгоны их замыг хяналтдаа авсан нь Хүн гүрний эдийн засаг хөгжихөд түлхэц болсон. Харин ган, зуд, царцааны нүүдэл, тахал, газар хөдлөлт зэрэг гамшиг сөрөг нөлөө учруулж байжээ. Мянганы эхээр болсон газар хөдлөлтөд Хүн гүрний том хот Их хүрээ бараг ор үгүй болтлоо сүйдсэн.
Хүн гүрнийг хятад, тохар, согд, скиф, тангуд, түрэг, хамниган, солонгос зэрэг ард түмнүүдийн улс аймгууд хүрээлж байв. Эдэнтэй найрамдалтай, дайсагналтай, янз бүрийн харилцаатай байсан. Гэхдээ үргэлж дайтаж байлдана гэж үгүй учир найрамдаж нөхөрлөх нь илүү байв.
Алс холын Ром, Византтай найрсаг харилцаатай байж, олимпод ч тамирчдаа илгээж асан. Колонистууд, “викингүүд” Африк, Амэрик тивд хүрсэн ч, үр ашиг, хэтийн төлөв багатай хэмээн төдийлөн сонирхоогүй аж.
Хүн гүрний хувьд цэрэг-дайны салбар чухал ач холбогдолтой байлаа. Өвөг дээдсийн маань алт баялиг, газар нутагт шунасан Хятад, түрэг, тохар, тангуд, хамниган хаад ноёдын өнгөлзлөг үл тасрана. Дандаа дайнч, түрэмгий хөршүүдээр хүрээлэгдсэн асан. Тэр цагт хэн хүчтэй нь л тогтнож үлддэг, хүчтэйн өмнө хүчгүй нь бурууддаг байв. Ийм нөхцөлд өвөг монголчуудын дунд дайчин баатарлаг замнал, цэрэг-дайны гавьяаг бишрэх үзэл үлэмж дэлгэрч, эр бүхэн нь дайчин баатар болохыг эрмэлздэг байлаа.
Хятадын эртний Шан улсынхныг хүнчүүд байлдааны тэргээрээ гайхуулж асан. Ер нь цэрэг-дайн, уул уурхайн олборлол-үйлдвэрлэл зэрэг нь өвөг монголчуудад эртнээс машин мэханизм, тэхник сэтгэлгээ хөгжих хөрс суурь болж байв. Хот балгадыг довтлох машин мэханизмын хүчирхэг систэмгүйгээр хүнчүүд томоохон суурин ард түмнүүдийг ялан дийлэх боломжгүй асан.
Төмөрлөгийн салбарын хөгжил зэрэг зэвсгийн давуу талыг олгодог байв. Хүнчүүдийн хуяг дуулга, сэлэм жад, зэв сумны бат бэх, хатуу чанга нь гайхагдсан. Европын рыцариудын сүрлэг хуяг дуулга сэлт нь Азиас, тэр тусмаа өвөг монголчуудаас гаралтай болой.
Хүн гүрэн бол Харваач улс ч гэгддэг, харвах эрдмээр хол тасархай байв. Яс, хусан 7-11 хэсгийг эвлүүлж, нааж үйлдсэн, 140 см урт хүн нум бусад улс түмнүүдийнхээс 2 дахин хол тусгалтай байв. Эр эмгүй харвах эрдмийг эзэмшсэн. Хавчаахай, бөмбөг, тавхай, занга, агсум, уртугчин, онист, хос онист гээд олон төрөл нум, агжим, анга, ацат, дуут, хоосор, хангай, хошуумал, араат хошуумал, сам, элээ сүүлт зэрэг сумаар харвадаг аж. Дугуйт тэргэн дээр суурилуулсан аварга нум ч хэрэглэгдэнэ.
Харван цэнгэх нь Хүн гүрний үед эрчтэй хөгжсөн. Алс хол зайд хаймсан харвана. Зэвт сумаар бай онож, цэц мэргийг сорино. Арьсан бөмбөгийг модонд цувуулан өлгөж, хурдтай давхихдаа харвана. Шир тэлж татаад, хорин сум цувуулж тавина. Хана хасаа харвана.
Цэргийн тусгай албадтай байв. Онцгой чухаг даалгаврыг биелүүлэх, хорлон сүйтгэх, тагнах зэрэгт ашиглагдана.
Сүр муутай, хуурамч парад хийж харийнхныг төөрөгдүүлж ч байжээ. Ташрамд, сүрлэг сайхан цэргийн парадыг баяр наадмын үеэр ард олондоо толилуулдаг асан.
Хүний нөөц, эдийн засгийн потэнциал ихтэй Хятад зэрэг улсын армитай дүйцэхүйц зэвсэгт хүчийг өөдөөс нь гаргаж, их тулалдааныг хийдэг асан нь Хүн гүрнийхний дайчин чанар, хүчирхгийг илтгэнэ. 300-400 мянган морьт цэрэг нь хэнд ч дийлдэшгүй. 70-аад онд 100 мянган морьт цэрэг оролцсон их ав хомрого хийж байжээ. Байгалийг чанд сайн хамгаалж, ан гөрөөсийг намар болтол үржүүлж өсгөж, улс орноо тэр чигээр нь агнуурын аж ахуй мэт болгож байгаад, дараа нь ав хомрогоо хийдэг алсын хараа, холч ухаантай байжээ, өвөг дээдэс маань.
Хятадууд хүнчүүдийн цэргийн эрдмийг тусгай судлал үүсгэн эзэмшдэг асан. Жоу улсын хаад “хүннү хувцас өмсөж, хүннү хүн шиг байж, хүннүчүүд шиг морь унаж, харваж сур” гэж зарлигдсан байдаг. НТӨ 307 онд нанхиадын их ван У Лин цэргээ хүн маягаар удтал сурган бэлтгэсний дунд, хүн нарыг ялсан удаатай.
Өвөг монгол, монголчуудын тухай “хар домог”, тэднийг үгүйсгэхүй, андуу эндүү явдал зэргээс болж, Хүн гүрнийг түрэг улс гэх төөрөгдөл амь бөхтэй байв.
Түрэг хэмээх ард түмнийг өвөг монголын зарим хаад ноёд үндэсний алдаатай бодлогоороо бүтээсэн аж. Бусадтай цус холилдсон зарим овог аймгийнхнаа ялгаварлан үзэж, уул уурхай-үйлдвэрлэлийн хүнд хүчир ажилд зүтгүүлж, дайн тулаанд олзлолгдсон харийнхныг нэмж авчран улам харьжуулж байжээ.
Өвөг монголын уул уурхай-үйлдвэрлэлийн том бүс нь Алтай хавь асан. Алтай бол Алтан гэх үгээс гаралтай, бас энд дуулга бүтээдэг гэсэн утгаар Дуулгын нуруу ч гэж байв. Хүн ардыг нь дуулгачид, дуулгынхан хэмээнэ. Тэд түрэг болж монголчуудаас салсан агаад, босч тэмцэн, иран хэлтүүдийн нутаг руу дайжсан. Иранчуудын бусдыг уусгах уламжлалыг амин чухал хэмээн хэрэгжүүлсэнээр, харин тэднийг өөрсдийг нь уусган, хүн ам ихтэй болж, хүчирхэгжсэн юм. Хожим түргүүд өвөг монголчуудтай тэмцэлдэхдээ, нэг хэсгийг нь уул уурхай-үйлдвэрлэлд хүчээр зүтгүүлж байсан удаатай. Түргүүд Монголын түүхэнд ихээхэн үүрэг рольтой байв.
Өрнийхөн хэд хэдэн Хүн улс байсан атал, олон тоот түрэг ард иргэд бүхий Баруун Хүн гүрнээр бүх хүнчүүдийг төсөөлсөн явдал буй. Пантюркист зарим зүтгэлтэн ч түүхийг гуйвуулдаг. Хүн бол түрэг хэлтэн, тэр үед өвөг монголчууд ой хөвч, тайга тундрт байсан гэлцдэг. Салангид хэсгийг дөвийлгөх явуургүй мэхийг ашигласан хэрэг юм. Зарим хүнчүүд түрэг хэлтэн, зарим өвөг монгол ойн иргэн байсан нь үнэн. Гэтэл ихэнх хүнчүүд монгол хэлтэн, нэлээд түргүүд ойн иргэн байсан нь бас үнэн. Сыма Цянь зэрэг эртний түүхч, нүүдэлчдийг, хооронд нь ялгаж салгалгүй будлиулсан ч байдаг. Гэвч Хүн гүрэн бол монгол хэлтэн улс, захирагчид нь монгол хэлт киян язгуурын алтан ургийнхан, соёл иргэншил нь монгол гэдэг нь хэдийнээ тодорхой болжээ.
Ганц жишээ дурдахад л, эрийн гурван наадмыг аваад үз. Хүн наадамд бөх голлож, гурван зиндаагаар, тус тус долоон даваагаар барилдуулдаг байжээ. Бөх бол асар эртний үүсэл гаралтай агаад, тэнгэрийн шашны зан үйлтэй холбоотой. Угтаа нэг байгаад, шашин, спорт гэсэн чиглэлээр салаалж хөгжсөн амой. Тиймээс бөө бөх хоёрыг нэг үгээс салбарласан гэдэг. Эмэгтэй бөө, бөхийг адилхан нядхан хэмээнэ. Бөх нь тэнгэрийн ивгээлийг урина гэсэн утгаар хүчит жигүүртний шинжтэй гараа, дэвээ, шаваа бүхий. Бөхчүүд бол хурмастын хүчтэнүүд гэсэн санаа буй. Ийм язгуурын монгол соёл юм.
Сүүлийн үед Хүн гүрний судлал дэлхийн түүхч, архэологичдын анхаарлыг их татсан, ирээдүйтэй чиглэл болж байна. Сонирхолтой олдворууд ч илэрч буй. Нөгөөтэйгүүр, бусад улс түмнийхэн хүн нарын соёлын дурсгалыг улайран сүйтгэж, ул мөргүй болгох оролдлого хийдэг байсан нь ч илэрч. Тиймээс, жинхэнэ булшийг хуурамч булшаар далдалдаг байж . Хэдэн давхар булшин дор, асар гүнд жинхэнэ булш нь байх явдал тохиолддог.
Нэгэн булшны авсыг оюу толгойтой алтан хадаасаар хадсан байв. Энэ нь маш тансаг дээдэслиг амьдрал, гар урлалын өндөр төвшинг нотлоно. Авсыг алтан товруугаар зай завсаргүй шахам хээлэн чимэглэдэг ч байж. Алтлиг будгаар будсан, торгоор гадарлаж доторлосон байдаг. Маш нимгэн алтан ялтсыг чимэглэлд ашиглана. Ромын хаад ноёдын их хүндэтгэлийг илэрхийлсэн бэлэг зэрэг содон сонин дурсгал бишгүй олдож буй.
Мэталл, мод, үнэт чулуу, шил шаазан, ваар, паалан, нэхмэл, хивс, эсгий зэрэг эд, аргаар бүтээсэн урлагийн бүтээлүүд өвөг дээдсийн маань авъяас билгийг илтгэн, илэрч олдсоор байгаа билээ.
Дөрвөлжин булш монгол хэлтнүүдийнх, хиргисүүр түрэг, иран хэлтнүүдийнх гэсэн алдаатай төсөөлөл байв. Аль аль нь монгол хэлтнүүдийн үүсгэсэн ёс гэдэг нь тогтоогдоод байна. Өөр өөр цаг үед үүссэн агаад, зарим өвөг монголчууд уламжлал, зарим нь шинэчлэлийг баримталснаас л үүджээ.


 Археологийн салбарт салаавч судлал хэмээх нэгэн салбар судалгаа үүсээд байна. Төв аймгийн Ноён уулан дахь Хүннүгийн үеийн язгууртнуудын булшийг малтсан археологичдын нүдийг бүлтийлгэсэн содон олдвор гарсан нь салаавч. Гарыг нь салаавч гарган оршуулсан олон булш байжээ. Эндээс үүдэн салаавч нь эсрэг биш харин ч эерэг утгатай байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа юм байна. Судлаачдын урьдчилан таамаглаж байгаагаар салаавч үзүүлэх нь мэндлэх хүндлэх ёсны нэг хэсэг байж магадгүй гэнэ. Одоо ч салаавч гарган мэндэлдэг ёс Африкийн зарим омгуудад байдаг ажээ. Далайн түвшнээс дээш 1373 метрийн өндөрт байрлах 18 x 19 ам дөрвөлжин чулуун хашлага бүхий энэ булш нь хагас цэвдэгт хөрсөнд байсан учир харьцангуй сайн хадгалагджээ.

Бунхны дээд талд тухайн язгуртны эдэлж байсан дээрээ шүхэр бүхий сүйх тэргийг 30 орчим адууны толгойн хамт хойлоглон тавьж , бунхныг таван үе дараалсан хаалт чулуугаар хашсан нь сонирхолтой.

Ихэнх олдвор нь бунханы дотор талд, баруун зүүн хана, мөн шалан дээрээс илэрсэн бөгөөд малтлагын үр дүнд мөнгөөр хөөлгөн урласан аргаль , янгир, домгийн нэг эвэрт бодь гөрөөс, алтаар шарсан луу, мөн эртний Грек , Римийн хийц маягаар үйлдсэн эрэгтэй , эмэгтэй нүцгэн хүний дурс бүхий чимэглэл зэрэг нийт 30 гаруй мөнгөн эдлэл, хүрэл чимэглэл, домгийн шувууны дүрс бүхий эсгий, хивсний тасархай, торго, давуу эдлэлийн хэсгүүд , мөн гадна ёролдоо хятад бичээс бүхий хээтэй аяга, төмөр толь ,дэнгийн суурь, алтан ялтасны хэсэг, хаш эдлэлийн үлдэгдэл, товруутай хазаарын чимэглэл , бүсний товруу, төмөр ялтаст арал, боолттой гэзэг, төмөр, модон эдлэл гэх мэт эртний Хүннүчүүдийн урлаг, оюун санаа, тухайн үеийн гадаад харилцаа холбоог нэхэн судлахад чухал түлхэц болохуйц ,гайхамшигт ховор 200 гаруй олдвор илэрсэн байна.



  Хүн буюу Хүннү улс

МЭӨ 318 онд Хятадын олон улсын нэг Цинь улсад Хүн нар довтлов гэсэн мэдээ туухэнд анх дурьдагдсан.Ер нь МЭӨ 3-р зуунд монгол нутагт Хүн гүрэн байгуулагдсанаар Эртний улсуудын үе эхэлжээ.Хүн гүрэн нь монгол хэлтэн(?) аймаг байжээ. "Хүн" гэдэг нь эрт цагт "би " гэсэн утгатай,"нү" гэдэг нь ч харьяадахын тийн ялгалын нөхцлийн эртний хэлбэр байсан гэж эрдэмтэд үзэж байна.Тиймээс "Хүннү" гэдэг "миний" гэсэн утгатай ажээ.
Түүхэнд мэдэгдэж байгаа Хүннү гүрний хамгийн анхны захирагч нь буюу хаан нь Түмэн шаньюй бөгөөд түүнийг хүү Модун шаньюй нь загалжилсан.Хүн гүрэн 24 том түшмэл түмтийн даргатай байсан байжээ.24 түмтийн дарга тус бүр түмт,мянгат,зуут,аравтттай байсан.Хүн гүрний засаг захиргаа нь аравтын зохион байгуулалттай байсан.Хүн нар нь угийн нүүдэлчин амьдралтай байсан учраас цэргийн аравтын системтэй байсан ба энэ нь тухайн үедээ хамгйи дэвшилтэд ба хамгийн тохиромжтой төрийн засаг захиргааны систем байжээ.Хүн гүрний газар нутаг нь Байгал далайгаас Цагаан хэрэм хүртэл,Тэнгэр уулнаас Хянганы нуруу хүртэл өргөн уудам байжээ.МЭӨ 200 онд Хятадын Хань улс Хүн гүрэнг захиргаандаа оруулахыг санаархаж их цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан байна.Гэвч хүн нар хүчээ нэгтгэж хятадын хар ялаа лугаа адил харийн цэргийг эх нутгаасаа хөөн зайлуулаад улмаар хятадын өөрийнх нь нутагт цөмрөн орж Хань улсын Гаоди хааныг нь нийслэл Пинчэн хоттой(одоогийн Датун хотын орчим) нь 400 000 морьт цэргээр бүслэхдээ өрнө зүгт цагаан,дорно зүгт нь халзан,хойд зүгт нь хар,өмнө зүгт нь саарал моьтон цэргийг зүс нийлүүлэн байрлуулсан байжээ.Энэ нь Хүн гүрэн нь өөрөө цэргийн нэгдсэн нэг зохион байгуулалттай байсны гэрч юмЦэргийн шинжлэх ухаан нийлээн боловсронгуй хөгжсний бас нэг гэрч бол дуут сум ашигладаг байсан ба тэр нь дайсныг айлгах сүрдүүлэх зорилго тактикт хэрэглэж байсан ба Хүн цэрэг төмөр бамбай,хуягтай а харин морь нь хуяггүй байжээ.Хүн гүрний төр,цэргийн зохион байгуулалтыг өндөр үнэлэх ёстой.Учир нь тайван цагийн төрийн зохион байгуулалт,байлдааны үед улс даяараа цэрэг болдог нь тухайн үеийн суурин амьжиргаатай улсад байдаггүй зохион байгуулалт байжээ(?).Хүн нар моринд маш гарамгай байсан ба давхиан дундаа маш мэргэн харвадаг байжээ.
Хятадын Чжао улсын Улин МЭӨ 325-299 оны үед "Хүн нарыг ялахын тулд хятад зан заншилаа халж,хүн нарын хувцсыг өмсөж,морь унаж,нум сум харваж сур!" гэж тушааж байв гэж хятадын түүхч Сыма Цянь "Түүхийн тэмдэглэл" зохиолдоо дурьжээ.Модун шаньюй нь улс гүрнийхээ хилийг хамгаалах зорилгоор 300 000 гаруй нум сумаар зэвсэглэсэн цэрэгтэй байжээ.Бас нэг сонирхолтой мэдээ бол Хүн гүрний шаньюй Модун нь морин цэргээ морьны зүс нийлүүлэн зохион байгуулдаг журамтай байжээ. Хүн гүрний морин цэрэг нь хоногт 200-250 км газар туулдаг байжээ.МЭӨ 198 онд Хань улсын хаан Хүн нарт буулт хийж Цагаан хэрэмнээс хойшхи нутгийг Хүн нар,урагш нутгийг Хань улс эзэмшихийг хүлээн зөвшөөрөв.Мөн Хүн гүрэнд жил бүр их алба барих болжээ.
МЭ 48 онд Хүн гүрэн өмнөд Хүн,умард Хүн гүрэн болж хуваагдсанааар хүч ихээхэн доройтож эхэлсэн байна.МЭ 93 онд Хүн гүрний бүрэлдэхүүнд байсан Сяньби аймаг босдог гаргаж Хүн гүрэнг мөхөөжээ.




Умард Хүн гүрэн

Умард Хүн гүрний захирагч Жижиг шаньюй хүн амынхаа нэг хэсгийг авч баруун зүг нүүж одсон нь Ази Европын ард түмнүүдийн "Их Нүүдлийн" эхлэл байв.Ингэж нүүдэллэж явсан баруун Хүн нар өрнө зүгт түрэг аймгуудын өвөг(?) болсон бололтой.МЭ 445 онд Дунай мөрний хөвөөнд Атилла баатар тэргүүтэй Хүн нарын хүчирхэг гүрэн байгуулагдан төв Европд цөмрөн орж улмаар Ромын эзэнт улсад удаа дараалан довтолж Ром хотыг эзэлж байжээ.Атилла бааатрыг нас эцэсмэгц Хүн гүрэн нь 100-хан жилийн дотор задран бутарчээ.Хүн нарын хүрсэн газар зөвхөн эвдрэл сүйрэл тарьж явсан гэвэл шудрага бус болно.Хүн нар нутгийн ард түмэн тэдний соёл иргэншилд ихээхэн өөрчлөлт оруулж байсан.Үүнийг нэг жишээ бол Хүн нарыг очхоос өмнө Европчууд морины эмээлийн дөрөө хийж мэддэггүй байжээ.

 Айраг суманд хятадын “Энжүмэн” компаний даварсан захирал Жан овогт нар газар усныхаа төлөө тэмцсэн Сүхболд гэдэг залууг дахин дахин машинаар дайрч, балбаж нүдэж алсан балмад хэрэг гарсан билээ. Тэгэхэд миний бие, Сүхболдод баатар цол олгоё, ийм хэрэг гарсан тул ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д хийх айлчлалаа хойшлуулах хэрэгтэй гэж бичиж л байсан. Гэвч эрхэм ерөнхийлөгч Сүхболдыг шагнаа ч үгүй, аяллаа хойшлуулаа ч үгүй.
За тэгээд айлчиллаа. Хятадын Их тэнгэрийн цогцолбор нь болох газрын ойролцоо Цагаан үүл гээд сүм байх. Тэнд манайхныг бараалхуулсан байгаа юм. Чанчун гэдэг, шашны тэргүүн хамба нь Чингис хаан руу зорчин очиж уулзсан түүхэн үйл явдалд зориулан босгосон, бумбын (даосизм) ёсны сүм юм билээ л дээ. Эзэн Богдыг маань Дундад гүрний хаан хэмээдэг хятадын төрийн томчууд энэ сүмд ихээхэн ач холбогдол өгч, мөргөж хүндэтгэдэг аж. Чингээд эхлэхээр нь манайхан эвгүй байдалд орсон гэдэг. Дагаад мөргөвөл хятад шашинд орсон болчих гээд, эс мөргөвөл Чингис хаанаа үл ойшоосон болчих гээд. Бантсандаа тэрүүхэн тэндээ мэхэлзэн бөхөлзсөн дүр үзүүлээд өнгөрсөн юм гэв үү дээ.

Их хаан маань эрдэм номд нэвтэрхий нэгэн асан тул, Чанчун бумбатай захидлаар харилцаж, ном хаялцдаг байж л дээ. 1219 оны захидалдаа, бидний өвөг бол Хүннү гэсэн нь чухаг мэдээлэл болж, хүннү түрэг үү, монгол уу гэсэн маргааныг таслахад үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Хуулбар нь манай ШУА-д буй. Бусад захидалд нь ч чухал мэдээлэл байж болох хэдий ч, энэ шашныхан яагаад ч юм нууцлаад ил гаргадаггүй юмсанж.
Харин тэр удаад, ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Хятадын томчууд бүх захидлын хуулбарыг өгнө гэжээ. Эзэн Чингис хааны өөрийнх нь захидал гэхээр ямар үнэлж баршгүй дурсгал болох нь тодорхой. Харин ерөнхийлөгч маань хэр үнэлсэн юм бол, тэр талаар ярьсан хэлсэн нь төдийлөн дуулдаагүй.
Элч төлөөлөгчид маань Шанхайн Экспо-2010 хэмээх, дэлхийн хөгжил дэвшлийг харуулсан үзэсгэлэнг сонирхсоон. Хятадын павильон нь гэж томоохон музей шиг юм байсан агаад, түүхийн хэсэгт нь Чингис хааны баримал байсан, бас л манайхан эвгүй байдалд орсон гэдэг. Мэхэлзэж бөхөлзвөл Чингис бол Хятадын хаан, бид бол Хятадын хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн болчих гээд, эсбөгөөс их богд эзнээ эс хүндэтгэсэн болчих гээд. Дундуур нь л аргацааж дээ.
Гэтэл Монголын 300 гаруй сая төгрөгөөр (хятадууд мөнгөөр тусалсан гэж байгаа) боссон павильонд нь хэдэн гэр дээр динозаврын хагархай өндгийг дүрсэлж гэж таамаглаж болохоор нөмрөг тохчихсон, манайх гэж үлэг гүрвэлийн үеийн хоцрогдсон орон гэж ойлгогдохоор, хэдэн архи, ноолууран цамц өрчихсөн угтаж, төлөөлөгчдийг шалз булз түлсэн юм гэдэг. Ажлаа хүндэтгэдэггүй юмаа гэхэд, ерөнхийлөгчөө хүндэтгэж болмоор доо. Тэгсэнгүй ээ.
Энэ бүхнийг юун учир нуршив гэвэл, сүмд бараалхахад ч, үзэсгэлэнтэй танилцахад ч, МУИС-ийн багш, Бээжингийн их сургуульд хятад судлалаар докторын зэрэг хамгаалахаар суралцаж, багшилж асан, манай авъяаслаг, ирээдүйтэй залуу судлаач Ц.Ганбаатар ерөнхийлөгчид орчуулагч хийн үйлчилж явсан байгаа юм. Тухайн үеийн хэвлэлүүдэд ч тэгж дурдсан.
Ц.Ганбаатар Чингис хаан, Чанчун бумба хоёрын уулзалтын талаар эртнээс судалсан, энэ сэдвээр докторын цол хамгаалах гэж байжээ. Чингис хааны нууц захидлуудыг ил болгож шинжлэх ухааны эргэлтэд оруулах нь Монгол улс үндэстэнд маш их ач холбогдолтой гэж үздэг, хэрэгжүүлэх гэж хөөцөлдөж тэмцэж явдаг хүн асанж. Тэрбээр Цагаан үүл сүмд байхдаа, энэ санаагаа ерөнхийлөгчид хэлж, ерөнхийлөгч ч тэр талаар асуухад хятадууд тулгамдаад, хуулбарыг нь өгнө гэсэн бололтой байдаг. Энэ үйл явдалд Ц.Ганбаатар маш их баясч, чухам аз жаргалын дээдэд умбан явж дээ. Мөрөөдөл биелнэ гэдэг л чухам энэ буюу.
Гэтэл ерөнхийлөгч Хятадаас явсны дараахан Ц.Ганбаатар нас баржээ. Цээжиндээ хутгалуулсан, цоожтой өрөөнд удтал байснаас цогцос нь муудсан байжээ. Хятадын цагдаа нар амиа хорлосон гэж дүгнэж. Өмнө нь гэрэлт ирээдүй гэгээрч байсан тэрбээр яалаа гэж амиа хорлох билээ. Архи дарс хэтрүүлэн хэрэглэдэггүй, ном бичгийн хүний дөлгөөн зан, соёл боловсролтой тэр ирт мэс шүүрэн авч, өөрийгөө бүлэн егүүтгэв гэж үү?
Эрхэм ерөнхийлөгч маань энэ явдалд санаа тавих нь зүй ёсны хэрэг мөн. Түүнд орчуулга хийж тусалж явсан хүн яагаад явангуут нь алагдав.
Гэтэл санаа тавьсангүй ээ. Ерөнхийлөгчийн зүгээс болон, түүний аппарат, тойрон хүрээлэгчид, хамтран ажиллагсдаас нь энэ ноцтой хэргийн талаар авиа ч гарсангүй. Одоо л, хилийн чанад дахь монголчуудын туслалцаатайгаар зарим зүйл тодорхой болж байна.
Ц.Ганбаатарын үхэл нийгэмд маш их дуулиан шуугиан, хардлага сэрдлэг, зэвүүцэл дургүйцлийг төрүүлж. Ерөнхийлөгчийг ч хардаж сэрдэж буй нь түүний нэр хүндийн талаар эргэцүүлэхэд хүргэж буй. Харин ерөнхийлөгчийнхний зүгээс бас л таг чиг. Ц.Ганбаатар гэдэг эх оронч, эрдэм номтой залуу, Эзэн Богд хааны маань ариун гэгээн захидлууд тэгж таг дуугүй байвал зохих, юу ч биш болж таарч байнуу?
Хар хүний өмнөөс, шар хүн гэгчээр ГХЯ ээлжит болчимгүй алхмаа хийж, гоомой мэдэгдэл хийлээ. Ц.Ганбаатар ямар ч орчуулга хийгээгүй, харин тайлбарлагч байсан гэнэ. Тэр хүн ингэснээрээ ерөнхийлөгчид хамаагүй болчихгүй, тэр хүн сүм, үзэсгэлэнгийн тайлбарлагчаар ажиллаж байсан ч бус. БНХАУ тайлбарлагчийн боловсон хүчний хомсдолд ороогүй, хэн дуртай нь хоёр улсын удирдагчид руу дайрч очоод элдвийг тайлбарлаад ч байдаг юм биш. Ц.Ганбаатар чухам орчуулагч байсан буюу.
“Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид хувилбар гаргах эрхтэй ч”, “хөрш орнуудыг буруутгаж”, “найрамдалт харилцаанд сэв суулгаж”, “эмгэнэлт явдлыг улстөржүүлж”, “ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ямар ч хаалттай уулзалт хийгээгүй”, “айлчлалын үеэр БНХАУ-ын тал захидлын хуулбарыг өгөөгүй” гэхчлэн, авцалдаагүй, утгагүй үгсээр бүтсэн тэр мэдэгдлийг гадаад харилцааны мэргэжсэн байгууллага маань гаргалаа гэж үнэмшимгүй.
Хэвлэл мэдээллийнхэн одоохондоо хувилбар гаргаагүй байна. Хөрш орнуудыг буруутгасан юм ч үгүй. Найрамдалт харилцаанд сэв суулгаагүй, хэн ч улс төржүүлээгүй. Ерөнхийлөгчийг хаалттай уулзалт хийлээ гэж ч хэлж бичээгүй. ГХЯ л харин олон сонин зүйл цухалзуулаад байгаа биш үү? Тэр цухалзуулсан зүйлсээ булж далдлах мэдэгдэл хийх хэрэгтэй болсон бус уу?
Тус яамныхан чөлөөт хэвлэлтэй (өөрсдийнх нь хэллэгээр бол “хувилбар гаргахтай”) тэмцэж, үүрэг зорилгоо умартаж байхын оронд, үндсэн ажлаа хийгүүштэй. Тамхины наймаа, мэргэжлийн бус хүн ажиллуулах, харийн бодлогыг хэт аялдах, монголчуудынхаа эрх ашгийг хамгаалдаггүй гээд л хичнээн асуудалтай байгаа билээ дээ. Хэн нь хэнийгээ сургах болоод байгаа бол. Эрхэм сайдад Ц.Ганбаатар агсаныг тайлбарлагчаар нэхэн томилох, хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлахаас өөр ажил бишгүй л баймаар.
Ер нь тус яамныхан Монголын иргэн алагдлаа, сураггүй алга боллоо, хохирлоо, хэлмэгдлээ, цаазлагдах ял авлаа гэхэд, хүнээс илүү хэн ч болоод төрчихсөн юм гэлтэй их зан, хүнд суртлаа гарган, санаа тавих байтугай нуун дарагдуулдаг нь бүр ёс уламжлал нь. Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэг дээр яаж байв? Манай иргэн Соёлтыг гэм буруугүй атал, үндэсний эх оронч үзлийнх нь төлөө отож байгаад баривчилж хориход хэрхэв? Ц.Ганбаатарын хэргийг үл ойшоочихоод, одоо юу яриад, хүчтэй нөлөөтэй бүхэнд тал засахыг л эрхэм болгож байна? Хилийн чанад дахь монгол иргэдийнхээ эрх ашгийг бус, эндэх албан тушаалтан, тэндэх харь гүрнийг хамгаалдаг юу гээч байгууллага вэ?
Уржнан би “Соёлтыг өмгөөлж хамгаалалгүй, харьтай үгсэн хуйвалдсан, ГХЯ-ны сайд огцрох ёстой!” гээд л бичиж байв. Одоо илүү ноцтой хэрэг гарчихаад байна.
Сайд яалаа гэж огцордог юм бэ? Урьд нь хариуцлагагүй явдлууд өчнөөн давтагдсаар атал жишим ч үгүй суусаар ирсэн. Гэтэл хүний амь үрэгдчихлээ. Монгол улсын ерөнхийлөгчтэй хамтран ажилласан иргэнээ хэд хоног ч атугай хамгаалж, харж хандаж чадсангүй юу? Ядаж хэн нас нөгчсөнийг тодруулж болсонгүй юу? Монголын сайд, ЗГ огцрохын тулд юу хангалттай байдаг юм бол?
1994 онд Хятадад “Гадаад Монголын тусгаар тогтнолын нууц” гэсэн ном гарсныг мэдээлэхэд минь ГХЯ-наас бас л харийг өмгөөлсөн мэдэгдэл гаргаж байв. Гадаад харилцааны яам уу, гадаадын яам уу гэж бодогдохоор л байж ирлээ.
Хариуцлагын тогтолцоо гэж хаа сайгүй замхарчээ. Хаана ч үнэндээ тэр ажлынхаа алуурчид нь сууж байдаг болсон буюу. Хүний амь үрэгдлээ ч, хэн ч гэдэг албан тушаалтан ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрнө. 7.1-ний 5 хүний амь нас юу болов…
Вэн Зябао дарга, Монголд айлчлахдаа Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ гэж хөтөлбөртөө оруулсан байснаасаа гэнэт татгалзжээ. Уг нь Вэн дарга нөгөө хуулбарыг авч ирмээр сэн. Бас л үгүй. Харин манай дарга нар “Вэн Зябао тэнгис далайг гэтлэн ирэв” гэсэн үгүүлэлтэй, Ар Монголын өөртөө засах орны хэвлэл үү гэж андуурмаар агуулгатай сэтгүүлийг айл бүрийн шуудангийн хайрцгаар үнэгүй түгээв ээ. Эрхэм төрийн түшээдийн маань эзэн Чингис Богд нь тэнгис далай гатлан аймаг сумандаа л ирсэн юм байна шүү дээ. Тийм болохоор, Чингисийн захидал, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ гээч нь юухан хээхэн төдий л юм шив дээ. Тэр бүхэн юухан хээхэн юм бол Ц.Ганбаатар юу ч биш болж таарах логик харагдаж байна.
Сэтгүүлчид Ц.Ганбаатар, Чингисийн захидлын талаар асууж лавлахад ерөнхийлөгчийн хүмүүс мэдэхгүй л гэсэн байна. ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин захидлын хуулбарыг ерөнхийлөгчид өгсөн эсэхийг мэдэхгүй гэжээ. Юуг мэдэх болж байна вэ, бид? Мэдэхгүй гэх үгийн цаана юу ч байж болох аж.
“Ц.Ганбаатар тэгэх хүн биш. Түүнд амиа хорлох ямар ч шалтгаан байгаагүй”. Энэ бол МУИС-ийн НШУС-ын тэнхмийн эрхлэгч, найз П.Дэлгэржаргалынх нь үг. МУИС-ийн СНА-ын тэнхимийн багш, Д.Мөнхтөр маань Хөвсгөлд яваа агаад, “Бидний найз Ганбаатар уу? Хоёр Ганбаатар байдаг ш дээ? Ганбаатар яалаа гэж амиа егүүтгэх юм бэ? Хүнд л алуулсан байх!” гэж дэргэд байгаа шиг л тодхон хэлж, дуу алдан гайхширч байв. Их сургуульд тохой нийлүүлэн суусан эрхэм дүү, монгол судлаач эрдэмтэн М.Ууганбаяр: “Би Ганбаатарыг сайн мэднэ. Яавч архи дарс хэтрүүлээд, амиа хөнөөнө гэж байхгүй. Ажил бүтээлтэй, том зорилготой, тохитой томоотой хүн. Ёстой гялалзаж явсан юм” гэж харуусан халаглав.
…2008 оны зун, Бадар-Ууган олимпийн хоёр дахь алтыг авсныг, бас нэгэн анд маань анхны номоо гаргах болсныг хэсэг нөхөд тэмдэглэн хөгжилдсөнсөн. Намайг явж очиход Ц.Ганбаатар “Их сургуулийн анд минь” хэмээн туйлын элгэмсэг дотноор угтаж, тэврэн авсан. Тэрбээр маш өөдрөгөөр, гэрэл гэгээт төлөвлөгөөнүүдийнхээ талаар сэтгэл хөөрөн ярьж байсан билээ. Удалгүй Бээжинд ажлаар очих санаатай байгаагаа хэлэхэд “Би чамайг угтаж авна. Бүх ажилд чинь тусална, үйлчилнэ. Надад итгэж найдаарай. Хоёулаа Бээжингээр сайхан аялах болно” гээд л гарыг минь атган байсан. Нэлээд хугацааны дараа түүнтэй нэг нь маргалдав. Ц.Ганбаатар: “Бидний яриа нэг л биш болж байна. Ойлголцохгүй болж байна” гэж төв шулуунаар хэлээд, бусдаас уучлалт хүсээд, тааламжгүй уур амьсгалыг соёлтойгоор орхин гарч байсан юм. Түүнээс хойш удалгүй, миний бие Бээжинд их л яаруу давчуу очоод буцсан бөгөөд, түүнтэй уулзаж амжаагүй, “Дараа л нэг тухтай…” гэж бодоод өнгөрсөн. Хэзээ ч уулзахгүй байх тавилантай байж дээ…
Нэг хүн Монгол улсын хувьд ямар үнэтэй байдаг юм бол? Үнэтэй л байх ёстой доо.
Нэр хүндтэй эрдэмтэн судлаач, эх оронч, Монголын иргэн, бидний нэг маань учир битүүлгээр алагдчихаад байхад, энэ хэргийг яавч зүгээр орхиж болохгүй. “Ц.Ганбаатарын хэргийн буруутныг олъё, эзнийг олъё!” хэмээн, ард олон маань шаардан тэмцэх хэрэгтэй байна. Хилийн чанад дахь монголчуудын эрх ашгийг хамгаална гэж тунхагласан ерөнхийлөгч маань ч, хамтран ажиллаж асан нөхрийнхөө алагдсан учрыг олохын төлөө, ард олноо манлайлан тэмцэх шаардлагатай боллоо. Гадаад яам ч тэмцэх үүрэгтэй.Энэ нь хоёр улсын найрамдалд харшлах явдал огт биш. Шударга үнэний төлөө санаа нэгдэн ажиллаж байж л найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх ёстой юм. Найрамдал гэмгүй хүмүүсийн үхэл дээр суурилах ёстой юм биш шүү!


Хүннүчүүдийн ДНК Монголчуудынхтай хамгийн ойр болохыг тогтоожээ



Хүннү улс байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнтэй хамтран танин мэдэхүйн цуврал гаргаж байгаа билээ. Энэ дугаарт ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Доктор Г.Эрэгзэн(Ph)- тэй хамтран дараах материалыг бэлдсэн юм.

Хүннүгийн жижиг булшнууд

Хүннүчүүд Цагаан хэрмээс Байгаль нуур, Манжуураас Тэнгэр уул хүрсэн өргөн уудам нутгийг хэдэн зууны туршид захирч байсан учир тэдний үлдээсэн дурсгалууд Монгол, Хятад, Орос, Казак, Киргиз зэрэг олон улсын нутгаас илэрч судлагджээ.

Одоогоор эдгээр улс орны нутгаас 7000 гаруй булш оршуулга, 20 орчим хот суурины үлдэгдэл, хэд хэдэн газраас хадны зураг бүхий дурсгалт газар нээгээд байна. Үүнээс манай улсын нутагт Хүннү нарт холбогдох 5000 гаруй булш оршуулга, 13 хот суурины үлдэгдэл, 5-6 газраас хадны зургийн дурсгал илэрч мэдэгдсэн бөгөөд судалгааны ажлыг тасралтгүй хийж байна.

Монголоос илэрсэн Хүннүгийн булшны дийлэнх нь газрын өнгөн хөрсөн дээр ил цухуйн харагдах чулуун дараас болох гадаад байгууламжтай. Хэлбэрээр нь дөрвөлжин болон дугуй (цагираг) хэмээн хоёр хуваах боломжтой. Дөрвөлжин хэлбэртэй нь өмнө талдаа урт гонзгой үүдэвчтэй байх агаад энэ хэлбэрийн булшийг анх 1924 онд Ноён уулын дурсгалт газарт малтан шинжилсэн юм. Түүнээс хойш Гол мод, Гол мод-2, Дуурлиг нарс, Тахилтын хотгор, Өвөр Байгалд Ильмийн ам, Царам зэрэг газарт судалснаар Хүннүгийн язгууртнууд, ялангуяа Хүннү гүрний төрийг барьж байсан Шаньюйн удмынхны оршуулга болох нь тогтоогджээ.

Дугуй хэлбэрийн булш шаньюйн удмын ноёдынх байх магадлалтай

Харин дугуй буюу цагираг хэлбэрээр тойруулж тавьсан чулуун байгууламжтай булшнууд хэмжээний хувьд харьцангуй жижиг бөгөөд илэрсэн олдвор эд өлгийн зүйлс нь ч ядмаг байдаг. Тиймээс энэ хэлбэрийн булшийг “жирийн иргэд”-ийн оршуулгын дурсгал хэмээн тайлбарлаж ирсэн юм. Гэвч сүүлийн үеийн судалгааны үр дүнд эгэл жирийн хүмүүсийн оршуулга гэхээс илүүтэй Шаньюйн удмын биш боловч Хүннү улсыг бүрдүүлж байсан олон аймгийн захирагч ноёд, тэдний угсааныхны булш байх магадлал өндөр болж байна. Ийм булшнууд хамгийн өргөн уудам газар нутагт тархсан ба хамгийн олон тоотой юм. Тэр хэрээр цагираг хэлбэрийн жижиг булшнуудыг харьцангуй олныг малтан шинжлээд байна.

Анх цагираг хэлбэрийн булшийг XIX зууны төгсгөлд манай хойд хилийн орчим Хиагтад Оросын эмч Ю.Д.Талько Грынцевич малтан судалж Хүннү нарт холбогдох боломжтой талаар өөрийн саналыг дэвшүүлж байжээ. Түүний дараагаар Ноён ууланд Хүннүгийн язгууртны булш малтсан П.К.Козловын шинжилгээний ангийнхан цөөн хэдийг малтсан байна. 1950-иад оноос манай үндэсний археологич боловсон хүчин бий болсноор олон газарт Хүннүгийн жижиг булшнуудыг малтан шинжилсэн юм.

Хүннүчүүдийн амьдралын хэвшил, аж ахуйг харуулах сонирхолтой хэрэглэгдэхүүнийг олж судалжээ

Нийт 103 булш буюу нэг оршуулгын газарт байгаа бүх булшийг малтан шинжилж, булшны бүтэц зохион байгуулалт болон олдворын талаарх харьцангуй цэгцтэй судалгааны хэрэглэгдэхүүн цуглуулж чадсан. Мөн хүний ясны генетикийн судалгааг хийж уг газарт оршуулсан хүннүчүүдийн ДНК одоо тэнд амьдарч буй Монголчуудынхтай хамгийн ойр болохыг тогтоож чадсан явдал нь шинжлэх ухааны чухал ололт болжээ.

1990-ээд оны төгсгөлөөс Хүннүгийн жижиг булшийг судлахад доктор Ч.Амартүвшингийн удирдан ажиллаж байгаа Монгол-Америкийн хамтарсан төсөл, зохиогчийн оролцон ажиллаж буй Монгол-Солонгосын хамтарсан “Мон-Сол төсөл” зэрэг хамтарсан шинжилгээний ангиудын судалгааны ажил багагүй хувь нэмэр оруулж байна.

Тухайлбал, Монгол-Америкийн хамтарсан шинжилгээний анги Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг дахь Бага газрын чулуунд археологийн нарийвчилсан хайгуул судалгаа хийж шинээр найман оршуулгын газар илрүүлсэн бөгөөд эртний Египетэд хийсэн Бес бурханы дүрстэй чимэг, салаавчилсан гарын хэлбэртэй шаазан зүүлт зэрэг Хүннүгийн гадаад харилцаанд холбогдох сонирхолтой олдворуудыг олж судалсан байна.

Монгол Солонгосын хамтарсан төслийн баг Төв аймгийн Алтанбулаг сумын Моринтолгой, Архангай аймгийн Батцэнгэл сумын Худгийн толгой зэрэг газруудад малтлага хийж модон таваг, ясан савх, хүрэл толь, чий будагтай аяга, төмөр амгай зуузай зэрэг хүннүчүүдийн амьдралын хэвшил, аж ахуйг сэргээн төсөөлөхөд хэрэг болохуйц сонирхолтой хэрэглэгдэх үүнийг олж судалжээ.

Газар нутаг, цаг хугацаанаас үл хамаарч оршуулгын тогтсон нэг зан үйлтэй байжээ

Олон жил хийсэн малтлага судалгааны үр дүнд Хүннүгийн жижиг булшнуудаас газар нутаг, цаг хугацаанаас үл хамааран оршуулгын тогтсон нэг зан үйлийн дагуу байгуулагдсан болох нь илүү тодорхой болж байна.

Тухайлбал, энэ төрлийн булшнууд бараг бүгдээрээ гадаад байгууламжийн төв хэсэгт чулуугүй талбайтай байдгаас цагираг хэлбэртэй харагддаг. Төв хэсгийн чулуугүй талбай өнгөн хөрсний түвшингээс доош бага зэрэг хонхор ба ижил түвшинтэй, хоёр янз. Хонхор байх нь голчлон хэмжээгээр том булшнуудад ажиглагдах ч үүдэвчтэй булшнуудтай харьцуулахад төдий л гүн биш 0.2- 0.5 м-ээс хэтрэхгүй байна.

Цагираг хэлбэрийн булшны гадаад байгууламжийн хэмжээ харилцан адилгүй юм. Дийлэнх оршуулгын газарт байгаа дугуй хэлбэрийн булшнууд жижиг нь 3-5 м, дундаж нь 6-8 м, том нь 9-14 м хэмжээтэй байна. Гэхдээ Хойд Тамирын голын хөндийд байрлах Худгийн толгой, Солби уул, Тамирын улаан хошуу зэрэг зэргэлдээ орших дурсгалт газруудад 20 м хүртлэх голчтой харьцангуй том хэмжээний дугуй булшнууд ч цөөнгүй тоотой байгаа юм.

Хүннүгийн дугуй булшны нүх язгууртны гэгдэх дөрвөлжин хэлбэрийн булштай харьцуулахад гүехэн байдаг. Хамгийн гүн нүх 5 м хүрэх агаад дийлэнхи нь 2-3 м гүн байна. Нүхийг голчлон хүн багтахаар гонзгой дөрвөлжин хэлбэрээр ухсан байх ба оршуулгын хэсэгт модон хашлага зэрэг ажил ихтэй байгууламж үйлдсэн харьцангуй том булшны нүхийг дөрвөлжин хэлбэрээр дээрээс доош багасган шатлаж ухсан байх нь бий.

Булшны бүтэц нийгэмд эзлэх байр суурь, зэрэг дэв, хөрөнгө чинээтэй шууд холбоотой

Нүхний ёроол буюу оршуулгын үндсэн хэсэгт нас барсан хүний шарилыг тавихдаа чулуу, мод зэрэг материалаар тусгай хайрцаг тасалгаа хийж ихэд хүндэтгэлтэйгээр оршуулсан байдаг. Зарим тохиолдолд газрын хөрсөн дээр эсгий юм уу, үйс дэвсч дээр нь шарилыг шууд тавьж оршуулсан байх нь ч бий. Оршуулгын хэсгийг хэрхэн зассанд тулгуурлан хэд хэд ангилах боломжтой юм.

Тусгайлан хайрцаг тасалгаа хийлгүй шарилыг хөрсөн дээр тавьсан оршуулгыг “шороон булш” хэмээн нэрлэдэг. Харин чулууг эгнүүлэн дэвсч шал болгоод түүнийг тойруулан хавтгай чулууг хавиргалан босгож хана хийн дотор нь шарилыг оршуулсныг “чулуун авст булш” хэмээнэ.

Хүннүгийн дугуй булшны дийлэнх банзаар тусгайлан хийсэн австай юм. Модон авсыг дангаар тавих нь их ч авсны гадуур хавтгай чулуу босгож хаших, эсвэл нүхний ёроолд дүнз болон зузаан модоор зангидсан хайрцаг байрлуулж дотор нь авсыг тавьсан давхар байгууламжит булшнууд ч илэрдэг. Дан модон авс бүхий булшийг “модон авст”, авсны гадуур чулуугаар хашсаныг “чулуун хашлагат”, дүнзээр хийсэн хайрцагтайг “модон хашлагат” хэмээн ялгадаг.

Хүннүчүүд нас барсан хүнийг ийнхүү олон янзын байгууламж үйлдэн оршуулсан нь оршуулга хийх үеийн нөхцөл байдал, ашиглах материалын олдоц зэрэг олон шалтгаантай бөгөөд гол нь оршуулгын зан үйлтэй нягт холбоотой юм. Хүннүгийн булшны бүтэц оршуулж буй хүний нийгэмд эзлэх байр суурь, зэрэг дэв, хөрөнгө чинээтэй шууд холбоотой болох нь язгууртны булшны хэрэглэгдэх үүнд тод харагддаг.

Жижиг булшнаас олдож байгаа олдворуудаас ч энэ шинжийг ажиглаж болно. Тухайлбал, шороон булш, чулуун авст булшинд нас барагчийн хэрэглэж байсан эд өлгийн зүйл болох нумын ясан наалт, төмөр хутга гэх мэтийн цөөн тооны зүйлс, тахилын зориулалттай ганц нэг шавар ваар дагуулан тавьсан байдаг бол модон авст булшнаас гоёл чимэглэлийн зүйлс, зэр зэвсэг, тахил болон хойлгын зүйлс зэрэг харьцангуй баялаг олдворууд олддог.

Үүнээс илүү ажил орсон давхар байгууламжит модон хашлагат булшны олдвор нь дугуй булшнууд дотроос хамгийн баялаг олдвортой бөгөөд энэ хэлбэрийн булшны зарим олдвор нь язгууртны булшнаас илэрдэг зүйлстэй төстэй байх нь бий. Авсны төмөр болон үйсэн чимэгүүд модон хашлагат булшнаас голчлон илэрдэг байна.



“Би чамд маш сонин зүйл үзүүлье” гэж хэлэхдээ түүний нүд илт сэргэв. Шүүгээнээсээ нандигнан боосон эд гаргаж ирээд “Энэ юу вэ. Таа даа” гэлээ. “Мэдэхгүй” гэтэл алчуурыг яарангуй задалж, дотроос нь шилэн аяга гаргаж ирэв. Бидний хэрэглэдэг аяганаас ялгах аргагүй юм. Гэвч энэ нь археологич Д.Эрдэнэбаатарын хувьд хамгийн үнэтэй олдворуудынх нь нэг аж. Торгоны их зам Монгол орныг их хөлийн газар болгосон өнө эрт цагт араб, персүүдийн урласан шилэн аягыг тэрбээр олжээ. Үүнийгээ “Дэлхийд шуугиулах ховор олдвор” хэмээсэн археологич, профессор Д.Эрдэнэбаатар бидэнд сонирхолтой зүйл олныг дэлгэсэн юм.
-Зорилго нэгт нөхөд тань таныг “Хүрэл зэвсэг, Хүннү судлаач” хэмээдэг юм билээ. Хүннүчүүд ер нь хаанаас ирсэн хүмүүс вэ?

-Шинжлэх ухаанд хоёр янзын таамаглал байдаг. Эхнийх нь хүннүчүүдийг Ордосоос нүүдэллэн ирсэн. Харин дараагийнх нь “Хүннүчүүд угаас Монгол нутагт аж төрж байсан уугуул ард түмэн” гэсэн санал юм. Судлаачийн хувьд би хүннүчүүдийг Ордосоос хойш чиглэн нүүдэллэж, Монголд ирсэн гэдгийг байж болох хувилбар юм болов уу гэж боддог. Хэдийгээр Ордос Хятадын нутагт оршдог боловч тухайн цагтаа нэг л бүс нутаг байсан. Тэгээд ч улс төр, эдийн засгийн гол төв нь Монгол байсан гэдэгтэй маргах аргагүй. Үүнийг нотлох зүйл олон бий. Хүннүгийн үеийн язгууртнуудын булшны дийлэнх нь манай улсын нутаг дэвсгэрт байдаг. Цөөн хэсэг нь ОХУ-ын Буриадын нутагт байгаа. Гэхдээ энэ бол “Монголын хилээс гадна” гэсэн үг биш. Тухайн үед Хүннүгийн газар нутаг Байгаль нуурын хойд хэсэг хүртэл үргэлжилж байсан. Тиймээс хүннүчүүд монголчуудын өвөг дээдэс яах аргагүй мөн.

-Судалгааны явцад зарим зүйл нь илт зөрчилдөж, сэтгэлийг тань гонсойлгосон зүйл байдаг уу. Аж байдлын хувьд биднээс огт өөр соёл, заншилтай байсан бол яана?
-Тийм зүйл байхгүй. Хүннүчүүд бидний өвөг байсныг нотлох маш олон зүйл бий. Тэд мал аж ахуйг голлон эрхэлдэг байсан. Үүнээс улбаалж, тэдний ахуй амьдралаа хөтөлж байгаа нь өдгөөгийн монголчуудынхтай үндсэндээ ижил юм. Би олон баримтаар нотолж чадна шүү. Хүннүгийн түүхийг бид эртний Хятадын түүхэн сурвалжийн мэдээ, Монгол нутагт малтан шинжилж буй археологийн дурсгалууд дээр тулгуурлан судалдаг. Энгийн жишээ хэлье л дээ. Хятадын түүхэн сурвалжуудад “Умардын нүүдэлчид мал шигээ бүдүүлэг. Тэд өвсний соргог, усны тунгалгийг даган нүүдэллэнэ. Чингэхдээ малынхаа арьсыг гадагш нь харуулж өмсөөд явдаг” гэж өгүүлсэн байдаг.

-Үнэхээр тийм байсан юм уу?

-Нэг соёлыг нөгөө өнцгөөс харж байгаа нь тэр л дээ. Үстэй дээлтэй хүнийг малынхаа арьсыг нөмөрчихсөн явж байна гэсэн л санаа юм. Өнөөгийн монголчууд хонь, ямааныхаа арьсыг хэрхэн элдэж, дах, дэгтийгээ хийж өмсдөг билээ дээ. Энэ соёлыг ойлгохгүй хүн бол “Малынхаа арьсыг нөмөрчихөж” л гэж хэлнэ. Бид ч ялгаагүй. Хятадын газар тариалан эрхлэх соёлыг ойлгохгүй байж “Хятадууд газар ухахаас өөрийг мэдэхгүй” гэж муулбал ард түмнийг нь доромжилсон хэрэг болно. Үүнтэй адил эртний Хятадын сурвалж бичигт муучилж, ойлгохгүй зүйлээ гайхаж бичжээ.

-Яагаад гайхсан гэж?

-“Хүннүчүүдийн дуулах нь чоно улих мэт” гэсэн байгаа юм. Үнэхээр ч нүүдэлчдийн соёлыг ойлгохгүй хүнд чоно ульсан мэт сонсогдож магадгүй. Гэтэл бидний ахуй амьдралд хамгийн түгээмэл байдаг уртын дууны өнгө аяс тэр үед байсан л байна. Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт малтсан булшнаас Хүннүгийн үед ясаар хийсэн хэл хуур олдсон. Хөгжмийн зэмсэг, нүүдлийн мал аж ахуйн тухай өөр олон баримтыг хэлж болно. Хамгийн сүүлд олдсон баримтынхаа тухай ярья л даа. Чингис хаан Хятадын их сэтгэгч Чан Чунь бумбатай уулзсан дурсамжийн тухай шавь нарынх нь бичсэн номыг Хятадад хэвлүүлсэн байдаг. Хоёр эрхмийн ярианд дурьдагдсан нэгэн мэдээ бий. Чингис хаан “Бид их Хүннүгийн шанью нарынхаа угсаа соёлыг залгамжилсан улс шүү” гэж Чан Чунь бумбад хэлжээ. Түүх соёлын улбаа заавал байдгийн тодорхой жишээ энэ. Чингис тэгж хэлж байна гэдэг бол хүннүчүүд монголчуудтай угсаа гарлын хувьд салшгүй холбоотой гэдгийг илтгэх баримт юм.

-Модун шанью, Чингис хоёрын төр улсаа захирах арга барил ижил байв уу. Ер нь Модун шаньютай холбоотой эд өлгийн зүйлс олддог уу?
-Археологийн судалгааны баримтаар “Модун шаньюгийн эд зүйл, баримт” гээд үзүүлчих юм үнэндээ алга. Түүхийн эх сурвалжийн мэдээг уншихад Модун шанью, Чингис хаан хоёрт ижил төстэй шинж олон байсан. Тухайлбал, Модун шаньюг “Эцгийгээ хөнөөж, хаан ширээнд суусан” гэж Хятадын сурвалж бичигт бичсэн байдаг. Модун шанью нэг талаар харгис хэрцгий мэт харагдаж байгаа ч сул дорой эцгээ төр барих чадваргүйг мэдсэн учраас ийм алхам хийхээс аргагүйд хүрсэн байх. Чингис хаан ч гэсэн гол өрсөлдөгч болох Бэгтэрийг харваж хөнөөдөг. Уг нь тэр хоёр нэг эцэг, хоёр эхтэй ах, дүү хоёр шүү дээ. Уламжлалаараа бол ахмад хөвгүүн нь хаан ширээнд суудаг учраас Бэгтэр Чингисийн өрсөлдөгч байсан. “Монголын нууц товчоо”-нд дүрсэлснээр хоёр хүүхдийн хоорондох асуудал шиг харагдавч ирээдүйд хэн нь хаан ширээнд суух вэ гэдэг л тэмцэл юм. Үүнийг хүмүүс харгис хэрцгий юм шиг ойлгодог. Хэн хамгийн хүчтэй удирдагч байх вэ гэдгээ мэдэрч байна гэдэг нь агуу хүмүүсийн чанар.

-Хүннүчүүд аль овог, аймгийнхантай найрамдаж, алинтай нь дайсагналцдаг байсан бол?
-Хятадын сурвалж бичигт Дунху, Хун зэрэг олон овог, аймгийн тухай бичсэн байдаг. Хэдийгээр өөр, өөрөөр бичсэн боловч эдгээр нь Монгол нутагт байсан овог, аймгууд юм. Тэр үед 24 аймгийн холбоо байсан бөгөөд нэгнийгээ шанью болгон өргөмжилдөг байсан. Овог, аймгийн ноёдын зөвлөлгөөнөөс нэгнээ ийн сонгодог хэрэг л дээ. Харин Модун шанью эцгийгээ харваж хөнөөгөөд хаан ширээнд сууснаас хойш угсаа залгамжилдаг болсон. Шанью нарын угсаа залгамжилдаг овгийн тотем нь чоно. Чингис хааны угсаа залгамжилсан овог нь ч Бөртэ чоно. Тэгэхээр хоорондоо холбоотой байгаа биз. Хэдийгээр 1000 гаруй жилийн зайтай оршин тогтноцгоосон ч угсаа залгамжилсан овог, аймгууд байжээ гэдэг нь харагддаг. Гэхдээ бусад нутагт Хүннүгийн язгууртнуудын булш байна уу, үгүй юү. Байвал хаана байна вэ. Казахстан, Тува, Киргизэд “Хүннүчүүд бидний өвөг дээдэс” гэж бичдэг. Тийм л юм бол тэр үеийн хаадын булш хаана байгаа юм бэ.

-Хүннүчүүд хэдүүлээ байв. Тэд бидэнтэй орчин цагийн монгол хэлээр “ойлголцох” болов уу?
-Унгар, Хятадын судлаачид “Хүннүгийн хэл бол өвөг монгол хэл байсан” хэмээн түүхэн баримтад түшиглэн хэлсэн. Өвөрмонголын профессор Учралт Хятадын түүхэн сурвалжид дурьдсан хятад галигаар бичсэн монгол үгсийг сэргээгээд “17 үг байна” гэж Монголд саяхан болсон хурлын үеэр илтгэлдээ дурьдлаа.

-Ямар, ямар үгс байх юм?

-Хөх тэнгэр, чоно, малгай, дээл гэх мэт олон үг байсан. Тухайн үед хятадууд хүннүчүүдийг тэгж хэлэхийг сонсоод хятад хэлнээ галиглахдаа буруу биччихсэн байгаа юм. Түүнийг л залруулж, монгол үг болохыг нь тогтоосон. Харамсалтай нь Хүннү улсын хүн ам хэчнээн байсан бэ гэдгийг тогтооход хэцүү. Бид Эгийн голд 100 гаруй булш малтсан юм. Тэдгээрийг хэдэн жил болсныг тогтооход “100 гаруй жил” гэсэн дүгнэлт гарсан. Зөвхөн нэг голын савд шүү дээ. Өөр газруудад ч тийм булш бий. Гэхдээ тэр үед хэчнээн хүн амтай байсныг тодорхойлох бололцоо их муу. Хэрэв хүннүчүүд хэдүүлээ байсныг тогтооё гэвэл Монголд байгаа бүх булшийг тоолох хэрэгтэй. Тэгж байж багцааг нь гаргана.

-Олон улсын эрдэмтэд ДНК-ийн шинжилгээ хийж, хүннүчүүдийг “Монголчуудын өвөг” гэдгийг баталсан гэдэг. Та энэ тухай сонссон уу?
-Тийм ээ, үнэн. Монголын төв хэсгээс олдсон олдворуудад хийсэн ДНК-ийн судалгаа, өдгөөгийн амьдарч буй хүмүүсийн ДНК ижилхэн байна гэдгийг 1990-ээд оны эхээр доктор Батсуурь нотолсон. Түүнээс хойш ч гэсэн харьцуулсан судалгаа хийж, улам баталгаажуулж байна. Хүннүчүүдийн оршуулах ёс заншил гэдэг нь монголчуудтай холбох нэг сэжим юм. Өнөөгийн монголчууд талийгаачийг оршуулахдаа уулын энгэрт хойд зүгт хандуулан тавьдаг. Эд өлгийн зүйлсийг нь дагалдуулан хийдэг шүү дээ. Энэхүү зан үйл эртний Хүннүгээс эхтэй.

-Эрт цагт хөшөө дурсгалдаа зос түрхдэг байсан нь ямар учиртай юм бол?
-Улаан зос хэмээх байгалийн шороон будгийг оршуулгийн зан үйлд ашигладаг байсан. Үүгээр нь өвөг монголчууд гэдгийг нотолдог. Дээл, хувцас, гутал байна. Энэ бүхэн 2000 жилийн тэртээгээс өдгөөг хүртэл хувьсч өөрчлөгдөлгүй уламжилж ирсэн. Ялангуяа XIII зууны үед өмсч байсан монгол дээл Хүннүгийн үеийнхтэй хийц загвар нь яг адилхан. Тиймээс “Хүннү бидний өвөг дээдэс” гэж бодох, бас эргэлзэх хэрэггүй юм. Монгол нутгаас олдсон Гол мод I, II хэмээх алдартай газрууд бий. Манай улсад Хүннүгийн үеийн хаадын булш байгааг гэрчлэх тодорхой баримт бол энэ. Танд үзүүлж буй зураг бол тэр үеийн язгууртны булш. Нийт 200 гаруй булш байгаагийн хамгийн том нь л доо. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутагт орших уг булш уртаашаа 80, өргөөшөө 42 метр. Нийт 30 иргэний булшийг дагалдуулж тавьсан онцлогтой. Хаад, язгууртныг дагалдуулж, хүн, адуугаар тайлга тахилга хийдэг ёс Чингис хааны үе хүртэл үргэлжилсэн. Монголчууд “Дэр авч үхнэ” гэж ярьдаг. Хүнээр дэр тавьж үхнэ гэх тайлга тахилга л уламжилж байгаа нь тэр юм.

-Булшинд тухайн хүмүүсийн зэрэг зиндаа, байр суурийг илтгэх ул мөр байдаг уу? -Эрт цагийн оршуулгын бүхий л зан үйлээр тухайн хүний зэрэг зиндааг байнга илтгэдэг байсан. Одоо ч мөн адил. Эртний язгууртнуудын булш хэмжээ, хэлбэр том, жирийн хүмүүсийнх бага байдаг. Дагалдуулсан эд өлгийн зүйлс нь ч ялгаатай. Зэрэг зиндаа хамаарахгүйгээр аль ч булшинд байдаг олдвор бол ханан хээ юм. Чулуун авс байлаа гэхэд дээр нь энэхүү дүрсийг сийлнэ. Модон авсны гадуур төмөр, алт, зэс, хусны үйсээр ханан хээг дүрсэлдэг байсан. Манайхны “Ханан гэрт төрж, хадан гэрт очно” гэдгийн нотолгоо юм. Үгээгүй ядуусыг хадны ангалд оршуулдаг байж. Энэ нь дээрх хэлц үгний утга санааг илэрхийлж байгаа хэрэг. Буган чулуун хөшөө бол хүн. Нүүр, дээл, зэр зэвсэг зэрэг бүх юм байна. Түүнийг ямагт зүүн тийш хандуулж тавьдаг. Наран мандах зүг гэдэг нь хүрэл зэвсгийн үеэс авахуулаад өдгөөгийн монголчууд хүртэл тасралтгүй үргэлжилж буй уламжлал юм. Нар, сарны бэлгэдэл дээр гал нэмэгддэг. Ертөнцийн энэхүү гурван бэлгэдэл нь өчигдөр, өнөөдөр, маргааш гэсэн үг.    
  
-Д.Эрдэнэбаатар гэдэг зохиогчтой түүхийн номнууд бишгүй бий. Бидний ярилцлагыг уншиж буй хүмүүс “Энэ ер нь хэн гээч вэ” хэмээн сонирхож магадгүй. Өөрийнхөө талаар танилцуулахгүй юу?
-Археологийн шинжлэх ухааныг шимтэн судлаад 25 жил болж байна. Профессор Д.Наваан, Н.Сэр-Оджав, академич Д.Дорж багшийн шавь. Тэднийхээ зааж сургасан эрдэм, түүх, соёлоо дээдлэх уламжлалыг үргэлжлүүлж явна. Би таван ном бүтээсэн. “Монгол нутаг дахь дөрвөлжин булш, хиргисүүрийн соёл”, “Монгол Алтайн хүн чулуун хөшөө”, “Эртний металлург боловсруулалтын түүх” зэргийг бие даан бичлээ. Бусдыг нь хүмүүстэй хамтран бүтээсэн. Монголын түүхийн I ботийг бүтээхэд хүрлийн үеийн тухай бичилцсэн ийм л нэгэн археологич.  

-Багш нар тань мөн л хүрэл зэвсэг, Хүннүгийн үеийг судалж байв уу?
-Миний багш Д.Наваан гэж алдартай профессор байсан. Тэрбээр хүрэл зэвсгийн үеийг судалдаг байлаа. Өнгөрсөн намар бурхан болсон доо. Багш маань намайг оюутан байхад дагалдангаар ажиллуулж байв. Дараа нь би хүрээлэнгийн ажилтан болж, хүрэл дуулга олчихоод багшдаа “Дөрвөлжин булшнаас хүрэл дуулга оллоо” гэхэд “Битгий худал ярь. Би 44 жил би малтаад олоогүй” хэмээн гайхаж байсан. Гэхдээ өөрийн гар дээр тавьж үзээд итгэсэн. Тэрхүү хүрэл дуулгыг би нэг бус, хоёр ч удаа олж билээ. Эхнийхийг нь олчихоод дараа жил нь олоход өвгөн багш минь “Миний хүү гараад л хүрэл дуулга олоод ирдэг болж дээ” гэж урамшуулж байсан. Ер нь би яагаад хүрэл зэвсэг, Хүннүг хамтад нь судалж байна вэ гэвэл Монголын түүх тасарч болохгүй. Хүрэл зэвсгийн үеийг залгамжилж гарч ирсэн овог, аймаг нь яах аргагүй Хүннү. Тийм учраас үргэлжлүүлэн судлах шаардлагатай байна. Ерээд оноос хойш Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эгийн голын нутагт Хүннүгийн булшийг малтах ажлаа эхэлсэн. Хүрлийн үеэ ч энэ далимд судлан шинжилсээр байгаа.

-Археологичид ер сонин хүмүүс шүү. “Дөрвөлжин булш, буган хөшөө тэнд байна” гэж яаж олж очдог хэрэг вэ?
-Тэр бол нэг их далд байдаггүй, харин ч нүдэнд ил байдаг юм. Монгол орны нэг гайхамшиг нь хүрлийн үе болон Хүннүгийн булш газрын хөрсөн дээр ил харагддаг. Тэдгээрийг хайх нь нэг их түвэгтэй биш. Дотроос нь “Бидний өвөг дээдсийн соёл мөн байна” гэдгийг нотлох эд өлгийн дурсгал олох л чухал. Гэвч ихэнх нь тухайн цагтаа тоногдчихсон байх аюултай боловч баталгаа болгох зүйл зөндөө олддог. Би ганцхан жишээ үзүүлье. Энэ бол Хүннүгийн үеийн булшнаас гарсан тамгатай шагай. Голынх нь наран тамга, бусад нь дэгрэй, сэрээ тамга. Наран тамга бол Чингис хааны тамга. Дэгрэй тамга нь Өгөөдэй хааных, сэрээ нь Мөнхийн удмын тамга юм. Эдгээр нь тэдний үед гаргасан зоос, мөнгөн тэмдэгтүүд дээр байдаг. Дээр дурьдсанчлан Чингис хааны хэлсэн үг батлагдаж буй нэг баримт бол энэ. Бид бичсэн түүх байхгүй ч газрын хөрсөн дээр, бас доор үлдээчихсэн агуу их түүхтэй.

-Олон жилийн туршид цөхрөлтгүй хайсан олдвор танд бий юү. Түүнийгээ олов уу?
-Би бусад хүнийг бодвол мөрөөдөлдөө хүрсэн. Хүүхэд ахуйгаасаа л археологич болохыг мөрөөддөг байлаа. Дунд сургуульд байхад түүхийн хичээлийн сурах бичигт “Ноён уулыг малтаж буй нь” хэмээх тайлбартай зураг нийтлэгддэг байсан. Тэрхүү зурагт хэдэн хүн тойроод суучихсан байхыг хараад “Ийм л болох сон” гэж бодсоор археологич болсон л доо. Монгол түүх, соёлоо хэн ч маргахын аргагүйгээр “Бидний өв соёл энэ шүү” гэдгийг дэлхий нийтэд ойлгуулчих юмсан гэсэн хүсэл минь ханахгүй л явна.

-Гол багаж тань юу вэ?
-Багс, хутга. Зарим хүн булшийг хүрз, жоотуугаар ухчихдаг юм шиг ярьдаг. Тийм биш. Жижиг багажаар өвстэй хөрс, шороог цэвэрлэж, зөөх гэх мэтээр чимхлүүр нарийн ажил хийдэг учраас цаг их шаардана. Үнэндээ залхуу хүн хийхээр ажил биш л дээ.

-“Ямар хачирхалтай олдвор вэ” гэж гайхаж явсан үеэ дурсаач?
-Их сургуулиа төгсч, Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнд ажиллан анхны экспедицэд гарч, олсон олдвор маань хүрэл морь. Олзтой, хийморьтой яваа минь хүрэл морьтой холбоотой гэж бэлгэшээж явдаг. Хүннүгийн үеийн булшнаас бэхийн чулуун янтай олсон. Өөрийн олсон гайхамшигт олдворуудаа дурьдвал нэлээд их юм болно. Олдворууд маань дэлхий дахинд Монгол Улсын түүхийг өгүүлэн үнэт үзмэр болон танигдаж байна. Мэдээж, тэнд “Д.Эрдэнэбаатар үүнийг олсон юм” гэсэн үг байхгүй л дээ. “Монголын тэр аймгийн тийм нутгаас олдсон” хэмээн танилцуулж байгаад нь би бахархдаг.

-Та одоогоос 4000-2500 жилийн өмнөх түүхийн үнэнийг эрэлхийлж яваа. Гэвч тэр цагаас хойш өчнөөн олон удаа үймээн самуун, цөвүүн цаг тохиож байсан. Эд өлгийн зүйлсийг хэр гэмтээж, хөндсөн байна вэ?
-Амьдралынхаа туршид 200 гаруй булш шинжилж үзэхэд 4-5-хан л бүтэн булш таарсан. Ихэнх нь тоногдсон байлаа. Тухайн цагтаа тоногдсон хэрэг шүү дээ. Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Монгол гэх мэтээр дараалан байгуулагдсан улсуудын нэг нь нөгөөгийнхөө дурсгалыг устгадаг байсан гашуун түүх бий. Үүнийг хэнээс ч нуух аргагүй. Гэвч тэдгээрээс үлдсэн нь бидэнд өнгөрсөн үеийнхнийхээ тухай мэдэхэд хангалттай баримт болдог. Хүннүгийн хаадын булшийг Сяньби буюу Хятадын сурвалжид бичсэнээр Дунху нар толгой дараалан тоносон байдаг. Монголд нэгэн эвгүй үг бий. “Ясыг нь өндөлзүүлнэ” гэж. Амьдад нь хүчирхийлж дийлэхгүй учраас үхсэнийх нь дараа булшин дээр нь очиж хонзонгоо авдаг муухай заншил байсан хэрэг. Нэг ёсондоо гутаан доромжилж байгаа юм.

-Хадны сүг зураг дээрх элдэв дүрс нь тухайн овог, аймгийн нэрийн хуудас” гэлээ. Хүннү, Сяньби, Жужаны “нэрийн хуудас” ямар утга санааг илэрхийлдэг вэ?
-Хадны сүг зургуудийг чулуун, хүрэл, эртний улсуудын ба Монголын үеийнх гэж ангилдаг. Тэдгээр нь тухайн цагт амьдарч байсан хүмүүсийн гарын үсэг юм. Тэдгээрийг аль үед хийсэн бэ гэдгийг хараад ялгах боломжтой. Харамсалтай нь Хүннү, Сяньби, Жужаны үеийнх гэж ялгачихаар сүг зураг хангалттай олдоогүй. Хүннүгийн үеийн хадны сүг зургууд бол байна. Зургийн хөдөлгөөн, дүрсээрээ бусдаасаа ялгаатай. Тэдгээрт хүний амьдралын бүх үйл явдлыг дүрсэлсэн. Дайн, тулалдаан, бүжиг, наадам, оршуулгын зан үйл, ан гөрөө гэх мэт нь бидний түүхэн эх сурвалж.

-Энэхүү эротик дурсгалыг хаанаас олсон билээ?
-Өвөрмонголын Улаанхад хошууны нутгаас олдсон юм. Дэлхий даяар шуугиан тарьж байна л даа.

-Аль үед хамаарах вэ?

-8000-5000 жилийн өмнөх үеийнх. Шинэ чулуун зэвсгийн үеийн соёлын илэрхийлэл болсон энэхүү олдвороороо Хятадын археологичид дэлхийг шуугиулж байна. Гэхдээ Өвөрмонголын нутаг сүүлд л Хятадад хамаарсан болохоос хэрэг дээрээ Монголын нутаг байсан. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Онгон сумын урд талын хошуу шүү дээ. Хувь заяаны эрхээр манай улсын хилийн цаана үлдсэн ийм л дурсгал. Агуу дурсгал үлдээж байгаа улс бүдүүлэг байна гэдгийг би тэвчдэггүй. Олон хүн хэлдэг. “Умардын нүүдэлчид бүдүүлэг. Тэд соёлгүй” гэж. Гэтэл Монгол нутагт бүтээн босгосон буган хөшөө, хадны сүг зурагнууд зэрэг урлагийн гайхамшигт дурсгалыг үзсэн хүмүүс хэзээ ч “Бүдүүлэг” гэж хэлдэггүй.

-Хүн чулуу, буган хөшөө, хиргисүүр зэрэг нь түүхчид, археологичдын оноосон нэр үү?
-Уламжилж ирсэн нэр ч бий. Бидний өгсөн нь ч байгаа. Хүн чулуу, хиргисүүр гэдэг нь уламжлалт нэр. Манай ахмад судлаачид хиргисүүрийг “Киргизийн хүү” хэмээх үг сунжраад хиргисүүр болсон юм гэнэ лээ” гэдэг. Хэдий тийм боловч цаг хугацааны хувьд энэ нэр томъёо таарахгүй. Монголчуудын хиргисүүр гэж нэрлэсэн дурсгал нь 4000-5000 жилийн өмнөх олдвор юм. Тэгэхээр Киргизийн хаант улстай ямар ч холбоогүй гэсэн үг.

-Та түүхийн өөр цаг үеийг судлах сан гэж боддог уу?   
-Монголын археологичид бид цөөхүүлээ. Саяхныг болтол гарын арван хуруунд багтдаг байсан бол одоо 20-30 болсон. Гадаадын зарим судлаач намайг “Чи хүрэл судлаач юм уу. Хүннү, бас Монгол судлаач уу” гэж гайхдаг. Яагаад гэвэл, бид эх нутгаараа явахдаа замд таарсан дурсгал болгоныг шинжилж байна. “Энэ нь миний сэдвээс өөр. Үзэхгүй” гэж хэзээ ч хэлдэггүй. Таарсан олдворуудаа шинжлэх ухааны үүднээс судалж, тэр тухайгаа хэвлэн нийтлүүлдэг учраас гадаадынхан намайг тоглоом шоглоомоор цаашлуулдаг. Харин гадаадад нэг хүн нэг сэдвээ барьж, нарийвчлан судалдаг юм билээ. Манайд ийм бололцоо алга.

-Таны ярианаас “Монгол археологичид дэлхийд эх орныхоо түүхийг өгүүлдэг” гэж ойлгож болох юм?
-Үнэн. Археологичдын судалгааны үр дүнг 1990 он хүртэл зөвхөн Орос, Монголын хүрээнд ашигладаг байсан. Гэвч нээлттэй нийгмийн тогтолцоонд шилжмэгц дэлхийн бүх судлаач манай улсад анхаарал хандууллаа. Социализмын үед Монгол тэдний хувьд хаалттай бүс байсан. Манай улсад жил бүр археологийн 20 гаруй хамтарсан экспедиц ажиллаж байна гээд бод доо. Эндээс өргөн хэмжээний судалгаа хийдэг гэдгийг ойлгох байх.

-Эвгүй асуулт ч байж мэднэ. Сэтгэлийнхээ мухарт “Олчих юмсан” гэж бодож явсан зүйлээ хэзээ нэгэн цагт олбол эрлээ зогсооно” гэсэн бодол танд төрдөг үү?
-Ер нь хайгаад олчих юмсан гэх зүйл маш олон байна.

-Тухайлбал?

-Хүннүгийн бичиг үсэг, ном судрыг олох сон гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Түүнээс биш судалгаагаа зогсоох тухай огт боддоггүй. Хүн амьсгалж, амьдарч л байгаа бол ажиллах хэрэгтэй. Насны хязгаараар улс намайг тэтгэвэрт гаргах л байх. Гэхдээ миний багш нар өтөл нас хүртлээ ажлаа хийж байсан учраас би амьсгал хураатлаа судалгаагаа хийнэ.

-Та бүхнийг “Түүхч, геологичдоос тэс өөр ажилтай хүмүүс” гэж бодлоо. Санал нийлж байна уу?
-Тийм ээ. Амьдралын минь ихэнх хугацаа хөдөө хээр өнгөрдөг. Өвөл, намрын улирлыг номын санд өнгөрүүлнэ. Эхнэр маань надад “Чи жилийн хэд хоногт гэртээ байдгаа мэдэж байна уу” хэмээн гомдоллосон удаатай. Бодоод үзсэн чинь жилийн 365 хоногийн 225-д нь би хээрийн судалгаа хийж, гадаад руу хурал, семинарт явж байсан байна. Гэхдээ судалгааг гэр, хөдөө хээр, анги танхимдаа ч хийнэ шүү дээ. Төрийн албан хаагчид оройн 18 цагт ажлаасаа тардаг бол бид тэгдэггүй. Оройн 22 цаг хүртэл ажил дээрээ сууна. Гэртээ очсон ч тэр. “Түүний баримтыг олчих сон. Хэн судалсан бол” гээд л юу ч гээгээгүй мөртлөө хайдаг хүмүүс гэж биднийг шоглодог юм. Археологичид гэж ийм л зовлонтой улс даа.






3 comments:

Anonymous said...

Баярлалаа. Маш сонирхолтой байлаа. Цаашдийн эрэл хайгуулд тань амжилт хүсэн ероое1

Mongolian hydraulic structures said...

Бас ноцтой зүйлс их гарч байна. Сайхан нийтлэл байна. Хүннүгийн тухай баттай эх сурвалжийн г нь заагаад англи дээр бичиж байвал их сайн байх болов уу. Одоогийн турк, унгарчууд Хүннү болбидний өвөг, бид нүүгээд явсаны дараа монголд хятадаас хүмүүс ирж сууршиж монголчууд үүссэн гэх мэт сонин зүйл их бичдэг юм билээ.

Anonymous said...

Сайхан бичжээ. Амтархан уншилаа. Монголын Их түүхийн мөрийг тодлон өндөр амжилт гаргаарай. Сайн сайхан бүхэнийг хүсэн ерөөе.