Pages

Monday, December 9, 2013

Хятадын хараанд орсон нүүрс


Хятадын хараанд орсон нүүрсний их гүрэн Монголын өнөөгийн байдал

Jacopo Dettoni (International Business Times) 2013.12.09
Арван гуравдугаар зуунд Чингис хааны их гүрэн байсан Монгол орон одоо 2 сая 900 мянган хүнтэй, 1,566,600 км2 газар нутагтай, далайд гарцгүй улс. Уул нуруу, говь цөлтэй энэ орны хүн амын ихэнх нь малчид ч газар доорх баялгийн ачаар эдийн засгийн эрчимтэй хөгжлийнхөө үр шимийг хүртэж сууна. Монголд сүүлийн 10 жилд нэг хүнд оногдох орлого долоо дахин нэмэгдсэн байна. 

Монголчууд урьд өмнө хуучин ЗХУ-ын дагуул орон байхдаа л ашигт малтмал олборлож байлаа. 1991 онд хүйтэн дайн дууссан цагаас өдийг хүртэл Монголын ДНБ дунджаар 5.3 хувь өсчээ. Гэвч сүүлийн үед байдал өөрчлөгдөж, муудсан нь хэний ч таамаглаагүй зүйл байлаа. Хятадаас ирдэг эрдэс баялаг худалдан авах захиалга багасч, ашигт малтмалын үнэ буурсан тул Монголын эдийн засаг эрчимтэй хөгжлөөс хямралын байдалд шилжээд байна. Улаанбаатар дахь маркетинг судалгааны компанид ажилладаг Бат-Очирын Аригуун “Нүүрсний салбар уналтанд орсон тул би бараг ажилгүй болоод байгаа. Байдал сайжрах магадлалтай 2015 он хүртэл бизнесээ зогсоож ч магадгүй“ гэж ярьлаа.

Монголд чулуун нүүрс, зэс, алт, уран гээд маш их байгалийн баялаг бий. Цагийн сайханд энд гадаадын маш олон хөрөнгө оруулалт хийгдэж, монголчууд урьд өмнө үзэж байгаагүй эдийн засгийн эрчимтэй өсөлтийг үзүүлсэн. Улаанбаатарт нүүдэлчдийн амьдардаг гэр хороолол байсан газарт тэнгэр баганадсан өндөр байшингууд сүндэрлэсэн. Гэвч Монгол улсын эдийн засаг хөрш Хятад орны хараат байдалд орсон нь том асуудал болж хувирлаа. Хятад бол Монголын бараг цорын ганц худалдаа наймаа хийдэг орон. Хятад одоо Монголоос авах нүүрсний хэмжээгээ эрс багасгаад байна. Монголын эдийн засаг 2013 онд ч 12 хувийн өсөлттэй гарна гэсэн тооцоо бий. Гэхдээ энэ нь Төв банкнаас  явуулж байгаа мөнгө, зээлийн аюултай гэмээр бодлогын үр дүнд л өсөлттэй байгаа юм. Төв банк бодлогын хүүгээ 13.25 хувиас 10.5 хувь болгон бууруулж, мөнгөн тусламж үзүүлэх замаар санхүүгийн зах зээлд мөнгө оруулж байна. Банкны нийт активийн 30 хувь нь Төв банкнаас оруулсан мөнгө байгаа нь эдийн засгийн хямралд орсон Грек, Кипрээс өндөр байгаа юм. Нөгөө талаас инфляци 10 хувьд ойртож очсон тул Б.Аригуун шиг бизнесменүүд ашиг орлого олоход хэцүү болсон гэж хэлж болно.

Өнөөдрийн байдлаар Монголын экспорт болон тус улсад орж байгаа хөрөнгө оруулалтын 85 хувийг уул уурхай эзэлж байна. Үйлдвэрлэл нь буурч байгаа ч энэ салбар Монголын ДНБ-ий 20 хувийг эзэлж байгаа нь өндөр тоо. Эрчим хүчний салбар уламжлалт мал аж ахуйг аль эрт давж гаран, эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болоод байгаа. Дашрамд дурдахад, хөдөө аж ахуй ДНБ-ий 15 хувийг л бүрдүүлж байна.

Олон улсын “Moody"s” үнэлгээний агентлагаас Монголыг “Эдийн засаг нь хоёрхон салбарт тулгуурладаг тул эдийн засгийн элдэв өөрчлөлтөнд нэрвэгдэх эрсдэлтэй. Хөдөө аж ахуйгаас уул уурхайн салбарт шилжсэнээр энэ аюул улам ихэссэн” гэж дүгнэжээ. Засгийн газраас эдийн засгаа олон талт болгон өөрчлөх бодлого баримталж байгаа ч үүнд цаг хугацаа хэрэгтэй. Сингапурын хөрөнгө оруулалтын “Temasek” компанийн тайлангаас харвал Монголын 10 том орд газрын нийт үнэ 130 их наяд иен болж байна. Мөн энэ жилийн долдугаар сараас үйлдвэрлэлээ эхэлсэн Төрийн өмчит Оюутолгойн орд газар 2020 он хүртэл ДНБ-ий гуравны нэгийг бүрдүүлнэ гэсэн тооцоо бий. Оюутолгойд дэлхийд томд тооцогдох коксжсон нүүрсний орд газар байгаа бөгөөд ойрын хэдэн жилд жинхэнэ хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ. Гэхдээ Монголын эдийн засгийн бууралтыг ажиглахгүй байхын аргагүй. Энэ жилийн 1-8 дугаар сард гадаадын хөрөнгө оруулалт 46.8 хувь буурсан. Төгрөгийн америк доллартай харьцуулсан ханш 25 хувь болтол буурч, сүүлийн 10 жил дэх хамгийн их уналтанд ороод байгаа. ДНБ-ий өсөлтийг нь ч Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг газруудын судалгаагаар буурна гэсэн таамаглал гарсаар байна. 

Монголын үл хөдлөх хөрөнгийн “MAD Investment Solutions” компанийн төлөөлөгч “Монголын ямар ч компаниас асуусан үйлчлүүлэгчийн тоо буурсан гэж хариулах байх. 2011 онд сүр дуулиантай баригдсан дээд зэрэглэлийн худалдааны том төв гэхэд л ямар ч үйлчлүүлэгчгүй болчихоод байна. Монголд ирэх гадаадын иргэдийн тоо эрс цөөрсөн. Мөн Улаанбаатарт иргэдийн дунд гутранги үзэл газар авсан нь их том асуудал” гэж ярьж байна. Б.Аригуун “Хэрэв Монголд амжилт ольё гэвэл ганцхан төрлийн бизнес эрхэлж болохгүй. Олон төрлийн зүйл хийх хэрэгтэй. Одоо ашиг орлоготой байгаа компаниуд бүгд янз бүрийн салбарт хүч үзэж байгаа” гэж ярилаа.
- See more at: http://mining.time.mn/content/38884.shtml#sthash.AVVzbkMr.dpuf

No comments: