МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ЭХИЙГ ТАВЬСАН ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ЗАСАГТ ХАН ДОРЖПАЛАМЫН СОДНОМРАВДАН
ЭЭДРЭЭТ ХУВЬ ЗАЯА
Халхын Эрдэнэ Бишрэлт Үнэн сүжигт Оройн дээд Дархан Засагт Хан Доржпаламын Содномравдангийн нууцлагдмал түүх
Доржпаламын Содномравдан нь (1867-1912) 1898-1912 оны хооронд Халхын Эрдэнэ бишрэлт Үнэн сүжигт Оройн дээд Дархан Засагт Хан байсан. Тэрээр Засагт хан Цэрэндондовын Доржпаламын хоёрдугаар агь болж төржээ. Засагт хан Д.Содномравдан бол тухайн үедээ Халх, Ойрд, Өвөрлөгч, Алтай, Урианхай, Дээд, Хөх нуурын олон монгол ноёдын дотор асар өндөр нэр хүндтэй дээдэс байсан юм. 1898 онд Цэрэндондовын Доржпалам хан өөрийн Хан ширээгээ том хүү Д.Цэрэнгомбожавт бус, бага хүү Д.Содномравданд залгамжлуулсан. Харин том хүүгээ Арын хийдэд тойн лам болгожээ. Арын хүрээ нь Засагт хааны алтан ургийн тойн лам нар байдаг, хаалттай хийд байсан бөгөөд Хан Тайширын оройд буй Их Хоригийг хариуцан тайдаг байсан. Зөвхөн алтан ургийн тойн лам нар хийдэд байдаг, гадны лам оруулдаггүй хатуу журамтай байжээ.[1]
![]() |
| Засагт хан Д.Содномравдангийн энэ фото зургийг 1912 оны өвөл Их Хүрээнд авсан. ЭРТНЭЭС АЛТАН УРГИЙН ЦАГААН ЯСТ ХААДЫН ХУВЬД ЗӨВ ЭРГЭЛТТЭЙ ХАС ФҮС ХЭРЭГЛЭХ НЬ УЛСЫН ЭЗНИЙГ БЭЛГЭДДЭГ БА ХАЛХЫН ХАНГУУД ДОТРООС ЦОР ГАНЦ ЗАСАГТ ХААН Л ХАС ФҮС ХЭРЭГЛЭХ ЭРХТЭЙ БАЙЖЭЭ. БУСАД ХАНГУУД БОГДЫН АДИЛ СОЁМБО ХЭРЭГЛЭЖ БАЙВ. |
Дашинчилэн хэмээх номын нэртэй энэхүү бунхан овоог дээр цагт Засагт ханы хүрээнийхэн буюу Арын хүрээнийхэн, Засагт ханууд тахиж тайдаг, тайлга тахилгын үеэр тэргүүн зэргийн тайжаас дээших язгууртнууд (алтан ургийн тайж нар зөвхөн тэргүүн зэргийн тайж байдаг), гэлэнгээс дээших санваартнууд л гардаг хоригтой, мөн Засагт хануудыг энэхүү голлох бунхны өвөрт оршоодог байсан гэдэг. Алтай хотын баруугаар сүндэрлэх Хантайшир уулын нэгэн ноён оргил бүхий дүнхгэр нурууг Шарилын нуруу, нутгийн ардууд заримдаа Овоон нуруу ч гэх билээ. Энэ нуруу Алтай хотоос 20 гаруй км, Жаргалан сумын дундах зайд бий. Энэ нурууны орой дээрх онго тахилгатай дөрвөлжилсөн бунхан овоо байх ба түүний ээвэр бэлд 6 томоохон бунхан, мөн нэлээд хэдэн багавтар булш байдаг. Хантайширын нурууг Их эзэн Чингис хааны онгон тахилгатай холбоотой болох тухай хэд хэдэн домог бий.
Их хааны онгоныг урд зүгээс залж энэ нуруунд оршоохдоо тэрхүү онгоны харуул хамгаалалт болгон зүүн зүгээс эртний сурвалжит аймгуудаас нүүлгэн авчирч, тэмдэг эдгэртэл уг онгоны харуул хамгаалалт байдалтайгаар нутагшуулсан гэсэн домог бий. Тэдгээр нүүдэллэж ирсэн овогтнууд Хантайширийн нурууг тойрсон байдалтайгаар он удаанаар нутаглаж иржээ.
Угсаа гарал
Түүний дээд өвөг Гэрсэнз жалайр хунтайж нь Даян хааны 2 дахь их хатны бага хүү бөгөөд ах дүү дундаа хамгийн отгон нь байжээ. Жалайр хунтайж 1549 онд нас барсны дараа түүний 7 хүү тус бүрдээ Ар Халхын 7 отгийг хувааж авсан. Үүнээс түүний дээд өвөг Ноёнтой хатанбаатар Бэсүд, Элжигин отгийг өмчилж, нэгэн хошуу болж Халхын баруун гарын бүрэлдэхүүнд багтжээ. 1580-аад оноос Ашихай дархан хунтайжийн ач хүү Лайхур хунтайж Засагт хан аймгийн үндсийг тавьсан. Чин улсад Халхын 3 ханлиг дагаар орсны дараа 1732 оны хэрэг явдлаас хойш Засагт ханы тамга Ашихай дархан хунтайжийн удмаас Ноёнтой Хатанбаатарын удмын Гэлэг-Ямпилд шилжсэн. Энэ нь 1924 он хүртэл үргэлжлсэн.
Тусгаар улсын эзэн
Олноо Өргөгдсөн Монгол Улсын үеийн ихэс дээдсийн давраажилт нь нэг талаас Алтан ураг, нөгөө талаас хутагт, хувилгаадын дүр тодруулалтаас улбаатай. Богд Живзундамба хутагт хааны хишиг тараах анхны “лүндэндээ аливаа цол хэргэм зэргийг хэвээр хэрэгжүүлж нийтээр дагатугай” гэж Манж Чин улсаас олгосон цол хэргэмийг хэрэгжүүлэхээр заасан.
![]() |
| Засагт хан Д.Содномравдангийн хан ширээнд суугаад удаагүй залуу үеийн энэ фото зургийг Оросын эзэн хааны жанжин штабын ахлах офицер Газар зүйн нийгэмлэгийн судалгааны нэрийн дор монголд ирэх үедээ авсан. Оросын Холбооны Улсын Буриад улсын Нийгмийн шинжлэх ухааны номын санд, оросын архивт хадгалагдаж байна. |
Дараа нь 1915 оноос “Монгол Улсын Хууль зүйлийн бичигт” хэргэм зэрэг залгамжлах хуучин зүйлийн заалтуудыг оруулсан бөгөөд энэ хэргийг Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яам Богд хааны зарлигийн дагуу хэрэгжүүлэх болсоныг заасан юм. Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамны түшмэлийн хэлтэс нь олон ван, тайж, түшмэлийн зэрэг залгамжлах гэрийн үеийн дансыг хянаж байх үүрэгтэй байжээ. Засагт хан Д.Содномравдан нь Манж Чин улсын үеийн олон Халх, Ойрд, Дээд Монгол, Алтай, Урианхай, Өвөрлөгч 49 хошууны монгол ноёдын дунд өндөр нэр нөлөөтэй байсан.
Ийм учраас шинэ хаан сонгохдоо эхлээд Засагт хан Доржпаламын Содномравданг Улсын хаан болгохыг хүссэн байдаг. Хамгийн сонирхолтой нь Түшээт хан Засагт ханаа өргөсөн явдал байдаг. Гэвч Д.Содномравдан хан татгалзаж байснаар дараагийн удаад Ханддорж чин ван, Цэрэнчимэд да лам нар Түшээт хан Дашнямыг өргөмжлөх санал гаргасан ч бүтээгүй юм. Эцэстээ Засагт хан Д.Содномравданы бусад гурван хантайгаа зөвшилцөн өргөснөөр Жавзандамбын 8-р дүрийг Монгол Улсын Хаан болгожээ.[1] Богд уулын Төр-хурах, Шажин-хурахын аманд хуралдсан ихэс ноёд, лам нарын нууц хуралдаанаас гаргасан тэмдэглэлт мэдээ бий.
Энэ нь Монгол Улсаа тусгаарлахад шийдвэрлэх нөлөөтэй байсан гэгддэг Ханддорж чин ван, Цэрэнчимэд да лам нар Түшээт ханг хаан болгох санал гаргасныг няц дарж, хүлээн зөвшөөрүүлээгүй байна гэдэг бол гол шийдвэр гаргагч өөр хүн байсан нь нотлогдоно. Энэ хүн бол Улсаа туурга тусгаар болгох гол санаачлага гаргагч зохион байгуулагч зонхилогч эзэн дээдэс Засагт хан Доржпаламын Содномравдан байсан нь маргашгүй үнэн юм.
Халхын дөрвөн Ханы дэмжлэг авахгүйгээр Эзэн Чингис хааны алтан ургийн биш, харь төвөд хүнийг улсын хаан болгох санаачилга гаргах Монгол хануудын харьяат Монгол ноёд гэж ямар ч тохиолдолд байхгүй өндөр ёс суртахуунтай цаг үе байв.
Сүүлд зохиосон түүхээр Сайн ноён хан санаачилж хаан болгосон гэдэг нь огт ор үндэслэлгүй бөгөөд Халхын эзэн Засагт хан, Түшээт ханы өмнүүр орж бусад ханууд дэг эвдэх ёсон эртнээс үгүй байсан. Тэр дундаа өөрийнх нь аймгийн харьяат хошууны ноён байсан Сайн ноёныхон тийм үйлдэл гаргах ёс суртахууны эрхгүй гэдгээ гүнээ ухамсарлан мэддэг байлаа. Түүнчлэн Халхын нэр нөлөөтэй Засагт хан, Түшээт хан дараалан 3 сарын зайтайгаар асар богино хугацаанд хорлогдож, цэл залуухан Сэцэн хан Цэрэндондовын Навааннэрэн туршлага дутаж байсан тул Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн яалт ч үгүй төрийн жолоог татахаас аргагүй болсон байдаг. Богдыг хаан ширээнд суулгаад эхэн үедээ Халхын дөрвөн хан Богд хааны Тэргүүн шадар сайдаар томилогдсоноос өөр албан тушаал хашаагүй нь зөвшилцөл тохиролцооны ихээхэн зөв гаргалгаа байсан нь харагддаг.
Засагт Хануудын улсаа тусгаар тогтнуулах бодлого
![]() |
| Засагт хан Д.Содномравдан Хаант Оросын Газар зүйн нийгэмлэгийн П.К.Козловын авсан фото 1906-1907 оны хооронд |
Засагт хан Д.Содномравдан 1910 онд Халхын Нара Банчэн хутагтыг өөрийн шадар Дагвын Бат-Очир түшээ гүнгийн хамт Монгол, Төвдийн журганы ерөнхийлсөн сайд бөгөөд Харчин баруун хошууны Засаг В.Гүнсэнноров чин ван, Хорчины зүүн гарын хошууны Засаг, Бинт их чин ван Б.Гончигсүрэнтэй уулзуулахаар өвөрмонголд очуулж ертөнцийн хамаг явдлыг хардаг хутагт ирж гэж бужигнуулж байсан мэдээ байдаг. Бинт их чин ван Б.Гончигсүрэнгийн халхаас ирсэн зочидтой уулзах гэж Өвөр Монголын баян, ядуу, хөлтэй хөлгүй хамаг амьтан цуглаж өдөржин шөнөжин дугаарлан Нара Банчэн хутагтад хувь төөргөө үзүүлж байв. Нара Банчэн сүсэгтнүүдийн асуултанд заримдаа амаар хариулж, заримдаа дээлээ тайлан нуруугаа үзүүлэхэд нуруун дээр нь Монгол, Түвд үсгээр бичиг тодорч бүдгэрэн байсан нь бүр улс амьтныг бишрүүлж байж. Тэдний өвөрмонгол, Бээжинд очсон шалтгаан нь Манж Чин улсын дотоод нөхцөл байдлыг өөрийн биеэр үзэж танилцах, Бээжин дэх Монгол ноёдын холбооны ноёдыг ятган сэнхрүүлэх ажил байх учиртай. Манжийн төрөөс тэднийг сэжиглэн баривчилж магадгүй байгааг Бээжинд сууж Монгол Жургаанд дээгүүр алба хашиж байсан Халхын Наянт чин вангийн сэрэмжлүүлэн хэлснээр тэд яаран нутаг буцсан байдаг. Жилийн дараа Өвөр Монголын Хорчины зүүн гарын хошууны Засаг, Бинт их Чин ван Б.Гончигсүрэн Өвөрлөгч 49 хошууны олон ноёдоо оройлон Богд Хаант Монгол Улсад дагаар орох тухай бүх өвөрлөгч 49 хошуудын өргөх тамгатай бичгээ барин Хүрээнд ирж, Богд хаант Монгол Улсын Бүгд ерөнхийлөн захирах яамны дэд сайд буюу Ерөнхий сайдын орлогчоор томилогдсон билээ. Хорчин зүүн гарын Их Чин вангийнхан хэдэн үеэрээ Монголоо тусгаарлахад сүүлийн гурван Засагт хануудтай хамтарсан байдаг.
Д.Содномравдан ханы өвөг эцэг Халхын Эрдэнэ Бишрэлт Дархан Засагт Хан Манибазарын Цэрэндондов, мөн эцэг Засагт Хан Цэрэндондовын Доржпалам нар Манж дайчин гүрний үед Өвөрлөгч Хорчин зүүн гарын хошууны Засаг, Төрийн Их Чин ван Б.Сэнгэринчин, түүний хүү С.Буяннэмэх их чин вантай хамтран хятадуудын бослого, 8 гүрний их цэргийн дайралтыг зогсооход хүчин зүтгэсэн бөгөөд тэр үеэс Монголоо тусгаарлах бодлого явуулж эхэлсэн байдаг. Манж чингийн цэргийн эрхийг гартаа атгаж байсан Цэргийн их жанжин Б.Сэнгэринчин Их Чин Ван Оросын хаант улсаас зэр зэвсэг худалдан авахдаа өөрийн биеэр Халхад ирж, Засагт хан М.Цэрэндондовтой Хиагт орчим уулзсан нэгэн мэдээ байдаг. Тэрхүү уулзалтын дараагаас Манж чингийн төр хоёр ихэст олон дарамт учруулсан, Манжийн цэргийн эрх мэдлийг өвөрмонгол ноён Сэнгэринчингээс салгахын түүс болсон байдаг. Чин улсын үед Төр гэрэлт, Түгээмэл элбэгт, Бүрэн засагч хаадад хүчин зүтгэж явсан цэргийн жанжин. Б.Сэнгэринчин Их Чин Ван тэрээр Хар тамхины хоёрдугаар дайны Балишаогийн тулалдаан болон Тайпин, Нианий бослогуудыг дарж, Англи, Францын армийг ялсан гавьяа байгуулснаараа алдаршсан. Түүнийг Англи, Францын “Сэм Коллинсон" гэж нэрээр дурдсан байдаг.
Өвөг эцэг Халхын Эрдэнэ Бишрэлт Дархан Засагт Хан Манибазарын Цэрэндондовын үед Цагаан малгайтны (лалууд) бослогыг дарахад монголчуудаас хүн хүч дайчилсан бөгөөд түүнийг эсэргүүцэн 1880 онд Засагт хан Манибазарын Цэрэндондовын албат Онолтын цэргийн бослого Улиастайд гарсан байдаг. (Цэрэг Онолтын Улиастайн бослого- 1880 онд хятад дахь “Цагаан малгайтны бослого”-ыг даруулахаар Улиастайд цуглуулсан Монгол цэргүүд Онолтын удирдлага доор бослого гарган тэмцсэн. Засагт хан, Сайн ноён, Хэвэй гүнгийн хошууны цэргүүд босож манжийн цэргийг хаяж, Манжийн амбанд нутаг орондоо буцаах шаардлага тавьсан. (Онолтыг Сайн ноёны харьяат албат гэж андуурах нь бий).
Эцэг Халхын Эрдэнэ Бишрэлт Дархан Засагт Хан Цэрэндондовын Доржпаламын сүүлч, мөн Д.Содномравдан ханы ширээнд суусан эхний үед Манж Чингийн төрөөс хятадуудын Ихэтуаны улаан малгайтны (улаан алчууртны) бослогыг дарахаар Халхаас 20 мянган цэрэг дайчлан явуулахаар цэрэг татсан ч 2000 цэрэг л татагдан ирсэн бөгөөд, 1900 онд ахин Засагт ханы харьяат албат Энхтайван зангиар удирдуулсан бослого гарч Улиастайн Манж Жанжны газар, манж амбанг талан таран одсон сонирхол татахуйц баримт байдаг. Улиастай хотод Энхтайвангаар удирдуулсан Монгол 2000 цэргийн бослого гарч, Манжийн цэргийг хядаж, хятад пүүсүүдийг талж, Чингийн төрийн дарангуйлалыг Халхад сууриар нь ганхуулсан тул Хүрээ, Ховдын Амбан, Урианхайн Амбаны газрыг шинэчлэн нэмж байгуулсан. 1907 онд Манжийн засгийн газар Ховдын хязгаарыг хоёр хуваан Ховдын шинэ хязгаар байгуулсанаар Шиньжаан дахь нутаг нь Алтайн хязгаарт харъяалагдах болжээ.
Эдгээр бослого толгойлсон хүмүүс бол Засагт ханы өөрийнх нь шууд харьяат албатууд бөгөөд түүний бодлогын үр гэж манжууд харддаг тул Хан ширээг хүүд нь залгуулсан.
Мөн 1903 (1918 онд дахин) онд анх гарч тэмцсэн Засагт ханы Дайчин вангийн хошууны албат Ард Аюушийн Цэцэгнуурын дугуйлангийн тэмцэл ч даамжиран, улмаар Улиастайн Манж Амбаны газарт есөн эрүү давах процесс болж орон даяар дуулиантай манжийн засгийн бодлогыг шүүмжилсэн аянг өрнүүлсэн нь сонирхол татдаг.
![]() |
| Маймачен. Губернатор Сан-до Амбан |
Эндээс харахад Засагт хан М.Цэрэндондов, Ц.Доржпалам, Д.Содномравдан нарын үед арван жилийн давтамжтайгаар Манж Чинг эсэргүүцсэн маш далайцтай бослого, хөдөлгөөнийг өөрийн шууд харьяат итгэлт албатуудаараа толгойлуулан гаргаж, манжийн засгийг сулруулахаар халх, ойрд, хөхнуур, урианхай, өвөр монголын голлох том ноёдуудтай хамтран үе залгасан далайцтай том бодлого явуулж байсан нь харагддаг.
Ерөнхийдөө Халх Монгол, Урианхай, Ховдын хязгаарыг бүхэлд удирдах гол төв нь хоёр зуун жилийн хугацаанд Улиастайн Манж Жанжны газар байсан бөгөөд Аймгуудийн чуулган, жасааг Улиастайд жилд тогтмол хуралдуулан, Улиастай хотоос Монголыг төвлөрүүлэн аймгуудын жасааг манж хүмүүсээр удирдуулдаг байлаа. Иймд өөрийн нутагт нь байгаа Улиастай хотоос шалтгаалан Засагт хануудын үүрэг роль гарцаа байхгүй өндөр түвшинд, голлох тэргүүлэгчийн үүргийг гүйцэтгэхээс аргагүй байсан. [2]
Манжийн сүүл үеийн улс төр, эдийн засаг, соёлын гэсэн үндсэн гурван чиглэлээр өрнөсөн “Шинэ засгийн бодлого” Монголд харгис, сөрөг нөлөөтэй, дарьтай торх булсан байсан тул бүх монголын ноёд сөрөх бодлого явуулахаас өөр гарцгүй болгосон. Тухайлбал, Өвөрлөгч 49 хошуу буюу харчин, хорчингийн монголчуудыг хятад тариачид "хүнийг нь алж, газрыг нь авья" хэмээн уулгалан дайрч 45 хоногийн маш богино хугацаанд 150 000 мянган монголчуудыг хүйс тэмтэрсэн байдаг.
Тайпиний бослогын үед Манж Чин гүрний хятад бус үндэстнүүдийн дунд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж байжээ. 1862-1881 онд дунгааны бослого өрнөж, дунгаан, салар, уйгур, казах, киргизүүд оролцож байв. Тэд дийлдэх үедээ Монгол нутагт орж ирж түйвээж байсан билээ. 1863 онд Якуб-Бэкийн бослого гарч, Монголд казахууд ирж суурьшихын эхийг тавьсан. 1865-1877 онд Еттишар буюу Долоон хотын улс тогтнов. Хулжийн Султанат гэх улс ч байгуулагдаж байв. 1871-1881 онд Хаант Оросын цэрэг Манж Чингийн харьяаны Шинжааныг эзэлж, бослого хөдөлгөөнийг дарж, эв нь олдвол салгаж авахаар анаж байлаа. 1881 онд оросууд Тувад онцгой эрхтэй болсон бол, 1883 онд Алтайн урианхай тувачууд Оросыг эсэргүүцэн Алтан Майдарын бослогыг (Засагт ханд илтэд түшиглэж) дэгдээлээ. Энэ бүх бослого тэмцлийн дүнд уулгалтаас халх, зүүнгар, тагна-урианхай, өвөр, хөх нуурын монголчуудыг Засагт хан халхлаж (Засагт ханы Дайчин вангийн Алтанхаруул овгийн Харуул Зангиуд) нэр нөлөө, улс төр-дипломатын бодлого, цэргээр хамгаалж байсан байдаг бөгөөд түүний үрээр нийт монгол ноёдын итгэл, хүндлэлийг сүүлийн Засагт ханууд хүлээсэн байна. Газар зүйн байрлалаараа Засагт хан аймаг баруун бүс нутагт өрнөж буй геополитикийн тэдгээр том асуудлуудад хүссэн ч, эс хүссэн ч татагдан орохоос аргагүй нөхцөл байдалд байлаа.
Тухайлбал, XIII Далай лам Түвдэнжамц хорин есөн сүүдрийн модон луу жил буюу нийтийн тооллоор 1904 оны 6 дугаар сарын 15-ны шөнө цөөхөн тооны хүмүүс дагуулан Лхасаас оргон гарч Хөх нуурын Хүрлэг бэйсийн хошуу нутгаар дамжин, Монголын нутагт орж иржээ. Жамбал донирын өгүүлснээр “Дээд Монголын Хүрлэг бэйс Далай ламыг нутагтаа угтан аваад өөрийн биеэр бараа болон Засагт ханы хүрээ, Ламын гэгээний хүрээ, Их Хүрээ хүртэл дагалдан ирсэн” гэжээ.
![]() |
| XIII Далай лам Түвдэнжамц Их Хүрээнд 1906 он |
Пётр Козлов 1906-1909 оны Монгол-Сычуаний аяллынхаа цуглуулгын үзэсгэлэнгийн үеэр. (1910 он). |
Энэ утгаараа Халхын Эрдэнэ Бишрэлт Дархан Засагт Хан Доржпаламын Содномравдан нь нийт монгол үндэстний ноёдын итгэл хүндлэлийг хүлээсэн, албан бусаар хүлээн зөвшөөрөгдсөн де факто хаан байсан гэж харагддаг. Энэ нь Хятад, Орос, Япон, Солонгос, Англи, Францын архивын түүхэн эх сурвалжуудаар нотлогддог. Түүхэн цаг хугацааны хувьд ч Орос-Монголын Гэрээ байгуулах хэлэлцээрийн өмнө, Ховдын хязгаарыг бүхэлд нэгтгэх эсэх, Монгол Улсад нэгдэхээр Ойрд, Хөх нуурын Монгол, Алтайн Урианхай, Өвөрлөгч 49 хошуудын ноёдоос өргөсөн шийдэгдээгүй чухал асуудал, Таван замын цэрэг хөдөлгөх зэрэг асуудлын яг өмнөхөн 1912 оны хавар 5 сард Засагт хан Д.Содномравдан гэнэт нэн сэжигтэйгээр таалал болсон. Мөн түүний нас эцэслэсний дараа Засагт хан аймгийн баруун урд, урд хэсэг, Ховдын хязгаар, Алтайн хязгаар, Урианхайн хязгаар, язгуурын монгол нутаг дэвсгэрийн зарим нэлээд том хэсэг улсын хилийн гортигийн гадна үлдэх болсон нь анхаарал татдаг.
Харин Торгуудын Балт жүн ван Засагт хан Д.Содномравдангийн тусгаар улс болох бодлогод тээг болсон урвагч байсан нь үнэн бөгөөд түүний урвагч үйлдлээс болж баруун хязгаар өнөөгийн нөхцөл байдалд орж, эцсийн дүндээ одоо төрлөх монгол нутагт монгол хүний мөргүй болж хятад, казакуудын төрлөх нутагт тооцогдох болжээ.

Монгол-Оросын Гэрээнд 1912 оны 11-р сард Өргөө хотноо гарын үсэг зурсан. Хэлэлцээрт хоёр тал өөрсдийн байр суурийг хамгаалж нэг сар гаруй маргалдсаны эцэст уг Гэрээг байгуулжээ.
Монгол-Оросын 1912 оны гэрээ нь Их гүрнүүд бага буурай оронд өөрийн хүсэл эрмэлзлийг тулган хүлээлгэдэг эрх тэгш бус зарчим үйлчилж байсаны нэг тод жишээ болсон юм. Энэ үед Манжийн дарлалаас салсан Монгол ба Хятад нь тус тусдаа өөрийн тусгаар тогтнолыг зарлаад байсан үе юм. Хаант Оросын Засгийн газар энэ шинээр тусгаар тогтнолоо зарласан улсуудыг алийг ч хүлээн зөвшөөрөөгүй байсан үед энэхүү гэрээний хэлцэл явагджээ. Монгол-Оросын 1912 оны гэрээний дараа 1914 онд Орос-Монголын хоорондын нууцаар байгуулсан дөрвөн зүйлийн гэрээг (мөнгө зээлүүлэх, буу зэвсгийн, төмөр зам байгуулах, цахилгаан мэдээ байгуулах) Хаант Оросын консул Миллер, Дотоод яамны тэргүүн сайд Дашзэвэг, Сангийн яамны тэргүүн сайд Чин ван Чагдаржав, Гадаад яамны дэд сайд гүн Цэрэндорж нар хэлэлцэн тогтоосон. 1915 оны Хиагтын гурван улсын гэрээ нь Монгол-Оросын энэхүү 1912 оны Гэрээ үндэс болсон байна.
![]() |
| Хаант Орос улс, Дундад Иргэн улс 1913 оны 11 дүгээр сарын 5-нд Бээжингийн тунхаглах бичгийг байгуулсны дараа |
Хаант Орос улс, Дундад Иргэн улс 1913 оны 11 дүгээр сарын 5-нд Бээжингийн тунхаглах бичгийг байгуулсан. Тунхаг бичиг нь үндсэн 5 зүйлтэй, хоёр хавсралт бичигтэй, хавсралт тус бүр дөрөв, дөрвөн зүйлтэй. Тунхаг бичгийн гол агуулга нь Орос улс ДИУ-ын Гадаад Монголыг хэмжээтэй эзэрхэх эрхийг зөвшөөрсөн. Гадаад Монголын автономит эрхийг ДИУ зөвшөөрөх, ДИУ Гадаад Монголын дотоод хэрэгт оролцохгүй байх, Хаант Орос улс Гадаад Монголд консулыг хамгаалах цэргээс өөр цэрэг суулгахгүй байх, Гадаад Монголын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, Монгол-Оросын 1912 онд байгуулсан гэрээг ДИУ хүлээн зөвшөөрсөн.Монгол улсын Богд хааны Засгийн газар Бээжингийн тунхаг бичгийг эсэргүүцэн Хүрээн дэх Оросын консулын газарт нот бичиг илгээж байсан. Хаант Орос улсад айлчлал хийж байсан Ерөнхий сайд Т.Намнансүрэн өөрийн Засгийн газрын байр суурийг илэрхийлэн “Манай Монгол улс Хятадын холбогдлоос бүр мөсөн салсан учраас Монгол улс зөвшөөрөөгүй байхад тогтоосон ямар ч холбоог огт хүлээхгүй, Монгол, Хятадын харилцааны асуудлыг гагцхүү Монгол улс өөрөө шийдэх ёстой” хэмээн эсэргүүцэж байсан.
Монгол-Түвдийн хооронд найрамдлын гэрээ 1913 оны 2 дугаар сарын 4-нд байгуулагдав. Монголын талаас Гадаад явдлын яамны дэд сайд Нягт билэгт Да лам Равдан, эрхэлсэн түшмэл Манлайбаатар ван Дамдинсүрэн, итгэмжит Улсын Түшээ гүн Дагвын Бат-Очир, Түвдийн талаас Далай ламаас томилогдсон Гүжир Цансан Ханчин Луузаннаваан, Донид Агваан ёнзон нар оролцов. Есөн зүйл бүхий уг гэрээгээр хоёр улс бие биенээ тусгаар тогтнож, хаан өргөмжлөгдсөнийг хүлээн зөвшөөч, харилцан туслалцах, худалдаалах ба санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэх талаар зөвшилцөлд хүрчээ.

Оросын хувьд 1905 онд Японтой хийсэн дайнаар Солонгос, Манжуурын нөлөөллийн бүсээ алдсан, түүнийг тэнцвэржүүлэх бүс нь Гадаад Монгол, тэр дундаа Баруун Монголын асар уудам нутаг дэвсгэр байлаа. 1907-1945 онд Монгол болон түүний эргэн тойрон дахь бүс нутгийг сонирхогч гурван гүрэн байсан нь Орос/ЗХУ, Хятад, Япон байв. Орос-Японы дайн (Япон: 日露戦争, にちろせんそう, орос. Русско-японская война) -Оросын Хаант Улс, Японы эзэнт гүрний хооронд Манжуур, Солонгос, Шар тэнгист өөрийн эрх мэдлийг тогтоох ашиг сонирхолын зөрчилдөөнөөс үүсэж 38 орныг хамарч, 1904 оны 2-р сарын 9-нд эхлээд–1905 оны 9-р сарын 5-нд дууссан дайн юм. 1871-1881 онд Хаант Оросын цэрэг хуучин зүүн гарын нутаг Шинжааныг эзэлж 10 жил хяналтаа тогтоосон, 1881 онд Тувад эзэн эрхээ тулгасан тэрхүү эгзэгтэй үед гол хаалт болж байсан субъект Засагт хан Доржпаламын Содномравдан байлаа. Тэр утгаараа ч Өргөө дэх төв Засгийн газрын байдалд анхаарал хандуулах боломж олдоогүй биз.
Халх, Ойрд, Өвөрлөгч ноёдын холбоо байгуулан гол зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан хоёр дээдэс болох Засагт хан Доржпаламын Содномравдан, Хорчингийн Бинт их чин ван Б.Гончигсүрэн нар хорлогдсоноос хойш Монгол Улсад нэгдэхээр тэмүүлж, ихээхэн санаачилгатай ажиллаж байсан Ойрд, Хөх нуур, Алтайн Урианхай, Өвөрлөгч 49 хошуудын голлох нөлөөтэй том ноёд нь үндсэндээ Богдын төрөөс зайгаа авч, замаа бодох болсон нь харагддаг. Харин цэргийн хэрэг эрхэлдэг дунд, бага ноёдоо зүтгүүлсэн байдаг. Энэ нь Таван замын их цэрэг өмнө зүг хөх нуур, өвөрмонгол нутаг хошуунд нь орсон байхад ч нэг их идэвхийлээгүй нь баримтаар харагддаг.
Хаант Оростой баруун хэсэгт шууд тулан хаалт болон зогсож байсан асар нэр нөлөөтэй Засагт хан Д.Содномравдан 1912 оны хавар гэнэт таалал болсон тул тэрхүү орон зайд нөхөж ажиллахаар үнэн хэрэгтээ тухайн үедээ Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байсан Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамны Тэргүүн сайд Гомбын Цэрэнчимэд Да лам Төв Засгийн газрынхаа тэргүүн, сайдын албанаас шилжин Баруун хязгаарын засан тохинуулах сайдаар томилогдон Урианхайн хязгаараас Ховдын хязгаар орох замдаа оросуудад хорлогдон 1914 оны 5 сарын 7-нд сэжиг бүхий байдлаар насан эцэслэсэн эмгэнэлт тавиланг дахин давтсан. Тэрээр 1914 онд Монголын баруун хязгаарыг тохинуулах сайдыг тушаал хvлээж зам явах зуураа «... энэ сарын шинийн долоонд тахиа цагт (1914.05.07)... улс төрийн албыг дуусгаж чадсангүй нь үнэхээрийн хайран хэмээн нулимс цувруулан дахин дахин гэрээслэн хэлж гэнэт амьсгал татаж» нас баржээ хэмээн тэмдэглэсэн байна. Сүүлчийнх үг нь ямар их чухал даалгавартайгаар баруун хязгаарт томилогдоод, даалгавраа амжуулаагүйдээ харамсч байснаас харж болно. Гомбын Цэрэнчимэд Да ламыг албанаас хавчин зайлуулсан гэх золбин яриа ор үндэслэлгүй юм. Баруун хязгаарт Богдын төр маш их ач холбогдол өгч ирсэн байдаг нь Хатанбаатар Магсаржав чин ванг цэрэглэн Алтай Урианхайн хязгаарт удаа дараа суулгасан, Засагт ханы Жалханз хутагтыг удаа дараа томилон ажиллуулж байснаас харж болно.
![]() |
Түүнчлэн Хаант Орос улс 1881 онд алтаар баян Тувад эзэн эрхээ тулгаад, цэргээ оруулах гээд Урианхайн ноёдыг Гомбодорж Амбан ноён, хошуу ноён Буянбадрах нараар дамжуулан хоёр хувааж урвуулаад байгаа явдал болон түүнийг нь 1883 онд Алтайн урианхай тувачууд эсэргүүцэн Алтан Майдарын бослогыг дэгдээж, Засагт хан Д.Содномравдангаар дамжуулан Монгол Улсдаа нэгтгэж авах талаар олон удаагийн өргөх бичиг Богдын төрд барьсан, мөн Хатанбаатар Магсаржав чин ван цэрэглэн Тувад орсон зэрэг нөхцөл байдлаас үүдэлтэй юм.
Ийм учраас Засагт хан Д.Содномравдан Монгол-Оросын Гэрээнд 1912 оны 11 дүгээр сард гарын үсэг зурагдахаас өмнө буюу 1912 оны 5 сарын 8-нд хорлогдсон. Хиагтын Гурван Улсын Гэрээ байгуулагдахаас өмнө Да лам Г.Цэрэнчимэд 1914 оны 5 сарын 7-нд хорлогдсон, мөн хятадуудтай хэл үгээ ололцохын тулд Хиагтын гэрээг ахлах ёстой Ерөнхий сайдын орлогч Өвөр Монголын Бинт хошой Чин ван Б.Гончигсүрэн 1914 оны 4 сарын 20-нд хорлогдсон, мөн Хиагтын гэрээ байгуулагдахаас яг 2 сарын өмнө Эрдэнэ дайчин хошой чин ван Минжиддоржийн Ханддорж 1915 оны 2 дугаар сард бусдын гарт алагдаж, 1919 оны 11 сарын 19-нд Монголын автономит эрхийг Монголын ноёд лам нарын өөрийн хүсэлтээр устгах Чэн И-гийн 64 зүйлт гэрээ байгуулахыг хэлэлцэхийн өмнө Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн 1919 оны 4-р сарын 20-ны өдөр гэнэт нас барсан, мөн уг гэрээг хэлэлцэх асуудлаас болж, генерал Сүй Шүжаныг Монголд ирүүлэхээс урьтаж Ерөнхий сайд, Дотоод хэргийн яамны сайд Шанзав Г.Бадамдорж 1919 оны 7 дугаар сард гэнэт нас барсан нь харагддаг.
Хиагтын хэлэлцээр 1914.08.26-аас 1915.05.25 хүртэл бүтэн 9 сар сунжран үргэлжилжээ. Энэхүү Гурван улсын Хиагтын гэрээгээр Монгол улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг хязгаарлаж, "Өөртөө эзэрхэх Гадаад Монгол"-ын хилийг зөвхөн Халх дөрвөн аймаг, Ховдын шинэ хязгаар, Урианхайн хязгаараар зааглаж, Монголчууд нэгдмэл нэг улс болох үйл хэргийг хүчээр таслажээ.
Харамсалтай нь 1921 онд орос улаан цэргүүд анх Урианхайд орж ирээд, 1922 онд Андрей Бакичийн цагаантнууд орж ирсэн. Улмаар хошуу ноён Монгуш Буянбадрах гэгч Тува БНАУ байгуулсан. 1926 онд Туваг зөвлөлтийн коммунистуудын шахалт шаардлагаар БНМАУ хүлээн зөвшөөрчээ. Зөвлөлт Холбоот Улс Монголын Урианхайн газар нутгийг гурван удаа таслан авсан байдаг юм. Энэ талаар хэн ч бичиж судалж байсангүй. Хаант Орост алдаагүй Урианхайн хязгаараа ЗХУ-д бид алдсан.
Хиагтын гэрээнд автономи буюу өөртөө эзэрхсэн хэмээх нэр томьёог хэрэглэсэн нь тухай үеийн ОУХ-нд бие даасан улсын утгаар хэрэглэж ирсэн жишиг. Гэрээний явцад болон түүний дараа ямар нэгэн маргаан гарвал тухайн үеийн дэлхийн нийтийн хэл болсон Франц хэлийг гэрээний үндсэн хэл болгохоор тохиролцсон юм. Учир нь: Аль нэг тал нь өөрийн хэлээр өөрийн улсын эрх ашгийг урьтал болгон хэлэлцээрийн агуулгыг гуйвуулахаас сэргийлж чадсан юм. Хиагтын хэлэлцээрт Монголын нутаг дэвсгэрийг зааглан тогтоосон нь Хятадаас тусгай, ОУЭЗ-н субъект мөнийг зөвшөөрсний нотолгоо болсон. Ийнхүү 1915 оны 6-р сарын 7-ны өдөр Хиагтын гэрээ түүний үйл явц өндөрлөсөн.

Зөвлөлтийн тал Монгол дахь элчин сайд В.Молотовоор (Сталины үед ЗХУ-ын ГЯЯ-ны сайд байсан) дамжуулан 1957, 1958 онд онд “Тувагийн үлдсэн нутгийг өг” хэмээн монголын талд хууль бус шаардлага тавьж монголын хойд нутгаас 2560 хав.дөр км нутаг булаан авсан. Зөвлөлтийн Монгол дахь элчин сайд В.Молотов монголын Увс аймгийн хойд нутгийг зөвлөлтийн талд өг хэмээн удаа дараа шаардахад хуучнаар Засагт хан аймгийн Бишрэлт гүний хошуу, одоогийн Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайд Содномын Аварзэд эрс эсэргүүцэж “Монголын унаган газар нутгийг хэн нэгэн Зөвлөлтийн албан тушаалтан шаардахад өгдөггүй юм" гээд 6 сар гаруй хэлэлцээрийг сунжруулж, эцэстээ албан тушаал амь насаараа төлсөн.
![]() |
| Signed at Peking on the 5th (18th) November 1913. Map of Mongolia |
П. К. Козлов. 1883—1885 оны Н. М. Пржевальскийн Монголд хийсэн анхны аяллаас эргэж ирсний дараа. |
Эдгээр баримтууд нь Монголын баруун бүс нутагт Хаант Орос улс хэрхэн их ач холбогдол өгч анхаарал хандуулж байсан нь монголын баруун хязгаарт Хаант Оросын Газар зүйн нийгэмлэг нэрийн дор асар өндөр зардалтай хийсэн олон удаагийн экспедицүүдээс нь харагддаг. Оросын газар зүйн нийгэмлэгийн экспедицүүд навигацийг хөгжүүлэх, шинэ газар нутгийг нээх, судлах, цаг уур, уур амьсгалын мэдээлэл бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Монгол нутагт Н.М.Пржевальский, Г.Н.Потанин, П.К.Козлов, И.М.Майский, А.Кропоткин, И.Д.Черский, М.В.Певцов болон М.Е.Грумм-Гржимайло, В.А.Обручев, Н.Н.Миклухо-Маклай, А.И.Воейков, Ю.М.Шокальский нарын хийсэн экспедицүүд баруун монголын газар нутгийг судлахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Майский И. Современная Монголия. Иркутск, 1921 гэх зэрэг. Хожим тэдгээр судалгаанууд нь монголын түүхийн тэр эгзэгтэй үеийн талаар бодитойгоор мэдэхэд асар үнэтэй эх сурвалжууд болж байна.
Энэхүү үе залгасан бодлогын хүрээнд бүх Монголын ихэс ноёд Засагт хан Д.Содномравданг хүрээлж, Богд хаант Монгол Улс байгуулахад бүгд дагаар дэмжсэн нь ийм учиртай.
МОНГОЛЫН НОЁД ДЭЭДСИЙН ХОРЛОГДСОН БАЙДАЛ
Түүхийн тэр эгзэгтэй цаг хугацаанд монголын тэргүүлэгч зонхилогч ханууд, их ноёд дээдэс 7 жилийн дотор цөм нэн сэжигтэйгээр хор ууж, бусдад алагдаж, амь эрсдсэн нь анхаарал татдаг.
Тухайлбал, Түшээт хан Дэмчигдоржийн Дашням 1912 оны 2 сард, Засагт хан Доржпаламын Содномравдан 1912 оны 5 сарын 8-нд, Гадаад яамны дэд сайд Нягт билэгт Да лам Равдан 1913 оны 9 сард, Бүгд ерөнхийлөн захирах яамны дэд сайд, Ерөнхий сайдын орлогч Өвөр Монголын Бинт хошой Чин ван Б.Гончигсүрэн 1914 оны 4 сарын 20-нд, Цэргийн яамны тэргүүн сайд Эрдэнэ далай ван В.Гомбосүрэн 1914 оны 5 сард, Дотоод яамны тэргүүн сайд Да лам Г.Цэрэнчимэд 1914 оны 5 сарын 7-нд, Гадаад яамны тэргүүн сайд Эрдэнэ дайчин хошой чин ван М.Ханддорж 1915 оны 2 дугаар сард, Сангийн яамны тэргүүн сайд Түшээт жүн ван Г.Чагдаржав 1915 оны 7 сард, Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн 1919 оны 2 сард, мөн 1919 оны 7 дугаар сард Ерөнхий сайд Эрдэнэ Шанзудба Г.Бадамдорж зэрэг төрийн гол ноён нуруу болсон хүмүүс 27-50 насандаа нэн сэжигтэйгээр амь нас нь хохирчээ.

Халхын Эрдэнэ Бишрэлт Оройн дээд Дархан Засагт Хан
Доржпаламын Содномравдан
![]() |
| Халхын Түшээт хан Дэмчигдоржийн Дашням |
| ||
| Халхын Сэцэн хан Цэрэндондовын Наваанэрэн |
Ерөнхий сайд Эрдэнэ Шанзудба Г.Бадамдорж 1919 оны 7 дугаар сард нас барсан бөгөөд Чэн И-ийн 64 зүйлт гэрээний төслийг нь хэлэлцэж байна гэж цаг хожиж байснаас биш улс үндэстнээсээ урваагүй юм. Харин түүнийг насан эцэслэснээс хойш буюу 1919 оны 11 сарын 19-ны өдөр Дундад иргэн улсын генерал Сүй Шүжан цэрэглэн орж ирж Монголын автономыг устгаж, Түшээт хангийн Дархан хошой чин ван Намжилдэндэвийн Пунцагцэрэн, Гадаад хэргийн сайд, гүн Б.Цэрэндорж нарын монгол урвагч ноёдоор Улсын Дээд хурлаар баталгаажуулсан байдаг.
1919-1920 онд Гадаад хэргийн сайд Б.Цэрэндорж тэргүүтэй ноёд, лам нар өөрсдийн эрх ямба, цалин пүнлүүний төлөө улсаа худалдан, тусгаар тогтнолын сүүлчийн боломж "автономит" эрхээсээ сайн дураар татгалзаж, Дундад Иргэн улсын төлөөний сайд Чэн И-гийн тулгасан 64 зүйл бүхий гэрээг батлуулахын тулд жил орчим ихээхэн хүчин чармайлт гаргажээ.
Шанзудба Г.Бадамдорж
Чэн И-гийн 64 зүйлт гэрээн дээр Б.Цэрэндорж нар Чэн И-тэй илтээр хуйвалдах болсон тул Ерөнхий сайд, Дотоод хэргийн яамны сайд шанзав Г.Бадамдорж элдэв шалтаг зааж, тус гэрээг гацааж эхэлсэн. Б.Цэрэндорж нарын урвагч ноёдын шахалтаас болж Ерөнхий сайд, Дотоод хэргийн яамны сайд Шанзав Г.Бадамдорж албанаас хавар хагас жилийн чөлөө авч, нутаг хошуундаа сууж байгаад 1919 оны 7 дугаар сард гэнэт нас барсан.
Б.Цэрэндоржийн хувийн хүсэлтийн дагуу 1919 оны 10-р сарын 21-нд Чэн И-гээс Бээжинд явуулсан цахилгаан утсанд энэ талаар дэлгэрэнгүй тайлбарласан. Иймэрхүү холион бантан болж байтал удалгүй Гадаад хэргийн сайд Б.Цэрэндоржийн хувийн хүсэлтийн дагуу генерал Сүй Шүжан цэрэглэн Монголд орж ирсэн. Сүй Шүжан Чэн И-гийн санал болгосон 64 зүйлт гэрээг анхнаас нь шүүмжилж байсан хүмүүсийн нэг бөгөөд Чэн И-г хөөж явуулаад өөрийн бэлдсэн найман зүйлт гэрээг Халхын ноёд, лам нарт хүчээр тулгаж, автономитийг устгажээ. Хятадын төлөөний сайд Чэн И-гийн тэмдэглэлд ”Гадаад яамны тэргүүн сайд, гүн Цэрэндорж нь их шавийн харьяат бөгөөд хятад угсаатай, хятад хэл бичигт сайн, дотор газарт дотоод халуун сэтгэл байх тул Монгол ноёдыг цуглуулж ятгаваас тэд угаас Б.Цэрэндоржид итгэдэг тул Хятад лугаа нийлбээс сайн болно хэмээн лав санажээ.." гэж тэмдэглэсэн байдаг.
Б.Цэрэндоржийг нас барсны дараа Хятадын бэлэвсрэлийн бичигт нэрийг “Цэ өвгөн Сиянсан” гэсэн буй.
![]() |
| Сүй Шүжангийн Найман зүйлт гэрээ байгуулсны дараа. Монголын автономит эрхийг устгаад Шар ордоны үүдэнд татуулсан фото. 1920 он Сүй Шүжаны хоёр хажууд Дархан ван Пунцагцэрэн, Жонон ван Ширнэндамдин нар |
1919 онд Нийслэл хүрээнд сууж байсан Бүрэн эрх төлөөлөгч Чен-И ба Олноо Өргөгдсөн Монгол Улсынудирдлагатай хийсэн хэлэлцээний үеийн тэмдэглэлийн хэсэг Монголын үндэсний архивт хадгалагдаж байна. Тэрхүү тэмдэглэлд Монголын автономит төрийг устгасаны төлөө Монголын ноёд, том лам, хутагт нарт мөнгөн шагнал олгох асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд 138 хүний нэр, цол хэргэм болон олгох мөнгөн шагналын хэмжээг заасан жагсаалтыг үйлдсэн нь хадгалагдан үлджээ. Үүнд: Гадаад яамны сайд, Хичээнгүй гүн Б.Цэрэндоржид 20 мянган лан мөнгө гэх зэргээр нийт 354 мянган лан мөнгө олгохоор заажээ. Дотоод яамны дэд сайд Эрдэнэ жонон ван Ширнэндамдин ба дэд сайд Да лам Пунцагдорж нарт тус бүр 15 мянган лан мөнгө олгохоор заасан байна. 1920 онд Монголын ноёд лам нарын өөрийн хүсэлтээр автономит эрхийг устгасан. Сонирхолтой нь Ерөнхий сайд, Эрдэнэ шанзав да лам Гончигжалцангийн Бадамдоржид 30 мянган лан мөнгө өгөхөөр тэмдэглэсэн байгаа боловч энэ тэмдэглэл гарахаас өмнө Шанзав Г.Бадамдорж 1919 оны 7 дугаар сард гэнэт нас барсан байсан.
Өмнөх Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн 1918 оны дундуур хагас жилийн чөлөө авч, нутаг хошуундаа сууж байгаад Нийслэл Хүрээнд ирээд 1919 оны 4-р сарын 20-ны өдөр гэнэт нас барсан бол дараагийн Ерөнхий сайд, Дотоод хэргийн яамны сайд Шанзав Г.Бадамдорж 1919 оны хавар албанаас хагас жилийн чөлөө авч, нутаг хошуундаа сууж байгаад 1919 оны 7 дугаар сард гэнэт нас барсан.
Энэ хоёр Ерөнхий сайдын албанаас чөлөө авч, хорлогдсон шалтгаан нь Монголын автономит эрхийг Монголын ноёд лам нарын өөрийн хүсэлтээр устгах шахалт дарамтаас зайлсхийж, элдэв шалтаг зааж, тус гэрээг гацааж эхэлсэн тул шахагдаж, хорлогдсон байх магадлалтай юм.
Дилав хутагт Б.Жамсранжав “Ариун сэтгэл авралын үндэс” номдоо ”Жич: Гадаад хэргийн сайд Ба.Цэрэндоржийг зусардан дагагч олон болсноор Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн ганцаардаж, бүгдийг засан залах хүчингүй болов” ... гэж бичиж үлдээжээ.
Энэ үед Хүрээнд сууж асан ерөнхий консул Любагийн Бээжинд мэдэгдсэн цахилгаанд:
"...Хүрээний сайд нарын хооронд сүрхий хурц зөрчил байна, засгийн хамаг эрх мэдлийг да лам тэргүүтэй харчины хэдэн түшмэл гартаа авчээ" хэмээн мэдэгдсэн байдаг.
Нийслэл Хүрээнд Буриадын лам Агваандорж В.Котвичид бичсэн захидалдаа: "...энд да лам дотоод хэргийн министр болоод Хайсан гүн зэрэгтэй болж, энэ хоёр их эрхтэй улс төрийн явдлыг тогтоож хаандаа юу айлтгасан түүгээр болж байна. Энэ нь бусад хаад, ноёдын сэтгэлд тун тааламжгүй юу болох нь болзошгүй гэсэн ба Да лам Хайсан хоёрыг ч олноор зөвлөн зохилдон хэлэлцэх хэрэгтэй гэснийг нь үл хэрэглэнэ" хэмээн бичицгээсэн байна.
1920 онд Чэн И-гийн санал болгосон 64 зүйлт гэрээний төслийн дараа хүчээр байгуулсан Сүй Шүжангийн Найман зүйлт гэрээ буюу Монголын автономит эрхийг Монголын ноёд лам нарын өөрийн хүсэлтээр устгах гэрээний дагуу Монголын Сэцэн хан тэргүүтэй ноёд, хутагтууд Бээжинд очиж, Да жунтантай уулзсан. Тэднийг дагалдан Монгол-Төвдийн Жургааны сайд Халхын Наянт чин ван байлцжээ.
![]() |
| 1920 он Бээжинд Монголын ноёд |
1915 оны 2 сарын 8-нд Түшээт хангийн Дайчин хошой чин ван Минжиддоржийн Ханддорж монголын дайснуудад хорлогдон нас барсан. Түүнийг алагдсны дараа 3 этгээдийн хэлэлцээрт орж байсан төлөөлөгчдийг Орос, Хятадын талын хүссэн хүмүүсээр сольж, гэрээний агуулга өөрчлөгдөн 1915 оны 5 сарын 25-нд байгуулсан Хиагтын гэрээ нь Монголын тусгаар тогтнолд ашиггүйгээр харамсалтайгаар эргэж байсан.
Ханддорж вангийн үхлийн тухай ингэж бичсэн байна Тухайлбал: Үндэсний түүхийн архивын сан хөмрөгт: "Гадаад яамнаас тэргүүн сайдын дэргэдэх түшмэл Дашдэлгэрийн мэдүүлэн ирснийг үндэслэж "харьяат засаг, сайд хошой Дайчин Чин ван М.Ханддорж энэ цагаан сарын шинийн зургааны өглөө мориноос шилмэж, ухаан мэдрэлгүй болсныг шавдан засуулсан боловч ер илаарь болж чадсангүй. Мөн өдөр морин цагт нэгэнт наснаас нөгчив" гэсэн байдаг.
Оросын Холбооны Улсын Буриад улсын Нийгмийн шинжлэх ухааны номын санд хадгалагдаж буй "Гадаад Монголын автономи ба амгалан байдлын тухай бичиг"-т:
Манай гадаад Монголд улсыг хөгжүүлэхгүй арга мэх үүсгэн хар хятадыг өөртэйгөө дотночлон амраглуулсан ба нэр ба үнэн тангараг тэргүүтнээ умартан тэд нар улсын хулгайчид хортны нам болж, манай мэргэн алдарт Засагт хаантан (Содномравдан)-г хорлон алаад залуу бөгөөд баатар сүрт Түшээт хан (Дашням)-ыг бас тэр мэтээр хорлосон нь үнэхээрийн заналтай. Улсын хэрэгт маш мэргэжиж дотоод, гадаадад алдаршсан нэрт лам Цэрэнчимэд (Дотоод явдлын яамны сайд) басхүү тэр хулгайчдын гарт цаг бусаар үхэв. Бас манай Богд эзэн хааны шадар сайд, далай мэт ухаан төгөлдөр Дайчин ван (Гадаад явдлын яамны сайд Ханддорж) бас ухваргүй банди нар, эрлийз нар архиар согтоож алсныг хэн ч үл мэдэх газаргүй. Энэ мэтээр хор ерөнд ерөндөж алагдсан мэргэн төгөлдөр Түшээт ван (Сангийн сайд Чагдаржав), Бинт ван (Гончигсүрэн) Далай ван (Цэргийн яамны сайд Гомбосүрэн), жич Сахалт лам Бөхбаян (өвөрмонголын Хорчин аймгийн ноён Удай Засагт чин вангийн төрсөн дүү), эдгээр цөм хорлогдсон. Манай Богд Чингис хааны язгуур үндэсний үр, маш ариун тунгалаг оюунт Сайн ноён (Намнансүрэн)-г хорлосон нь даанч өнгөргүй. Муу хоронд хамаг бие нь шарлаж өөд болов. Манай халхын аль сайн тэргүүлэгчдийг алж бараад улсын хэргийг шинэтгэн шийтгэх хүнгүй болгон, хайран тул гар төрийг унагаж хамаг ардыг сарниулан, хар хятадын гажуу засгийг хүлээлгэх нь үнэн болов. Хятадаас нууцаар цалин авах банди нар, эрлийз нар манай халхын засгийн нэр сүрийг доромжилж бууруулан хошуу тамгыг хөнгөн болгон тэрхүү өөрсдийн адил язгуургүй эрлийз нарт олгож, нэр нүүрт ван, гүнгийн нэрийг шагнаж байна." гэж тэмдэглэгдсэн байна.
Засагт хан Д.Содномравдан өвөг маань “Шашин төрийн төлөө зүтгэхэд хялбарыг эрэхгүй, бэрхээс зайлахгүй, эдүгээгийн төрийн төлөө энэхүү батлан тогтоосон тангараг сахилгыг нүдний цөцгий, зүрхний тольт мэт хичээнгүйлэн хайрлана” гэж хэлсэн тангарагтаа үнэнчээр эх орон ард түмэндээ зүтгэжээ.
Засагт Хан аймгийн бүтэц, бүрэлдэхүүн
Халхын Эрдэнэ Бишрэлт Засагт Хан Доржпаламын Содномравдангийн үед Хантайшир уулын чуулганы Эрдэнэ Бишрэлт Засагт Хан аймаг нь 20 хошуу, 3 отогтой байв.
1912 онд Засагт хан Д.Содномравдан бээр 1724 оноос хойш өвлөгдөн ирсэн аймгийнхаа чуулганы “Заг голын Бидэрьяа нуурын чуулган” нэрийг өөрчилж өгөхийг Богд хаанд айлтгаж, “Хантайшир уулын чуулган” хэмээн өөрчлүүлж байжээ. Д.Содномравдан ханы өргөсөн бичигт Чуулган хийдэг газрыг өөрчилж өгөх тухай бус Чуулганы оноож өгсөн нэрийг өөрчилж өгөхийг хүссэн байна.
Халхын Эрдэнэ Бишрэлт Засагт Хан Аймагт
Засаг, хошой чин ван, Засаг төрийн жүн ван – 1,
Засаг, төрийн бэйл – 3 (нэг нь үе улиран жүн вангийн зэрэгтэй),
Засаг, хошууны бэйс – 2 (нэг нь үе улиран бэйлийн зэрэгтэй, нэг нь үе улиран жүн вангийн зэрэгтэй,
Засаг, улсын түшээ гүн – 3 (нэг нь үе улиран бэйлийн зэрэг залгамжлана) ,
Засаг, улсад туслагч гүн – 6 (хоёр нь үе улиран бэйлийн зэрэг залгамжлана) нэг нь үе улиран улсын түшээ гүнгийн зэрэгтэй (нэг нь үе улиран бэйсийн зэрэгтэй),
Засаг, тэргүүн зэрэг тайж – 4 байв.
Засагт хан аймаг нь Ахай засгийн хошуу, Мэргэн засгийн хошуу, Далай засгийн хошуу, Жалханз хутагтын шавь, Эрдэнэ дүүрэгч засгийн хошуу, Ачит засгийн хошуу, Цогтой засгийн хошуу, Ялгуусан хутагтын шавь, Сэцэн засгийн хошуу, Баатар засгийн хошуу, Эрдэнэ засгийн хошуу, Дархан засгийн хошуу, Засагт хан хошуу, Үйзэн засгийн хошуу, Дайчин засгийн хошуу, Бигэр номун ханы шавь, Илдэн засгийн хошуу, Ёст засгийн хошуу, Итгэмжит засгийн хошуу, Бишрэлт засгийн хошуу, Жонон засгийн хошуунаас бүрдэж байв. Ховд, Урианхайн хязгаарыг зарим талаар хамаарч байв.
Халхын өрнө замын Заг голын эх Бидэръяа нуурын чуулганы (Хантайшир уулын чуулган) зүүн гарын дундад хошуу буюу Засагт хан аймгийн Үйзэн засгийн хошуу нь 1918 оны хүн амын тооллогоор Өрх – 640. Эрэгтэй – 549 (үүнээс Засаг, төрийн бэйл – 1, Засаг, Улсын Түшээ гүн –1, хошууны улсад туслагч гүн -1, тайж – 32, хамжлага ард – 64, лам банди – 83, сумны албат эр – 287, сул эр – 93). Эмэгтэй – 515. Нийт – 1064.
Засагт ханы гэнэтийн үхэл
1912 онд Халхын 4 ханы нэг Засагт хан Д.Содномравдан хан гэнэт нас баржээ. Түүний үхлийн талаар олон яриа байдаг Тэдгээрийг дурдвал:
- Бас нэг ихээхэн сонирхол татах эх сурвалж бол одоо нэгэнт ил болсон Хаант Оросын Эрхүүгийн цэргийн тойргийн Монголын талаар хийж байсан тагнуулын мэдээлэлд: "Монголын Засгийн газарт Хаант Оросын гурван эх сурвалж байгаа. Нэг монгол ноён, хоёр буриад түшмэл, гурав дахь нь Засагт Хааны нэг Хатан. Тэр хатан маш чухал ... гэсэн байдаг. Үүнээс харахад Засагт Хааны Цэсрэн хатан оросуудын гар хөл болж, энэ нь Богдын тагнуулын албад мэдэгдэн, түүнээс шалтгаалан Засагт хан Содномравданг Хаан болох хуйвалдаан хийж байна гэж хардагдан сэрдэгдэх үндсийг тавьж, Богдод хорлогдох шалтгаан болсон байж болох юм.
- Засагт хан, Богдод хорлогдсноос хойш Засагт ханыхан Богдын төрд сүжиг буурч, Засагт ханы Үйзэн Засгийн Батын Дагвын Бат-Очир Улсын Түшээ гүн ноён (үе улиран бэйлийн зэрэгтэй) оройлон эсэргүүцэн татгалзаж, Засагт ханы Баатар вангаас бусад нь Богдын төрд нэг их идэвхийлээгүй байдаг. (энэ мэдээ болон дээрх Ханы фото зургийг оросын эзэн хааны жанжин штабын ахлах офицер Газар зүйн нийгэмлэгийн судалгааны нэрийн дор монголд ирэх үедээ авсан. Оросын архивт хадгалагдаж байна.)
- Түүнийг хэрхэн таалал төгссөн тухай нэгэн сонирхолтой дуртгал болох, 1946 онд сэргээн байгуулсан Гандантэгчилэн хийдийн хамба лам Эрдэнэпил агсны дурдснаар "...1912 оны хавар Засагт хан таалал төгсөв. Нэг өдөр Засагт ханы харьяаны Дашчоймбол дацанд хурал хурж байсан бүх ламыг Засагт ханы бие муудсан тул аваачиж ном уншуулсан юм. Маргааш өглөө нь Засагт ханы харьяат нэгэн ламаас миний асуухад манай Хан тэнгэр болов. Богдын ордонд бараалхаж очоод тэнд хор зооглосон юм гэнэ. Тэгээд үнээний сүү уугаад тус болсонгүй нас эцэслэлээ" гэжээ. Хуучны хүмүүс Д.Содномравдан ханыг жуузнаас буугаад ирэхэд толгойн оройноос нь гэрэл цацарсан, гэгээн дээдэс байсан гэлцдэг.
- Халхын Эрдэнэ бишрэлт Үнэн сүжигт Оройн дээд Дархан Засагт хан Д.Содномравдан ханыг албан ёсоор улсын хаан болох эрхтэй учраас Богд хаан хорлосон байх магадлалтай гэж үздэг. Тухайлбал, Д.Сүхбаатар жанжинг хорлон алсан гэх хэргээр баривчлагдсан Богд хааны оточ маарамбын Дотоодыг хамгаалахынханд баригдан өгсөн мэдүүлэгтээ бэйс Д.Сүхбаатарын судасыг барьсан үнэн бөгөөд хор өгч алсан нь үгүй. Харин Засагт хаан Содномравдан, Түшээт ван Чагдаржав, Бинт ван Гончигсүрэн, Эрдэнэ далай ван Намсрай нарт хор өгсөн нь үнэн хэмээн мэдүүлэг өгсөн нь тэмдэглэгдсэн нь байдаг.
ЗАСАГТ ДАРХАН ХААН ДОРЖПАЛАМЫН СОДНОМРАВДАНГИЙН ТАЛААРХ ӨВӨГДИЙН АМАН ЯРИА
VVНЭЭС ХОЙШ 16 ДАХЬ ЗАСАГТ ХАН БОЛ ДОРЖПАЛАМ ДАРХАН ХААН (1878-1898) БАЙСАН. ТЭДНИЙХ 2 ХVVТЭЙ, АХМАД ХVV НЬ ЦЭРЭНГОМБОЖАВ, ДVV НЬ СОДНОМРАВДАН ГЭДЭГ БАЙЖ. ДАРХАН ХААН ДОРЖПАЛАМ ЄЄРИЙН ЗАЛГАМЖ ХАЛААГ УУГАН ХVV ЦЭРЭНГОМБОЖАВТ ЗАЛГАМЖЛУУЛАХ БОДОЛТОЙ БАЙСАН БОЛОВЧ, ДVV НЬ АХААСАА УХААЛАГ БАЙСАН УЧИР АХЫГ НЬ АРЫН ХVРЭЭ ХИЙДЭД СУУЛГАЖ ЛАМ БОЛГООД ДVV СОДНОМРАВДАНД НЬ ХААНЫ СУУДЛАА (1898-1912) ЗАЛГАМЖЛУУЛСАН ЮМ ГЭДЭГ.
ХАН ХVV НЬ ХААН ТЄРИЙН АЛБАНЫ ЁС ЖУРАМД АМАРХАН ТЄЛЄВШИЖ УГИЙН СЭРГЭЛЭН УЧИР МОНГОЛ МАНЖ VСЭГ БИЧИГТ САЙН СУРАЛЦАЖ ТЄРИЙН ХVНИЙ ТЄВШИН ТЄЛЄВ ТЄРХ, ЭР ХVНИЙ САЙХАН ШИНЖ БVРДСЭН ЭР БОЛЖ Л ДЭЭ. ХОЖИМ 1950-ИАД ОНЫ VЕД МАНАЙ НУТГИЙН БААТАР МУЖААН, АДИА МАНДИА ГЭДЭГ ХОЁР ЄВГЄН ЗАСАГТ ХААН СОДНОМРАВДАНГ ЖУУЗНААСАА БУУГААД ИРЭХЭД БИЕНЭЭС НЬ ГЭГЭЭ ЦАЦРДАГ БАЙЖ БИЛЭЭ ГЭЖ ХУУЧИЛДАГ БАЙСАН САН. ЕР НЬ СVР ЖАВХЛАН ТЄГС ЯМАР Ч ХVН ДАНДАА ДУЛААН ЭНЕРГИ ЦАЦРУУЛЖ ЯВДАГИЙН ТОД ЖИШЭЭ ЭНЭ ЮМУУ ДАА ГЭЖ БИ БОДДОГ ЮМ. ХУУЧНЫ СУДАРТ Ч БАЙДАГ ДАА. ХVНИЙ ТЭРГVVНЭЭС ЯМАГТ ГЭРЭЛ ЦАЦАРЧ БАЙДАГ ГЭЖ ХУУЧЦУУЛ Ч ЯРЬДАГ.
ЭНЭ НЬ ШИНЖЛЭХ УХААНЫ ХЭЛЭЭР БОЛ ГЭРЛЭН БVРХVVЛ ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХ ТАЛТАЙ Л ДАА. СОДНОМРАВДАН ХАН СУУДЛЫГ ЭЗЛЭЖ, НУТАГ ХОШУУНДАА НЭР ХVНДТЭЙ, ДЭЭД ДООД ГЭЖ ЯЛГАВАРЛАДАГГVЙ НИНЖИН СЭТГЭЛТЭЙ ХVН БАЙСАН ГЭЖ МАНАЙ ААВ БОЛОН VЕИЙНХ НЬ ХЄГШЧVVЛ ДУРСАН ЯРЬДАГ БАЙСАН НЬ ХVVХЭД НАСНЫ МИНЬ ОЙ УХААНД МАРТАГДАЛГVЙ VЛДЭЖ ДЭЭ.
ХАРИН ХААНЫ ГЭР БVЛ НЬ ЯМАР ХVН БАЙСНЫГ НУТАГ ХОШУУНЫ ХVМVVС ЯНЗ ЯНЗААР Л ЯРИЛЦДАГ ЮМ. СОДНОМРАВДАН ХААНЫ ХАРЬЯА ХАН ТАЙШИР УУЛЫН ХОШУУНЫ ТЭРГVVН БАЯЧУУДЫН НЭГЭН Олхунуд отгийн Жамсрангийн (Чадраадамбын Лодойдамбын авга эгч) ОХИН ЦЭСРЭНТЭЙ ГЭР БVЛ БОЛГОЖ ХАТАН СУУДАЛД СУУЛГАСАН ЮМ ГЭДЭГ. ХААНЫ ХАДМЫГ (ПАЙТАН) ЦОЛ ЄРГЄМЖЛЄЛТЭЙ БОЛГОДОГ ЁСТОЙ ЮМ. ЧАДРААБАЛЫГ ЗАХИРАГЧ БОЛГОЖЭЭ. ЧАДРААБАЛ БОЛ ХVН УДИРДАХ ХАР УХААН, БИЧИГ VСГЭЭР ХЭНЭЭС Ч ДУТАХГVЙ ХVН БАЙСАН ГЭДЭГ.
ТЭР VЕД ЦЭСРЭН ХАТНЫГ БОГДЫН ИХ ДАГИНА УРИН АВЧИРЧ ДЭРГЭДЭЭ ХАГАС ЖИЛ ШАХАМ БАЙЛГАСАН ГЭЖ БАЙГАА ЮМ. ХААН НЄХРИЙГ НЬ БОГДЫН ЗАРЛИГААР ДУУДАН ИРVVЛЭЭД ХОРТОЙ ИДЭЭГЭЭР ДАЙЛЖ ХОРООСОН ГЭДЭГ. ЦЭСРЭН ХАТНЫГ НУТАГТАА ИРЭХЭД ХОШУУНЫ ОЛОН, НЄХРИЙНХЄЄ ТОЛГОЙГ ЗАЛГИАД ИРСЭН ЭМ ГЭХ ЗЭРЭГ ЭЛДЭВ ЯРИА ГАРСАН ГЭДЭГ. ЦЭСРЭН ХАТАН Ч УДАЛГVЙ НАС БАРЖ ГЭНЭ. ХАРИН ТVVНИЙ ЦОГЦОСЫГ ТЭР VЕИЙН ХААНЫ ОРДНЫ ТVШМЭЛ ГVРЖАВ ЖОНОН ГЭГЧИЙН ЦОГЦОСТОЙ ХVЗVVГЭЭР НЬ ОЛСООР ХОЛБОЖ МАНТУУГИЙН ХУДГИЙН ДЭЭД ЖАЛГАНД ХАЯСАН БАЙЖ Л ДЭЭ. МАНТУУГИЙН ХУДАГ НЬ ОДОО ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТЄВД БАЙДАГ ЮМ. ТЭР VЕД БОЛ ЭЗГVЙ ХЭЭР ГАЗАР Л БАЙСАН БАЙЛГVЙ. ЭНЭ ЯВДЛУУД ЯМАР НЭГ НУУЦЛАГ ЦУВРАЛ АЛЛАГА МЭТ САНАГДДАГ ЮМ. ЯМАР УЧРААС Ч ГVРЖАВ ЖОНОН ГЭГЧТЭЙ ХОЛБОЖ ХАЯСАН ЮМ БИЛЭЭ, ХЄЄРХИЙ. ТЭР VЕД БОГД ХААНЫ ОРДОН ХАВИАР ИЙМЭРХVV ТОХИОЛДОЛ МАШ ИХ ГАРЧ БАЙСАН ТУХАЙ АРД ОЛОН ШИВЭР АВИР ЯРЬЦГААДАГ БАЙСАН ГЭДЭГ
VVНИЙ НЭГД НЬ ЗАСАГТ ХАН СОДНОМРАВДАНГИЙН VХЭЛ ХАМААРДАГ БЄГЄЄД, УГ ШАЛТГААНЫГ НЬ ТУХАЙН VЕИЙН УЛС ТЄРИЙН БАЙДАЛТАЙ Ч ХОЛБОЖ ЯРЬДАГ Л ДАА.
Сүүлчийн Засагт ханы залгамжлал
Засагт хан Доржпаламын Содномравданы орыг түүний хүү Содномравданы Агваанцэрэн 1912-1915 залгасан боловч удаагүй хорлогджээ. Хамгийн сүүлчийн Эрдэнэ бишрэлт Засагт хан нь Доржпаламын ахмад хөвгүүн тойн Доржпаламын Цэрэнгомбожав (1915-1923) залгамжилжээ.
Сонирхол татах баримт нь Засагт хан Д.Содномравдан, Түшээт хан Н.Дашням нарыг хөнөөгдсний дараа балчир хөвгүүд нь хан ор сууж угсаа залгаад 2 жил хүрэлгүй бусдад хорлогдож, хоёр ханы ах, дүү нар нь Хан ор суусан байдаг. Эндээс хоёр дээдсийн уг үндсийг оргүй таслах өш хонзон ханхалдаг.
1923 оны 10 сарын 19-ны Засгийн газрын хуралдааны дараахан 10 сарын 24-нд Хантайшир уулын хошууны чуулган Хантайшир уулын Жаргалант гол гэдэг газар хуралдан, хошуундаа 11 сум шинээр байгуулж, хошууны даргаар Засагт хан Доржпаламын Цэрэнгомбожавын ганц хүү 8 настай Цэрэнгомбожавын Ванчинжавыг сонгож байсан байдаг.
1912 онд Өргөөд байсан Засагт хан Д.Содномравданг учир битүүлгээр нас барахад Богд хаанаас лүндэн буулган бүх хүрээ хийдээр хойдын буянг үйлдэн хурал хурж, Засагт ханы шарилыг нутагт нь хүргэх 200 лан зардал хөрөнгийг гаргаж нутагт нь авчирч оршоосон тухай мэдээлэл бий. Юутай ч анхны Ашихай ханаас Засагт хан Д.Содномравдан, түүний хүүг хүртлэх 17 ханы олонхыг Хан Тайширын нуруунд Их Хоригт оршуулж ирсэн нь тодорхой юм. Харин их хэлмэгдүүлэлтийн өмнөхөн Арын хүрээнд тойн лам болсон сүүлчийн хан Д.Цэрэнгомбожавын ухаан самуурч байгаад бие барсанд тэмээнд ачиж, Улаангангад булсан гэдэг.
Энд дурдагдсан Жаргалант гол нь аймгийн төвөөс холгүй, Хантайшир уулын ар бэлд байх Ар Гүүбариач орчимд бий. Мөн Эрдэнэ бишрэлт Засагт ханы хүрээний туурь нь ч тэнд байгаа билээ.
1938 онд Өвөр Монголын нутагт Засагт ханы угсаа залгамжлах эрхтэй хан хүү Бат гэгч хүн өөрийн шадар туслах Лодой гэдэг ламтай хамт дүрвэж очсон байсан гэх мэдээллийг Дани улсын жуулчин Хазбанди гэгч тэмдэглэн үлдээжээ. Энэ Лодой гэх ламын зурсан зураг Данийн үндэсний Музейд тавигдсан байдаг аж. Лодой ламын дуулсан Алтан богд гэгч бэсрэг уртын дууны бичлэг ч бас байна билээ. Угсаа залгамжлах эрхтэй тэр Бат гэгч хүн нь Д.Содномравданы ойр төрлийн хүн гэдэг нь ойлгомжтой.
Өвгөдийн заяа тэтгэж, Өлзий-Осор орших болтугай.
Алтанхаруул овогийн Шагдарын Үнэнтөгс
Хууль зүйн ухааны доктор
Холбоотой мэдээлэл
Эшлэл
- Ермаченко И.С. Политика маньчжурской династии Цин в Южной и Северной Монголии в XVII в. М.: Наука. Главная редакция восточной литературы, 1974 — 196 с
- Козлов П. | Тибет и Монголии
- The romantic story of the Mongolian Independence
- LES RUSSES EN MONGOLIE
A Tour in Mongolia 1920 by Beatrix Bulstrode (Mrs. Edward Manico Gull)
- История Монгольской народной республики. Изд. 3-е. — М.: Наука. Главная редакция восточной литературы, 1983 — 660 с
- "Төгс-Очирын Намнансүрэн, 1878-1919, Монгол Улсын Ерөнхий сайд асан (1912-1919)". The Endangered Archives Programme. Татаж авсан: 2022-02-02.
- William Elliott Butler. The Mongolian legal system: contemporary legislation and documentation. p.255
- Thomas E. Ewing, Revolution on the Chinese Frontier: Outer Mongolia in 1911, Journal of Asian History (Wiesbaden), v. 12, pp. 101–119 (1978). (англ.)
- Thomas E. Ewing. Between the Hammer and the Anvil. Chinese and Russian Policies in Outer Mongolia, 1911–1921Bloomington, IN, 1980. p. 36.
- Tsedev, pp. 40, 46. (англ.)
- Батсайхан О. 2008. Монголын суулчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба. Улаанбаатар: Адмон
- Кузьмин С. Л. Русско-Монгольское соглашение 1912 г. и независимость Монголии. – Вестник Московского городского педагогического университета, серия "Исторические науки", № 1, 2015, с. 80-87 (орос.)
- History of Mongolia, Volume 5. Mongolian Institute of History, 2003.
- Bat Ochir baavain lekts 1 http://www.youtube.com/watch?v=twc9mF-oJow 08м:45с
- Istoriya Tuvy [History of Tuva], v. 1, pp. 354–55.
- 1913 г., октября 23. — Декларация России и Китая о признании автономии Внешней Монголии.
- Batsaikhan, O. The Last King of Mongolia, Bogdo Jebtsundamba Khutuktu. Ulaanbaatar: Admon, 2008, p.293 – ISBN 978-99929-0-464-0
- Нутаг орноо чөлөөлсөн нь
- ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭСНИЙ БАЯРЫН ӨДӨРТ (Memento 30. Арванхоёрдугаар сар 2019 цахим архивт) О.Батсайхан
- Төрийн ордны танилцуулга
- Даваасүрэн, Цогзолсүрэн (2023). Монгол Улсын Ноёдын Цол, Хэргэм, Зэрэг (1911-1923). Улаанбаатар: Битпресс ХХК. х. 72.
- Монгол улсын нийгэм,эдийн засаг соёл 1911 он
- Шагдарын Үнэнтөгс. ТУСГААР ТОГТНОЛ БА АНХДУГААР ҮНДСЭН ХУУ 2008 он
- Богд Хаант Монгол Улсын Төрийн Хамгаалалт (Memento 2. Аравдугаар сар 2019 цахим архивт) Төрийн Тусгай Хамгаалалтын Газар.
- История Эрдэни-дзу. Факсимиле рукописи / Пер. с монг., введ., комм. и прил. А.Д. Цендиной. М.: Издательская фирма «Восточная литература» РАН, 1999. — 255 с ISBN 5-02-018056-4
- Лубсан Данзан. Алтан тобчи (“Золотое сказание”) / Пер. с монг., введ., комм. и прил. Н.П. Шастиной. М.: Наука. Главная редакция восточной литературы, 1973 — 439 с
- Скрынникова Т. Д. Ламаистская церковь и государство. Внешняя Монголия. XVI — начало XX века. — Новосибирск.: Наука. Сиб. отд-ние, 1988. — 104 с ISBN 5-02-029353-9
- Цааджин Бичиг (“Монгольское уложение”): Цинское законодательство для монголов 1627—1694 гг. Монгольский текст. Введ., транслитерация монг. текста, пер. и комм. С.Д. Дылыкова. М., 1998
- Шара туджи: Монгольская летопись XVII века. Сводный текст, пер., введ. и прим. Н.П. Шастиной. М.; Л., 1957.
- Батмөнх, Баасанхүү (2025-06-18). "Засагт хан аймгийн Баатар засгийн хошууны хүн амын овгийн бүрэлдэхүүн". Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology. 14 (1): 93–101. doi:10.22353/mjaae.2024130209. ISSN 1810-5025.
- Насан (2000-09-26). "Өвөр Монголын мал аж ахуй ба нутаг бэлчээрийг ашиглах тухай". Journal of International Studies: 90–100. doi:10.5564/jis.v1i1.2302. ISSN 2663-7871ang Mu jokiyaba. Namyun, Banzaraγča mongγolčilaba. Mongγol-un qosiγu nutuγ-un temdeglel (dumda). Ündüsüten-ü keblel-ün qoriy-a.
- Майский И. Современная Монголия. Иркутск, 1921.
- Ц.Цэрэндорж. Засагт хан аймаг. МОНГОЛЫН ТҮҮХИЙН ТАЙЛБАР ТОЛЬ.
- О.Батсайхан, З.Лонжид, О.Баяртөр, Л.Алтанзаяа. (2012). МОНГОЛЧУУД: XX-XXI зуунд Зурагт түүх. Улаанбаатар. МОНСУДАР
- Г, Бадамсамбуу (2018). "Баруун Халхын хямрал хэзээ эхлэв: "Элжигинийг эвдсэн" хэрэг, түүний үр дагавар". Historia Mongolarum. 17: 42.
- "ЗАСАГТ ХАН, ХАНТАЙШИР УУЛЫН АЙМАГ, АЛТАЙ АЙМАГ, ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ГАЗАР НУТГИЙН ХАМААРАЛ". Эх хувилбараас архивласан: 2020-01-29. Татаж авсан: 2022-07-28.


















No comments:
Post a Comment