Pages

Sunday, July 3, 2011

Н.Багабандийн орон зай


Н.Багабандийн орон зай

Монголын төрд Нацагийн хүүгийн эзлэх орон зай хэр том бэ?

Миний мэдэхийн энэ цаг хугацаанд л лав өөр ийм орон зайтай хүнийг би мэдэхгүй. Нилээн дээр санагдаж байна. Мохамед Али ид мандаж байх үедээ “Би Есүс Христээс илүү алдартай” гэж хэлж байсан. Үнэндээ бол тухайн цаг хугацаандаа дэлхийн 6 миллард хүмүүсийн хэдэн хувь нь христийн шашинтай билээ. Бас Муслимууд болон бусад томоохон шашинтанууд хэд билээ гээд бодохоор Мохамед Алигийн яалт ч үгүй зөв байсан юм шүү.

Бас нэг зүйлийг хэлмээр санагддаг. Н.Багабанди гуай ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ зүүн аймгуудаар ажиллаж, зэвсэгт хүчний нэгэн дивиз болон хилийн нэг заставт очиж ажилтай танилцсан. Гэтэл тухайн хилийн заставын дарга нэгэн залуухан дэслэгч Багабанди гуайг өөрийнхөө жижигхэн өрөөндөө оруулаад өмнөх угтавар ширээндээ суулган ажлаа товхийтэл танилцуулж дуусаад чихэрээр дайлсан байдаг. Гэтэл армийн дивиз командлагч генерал нь ерөнхийлөгч болон бусад дарга, дагалдагч нараа өөрийн том өрөөндөө оруулчаад өөрөө хаалган дээрээ шилээ маажаад зогсож байсан гэдэг. Энэ байдлыг ажисан Багабанди гуай буцахынхаа өмнө Хилийн цэргийн П.Сүндэв генералыг байлцуулан байж Батлан хамгаалахынханд “Хилийн заставын жижиг дипломатаас сурах том зүйл их байна шүү” гэж хэлчээд яваад өгсөн гэдэг. Үүгээр юу хэлэх гэсэн вэ гэхээр хүн гэдэг аливаа зүйлд өөрийн зүй ёсны орон зайгаа өөрөө л бүрдүүлж, түүгээрээ нөхөгдөшгүй байх ухааныг мэдэрч байх ёстой гэсэн утга юм.

Энэ агуулгаараа бол Монголын төрд Нацагийн Багабандийн нөхөгдөшгүй байх үйлдэл, үйл ажиллагаа жинтэй билээ л. Мэдээж энэ хүнд одоо мяндаг тушаал шаардлагагүй. Зөвхөн улс төрийн ардчилал бүхий цэгцэрсэн орнуудын жишигээр улс төрд өөрийн ноёлох орон зайгаа агуулж, цаад том агуулгаараа цочир хэт залуусыг дарж, ухаалаг, алс хэтийн бодлоготой алхам хийлгүүлэх, нэг ёсондоо айлын нуруулаг эцгийн роль нь хэрэгтэй байгаан. Тухайлбал, сүүлийн 50-иад жил АНУ-ын албан бус удирдагч гэр бүл болох Кеннедийн удмын Сенат дахь төлөөлөл саяхан бараг 80 хол гарч нас барсан. Тийм өндөр настай хүн төдий л их зүйл хийж бүтээх нь юу л бол. Гэхдээ тухайн хүний нэр нөлөө, орон зай асар үүрэгтэй байдгийг энэ мэт олон орны жишгээс харж болно.

Миний санахаар ерөнхий сайд байсан А.Амар гуайгаас эхлээд нилээн хэд хэдэн хүн албан тушаалаасаа унахдаа “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэж хэлж байхыг сонссоон. Энэ үг ямар агуулга, логик гаргалгаатай байж болох вэ?

Албан тушаал гэдэг мөнхийн зүйл үү?

Нэг жигтэй зүйл хэлэх нь зүйтэй байх. Учир нь Монголын төр аль нэг эзэнт гүрний вассаль биш тул үүнийг хэлмээр байдагийн. Нөгөө алдартай Их өрийг тэглэх асуудлаар Монгол, ОХУ-ын засгийн тэргүүд хаа ч билээ уулзах үеэр хөршийн маань ерөнхий буруу сонсоогүй бол манай ерөнхий сайд рүү бил үү, Гадаад хэргийн сайдын нүүр лүү цаас чулуудан хашгирч, танхайран дээрлэхсэн гэдэг. Мөн яг тэр үеэр бил үү, дараагийн уулзалтаар нь билүү хамтарсан хэвлэлийн хурал хийх үеэр манай хүний нүүр нь маш улайсан, нөгөө хүн хэт бардам омогшингуй төгөлдөр байсан нь санаанаас ердөө гардаггүй. Энэ дүр зургийг яав чиг би лав хэзээд санах болно. Харин манай засаг, төрийн тэргүүд яадагийг хэлж мэдэхгүй юм. Энэ дүр зургаас хойш тухайн омог төгөлдөр этгээд дахин улс төрд карерь нь булшлагдаж, харин хэд хэдэн удаа ОХУ-ын засаг, төрийн тэргүүд болон нөлөө бүхийс нь манайд ирээд буцсан. Энэ хагас жилд гэхэд Төрийн тэргүүн нь, Засгийн тэргүүн нь, Хууль тогтоох тэргүүн нь гээд шүүх засаглал, арай л Үнэн алдартны шашны тэргүүн хар ламаас бусад нь ирээд явлаа.

Үүнээс өнцгийн дүгнэлт хийх нь зүйтэй биз. Ямар ч тохиолдолд жижиг буурай ч бай, эн тэнцүү, том ч бай дипломат бодлого, ёс зүй, арга зүй гэж байдаг. Миний санахад Н.Багабанди гуай ерөнхийлөгч байх үед Бережневээс хойш бүтэн 20 гаран жилийн дараа манайд ОХУ-ын ерөнхийлөгч дөнгөж болоод байсан В.В.Путин айлчилсан. Тухайн айлчлалтай холбогдуулж манай ерөнхийлөгчийн ЗХУ-д сурч байсан сургуулийнх нь хувийн хэрэг, дүнгийн хуулбарыг авчирч өгөөд ОХУ-ын Элчингийнхний дагуулж авчирсан оросын хэвлэлийнхэн та оросоор бидэнтэй ярихгүй юу гэж асууж байсныг санаж байна. Энэ нь дипломат бодлогын хувьд ихээхэн сонирхолтой нүүдэл байсан бөгөөд Багабанди гуай тэр үед “Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд харь хэлээр ярих ёсгүй тул хүлцэл өчиж байна” гэсэн юм. Түүнчлэн БНХАУ-ын ерөнхийлөгч Зен Зин Мин манайд айлчлах явцдаа хөдөө бэсрэг наадам үзээд “Хүргэн бэрийн нутаг” ч бил үү мөнхийн хөршийн агуулгатай нэг тиймэрхүү дуу дуулж өгсөн юмдаг. Хариуд нь манай Багабанди гуай “Үүлтэй тэнгэрийн доогуур, Үзүүртэй модны дээгүүр дүүлэн ниснэ” ч билүү бас тиймэрхүү агуулгатай дуу дуулж хариу барьсаныг санаж байна.

Ер нь заавал зочинтойгоо тухайн хэлээр нь ярьж сэтгэж, өөрийнхөө чадал чансаа, мэдлэг чадварыг гайхуулах гэхээсээ илүүтэйгээр өөрийн бодгаль чанараараа тухайн улсыг хүлээн зөвшөөрүүлж, өөрийн эрхгүй буюу яалт ч үгүй хүндэтгэх сэтгэгдэлийг бүрдүүлэх нь туйлын туйлаас чухал байдаг. Энэ нь улс орнуудын эрх ашиг, сонирхол дээр тулгуурласан албан ёсны дипломат найрсаг байх ёс журмаас илүүтэйгээр том нь, жижиг нь гэлтгүй стратеги бодлогод чухал үүрэгтэй байдаг билээ. Энэ бүхнээс хэлэхэд уг хүнийг төр тэргүүлж байх тухайн хугацаанд аль ч орон манайтай харилцахдаа болгоомжтой, дипломат аргаар түншиж үзэх байдлаар хандаж, шууд аргын бус бодлого хэрэгжүүлдэг байсан нь манай дипломатын түүхэнд харагдана. Гэтэл саяханаас хэзээ ч шууд аргын бус бодлого хэрэгжүүлдэггүй, хүний факторт тулгуурладаггүй Япончууд хүртэл манайд зориулан хэрэгжүүлж буй маш урт хугацааны бодлогоо өөрчлөн биднийг алгасан Оросуудтай хошуу холбон гүйж байна.

Тэгээд ч бүр дордож бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын гадаад бодлогод томоохон улс гүрнүүд, олон улсын хамтын нийгэмлэгийн хэтийн төлөв хамаарахаа больж, захын нэг Үндэстэн дамнасан Корпораци голлох байр суурь эзэлдэг болж, түүнд нь тааруулж гадаад бодлогын номлолоо хүртэл өөрчилдөг болтлоо доройтож байна. Түүний эзгүйд.

Тухайлбал, энэ хүний улс төрийн замналыг ойлгох, тааварлахад бэрх санагддаг. Зарим нэг нь гэрийнхээ буг болж, Титэм үгээ тэрлэж суухаа болих хэрэгтэй гэдэг ч үнэн биз. Мэдээж энэ хүн тооцоотой тулдаа л олон олон боломжоос хойш суугаа. Улс төрийн шатар нүүхдээ дэндүү уран нарийн байж магадгүй. Энэ нь Энхболдыг талдаа татаж, дараа нь Баярыг гаргаж, Royal castle-д намынхаа ирээдүйн генсектэй хөршилж, улмаар сонгуулийн өмнө генсекээр сонгогдон штаб удирдах болсон зэрэг нь санамсаргүй, санамсаргүй гэхэд санамсаргүй л юм.

Харин бүх зүйл буюу элдэв гэрээ мэт нь дууссан хойно нэр цэвэр эргэн ирэх гэж байгаа бол тооцоолоход бэрх алхамууд гарч магадгүй л байх. Нөгөөтэйгүүр хүрээлэгчид нь бас хэт яаруулж байгаад стратеги алдагдуулвал нөгөө Р.Гончигдорж даргыг одоо таны М.Энхсайхантай намын даргад өрсөлдөн тулах цаг нь ирсэн хэмээн Н.Алтанхуяг нарын хэт адгуулснаар ерөнхийлөгч болоход нь цэг тавиулсантай адил юм болж магадгүй л байх.

“Монголын төр зүтгэсэн хүндээ халтай”

Мэдээж гурван найзын нөхөрлөлийг мартаж болохгүй. Энэ нь улс төрд Н.Багабанди ноёлох, эдийн засагт Ш.Отгонбилэг эзэн суух, мэдээллийн зах зээлээр Ц.Балдорж хоёуланг нь дэмжих гурвалсан стратеги. Магадгүй энэ ташаа байж болно. Гэхдээ тэгж уншигддаг байлаа гэж.

Монголын төр үнэхээр төр түшигчдээ халтай юм уу. Магадгүй олон олон түүхийн баримтаас энэ үнэн гэж батлагдах байх. Гэхдээ ийн халтай байх нь тийм муу зүйл юм уу? Миний бодлоор хэт муу зүйл биш гэж боддог. Мэдээж тухайн хувь хүнийх нь амьдрал талаасаа хэцүүхэн ч түүхэн, бодит талаасаа байх ёстой, харин ч бүр хэт хатуу байх ёстой гэж боддог. Өгсөн юм чинь буцааж өгөх нь жам.

Тухайлбал, саяхан БНСУ-ын өмнөх ерөнхийлөгч Ну Мү Хён өндөр уулан дээрээс унаж амиа егүүтгэлээ. Шалтгаан нь одоогийн ерөнхийлөгч И Мён Бакийн тэргүүлдэг Засгийн газраас хээл хахуулийн хэргээр мөрдөн шалгах ажиллагааг эрчимтэй явуулснаар асуудал хүндэрсэнтэй холбогдуулан хариуцлагаас мултарсан л хэрэг гэж шууд хатууханаар хэлж байна энд. Мөн Солонгосчуудын үндэсний бахархал болсон Нобелийн Энх тайваны шагналт ерөнхийлөгч Ким Дэ Жүн агсан ч Засгийн эрхээсээ буусны дараа Ну Мү Хёны засгийн үед хүүхэд нь хахууль авсан хэргээр буруутгагдаж байсан. Гэх мэтээр олон улс оронд томоохон улс төрчдийн гишгэсэн мөрөөр нь дараагийнх нь ангуучилдаг нь ёс болон тогтжээ.

Энэ нь монгол хүний жудаг гэж бид өөрсдийгөө хаацайлах дуртай зөвтгөлөөс шал өмнөө зүйл шүү. Тийм байж ч таарахгүй. Учир нь бид Монголын төрд шинэтгэл хийх ганц амин сүнс нь улс төрчдийн гишгэсэн мөрөөр мөшгөөд ч, хүний жудгаас холдоод ч болтугай шударга ёс, шинэчлэлт хийх, бузар зүйлээс салах боломж юм. Хэрвээ ийм байж чадаж гэмээнэ манай улс төрд “Зөв Жишиг” тогтоно. “Жишиг” гэсэн үгийн утга учир их нарийн. Хар үгээр шууд хэлэхэд “Маанаг байсан ч хамаагүй манай талын л байвал болоо” гэдэг шиг ямар нэг толгой тархиа ажиллуулах шаардлагагүйгээр өмнө тогтсон жишигийг давтаад бай гэсэн утгаар энд хэрэглэлээ.

Ингэх ахул улс төрчид гишгэсэн мөрөө эргэн хянаж, Багабанди гуайг нэрлэдэг шиг Хийгүй хүний Ware бүрэлдэх биш гэж үү?

Монголын төрд ямар рольтой байхыг хүсч байна вэ?

Үнэнийг хэлэхэд Нацагийн Багабанди шиг олон талаас нь нягтлан зөв шийдвэр гаргаж чаддаг, өөрийн шийдвэр дээрээ хатуу зогсч чаддаг, түүнийгээ баталгаажуулах, хэрэгжүүлэх бодлого боловсруулагч ховорхоон. Иймээс тухайн асуудалд нь цаашид анхааралаа хандуулаасай гэж хүсч доорх гаргалгааг илэрхийлж байна.

Энд би БНСолонгос Улсыг жишиг болгон татмаар байна. Сүүлийн 40 гаран жилийн өмнө тус улс олон жилийн удаа дараагийн дайнд нэрвэгдсэн бараг ямар ч нөөц, ирээдүйгүй, хөөрхийлөлтэй, хуваагдсан үндэстэн байлаа. Мөн дөнгөж 1991 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон атлаа 10 хүрэхгүй жилийн дараа Солонгос хүн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Дэлхийн Банкны Ерөнхийлөгч, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал, НҮБ-ын гол байгууллага болох Эдийн засаг, нийгмийн зөвлөл ЭКОСОС-ын хорооны дарга, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн улс болж, НҮБ-ын гишүүний хувиар албан ёсны хөгжлийн тусламжид нэг жилд 450 гаруй сая ам.доллар хандивладаг том улс болжээ. Мөн өдгөө БНСУ-ын эдийн засгийн гайхалтай өсөлт “Зүүн азийн гайхамшиг “ гэж нэрлэгдэж байна.

Солонгос улс нэг талаас харвал хөгжилд хүрэх замаа Японоос л хуулбарласан юм шиг өнгөн талаас харагдах боловч үнэн хэрэг дээрээ энэ хоёр орон тэнгэр газар шиг зөрөөтэй байгаа нь, болсон нь жирийн иргэдийнх нь амьдралынх нь хэв маяг, нийслэлүүдийнх нь болоод хөдөөнийх нь байдал, шууд хэлэхэд хүмүүсээс нь илэрхий харагддаг. 90-ээд оны хямрал эхэлснээр тухайн хоёр улс гүн гүнзгий нэрвэгдсэн. Гэтэл Солонгос улс тухайн хямралыг даван туулах гарцаа хурдан олж сул талаа давуу байдал болгон ашиглан глобальчлагдан буй үед дангаар зугтах биш харин ч угтуулан өөрсдөө, үндэстэнээ нээлттэй болгох бодлого баримтлан тууштай хэрэгжүүлж байна. Гэтэл Япон нөгөө л 70, 80-аад оны үетэйгээ адилаар цагийн дарамттай, нийгэмдээ стресстэй байлгасаар байна. Энэ нь хөгжлийг нь ургаш ахиулахгүй байран дээр байлгаад байгаа шалтгаан нь байж магадгүй юм. Түүнчлэн Солонгос улс маш богино хугацаанд хөгжсөн нууц нь дэлхийн олон улс оронтой бүхий л талын хамтран ажиллах түншлэлийн харилцааг хөгжүүлж, гадны хөрөнгө оруулалтыг татаж ирсэн. Энд гол нь 1990-ээд оны эхэн үед Японы эхлүүлээд орхисон урлаг соёлын довтолгоог өөрийн болгож, өдгөө дэлхий нийтээр Солонгосын урлагийн нөлөөг мэддэг болоод байна. Солонгосын кино оддыг алс холын өмнөд амеркаас эхлээд лалын орнууд хүртэл сайн мэддэг, солонгос хэл соёл суралцдаг болж, ингэснээр иргэд хоорондын харилцаа өргөжин, том агуулгаар эдийн засгаа тэлж байна. Иймээс солонгосын гол хөгжлийн түлхүүр болох гадны хөрөнгө оруулалт, технологийн дэвшлийн жишгийг Монголд нэвтрүүлэх хэрэгтэй юм.

Гадны хөрөнгө оруулагчдыг Монголын төр дэмжих хэрэгтэй. Гэхдээ төрийн тодорхой дархлаажсан бодлоготойгоор.

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх стратеги нь зах зээлийг чөлөөлөх, тэлэх гэсэн нарийн уялдаа холбоо бүхий хоёр бодлогоос бүрддэг. Хөрөнгийн зах зээлийг чөлөөлөх нь гадаадын хөрөнгө, технологи Монголд орж ирэхэд шууд нөлөөлөх ба зах зээл өргөжин тэлэхэд хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааны үр өгөөж дээшлэн нэмэгдэх учиртай билээ.

Тухайлбал, Солонгост хөрөнгийн зах зээлийг улам нээлттэй болгох, шууд хөрөнгө оруулалтын болон үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхэд тулгарах саад бэрхшээлийг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ ач холбогдолоо өгч байна. Харин үндэснийх нь аюулгүй байдлыг хангах болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэг соёлын асуудлаас бусад бүх салбартаа гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж оруулж байна.

Яагаад заавал хэвлэл мэдээлэл, урлаг соёлын асуудалдаа гадаадынханг оролцуулахгүй байна вэ? Энэ нь тухайн улсын төрийн дархлааг сулруулахаас сэргийлэх, өөрийн засгийн газрын тодорхойлсон бодлогыг тууштай урт хугацаанд тогтвортойгоор хэрэгжүүлэх явдалтай холбоотой.

Иймээс эцсийн дүндээ монголын төрд Н.Багабанди гуайн үүрэг роль хөгжил дэвшилд замнах явцдаа төрийн бодлого буруу тийш залагдахаас сэрэмжилж, завсардах, хэт гажуудахаас сэргийлэх асар хүнд үүрэг хүлээж байна.

Эдийн засгийн хямрал эхэлснээс хойш Монгол Улс дэлхийн эдийн засгийн харилцаанд улам эрчимтэй татагдан оролцох ёстой. Бизнесийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, хүний нөөцийн болон технологийн хөгжлийг сайжруулах, үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх гэсэн шинэ зарчмыг Засгаас баримтлах хэрэгтэй байна. Тухайлбал, Software, Hardware, People ware гэсэн гурвалсан Хөгжлийн Стратегийг нэн тэргүүнд түших нь зүйтэй.

Эдийн засаг сэргэх үйл явц, хэр зэрэг цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардах нь аж ахуйн нэгжийн өөрчлөлт, айл өрхийн амьжиргааны төвшин болон Монголд хөрөнгө оруулагчдын итгэл найдвар зэргээс ихээхэн шалтгаална. Засгийн газраас хөгжилд чиглэсэн макро эдийн засгийн уян хатан бодлого баримтлаж санхүүгийн болон аж ахуйн нэгж компаний өөрчлөлт шинэчлэлтийг эрчимтэй хэрэгжүүлэх нь зүйтэй. Нөгөөтэйгүүр өнгөрсөн үеэс үлдсэн саад бэрхшээлийг арилган 21 зууны тэргүүлэгч хөгжлийн төвшинд нийцэх эдийн засгийн бүтэц бий болгох явдлыг Монгол Улс зорилгоо болгон ажиллах хэрэгтэй байна.

Шагдарын Үнэнтөгс

2009.09.09 - 2.30 а.м.