Pages

Monday, January 5, 2015

ХУУЛИЙН ШИНЭТГЭЛ ЯАГААД ГАЦААНД ОРСОН БЭ?


                        ХУУЛИЙН ШИНЭТГЭЛ ЯАГААД ГАЦAАНД ОРСОН БЭ?


                                                                                                 хуульч, Шагдарын Үнэнтөгс JSD


Civil Rights CenterХуулийн шинэтгэл (шинэчлэл гэж нэрлэж байгаач угтаа шинэтгэл юм л даа) гэх яагаад бүтэлгүйтээд, гацаанд орсны шалтгааныг практик болон онолын хувьд тайлбарлахыг оролдоё.

Ер нь бүх юм байгаа байгаа байрандаа байгаад байвал болно л доо. Гэхдээ ямар нэг байдлаар тухайн зүйлд хөдөлгөөнд орохгүй бол үхжэж, үнэр орж, улмаар өөртөө зөв, болж байгаа юм шиг санагдан, бүр цаашлан ойр орчимдоо байгаа бусдыг хөдөлгөөнгүй, өөрийн дүрмээр байлгах гэж албадах, вирусаа халдварлуулж, өвчлүүлж эхэлдэг.

Яг энэ байдал манай хуулийн салбарт нүүрлээд даруй 13 жил болж байгаа. Б.Чимид багш нэгэнтээ над хүн ч, аливаа салбар ч дөрвөн жил тутам заавал жаахан ч гэсэн өөрчлөлтөд орж байх нь зөв байдаг гэж хэлж байсан. Тухайн үед өвгөнийг сонгуулийн жил байсан ч болоод тэрүү сонгууль хэлж гэж бодоод өнгөрсөн ч, одоо бодохноо ихээ гүн логиктой үг байжээ гэж байнга боддог болсон.


Хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хэм хэмжээний систем хууль мөн үү?


Монгол төрт ёсны түүхэн уламжлал нэн эртнээс хэтийдсэн үндэстэн гэдэг ч үнэндээ арван зургадугаар зуунаас хойш алдагдан, өргөн хүрээтэй бус жалгын сэтгэлгээ ноёрхсон байдлаас үүдэлтэйгээр өдгөө эрх зүйн төлөвшилтийн зохистой байдал алдагдаад байгаа нь нөлөөлж, тэр эрт үеэс эхлэн Монголын хууль гурван хоног гэх сэтгэлгээний төлөвшил тогтчихсон. Учир нь Монголын фёодалууд хэлэлцэн, уралцан байж нэг хууль, эрхийн акт гаргачихаад түүнийгээ нөгөө баталсан субьект нь өөрөө эхлэн зөрчснөөр үнэ цэнэгүй болгочихдогийг хэлсэн үг биз.



Тэгвэл одоо манай үед энэ нь яг хэвэндээ, бүр дордоод байна. Тухайлбал, социализмыг цогцлоох үед төрийн шийдвэр, намын даалгавар хоёрын аль нь хүчин чадалтай эрх зүйн баримт болохыг ялгалгүй явж ирсэн. Одоо бүр олон хууль, эрхийн актуудын давхардал, хийдэл, үйлчлэл яах эсэх нь арга зүйн технологийн хувьд шийдвэрлэгдээгүй, урсгалаараа л байсаар байна. Зарим хуулийг одоо бүр журмаар зохицуулдаг болсон ч гэх шиг. 



Ингэхээр хуулийн үйлчлэлийг уртасгах, алсын хараатайгаар асуудлыг хэт нарийвчилсан бусаар эрх зүйн хувьд зохицуулдаг, үзэл санаа, үзэл баримтлалыг явцуурсан бусаар ойлгож, тухайн хуулиа агуулгын хүрээнд боломжит бүхий л хувилбараар ашигладаг байх, түүнийг заавал хэрэгжүүлдэг механизм, гол нь сэтгэлгээний хуваарийг бүрдүүлэх нь туйлын туйлаас чухал.



Үүнийг хуулийн амин сүнс гэнэ. Тэгж л би ойлгодог. Буруу биш гэдэгтээ итгэл төгс дүүрэн байна.


Тиймээс хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хэм хэмжээний систем хууль мөн үү?

Саяхан нэг сайтад академич С.Нарангэрэл багш маань Аристотель, Күнз нарын хэлсэн “Ёс суртахуунтай, эрхэм чанараа сайтар сахидаг хүнд хуулийн хэрэг гэж байхгүй” гэдгийг сануулаад, “Хүний уураг тархинд ёс суртахууны өгөгдөл дамжиж, байдгаараа араатан адгууснаас ялгаатай. Ёс суртахуун гэдэг нь хүний эрхэм сайхан чанаруудын нийлбэр цогцолборыг хэлдэг. Ч.Дарвины хуулиар хүний ёс суртахуун удамшдаг гэж үздэг. Эцэг, эхийнх нь ген цусанд нь шингэдэг бөгөөд дээр нь хувь хүний ёс суртахуундаа өөрийн тавих хяналт, гэр бүлийн хүмүүжил их нөлөөлнө” гэсэн байсан. Н.Лүндэндорж багш ч ингэж хэлдэг.
Эндээс харвал дэлхийг, улс орноо сайн сайхан байлгая гэвэл ёс суртахуунтай хүмүүсийг олон болгочихвол бүх зүйл сайхан болчих юм шиг...

Тийм бол түүхийн бүх цаг хугацаанд дэлхий ертөнц хүн ардаа ёс суртахуунтай болгож байхгүй, яагаад л эрэл хайгуул, өрнөл тэмцэл дунд байсаар ирсэн юм бэ? Асуудлын нууцыг мэдэж байсан юм бол хийж байхгүй яасан юм, хийж чаддаггүй юм бол бусддаа хэлж байхгүй яасан юм...

Хариулт нь ямар зүйлийг ёс суртахуун гэж тухайн субьект хүлээн зөвшөөрөхөөс хамаг зүйл хамаарч байх шиг. Тэгэхээр тухайн ганц нэгхэн субьектын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууны хэм хэмжээ нь гуравдагч этгээдэд, нийт олонхид ёс суртахууны хэмжүүр болж, хүлээн зөвшөөрөгдөж чадах уу гэдэгт гол учир нь байна.

Тиймээс бүгдийг ёс суртахуунтай болгож байж хөгжил дэвшил, сайн сайханд хүрдэг ёстой юм бол бүх нийтийг хэн нэгний бодож олсон ёс суртахууны хэмжээ, шүүлтүүрт албадлагын аргаар сургах, барьж байх болж байна. Үүний тулд тэр бодож олсон ёс суртахууны хэм хэмжээг мөрдүүлэхийн тулд Хууль болгон албадлагаар мөрдүүлдэг.

Иймээс хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хэм хэмжээний систем нь өөрөө хууль мөн үү? гэдэгт би бол байж чадахгүй гэж ойлгодог.

Шуудхан хэлэхэд дээр ишилсэн зүйлүүдийг бүгд мэддэг юм шиг атлаа дээр дурдсанчлан миний ямар утгаар хэлснийг минь ойлгоход танд хүндрэлтэй байгаачлан яг мөн чанартаа асуудлын гол бай хаа байгааг, шийдвэрлэх ёстой факторууд, хэрэгжүүлэх субьект тодорхойгүй, цохилт очих ёстой обьект аль хавьцаа байгаагаа эхлэж тодорхойлоогүйгээс хайсаар, тэмчсээр шинэтгэл нь бүтэлгүйтсэн байна.

Би угтаа ном эрдэм заасан, заагаагүй хэдэн багшийгаа ямагт эрхэмлэхээс гадна, заримтай нь уулзаж учирч байгаагүйч чиг баримжаа минь болж байдаг аль дивангарын Харт, Д.Нэйл Мак Кормик, Кельзен, Мэнз, Ленин, Цэвээн Жамсранов, Петр Бадмаев, Н.Багабанди, Ц.Элбэгдорж, Маналжавын Төрбаяр нарыг багшаа гэж хүндэлдэг. Зөв буруу нь хамаа алга, шороо хөдөлгөхөд минь баримжаа болдог л бол хүлээн зөвшөөрөхгүй үгүйсгээд би хаа холдохым.

Асуудлыг мөн чанар, Хууль, түүнийг заавал хэрэгжүүлдэг механизм, бүхэл систем, гол нь сэтгэлгээний хуваарийг бүрдүүлэх нь туйлын туйлаас чухал бөгөөд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэт зүйл хэм хэмжээ болж тогтох тэрхүү шинэтгэлийн процесс нь өөрөө  зөвхөн институт-байгууламжийн бүтцийг л засамжлах явдал биш гэдгийг л хатуу ойлгох ёстой!

Өөрөөрхэлбэл, шинэтгэл хийх хөрсөө онолын болоод арга зүйн түвшинд хэрхэн хүлээн авах, олонхиор хүлээн зөвшөөрөгдөх хэм хэмжээний процесс, үргэлжлэх процесст сэтгэлгээний хуваарь, Үндсэн хуулийн үндсэн бүтцийн ерөнхий онолын дагуу Үндсэн хуульчлагдсан эрх зүйн бүлийн хамааралт-углуурагт тогтолцооны механизмыг тооцох нь маш чухал процедур. 


Яагаад мэдэмхийрээд байна аа гэж үү?


Аливаа өчүүхэн ч зүйлийг хийж бүтээхийн тулд хэсэг хугацаанд уураг тархиндаа тунгааж, ядахдаа л ойролцоох уулын орой, бүр аргагүйдвэл хяр дээр нь гарч байгаад, юуг яаж, хэрхэн, хэнээр өдөөж байгаад өөрөөр нь хийлгэвэл ажил хэрэг болж, бүтээмжтэй, цаашид өгөөжтэй болох уу гэдгийг тунгаадаг биз дээ. Үгүй юм уу, ядаж л би тэгэхийг хичээдэг. Гадныхан замын зураг төлөвлөгөө гэх юм билээ.

Одоогоос 2005 оноос манай хуулийн салбарыг ямар нэг байдлаар хөдөлгөөнд орохгүй бол цаашдаа өмхийрч, бүхэл бүтэн нийгэм төрийн институт-байгууламжийн хувьд хорлож, хөгжил дэвшил, бусад бүх салбарын түгжээ болох юм байна гэдгийг бид ухаарч эхэлсэн. Тэгээд эрэл хайгуулын боломж юу байж болох уу гээл хөвөж явахад одоо БНХАУ-д Элчин сайд байгаа Ц.Сүхбаатар ах Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ирж, санал бодлыг дэмжсэнээр удалгүй бичил ажлын хэсэг байгуулсан юм. Энэ ажлын хэсэг хамгийн эхэнд НҮБ-ын Авилгалын эсрэг конвенцид нэгдэн оруулахаас эхэлсэн ч цаашдаа явах стратеги гэж байхгүй урсгалаар хөвсөөр үлдчихсэн. УИХ-ын чуулган дээр яг унадаг дааваан дээр З.Энхболд гишүүн хэдэн үг хэлж авч гарсан юмдаг.

Олон олон сайд нарыг дамжсаар ажлын хэсэг Ц.Нямдорж сайдын үед бодит дэмжлэг авч Хууль сахиулах салбарын Хөгжлийн стратегийг, Төрийн үйлчилгээний стандарттай батлан гаргасан юм. Хоосноос найман сарын турш өрөөнд зүгээр шахуу сууж сууж Хууль сахиулах салбарын шинэтгэлийн бодлогыг тодорхойлох, хөгжлийн стратегийг боловсруулах судалгааны төсөөлөл гаргаад, манай дайчин Боннын Алтайн шаргуу зүтгэлээр Азийн сангийн санхүүжилтээр Их Тэнгэрт монголын нийт хуулийн байгууллагуудын ТОП удирдлагуудыг цуглуулж хийж болох Шинэтгэлийнхээ төсөөллөө танилцуулсан юмдаг.

Тэгэхэд тэнд их хурал, засгийн газар, дээд шүүх, цэц, прокурор, өмгөөлөл, тэгээд гадны донор байгууллагуудын дарга нар гээд нийт хуулийн салбарын шийдвэр гаргагч 400 гаран ланжгарууд нь цөм сууж байсан. Шүүх эрх мэдлийн болон Хууль сахиулах байгууллагуудын бүтэц зохион байгуулалтын дэд шинэтгэлийн төсөөллийг танилцуулангуут тухайн үеийн Улсын Ерөнхий Прокурор М.Алтанхуяг урдах ширээгээ шааж босч ирээд “Ийм юм байж болохгүй, хэн санаачилсан Устга, тэр Протоколыг нь ч гэсэн Устга...” хэмээн чангаар хашгирч байлаа. Бүгдээрээ талийчаагүй, амьд сэрүүн тул санацгааж байгаа биз.

Мэдээж хажууд нь мөр зэрэгцээд сууж байсан Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд өөрийнх нь шийдвэрээр хурал зохион байгуулагдаж байхад эвгүй л байсан байлгүй сонсоход... Бас эвгүй ч гэсэн хэлэхэд Улсын прокурор тэгж загнахаар манай хэсэгт байсан одооны хамгийн том шүүгч болсон хоёр найз маань хурал дуусгалгүй Их Тэнгэрээс завсарлагаанаар явган буцаж байсныг тод санаж байна. өөрсдөд нь ч хэлдэг.

Иймэрхүү хүндрэлүүд тулаад байсан болохоор бид ямар ч хамаагүй үнээр хуулийн салбарын шинэтгэлийг хөдөлгөөнд оруулах үүднээс Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг, байгууллагуудын 2008-2021 он хүртлэх Хөгжлийн Стратегийг боловсруулан, Төрийн үйлчилгээний стандарттай хамт батлан гаргаж хэрэгжүүлж эхэлсэн юм.

Тухайн Хөгжлийн стратегийг боловсруулах явцад яаман дотроо ч амбицтай тулгарч, бүр арга ядаад Хөгжлийн стратегитээ яамныхаа стратегийг тусгалгүй салгаж батлуулж байснаа хэлэх байна. Хуулийн салбарын шинэтгэл эхлэхэд тухайн хөгжлийн стратеги зохих үүргээ гүйцэтгэсэн ба санасанд хүрдэггүйч, одоо ч хэрэгжилт явсаар байгаад баярладаг.

Хуулийн салбарын Хөгжлийн стратеги нь таван гол дэд бүтцийн шинэтгэлээс бүрдсэн ба хэрэгжих хугацааны хувьд богино, дунд, урт хугацааны гэсэн үе шатаар 2008-2021 он хүртэл төлөвлөгдсөн, арга зүй методлогийн хувьд олон орны харьцуулалт шинжилгээг хамарч чадсан нилээн шинэлэг бүтсэн юм.

Оролцооны хувьд яам, хуулийн салбарын нийт агентлаг, байгууллагуудын тус бүрийн дэд дарга, тамгын дарга, тэргүүлэх таван мэргэжилтнүүдээр дэд ажлын хэсгүүд гарган тухайн салбар бүрийн шийдвэрлэх асуудал юу байгааг нэг бүрчлэн нарийвчлан гаргуулж авснаараа амьдралд маш ойр, бодитой, хэрэгжих боломжийг бүрдүүлсэн. Байгууллага тус бүр нийт алба хаагчдаараа хэлэлцүүлж, асуудлаа тодорхойлсон болохоор Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээний түвшинд хүрч, амжилттай хэрэгжих суурь механизм болох байлаа.

Тухайн үедээ л агентлагуудын удирдлагуудыг өөрийнхөө байгууллагыг төсөөлөх хэмжээндээ хүртэл яаж хөгжүүлж болохоор байна тэр бүгдээ жагсаагаад ир гэхэд маш их гайхаж хүлээн авч байсаан. Эцэст хэлэхэд аливаа бүх зүйл хувь хүмүүсийн фактор дээр тулгуурладаг, шийдэгддэг болохоор улсын нэгдүгээр хүн, манай нэгдүгээрхийн зөрчил дунд замхарчих шиг дүр зураг харагдсан. Тийм болохоор нэгдүгээр хүний маш ойрын хүрээлэлд  нэгэнт хэвлэгдэн гаргасан драпт төсөөллөө өгөөд л явсан юм. Дараагийн процесс бүгдэнд ил. тэгээд ч би мэдэхгүй.

Энд нэг зүйлийг тодруулахад аливаа шинэтгэлийг хэрэгжих бааз суурь, боломжит хөрс тооцоололт, шинжлэх ухаанч арга зүй, методлогийн хувьд ашиглахаас гадна тухайн салбарын эд эс бүхэнд танилцуулагдсан, оролцоог нь хангасан, хүлээн зөвшөөрөгдсөн, улмаар нийтийн дэмжлэг авсан цагт бүтдэг юм байна гэдэг том сургамж авсандаа байнга баярлаж явдаг. Тухайн субьектийн өдөөлтөөр асуудлаа шийдэх шилдэг шийдэл. Энэ үүднээс хуулийн салбарын шинэтгэлийг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хууль зүй, дотоод хэргийн сайд нар хоёр өөр талаас нь болохоос биш хамтдаа зэрэг эхэлүүлсэн юм шүү дээ уг нь. Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. 

Иймээс хамгийн салхи ордоггүй, мөн тухайн салбарын ажлын онцлогоосоо шалтгаалан Төрийн албадлага, хүч түрэх байдлаар асуудалд хандаад сурсан уг салбарт шинэ хөрс суулгахын тулд нэг зүйлийг хүчээр, өөрийнх нь сурсан төрийн албадлагаар шийдэх ёстойг ухаарсан. Энэ бол Сэтгэлгээний өөрчлөлт, сэтгэлгээний хуваарийг бүрдүүлэх юм.

Тэр нь хуулийн бүх байгууллагуудын алба хаагчдыг генерал дарга, манаач, цэвэрлэгч хүртлээ бүгд төрийн үйлчилгээний ажилтан гэх стандарчлагдсан нэг ижил түвшинд аваачиж, ямарч тохиолдолд Хүчээр “Инээмсэглэх” тогтолцоог бүрдүүлэх ёстой байв. Үндсэндээ захиргаа, удирдлагын баг нь нийт бүрэлдэхүүний 38 хувийг эзэлсэн байсан. Олон нийтийг байнга сүр хүчээрээ дарж, стрессдүүлдэг, зан харилцааны хувьд байнгын шүүмжлэлд өртдөг салбарынханг харилцааны эелдэг байдалд сургаж шинэчлэх стандарт тогтоосноор бүхэл бүтэн улс, нийгмийн харилцааны бүх түвшинд сэтгэлгээний өөрчлөлт авчирах ёстой. Дагаад төрийн бүх албад шинэчлэгдэнэ.

Учир нь өндөр хөгжсөн ихэнх улс орнууд төрийн үйлчилгээний стандартыг нормативлэснээр бүх нийгмээ өөрчлөх суурь дэвсгэр нь болсон байдаг. Төрийн үйлчилгээний стандартыг тогтоож, ягштал мөрдүүлснээр авилга, хүнд суртал, чирэгдэл, эрх мэдлээ хэтрүүлэх, хууль зөрчих зэргээр хүний эрх зөрчих, иргэдийн ашиг сонирхолыг орхигдуулах үзэгдэл, ашиг сонирхолын зөрчлийг гаргуулахгүй, илтэд бууруулах, нийтээр жигших тогтолцоог бүрдүүлэхэд маш их үүрэгтэй нь олон улсад тогтоогдсон зүйл.

Үүнийг түргэн хугацаанд өндөр хөгжсөн бүх улс авч ашигласан байдаг. Барууныхан болон япон, солонгос зэрэг зарим хөгжингүй оронд жоохон асуудалд орооцолдчуул албан тушаалтнууд нь өөрсдөө огцроод огцроод өгдөг дөө, нэг тиймэрхүү. 

Эцсийн дүндээ энэ бол миний эхэнд хэлсэн Нийтийн ёс суртахуунлаг тогтолцоог бүрдүүлэх явдал юм. Энэ зүйл ямар их чухалыг, ямар их ач холбогдолтойг төдийлөн ойлгохгүй байгаад маш их харамсдаг би дандаа.

Энэ үйл явц хуулийн салбарын бүтэц, тогтолцоог хуульчлан зохицуулах, хэрэглэх хууль тогтоомжуудыг арга зүй, механизмыг шат дараатай шинэчлэн уялдуулахад маш зөв хөрс болох учиртай гэж миний хувьд итгэсээр байна. Буруу минь байж болох ч төсөөлөгдсөн төлөвлөлтөөр бол тийм байх учиртай. Өөр гарц байгаа юм уу, ийм шатлалт алхам авахгүй, тухайн салбарын дийлэнх олонхиор хүлээн зөвшөөрөгдөж, хамааралт бус нийт массын дэмжлэг бус, гол нь тухайн салбарынханыхаа дэмжлэгийг авахгүй бол юу ч бүтэхгүй.

Харин ч тухайн салбарынхандаа хэрчүүлээд дуусах юм байна гэдгийг ойлгосон. Сая ч бас нотлох шиг боллоо. Тухайлбал, Даш.Ганболд 1999 онд Хууль зүйн сайд байх үедээ хуулийн байгууллагуудын гол хэрэглэдэг хүний эрх, эрүү, иргэн, захиргаа, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат, тэдгээрийн процессын хуулиудын төслүүдийг ажлын хэсэг гарган Хууль зүйн яам боловсруулсан байсан ч уг нөхөр салбартаа хэрчүүлээд өнгөрсөн.  (тэр мянга гаруй хуудастай төслүүдийг одооч би хадгалдаг.) Одоо энэ манай Тэмүүжинг хар. Нямдорж тооцоотой хүн тулдаа уг салбарт арав гаран жил ноёлсон байх гэж тус салбарынхан хэлцдэг үнэний ортой гэж боддог. Буруу ч байж болно, миний л ажиглалт ийм. 

Дорлигжав яах нь өөрөөс нь шууд шалтгаална. Салбарынхаа эд эс байх уу, эсрэгцэлийг хариулан тонгороод шинэтгэлт хийх үү гэдэгт... Ерөнхийлөгчийн Тамгын дарга байхдаа анхнаас нь гар бие оролцон чиглүүлж байсны хувьд хийж л таарна. Өөр гарц байхгүй. Ардчилсан нийгмийг чиг баримжаагаа болгосон орон л юм бол энэ шинэтгэлийг гүйцээж хийх ёстой биз ээ.



“RECHTSSTAAT” болон ”RULE OF LAW”-ийн ялгаа ба хамaг зүйлийн үндэс


Ром-Германы “Rechtsstaat” гэсэн ойлголт болон Англи-Америкийн ”Rule of law” гэх ойлголтуудын хооронд зарчмын үндсэн гол ялгаа байхгүй. Гэхдээ энэ хоёр тус тусдаа эрс тэс өөр эрх зүйн бүлийн ойлголт. Энэхүү үзэл баримтлалаа тайлбарлахын тулд энэ герман болон англи нэр томъёо нь алдаагүй зөв томъёологдсон юм гэдгийг хэлэх нь зүйтэй байх.


Үүнийг хэлэх болсон шалтгаан нь миний бие 2005-2007 оны хооронд Дэлхийн банкны шугмаар Монголын нийт Хуулийн их дээд сургуулиудын Үндсэн хуулийн эрх зүй, Эрх зүйн философийн хөтөлбөр, хэрэглэгдэх гарын авлагыг Б.Чимид багш, МУИС-ын ХЗС-ын захирал доктор Д.Солонго багш, одоогийн ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, зарим багш нарын хамт боловсруулан гаргасан юм. Одоо ч хэрэглэгдэж байгаа. Тэр үүднээсээ жирийн сонирхогчийн бус, эрх зүйн философийн онолын хүрээнд хуулийн шинэтгэлийг хялбар байдлаар тайлбарлах нь арга зүйн хувьд зөв санагдлаа.

Угтаа “Rechtsstaat” нь төрийн /state/  тодорхой шинжүүдийг өөртөө агуулдаг бол Rule of law нь төр /state/ гэсэн ухагдхууныг өөртөө хамааруулдаггүй. Харин монголчууд эртнээс Төрөө дээдэлдэг, Төр бүх зүйлийн үндэс гэдэг.

Британы Үндсэн хуулийн эрх зүйд “Төр” /state/ нь хэзээд эрх зүйн нэр томъёо гэж ойлгогдож байгаагүй бол АНУ-д энэ ухагдхуун Холбооны төр /Federal state/ гэж ойлгогдож хэрэглэгддэг. Британид бие даасан сувернийн /individual sovereign/ асуудал хэзээч туйлын хэлбэрээрээ хөгжиж байсангүй тиймдээ ч үүний үр дүнд засаглалын туйлын эрхийн /absolute governmental power/ асуудал хөндөгдөж байсангүй.

Герман дахь үндсэн хуулийн эрх зүйн хөгжил бусдаас тэс өөр. XIX болон XX зууны туршид Төрийн эрх, хуулийн засаглалын тэмцэл өрнөсөн байдаг.
Үүнтэй адил маргаантай асуудал тодруулбал улсын бүрэн эрхт бие даасан байдлыг хадгалах үүднээс Парламентыг болон хаан ширээнээс тусгаарлаж, хараат бус байлгах талаар маргаантай асуудал түүхийн арай өмнөх үед Их Британид болж байсан юм. Карл Стюарт хааныг цаазалснаар илэрдэг.

“Rechtsstaat” эсвэл өөрөөр Rule of law гэж нэрлэж байгаа энэхүү ойлголтын талаархи онолын үзэл баримтлалыг тайлбарлахын тулд бид юун түрүүн засгийн газар, нийгэм дэх эрх зүйг дээдлэн хүндэтгэх практик зарчмуудын постулатуудыг авч үзэх ёстой.

Хоёрдугаарт яагаад эдгээр зарчмууд нь зайлшгүй байх ёстой, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх тухай хэдэн юм хэлье.

Эцэст нь бид эдгээр зарчмууд болон бидний хэрэглэж буй “Rechtsstaat” болон ”Rule of law” гэсэн ойлголтуудаар илэрхийлэгдэж байгаа уламжлалын хоорондох холбоог олох ёстой юм. Ингэхгүйгээр эрх зүйн бүлийн холимог бүтэц яагаад үр дагавар тарьдаг болохыг мэдэх бололцоогүй.

Ингээд авч буй асуудлын зангилааг тайлах үүднээс дараах асуултын аль нь зөв болох тухай ярилцая.

Бидэнд хоорондоо ялгаатай үндсэн суурь зарчим шаардлагатай юу, өөрөөр хэлбэл нэг нь Rechtsstaat-ын үндэс суурь нөгөө нь Rule of law”–н суурь зарчим байх ялгаатай зарчмууд хэрэгтэй юу?  

Эсвэл хоёуланг нь нийлүүлээд дундаас нь Холимог хуурга болгочих юм уу? Тэгвэл эдгээр хоёр ойлголтод аль алинд нь тохирох нийтлэг үндсэн зарчмууд байх шаардлагатай юу?

Герман болон Их Британы түүхэн уламжлал болон өнөөгийн улс төрийн байдлыг аль алиныг нь авч үзвэл дээрх хоёр нэр томъёо хэлбэрийн хувьд ижил утгатай мэт. Тэгэхээр нийтлэг үндсэн зарчим байх ёстой болох нь гэж ойлгож болох.

Тэр үүднээс авч үзвэл ”Rule of law-н талаарх хамгийн сайн концепци бол “Rechtsstaat” талаархи концепци байна гэсэн үг.

Гэхдээ Үндсэн хуулийн үндсэн бүтцийн ерөнхий онолын дагуу Үндсэн хуульчилагдсан Үндсэн хуулийн хоёр өөр эрх зүйн бүлийн ойлголт нь бодит байдал дээр тулгуурлаж байгаа болохоор ижил зарчмын үр дүн нь ижил байх албагүй гэдгийг энд анхааруулж хэлэх нь зүйтэй биз.

Би өөрийн үзэл бодлыг хоёр үе шаттайгаар тайлбарлая.

НэгдүгээртRechsstaat” болон ”Rule of lawн хоорондох ялгаа бол цэвэр нэр томъёоны асуудал бөгөөд цаад мөн чанар нь ижил гэдгийг батлах гэж оролдоно.

Хоёрдугаарт эдгээр нэр томъёо, эрх зүйн бүлийн алийг нь хэрэглэсэн бай аль алинд нь баримтлах нийтлэг зарчмуудыг гаргаж ирэх явдал болно.

Германы Үндсэн хуулийг судлаачид “Төр” гэж ярьдаг бол энэхүү “Төр” гэсэн ойлголтын дор Англичууд “Хаан ширээ”, “Засгийн газар”-аа ойлгодог бүр зарим тохиолдолд “Парламент”,  “Шүүх”-г хүртэл энэ ойлголтод хамруулж ойлгодог гээч.

Кельзений “Rechsstaat”-н талаарх “материаллаг” үзэл баримтлалыг хөндөхгүйгээр бид энэхүү нэр томъёогоор илэрхийлэгдэх тэр зүйлийг тодорхойлох шалгуурыг гаргаж ирж чадахгүй.

Recht болонLaw гэсэн ухагдхуунууд нь агуулгын хувьд идеал шинжтэй бөгөөд аль аль нь хууль тогтоох, хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг илэрхийлдэг. Энэхүү идеалын цаад мөн чанарын тухайд маргах шаардлагагүй. Бүх хуульчид мэднэ. Тиймээс цаг үрэх хэрэггүй байх.

Кельзений “Rechsstaat”–н талаархи материаллаг ойлголт нь цэвэл формаль байдаг. Энэ нь процессын асуудлыг агуулгыг нь үл харгалзан тайлбарлана гэсэн үг.

Өөрөөр хэлбэл ”Rule of law-н талаархи миний концепцийг тодорхойлж буй зарчмууд нь уг зүйлийн агуулгыг эсвэл зорилгыг огт тайлбарлахгүй харин хууль тогтоох, гүйцэтгэн засаглан удирдах, шүүн таслах асуудлыг цэвэр хэлбэр талаас нь тодорхойлох боломжтой.

Эрх зүйн идеал хэлбэрийг агуулж буй идеалууд нь идеал агуулгатай байх албагүй юм. Rule of law” нь шударга ёсыг тодорхойлогч олон элементүүдийн зөвхөн нэг нь боловч хамгийн чухал элемент болдогоороо онцлогтой.

Иймээс эрх зүйн энэхүү идеал хэлбэрийн хамгийн чухал зарчмуудын талаар тайлбарлах гэж оролдоё.

Ж.Локк нэгэнтээ “Хууль тогтоох буюу хамгийн дээд засаглал нь өөрийн гаргасан хууль тогтоомжийг Засаглан Хэрэгжүүлэх эрхийг өөртөө олгох ёсгүй. Харин шударга ёсыг тогтоох үүднээс ингэх нь зөв эсэхийг асууж тогтоолгох Шүүхийг байгуулж түүнийг шийдвэрлэх эрхтэй шүүгчдийг бий болгох хэрэгтэй” гэсэн байдаг.

Локкийн энэ үгнээс бид амьдралд хэрэгжиж байгаа, үйлчилж байгаа хуулиуд нь бүх хүмүүст хүрсэн түгээмэл шинжтэй байх ёстой гэсэн зарчмыг олж харж болно. Эрх зүйн хэм хэмжээнүүдийн үнэлэмжийг тодотгосноор идеал эрх зүйн хоёр дахь зарчмыг гаргасан. Энэ бол тогтвортой байх зарчим юм. Гэтэл ганцхан жишээ хэлэхэд бид бүгдийн сайн мэдэж байгаачлан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байх нь муухай гээд хичнээн ч ярьж, хурал зөвлөгөөн хийж, лобби, хуйвалдаан болов доо.

Гурав дахь зарчмын хувьд гэвэл хууль бүх нийтэд тодорхой нээлттэй байж тухайн хуулийн үйлчлэлийг хүртэх тэр бүх хүмүүс мэдсэн байх ёстой гэсэн санаан дээр тулгуурлах нээлттэй ил тод байх зарчим юм.

Ийм арга замаар л хүмүүс өөрсдийн эрх, үүргийн талаар ойлголттой болно. Түүнээс биш хэн нэг дарга, мундаг хүн хориглосон хууль санаачлан батлуулснаар бүх асуудал шийдэгдэх ч үгүй, боломж ч байхгүй. Том даргын үгэнд хууль тогтоогчид нэг удаа орж болох ч, дахин орохгүй байх ч боломж бий.

Эдгээр үүргүүдийг авч үзсэнээр дээрхи бүгдээс уламжлаад дөрөв дэх зарчим урган гарч ирж байна. Энэ бол эрх зүйн хэм хэмжээг буцаан хэрэглэхийг үл хүлээн зөвшөөрөх агуулга бүхий зарчим юм.

Энэ зарчмууд Лон Фюллерийн “The Мorality of Law” номонд тусгагдсан байдаг онол. Фюллер дээрхи түгээмэл байх, тогтвортой байх, ил тод байх,  урьдчилан таагдахуйц тодорхой байх гэсэн зарчмууд дээр нэмж нэмэлт шалгууруудыг авч үздэг.

Тухайлбал хууль, эрх зүй нь хоёр салаа утгагүй, нэг мөр ойлгогддог байх, хууль, эрх зүй нь эрх зүйн бүлийн хувьд өөр хоорондоо зөрчилддөггүй байх, хууль, эрх зүй нь бололцоогүй зүйлийг шаарддаггүй байх гэх мэт онолын зарчмыг дэвшүүлсэн байдаг.

Энэ нь шууд утгаараа авч үзвэл эрх зүйн бүлийн өөр өөр бүлийн баримжаатай хууль эрх зүй нь байнгын зөрчилдөөнт үр дагаварыг үүсгэдэг байж болохыг илэрхийлж байна.

Иймд миний ойлгосноор Төрийн хамгийн анхдагч зорилго бол тодорхой дүрэм, журмын /Rule and Procedure/ дагуу хууль, эрх зүйг хэрэгжүүлэх л явдал юм. Гэхдээ Үндсэн хуулийн Үндсэн бүтцийн ерөнхий онол арга зүйн хүрээнд тухайн улсын Үндсэн хуульчилагдсан үндсэн эх сурвалж болох уламжлалт эрх зүйн бүлийн дагуу хууль тогтоомжоо засамжлах, хуулийн шинэтгэлийг хийх ёстой гэж үзэж байна.



Алтан цээжтэй, Мөнгөн бөгстэй, Зэсэн туурьтай, Гоолиг сайхан Эрлийз адуу




Монголын эрх зүйн системийн одоогийн энэ замбараагүй холимог байдлыг миний багш Бираагийн Чимидтэн “Алтан цээжтэй, Мөнгөн бөгстэй, Зэсэн туурьтай, Гоолиг сайхан Эрлийз адуу”-тай зүйрлэн хэлж, шүүмжилдэг байсныг хуулийнхан бүгдээрээ санаж байгаа биз.

Өөрөөрхэлбэл, Монголын нийгмийн өнөөгийн зогсонги, буурай, төрийн институтууд нь хоорондоо учир жанцангаа олж чадахгүй, жонхуурсан, хуулийн салбарын шинэчлэгдэхгүй зогсонги байдал, нийгэм, эдийн засгийн бэрхшээлт байдал, эцсийн дүндээ нийгмийг найрсалтай болгох үйл явцад саад болоод байгаа гол зүйл бол эрх зүйн системийн холимог эрээвэр хураавар цуглуулга юм.

Монгол Улс эрх зүйн /бүл/ системийн хувьд 1913 оноос Үндсэн хуулийн төслөө боловсруулж эхлэхдээ ч, 1924 онд баталсан Анхны Үндсэн хуулийн бүтэц нь Ром-Германы эх газрын эрх зүйн бүлийг чиг баримжаагаа болгосон.

1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиуд, 1990 оны Үндсэн хуулийн Нэмэлтийн хууль бүгд Эх газрын эрх зүйн бүлийг суурь фундамент болсоор ирсэн.

Гэтэл сүүлийн 10 илүү жил далайн холимог эрх зүйн чиглэлийн хууль тогтоомжууд олноор батлан гаргах, сүүлийн хоёр жил англо-америкийн эрх зүйн системийг шууд авах замаар явсан байна.


Нөгөөтэйгүүр Хуулийн амин сүнс гэх /Spirit of law/ ойлголт нь ганц тухайн хуульд л хамаатай зүйл биш бөгөөд комплект байдлаар нэгээс нөгөө хуулиндаа шилжих замаар цогцоор хэрэгжих өвөрмөц зүй тогтол юм. Үүнтэй холбоотойгоор хэлэхэд манай улс Ром-Германы эрх зүйн бүлд хамаарагддаг гэгдэн ихэнх хууль тухайн бүлд хамаарагдан боловсрогдсон.

Тухайлбал, иргэний эрх зүйн харилцааг зохицуулсан хууль тогтоомжууд нь эх газрын эрх зүйн системд үндэслэсэн, шууд үйлчлэлийн механизмтай байхад, Санхүү, бизнесийн харилцааг зохицуулсан зэрэг зарим хууль тогтоомжууд нь Англо-Саксоны, бүр Далайн эрх зүйд үндэслэн зохицуулагдсанаас хамаарч системийн хямралд хүргэж байна. Учир нь улс орны эдийн засгийн болон хөгжлийн хурдасгуурт хуулийн салбарын шинэчлэгдэхгүй удааширсан байдал шууд нөлөөлж, хойш чирээд байгаа гол шалтгаан нь шүү.

Энэ нь бусад орны дэвшилтэд технологи, арга зүйг авч хэрэглэх нь зүйтэй ч, зарим талаараа тухайн уламжлалт өөрийнхөө систем, араа шүдэнд таарахгүй, цагийн механизмыг гацаачих, асуудал тарих боломжит суурийг бүрдүүлж болохыг үгүйсгэхгүй мэт. Онолын хувьд өөр эрх зүйн бүлийн хууль тогтоомжууд зохицолдохгүй гэж баталсан нь байхгүй ч, анхнаасаа концепцийн хувьд өөр аспектууд бэрхшээл дагуулах нь дамжиггүй байх.

Үүнийг бичих шалтгаан нь хэн нэгнийг сайшаах, шүүмжлэх гэсэнгүй, манай хуулийнхан хийж буй зүйлээ олон өнцгөөс харж хэлцдэг, мэтгэлцдэг байх нь эрүүл үзэгдэл бөгөөд гол нь олон олон альтернатив гаргаж байх нь нийтлэг эрх ашгийн үүднээс зөв санагдсан болно.  Үүнийг ойлгон хүлээн авна биз ээ.

Гэвч эцсийн дүндээ хуулийн салбарын шинэчлэгдэхгүй, зогсонги удааширсан, бугшсан, өөрөө өөрийгөө барьж иддэг аалз шиг тогтолцоог ингэж задлахаас өөр арга байхгүй. Энэ үүднээсээ Х.Тэмүжингийн маань хийсэн тэмцэл яруу тод бөгөөд үүргээ гүйцэтгэж чадсан юм шүү. Маш эр зоригтой, манлайлалыг тэр үзүүлж чадсан, жим ч гаргасан.

Монгол Улсын ерөнхийлөгчийн эхлүүлэн хэрэгжүүлж буй зөв зүйтэй эрх зүйн шинэтгэлийг бүх талаар дэмжиж байгаа, арга зүйн хувьд анхаарах зүйл буйг судлаачийн хувьд илэрхийлэхийг хүслээ.

Одоо нэг зүйлийг төрийн институтууд болоод улс төрийн хүчнүүд, иргэний нийгэм, хувийн секторууд ойлгож, нэгдэх хэрэгтэй.

Энэ бол нийгэм-эдийн засаг, нийгэм-төрийн институт байгууламж, манай бүх салбарт хойш чирэгч, гацаагч түгжээ болоод байгаа хуулийн салбарыг нэгдсэн нэг ойлголт, концепциор шинэтгэх явдал юм. Өөр юу ч биш.

Монголын нийгмийн бүх бэрхшээлт асуудлын үндэс тэр юм. Талцал маргалдалгүй нэгдсэн нэг аргачлал, концепциор заавал хийх ёстой. Эс тэгвээс хуулийн салбарын ажилладаг механизм өөрөө хүсээгүй ч нийгмээ, цаашилбал тусгаар тогтнолоо хамгаалагч биш, харин ч идэгч болж хувирч магадгүй дүр зураг харагдаж эхэллээ.  

Учир нь шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш хэд хэдэн удаагийн шинэтгэх оролдлогууд, алдаа оноо, сургамжууд байгаа болохоор, гол нь тэдгээрийг хэрэгжүүлэгч субьектүүд нь амьд сэрүүн тул тэднийг хамтатган онолын нэгдсэн арга зүй, үзэл баримтлалын дагуу энэ удаа хийж чадах бүрэн боломжтой.

Эцэст нь хэлэхэд хуулийн салбарыг шинэтгэж байна гээд Үндсэн хууль, түүний үзэл баримтлалыг өөрчлөх, эрх зүйн бүлийн чиг баримжааг нураахыг хэлэхгүй гэдгийг хатуу ойлгох ёстой.

Дүгнээд хэлэхэд Б.Чимид багшийн хэлсэн “Намын дээр Төрийг гаргаж, Төрийн дээр Иргэнийг тавих” нь Эрх зүйт төрийн мөн чанар, аливаа Шинэтгэлийн мөнхийн агуулгат концепци байх ёстой шүү.



хуульч, Шагдарын Үнэнтөгс JSD

2014 .12.29. 02.56 am








No comments: