Pages

Thursday, June 2, 2011

ӨРСӨЛДӨӨНТ “МОНГОЛ ТӨР” ГЭХ ТУХАЙД

ӨРСӨЛДӨӨНТ “МОНГОЛ ТӨР” ГЭХ ТУХАЙД

Шагдарын Үнэнтөгс

2009.04.01. 23 цаг 28 минут

Бензиний үнэ өсчихөж өчигдөр үдээс хойш Монголд… Тийм үү!

Монголын банкуудад хэдхэн сарын өмнө вальютын том хадгаламжууд илбэдүүлсэн юм шиг алга болж, иргэдийн төгрөгийн хадгаламж буурч, харин вальютын жижиг хадгаламжийн хэмжээ нэг сарын дотор 78 сая болтлоо нэмэгдсэн гэлцдэг. Яг энэ цаг хугацаанд явуулж байсан мөнгөний бодлогынхоо нөлөөлөлтэйгээр санхүү, эдийн засгийн хямралын үр дагаварыг өөртөө л урьдчилан харсан Монгол банкны ерөнхийлөгч А.Батсүх албан тушаалаасаа татгалзаж буйгаа зарласан нь давхцаж байлаа. А.Батсүхийн энэ үйлдэл нь сүүлийн 20 шахам жилийн дотор өндөр сэнтийгээсээ сайн дураараа татгалзаж байсан “хатан зоригт” явдал бөгөөд энэ нь манай улс төрд “Жишиг” болон тогтвол тун сайнсан.

Гэвч мөнгөний бодлого, санхүүгийн том зорилтыг улс төрийн хүсэл зоригоор жолоодуулах нь хэр үр дүнтэй вэ гэдгийг тэр огцорсон ерөнхийлөгч, ажлыг нь авсан энэ эрхэмийн үйлдэл, үйл ажиллагаанаас харж болох байна. Тухайлбал, огцрогч эрхэмийн баримтлаж байсан гэх мөнгөний хатуу бодлого хэрэглээний зах дээрх бэлэн мөнгөний хомсдолыг үүсгэж, эргэлтийг сааруулсан бөгөөд дэлхийн санхүүгийн цунами эхэлсэн үед энэ арга хэмжээ нь хямралд хохирол багатайгаар өртөх гэхээсээ илүү улам бүр байдлыг лавшруулах, том утгаараа эгэл жирийн иргэдийн хямралд өртөх мэдрэмжийг нэмэгдүүлсэн гэж болох.

Өөрөөрхэлбэл, ихээхэн гал түймэр чиглэн ирж буй үед өөрийн гэрээ хамгаалах гэхдээ урьдаас нь угтуулж түймэр өрдөх гээд түймэрээс өмнө гэрээ галдав гэгчийн үлгэр мэт. Мөн дөнгөж томилогдмогцоо Л.Пүрэвдорж ерөнхийлөгч сурвалжлагчдын асуултанд хариулахдаа мөнгөний хатуу бодлого явуулах нь буруу байсан гэж ойлгож байгаа, зах зээлд бэлэн мөнгөний хомсдолыг бууруулж, хэрэглээг дэмжих нь зүйтэй гэх маягийн зүйл хэлсэн байх бөгөөд үүнийгээ томилогдсноос хойш өгсөн хоёр удаагийн ярилцлагандаа янз бүрээр тайлбарласан байдаг.

Тэрээр томилогдох үедээ, томилогдсоны дараах сар болон хоёр сар гаруйн хугацаанд тогтвортой бусаар баримтлах бодлогоо янз бүрээр тайлбарлаж, зах зээлд тодорхойгүй хүлээлт, савалгаа бий болгодог болсныгоо бид нээлттэй ажиллаж байна гэдэг.

Түүнчлэн эсрэгээр мөнгөний бодлогоо сулруулах биш харин бүр хатууруулахаар шийдвэрлэснээ зарлаж байна. Үр дагавар нь дээрх түймэрийн 2 дахь жишээ биш байгаасай. Хамгийн сонирхолтой нь ингэж булингартаад байх үед манайд ам.долларын ханш “тун” сонирхолтойгоор, механикаар өсч байна. Санамсаргүй зүйл гэж байдаггүй л гэдэг дээ.

Вальютын ханшийн өсөлтөөс тун цөөхөн нь богинохон хугацаанд хожиж байгаа боловч эргээд эдийн засаг нь ерөнхий дүнгээрээ унахад ханшийн зөрүүнээс олсон ашиг тэр хэмжээгээр л үрэгдэнэ гэдгийг зохиомол хөөрөгдөгчид тооцоолохгүй байгаад харамсмаар байна. Иймээс дэлхий хавтгай болж, глобальчлагдаж байгаа энэ үед манай банк, бизнесийнхэн протекционист байдлаасаа даруй ангижрах хэрэгтэй.

Ванга эмээ ба дэлхийн эдийн засаг

2043 онд Дэлхийн санхүүгийн хямралаас шалтгаалаад эдийн засгийн онолын номлол хүртэл өөрчлөгдөж магадгүй байгаа үед энэ, тэр эдийн засгийн номлолыг авч хэрэгжүүлж байна гээд суух нь хэр оновчтой бол.

Мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж, дэлхий ертөнц глобальчлагдан кибер экономик ноёлж байгаа үед үндэсний вальютаа үнэгүйдүүлэхээс аварч байна гээд эдийн засгаа форматлаад, дахин сэргээж recovery хийж чадах юм гэж үү. Харин ч бүр төгрөгийн ханш доод хэмжээндээ хүртэл унах магадлалыг нэмж байгаа юм биш байгаа.

Монгол Улс 2008 онд дэлхийн 112 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 2007 оныхоос 44.1 хувиар өсч, импортын дүн экспортын дүнгээс 710.1 сая ам.доллараар давсан байна. Гэхдээ энэ тоон үзүүлэлтээс харахад нийт экспортын өсөлтөд эрдэс бүртээгдэхүүн болон алтны экспортын өсөлт голлон нөлөөлсөн байхад импортод мөн л адил эрдэс бүтээгдэхүүн, үндсэн ба төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, машин механик тоног төхөөрөмжийн импортын өсөлт голлон нөлөөлсөн байна.

Үүнээс харахад хэрэглээний зах зээлийн бараг 80 шахам хувийг импортын бараа бүтээгдэхүүнээр хангадаг манайд өргөн хэрэглээний барааны эргэлт хэр буурч, түүнийгээ дагаад хэрэглэгчид тулгуурласан эдийн засгаа татаж унагаж байгааг харж болох байна. Иймээс зөвхөн өнөөгийн төр засгаас гадны дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа нь тулгуурлагддаг томоохон хөрөнгөтөнүүдэд зориулагдсан бодлого, үйл ажиллагаа авагдаж байна гэх гаргалгааг хийж ч болох.

Энэ утгаараа Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн дүнгэсэнээр Монгол Улс бүхэлдээ луйвар, ашиг сонирхолын жолоодлогод автчихаад байна гэсэн нь ортой ч биз, үгүй ч биз. Хэн мэдлээ.

Зарим нэг манай томоохон эдийн засагчдын хэлж байгаагаар энэ хямрал манайд төдийлөн нөлөөлөхгүй байж болох байсан, олон улсын байгууллагуудаас хийсэн болон манай статистикийн ерөнхий үзүүлэлтүүдээс харахад хэдий хөөстэй байсан ч нөхцөл байдал тогтвортой байх бололцоо байсан. Харин үүнийг дотоод хүчин зүйлээс хамаарч зөв залах эсэхээ ч томьёолохгүй цаг алдснаас байдал хүндрэх тал руугаа орсон гэдэг.

Тухайлбал, тариаланчдын атарын аяны хүрээнд банкуудаас авсан зээлийн өрийн үлдэгдэл, сонгуулиар зээлжин тараасан асар их үрлэгэн зардал, түүнийг нөхөх гэж хөөрөгдсөн урт хугацааны баталгаажаагүй зээлжилт, хүн, малгүй хүртээсэн хишиг, нефтийн үнийн хэт өсөлт, бууралтаас шалтгаалсан хий амлалт, хоосон айдас хүүдсээс үүдэн гарах үр дагаварыг тооцоогүй.

Мэдээж улс төр энээ тэрээ, бас бус хүчин зүйлээс үүдэлтэй банк санхүүгийн эрсдэлийг даамжруулсан. Хямралаас үнэхээр түргэн гаръя гэж бодож байгаа бол жижиг дунд үйлдвэрүүдээ дэмжээд, хямралтай байгаа энэ үед хөөсөрсөн эдийн засгаа механикаар буулгах гэж оролдох биш, харин ч Хятад шиг хөөсийг нь тэтгэх замаар хэрэглээг урамшуулах богино хугацааны тактикаар эдийн засгаа дэмжих стратеги үр дүнтэй байх байсан болов уу,

Тухайлбал, 90-ээд оны эхэн үеийн Хироно сангийн лекцүүдээс эргэн харахад авах санаанууд их л байгаа байх. Хэрэв тэгэхгүй гэвэл Ванга эмээгийн зөгнөсөнчилэн дэлхийн эдийн засаг 2043 оноос цэцэглэхийг хүлээх л үлдэх байх даа. Энэ хооронд харин Монгол Улс гэж оршин тогтносон хэвээр байх болов уу.

Мөн л Ванга эмээгийн зөгнөснөөр тэр үед лалууд европыг захирахын адилаар монгол бид хэнд харьяалагдсан байх бол оо гэж. Эдийн засгийн аюулгүй байдал бүхний үндэс суурь шүү, мэддэг байлгүй дээ.

Худалдааны нөхцөлийн тогтвортой бус байдал

Үнэндээ бол Монгол Улс экспортын хоёрхон эрдэс баялагт тулгуурласан бодит эдийн засгийн өсөлт нь капитал хэмнэсэн, экстенсив буюу эрчимгүй өсөлт бүхий эдийн засагтай, голланд өвчинд нэрвэгдсэн үйлдвэржсэн бус улс юм.

Голланд өвчний онол ёсоор байгалийн нөөцөөс орж ирж буй орлогын өсөлт нь вальютын ханшийг нэмэгдүүлж, аж үйлдвэрийн салбарын өрсөлдөөнт чадварыг сулруулах замаар улс орны эдийн засгийг аж үйлдвэргүйжүүлдэг хэмээн үздэг онол юм.

Тэгэхээр энэ үйл явц яг одоо давхцаж байна. Макро эдийн засгийн тогтвортой байдал нь худалдааны нөхцөлийн тогтвортой байдлаас хамаардаг. Монголын дотоодын эдийн засаг зэс, алтны дэлхийн зах зээлийн ямарваа өөрчлөлтөнд маш өртөмтгий байдаг учраас худалдааны нөхцлийн сөрөг цочирол нь санхүүгийн салбарын тогтвортой байдалд аюултай байдаг.

Гэтэл манайд худалдааны тогтвортой нөхцөл нэгэнт алдагдаад, хэрэглээний зах зээл гацаж, зогссон байгаа нь наад захын 2008 оны Гадаад худалдааны статистикээс харахад л ойлгомжтой. Монголын эдийн засаг жижигхэн гэсэн утгаараа унахдаа ч босохдоо ч амархан гэдэг талаас нь хандвал мэдрэмтгий.

Гэтэл цөөхөн хэдэн олигархи бүлэглэлүүдийн эрхшээлд орсон байдлаараа бол мэдрэмтгий биш гэсэн бодол төрдөг. Тухайлбал, Манай улсын нефть бүтээгдэхүүний 2008 оны хэрэглээ 845 мянган тонн буюу 890 сая ам долларын нефть бүтээгдэхүүн экспортлон хэрэглэсэн байна. Өнгөрсөн 2008 онд 1 тонн автобензиний импортын хилийн дундаж үнэ 669.7 ам.доллараас 963.3 ам доллараар нэмэгдэж байсан байх бөгөөд энэ нь бараг нэг дахин нугларсан үнээр дотоод зах зээл дээр зарагдсан гэж хатуухан хэлчихэд гомдохгүй л байх Оюунгэрэл авгай.

Харин 2009 оны нэгдүгээр улиралд импортын хилийн үнэ маш хангалттай буурсан байна. Гэтэл манайд үнээ өсгөх болохдоо сургаар маш хурдан нэмээд, дэлхийн зах зээлийн болоод цаад нийлүүлэгч компаний үнэ, ОХУ-ын нефть бүтээгдэхүүний экспортын гаалийн татвар маш хурдацтай буусан болон манай улсын нэмэгдсэн өртөгийн болоод гаалийн татварыг тэглэсэн байхад хүртэл үнээ буулгахгүйгээр үнээ өсгөн гүрийж ашгаа нөөцөлдөг, сорон мөлжсөн, харгис капитализм ноёлж байхад төрөөс юу ч хийхгүй, аргадсан болоод л манай эрх зүйн орчин байхгүйгээс 250 мянган төгрөгөөр торголоо гээд, тэдгээр картел үйлдэгчдийн төр дэх төлөөлөл болж, тэднийхээ нөлөөллөөр албан тушаал ахиад ярилцлага өгсөн болоод сууж байх.

Үнэндээ бол манай төрийнхөн болон одоогийн ихэнх хуульчдын ойлгож байгаагаар хуулинд л юу гэж бичсэн байна тэрүүгээр л шийддэг гэж хэт явцууран ойлгоод байдаг юм шиг байгаан.

Гэтэл эрх зүй гэдэг их өргөн хүрээтэйгээр ажиллах бололцоо олгодог гэдгийг тооцон тохирсон хариу арга хэмжээ авч хэрэгжүүлдэггүй, заавал шинээр хууль батлах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байж асуудлыг шийддэг юм шиг гэнэн хүүхдэрхүү ойлголт нийгэмд газар аваад байгаагийн гай биз.

Иймээс “Бензиний үнэ өсчихөж өчигдөр үдээс хойш Монголд гэхэд… өө Тийм үү!” гэх процедуртай л байна даа одоо.

Өрсөлдөөн ба монополь - төрийн оролцоо

Манай нефть бүтээгдэхүүний импортын 80 илүү хувийг Петровис-НИК, үлдсэн хэдэн хувийг Магнай трейд, Жааст гэх мэт цөөхөн компаниуд импортолдог. Гэтэл эдгээр компаниуд хэт үнэ нэмснээр том эдийн засгаа татаж унагаад дараа нь унасан эдийн засагтаа өөрсдөө эрсдэлд орно гэдгээ тооцож л байгаа.

Гэвч тухайн зах зээл дээр монополь оршиж, байнгын хэрэглээн дээр тулгуурлан өрсөлдөөн байхгүйгээс ийм алхам явуулж байгаа нь ойлгомжтой зүйл.

Тэгээд ч энэ компани бусад томоохон компаниудтай адил өөр олон салбарт томоор ажилладагггүй нь үүнийг нотлож байна. Үнэндээ нэг компанийн үзэмжээр улсын хэрэглээний эдийн засаг савлаж байдаг болчихсон гэж асуудалд хэт жижигрэн хэлчихье.

Түүнчлэн 2000 оны эхэн үеийг 2000 оны төгсгөл үетэй харьцуулахад Монголын мал бараг нэг дахин буюу 40 сая болтлоо өсчихөөд байхад махны нийлүүлэлт бус үнэ нь өссөн.

Мөн таатай жилүүдэд эдийн засгийн өсөлт бараг 10 хувь байхад банкуудын өсөлт 40 хувиар өссөн үзүүлэлттэй байсан нь банкууд мөнгө хүүлэгч болсоныг харуулдаг.

Ингэж мөнгө хүүлэлтийн харгис бодлого явуулснаар манайд зээлийн хүү буурахгүй өсдөг, тэдгээр нь хугацааны болоод график төлөлтийн хувьд зээлдэгчдээ асар их хохиролтой байдгаас шалтгаалан манай зээлдэгч иргэдийн ихэнх нь үйл ажиллагаа нь өргөжин тэлэх бус хохирч үлддэг.

Энэ нь жижиг, дунд үйлдвэрлэл өргөжин хөгжихгүй, том утгаараа эдийн засаг бодитоор тэлэхгүй байсан гол шалтгаан нь байлаа. Тийм ч утгаараа манай банкны салбарт гадна, дотны мөнгөний нийлүүлэлт асар их хэмжээтэй байсан.

Өөрөөрхэлбэл, манай банкны салбарт мөнгөө угааж, өсгөн үржүүлж байсан байж болзошгүй бөгөөд энэ нь дэлхийн санхүүгийн хямрал хүчтэй нөлөөлөх үеэс вальютаа татсан, дотоодынхон нь их хуримтлалуудаа гадна байршуулснаас магадгүй вальютын хомсдол үүсэн, ханшийг зохиомлоор өсгөж, мөнгөний нийлүүлэлт багасгахад нөлөөлсөн.

Тухайлбал, банкнуудын хадгаламжийн 1.2 триллон маш богино хугацаанд 50 илүү хувиар буурсан гэдэг нь үүнийг нотолно. Иймээс вальютын ханшийн хайчийн зөрүү хэт холдоод байгаа нь хэнд ашигтай нь ойлгомжтой.

Нөгөөтэйгүүр банкнуудын бодит бус оролцоотойгоор санхүүгийн нөгөө нэг хэсэг болох бичил санхүүгийн байгууллагууд буюу хадгаламж, зээлийн хоршоодын үйл ажиллагааг төрийн оролцоотойгоор явуургүй болгон өрсөлдөөнөөс шахаж, мөнгө хүүлэлтэндээ хэт анхаарснаас одоогийн санхүүгийн хямралыг даван туулахад банкуудад хүндрэл учруулж, монголын эдийн засгийн үндсэн бүтцэд өөрчлөлт оруулахад хүргэж болзошгүй болоод байгаа нь нууц биш.

Энэ нь зах зээл дээр бизнесийн бүлэглэлүүд шударга бус өрсөлдөөн явуулж ноёрхсон гэсэн үг бөгөөд цаг хугацааны болоод зардлын хүчин зүйлийг хэр давах нь эргэлзээтэй ч магадгүй эдийн засгаа дахин сэргээж recovery хийхэд гаж тогтолцоог эсэргүүцэл тулгаралгүй, гарз багатайгаар эрүүлжүүлэх боломж олгож байж болох юм шүү.

Монголын Шударга бус өрсөлдөөнийг хориглох эрх зүйн зохицуулалтын хувьд өнөөдөр өрсөлдөөний бодлогод хэтэрхий явцуурсан байдлаар зах зээлийг хумих бодлого агуулагдаж, эдийн засгийн ач холбогдол бүхий стратегийн салбаруудыг богино хугацаанд босгоход болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд сөрөг нөлөөлөх, зөвхөн хэрэглэгчдэд түшиглэсэн жижигэрсэн зохицуулалт байгаа нь зах зээлд шинээр өрсөлдөгч нэвтрэхийг урамшуулах бус, зарим талаараа эдийн засгийн шинэтгэлд ухралт болох магадлал өндөр байна.

Мөн монополь болон давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд картел буюу үгсэн хуйвалдах замаар зах зээлд шударга бус байдал тогтоох явдалд тооцох хариуцлагын механизмыг одоо байгаа хууль тогтоомж болон УИХ-ын гишүүдийн санаачлаад байгаа хуулийн төсөлд ч урьдын адил хэт ерөнхий, шуудхан хэлэхэд тал зассан зохицуулалтын бус байна.

Иймээс Олон улсын хамтын ажиллагааны түвшинд шударга бус өрсөлдөөний эсрэг холбогдох гэрээ, конвенцид нэгдэн орох, ялангуяа /International Competition Network/ Олон улсын өрсөлдөөний санаачлагад нэгдэн орох, улмаар өрсөлдөөний чиглэлээрх дотоодын хууль тогтоомжоо тус стандартад нийцүүлэн өөрчлөх нь үр дүнтэй алхам болно гэж үзэж байна. Ингэснээр өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын хараат бус, бие даасан, асуудал шийдэхүйц эрх мэдэл бүхий эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх.

Тухайлбал Япон, Франц, Солонгос, Тайван зэрэг улсад өрсөлдөөний байгууллагаас гаргасан дүгнэлт, торгууль, шийтгэл нь гарсан даруйдаа хэрэгжих механизмтай, гаргасан шийдвэр нь шүүхийн харьяалалын хувьд зөвхөн хяналтын шатны шүүхээр хянуулдаг зэрэг асуудалтай адилтгах хэрэгтэй.

“Шанзова Бадамдоржийн гэх 64 зүйлт гэрээ ба орчин цагийн Хорт Боб хэн болох вэ?”

2008 онд манай экспортын барааны гүйцэтгэлийн 64.6 хувь, импортын барааны гүйцэтгэлийн 38.3 хувийг БНХАУ эзэлж байна.

Мөн 2008 онд зэсийн баяжмалын экспортыг 100 хувь, молибдений баяжмалын 51.3 хувь, боловсруулаагүй нефть бүтээгдэхүүний болон чулуун нүүрсний дийлэнх хэсгийг өмнөд хөрш рүү гаргасан байна. Үүнээс том эдийн засгийн хүрээнд авч үзвэл манайх өмнөд хөршийн бүх талийн түүхий эдийн хэрэгцээг хангагч стратегийн томоохон сонирхол бүхий бүс болон хувирч байгааг харж болно.

Хураангуйлвал, дэлхийн шинэ хэт гүрэн болж буй Хятад улс хямралын дараагаас өөрийн ноёрхолоо бусдаас хамааралт бусаар тодорхойлох боломж бүрдэж, ашиг сонирхолоо гуравдагч этгээдээр хөндүүлэхгүй, эдийн засгийн зохиомол өсөлтөө тэтгэх үүднээс боловсруулах үйлдвэрлэл асар их хүрээтэй өсөх нь тодорхой байна.

Хуучин манайхан ноос ноолуур, арьс шир гэх мэт малын гаралтай бүтээгдэхүүний экспортын тухайд ярьж, түүндээ ихээхэн ач холбогдол өгдөг байсан үеээс шал өөр нөхцөл байдал өмнө тулгарч байгааг ойлгох нь зүйтэй.

Гёополитикийн хувьд Монгол Улс одоо дэлхийн нэгдүгээр дайны өмнөх үеийн шиг хүчний шинэ хуваарилалтын асар эгзэгтэй үед тулж ирээд байна.

Магадгүй манай улс төр, эдийн засгийн нөхцөл байдал биднээс хамаарахаа нэгэнт байсан байж болох бодит бус айдас бүрэлдчихсэн байж болзошгүй. Энэ нь хэн нэгнийг худалдагдсан гар хөл гэж хэлээгүй, хэн байхаас үл хамаараад гадаад хүчний хуваарилалт, тохиролцооноос шууд хамааралтай байдаг түүхэн цаг үеийн асуудлыг хэлж байгаа юм.

Хүн бол цаг хугацааны бүтээгдэхүүн байдаг тул ямар ч гарцгүй.

Манай улс ашигт малтмалын хувьд хамгийн гол стратегийн бүтээгдэхүүн болох ураны нөөц, түүнийг хэрэгцээнийхээ хэрээр илүү дутуу болзол, нөхцөлгүйгээр дур зоргоор ашиглах боломжит дэвсгэр гэдэг утгаараа хэт гүрнүүдийн анхаарлыг татаад байгаа.

Бид хоёр толгой, хямрал гэх мэт хэлэлцэх зуур бидний болон бусад гуравдагч гёополитикийн түншүүдийн маань анхаарал их суларч байгаа. Нэвтрэх шанс ч олдохгүй байна. Болд гуайн элчин байхдаа хэвлэлд нийтлүүлсэн өгүүлэл, түүхэн харилцааны талаарх монологи номыг эс тооцвол анхаарал татахуйц бодит оролдлого алга. Мөн сонирхуулахад өнгөрөгч оноос World Growth Mongolia төсөл хэрэгжиж хэд хэдэн судалгаа хийсэн байсан. Хийгээд байгаа бодлогын зөвлөмж хэр чансаатай гэж.

Нөгөөтэйгүүр Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг цаад хөрөнгө оруулагчидтай биш зөвхөн монголд л төлөөлөн ажиллах Айвенхоу Майнз Монголия Инк ХХК гэх субьекттэй Монгол Улсын Засгийн газар гэрээ байгуулж, түүнийг нь УИХ соёрхон батлана гэдэг нь үнэндээ тухайн ордыг ашиглахад хөрөнгө оруулагч нь тогтвортой бишээр өөрчлөгдөхөд Монголын талаас хамааралгүй байхаар шийдвэрлэгдсэн гэсэн үг.

Энэ нь Хууль зүйн талаасаа маш эрсдэлийг дагуулж болох бөгөөд үндэсний аюулгүй байдалд шууд сөргөөр нөлөөлнө. Магадгүй энэ нь Рио-гийн хувьцааны тодорхой хэсгийг эзэмшигчийн хийсэн тохирооноос хамаарч байж болох юм.

Өөрөөрхэлбэл, Оюутолгойн орд ашиглалт, түүний цогцолбор ашиглалтад манай өмнөд хөрш ч юм уу хэн нэг өөр субьектийг асар их үүрэгтэй байх боломж олголлоо гэсэн утга. Мэдээж гэрээний эрхийн талаасаа лицензүүдийг эзэмшигч тал гэрээ байгуулах, бусад нь хувьцаа босгох замаар хамтын хөрөнгө оруулалт хийгдэж байгаа гэж тайлбарлах нь тэдний эрхийн асуудал. Гэхдээ гэрээний эрх чөлөөний талаас авч үзвэл гэрээ байгуулагч талуудын үүргийн гүйцэтгэлийн хангах аргууд нь тэгш бус байгаа юм.

Мөн Өмнөговь аймаг дахь Оюутолгой, Таван толгойг хоёуланг ашиглаад, тэдгээрийг хойд, урд хөршдөө хувааж өгч эзэмшүүлээд эхэлвэл тус бүс нутаг /монгол/ гёополитикийн хувьд дэлхийн бөмбөрцөг дээрх маш халуун цэг болохыг үгүйсгэхгүйгээр барахгүй хэзээ ч тусгаар тогтнохын амт шимтийг хүртэхгүй, гадаад бодлогоо бие дааж явуулахгүй хэмжээнд хүртлээ доройтож магадгүй.

Энэ бол бодитоор харагдаж буй хүчин зүйл бөгөөд эдийн засгийн чадавхиа сайжруулах гээд асар том үнэт зүйлээ золиослож байж ч магад. Зөвхөн нэг талаас нь авч үзвэл харин ч хүчний тэнцвэрийг өмнө хэсэгтээ бодитоор бүрдүүлж байна гэж харах нь маш аюултай буруу алхам.

Иймээс л эхэнд хэлсэнчлэн Шанзова Бадамдоржийн гэх 64 зүйлт гэрээг бодитоор одоо цагт хэрэгжүүлчих юм биш байгаа даа. Харин тэр гэрээг гардагч нь хэн байх нь хэцүү асуудал ...

Харин үндэстэн дамнасан корпорацийн хувиар голлох хөрөнгө оруулагч субьектийн анх бүртгэгдсэн улстай нь болон хөрөнгө оруулагчтай нь хамт хэдэн талт гэрээ байгуулах нь өөрийн оролцооны хувийг нэмэгдүүлэхэд хүндрэл учрах ч маш өргөн боломжийг нээх болно.

“Монгол төр” гэж хэнийх вэ? гэх тухайд

Эдийн засгийн ноёрхолоо тогтоосон цагт хэн нь улсын эзэн байх нь маргашгүй. Бүх зүйлийн хөдөлгөгч хүч мөнгө байсан, байсаар байх биз.

Саяхан л бид бүх шатны сонгуулийг нэг нам нь булингартуулаад өөртөө ашигтайгаар хийчихлээ гээд босож бариад, монголчууд нэг нэгнээ цааш харуулаад байснаа санаж байгаа байх.

Тэгвэл Монголд эдийн засгийн ноёрхолоо тогтоочих фактор яах эсэхээ шийдэхэд юу байв гэж. Магадгүй 7 дугаар сарын 1-ний үйл хэрэг хэдэн арван жилийн дараа Монголын нэн шинэ түүхэнд эрх чөлөөт тэмцлийн сүүлчийн үйлдэл гэж тэмдэглэгдэж магадгүй л байх.

Тэр цагт бид мэт нь хөгширчихсөн, үр ачдаа “Ай даа сайхан цаг байсан юм шүү. Нөгөө муу Ерөнхийлөгч Н.Энхбаяр гээд л дарга нараа зад шүүмжлээд байдаг эрхтэй байлаа” гэж өвөр зуураа ярьцгаах вий дээ. Энэ бол бодитой хүчин зүйл шүү.

Тиймээс хүссэн ч, эс хүссэн ч бидний амьдарч буй яг энэ цаг үе бидэнд маш хариуцлагыг оноож байгаа.

Энэ нь ойрын хэдэн жил аль хүчин байх нь хамаагүй улс төрийн хувьд тогтвортой, залгамж чанартай, улс орныхоо хожимын өдрийг бодон эв нэгдэлийн цул байж, гёополитикийн уран дипломат маневр хийх боловсон хүчний сонголттой, мэдээлэл сайтай байх нь туйлын туйлаас чухал байна.

Үнэндээ “Монгол төр” гэж ярьж, хэлэх нь буруу. Энэ бол хэл зүйн болоод эрх зүйн талаасаа ямар нэг субьектэд оноогдсон, цаг хугацааны оноосон нэршил. Тухайлбал, эрт үед шинэ улс байгуулж, гүрний нэр, цол, оны тооллыг шинээр тогтоодогтой адил зүйл.

Иймээс Монголын төр гэж ярьж, хэлэлцэх нь зүйтэй юм. Учир нь тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг хаа хамаагүй юм гэнэт өгүүлж буй биш шүү. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 2000 оноос хойш хатуу ч гэсэн үг хэллэгээрээ тухайн үед цэгцэндээ орохгүй, задгайрсан байсан хуулийнхны орчинг цэгцлэх явцдаа болон хэвлэл мэдээллээр дамжуулж нийгмийг дэгэнд оруулах алхамуудаа хийж байхдаа уг хэллэгийг голчлон хэрэглэдэг байсан. Одоо ч гэсэн хэрэглэдэг юм билээ. Магадгүй урьд нь олон хүн хэрэглэдэг байсан байж болох ч, нийтэд нөлөөлсөн гэдэг утгаараа уг хүний үйлдэл нь нийгэмд нөлөөлж, төрийн тэргүүдээсээ эхлээд иргэд хүртэл “Монгол төр” гэж хэлцдэг болоод байгаа.

Энэ нь манай Монголын төрийн үнэлэмжийг нэмэгдүүлсэн, төрийн үүрэг оролцоо, хариуцлагыг төр түшигчдэд байнга мэдрүүлэх сайн талтай үйлдэлийн илрэл болоод байгаа. Гэвч Монголын төр нь аль нэг цаг хугацааны болоод ямар нэг хүчин зүйлийн нөлөөллийн илрэл биш, байнгын тогтносон, мөнхөд орших, хүчирхэг гүрний нэр гэх том логикийн дагуу хүлээн авч хэрэглэх нь зохистой. Нөгөөтэйгүүр цаг хугацааны маш их ээдрээтэй энэ үед гадаад орны хүчтэй тулгалтаас бултах, булзааруулах, зөөллөх, өөрчлөх зэрэг хариу үйлдэл үзүүлж чадах хөзрийг Парламентийн засаглалтай байгаа энэ үед давуу боломж болгон ашиглах хэрэгтэй бөгөөд зарим тохиолдолд дээр нэрийг нь дурдсан эрхмийн хатуу байр сууриар дүрмийн хувилбарыг өөрт ашигтайгаар шийдвэрлэх гарцаа нээх тактикыг хэрэглээсэй гэж боддог.

Энэ нь хэн нэгэнд тал тохой татаж буй зүйл биш бөгөөд тухайн нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн бодгалийн хатуу ширүүн хэв шинжит маш тодорхой оролцоог тулгараад буй хүнд нөхцөл байдалд зөв ашиглаасай гэсэн алтернатив юм.

Иймэрхүү байдлаар л Монголын төр үеэс үе дамжин тусгаар тогтнон, аль нэгэнд уусчихалгүй тусгаар явж ирсэн байх агаад жинхэнэ утгаараа тусгаар тогтнолоо 1990-ээд онд эргүүлэн олж авахдаа улс төрийн бүх хүчнүүд нэгдэн маш зөв тактик баримтласан байдаг. Үүнтэй адилаар ажиллах стратегийг мартсан юм шиг үйлдэл, үйл ажиллагаа ойрын жилд удаа дараа явагдаад байгаа тул ийн илэрхийлсэн болно.

2009.04.01. 23 цаг 28 минут

Шагдарын Үнэнтөгс

www.unentogs.bblog.mn

No comments: