Зүүнгарын сүүлчийн хааны эш хөрөг Берлины музейд байна
2011 оны 10 сарын 15
Монголын Зүүнгарын хаант улсын сүүлчийн хаан Даваачийн цорын ганц хөрөг бидний үед үлдсэн нь энэ. XYII зууны эхэн үеэс хүчихэгжин Алтайн ар өвөр, одоогийн Шинжаан Уйгар, Төвд, Хөх нуурыг эзэрхэж, Дундад Азийн хэд хэдэн улсаас алба гувчуур авч, Манжтай уулгалцаж, Оростой эн тэнцүү харилцаж байсан энэ их улс Дөрвөн Ойрадын чуулган буюу одоогийн парламентын маягийн засаглалтай байгаад улмаар хаан эзэрхэх болсон түүхийг Галдан бошготоос (1644–1697) эхлэн тоолдог бөгөөд Цэвээнравдан, Галданцэрэн, Цэвээндоржнамжил, Ламдаржаа нар залгамжлаад хамгийн сүүлд энэхүү Даваач богино хугацаанд төр барьжээ. Манжийн улс төрийн шургуу бодлого, дотоодын хямрал эвдрэлээс болж бууран доройтсон Зүүнгар улсын хаан ширээ эзэнгүйдэж ирсэн үймээнт үед Хотгойдын Амарсанаа хүчин тусалж түүнийг хаан сууринд суулгасан боловч мөн л эрх мэдэл булаалдсан хоорондын тэмцлийн дүнд мөнөөхөн Амарсанаагийнхаа гарт орж Манжид хүргэгдсэн түүхтэй хүн юм. Манжийн Тэнгэр тэтгэсэн хаан дагаж ирсэн албат ардыг нь нутаг заан тарааж суулгаад Даваач, түүний гэр бүлд тусгай орд өргөө барьж өгөн, насан туршдаа Бээжингээс гарах эрхгүй болгож шийтгэн суулгасан гэдэг. Сонирхуулахад Зүүнгар хэмээх хүчирхэг улсын сүүлчийн хаан тэрбээр Бээжинд цөөрөм байгуулан насны эцэс болтол тэндээ нугас үржүүлж суусан гэх бөгөөд Манжийн ихэс дээдэс түүний тэжээсэн нугасны махыг амттай хэмээн тусгайлан зооглодог байсан түүхтэй юм. Толилуулан буй зургийг Манжийн хааны тушаалаар 1758 онд бүтээсэн байна. Тэнгэр тэтгэсэн хаан түүнээс гадна Дөрвөдийн Даваа гүн, Буянтөгс бэйл тэргүүтэн, хожим 1771 онд Оросоос зулбан нүүж ирсэн торгуудын Цэвэгдорж чин ван, Хийрэв тайж, Мамуд бэйс нарын олон ноёдыг зарлигаар хөрөглөж хадгалсан нь Бээжингийн хааны ордонд 1900 он болтол байжээ. 1899 онд дэгдсэн Ихэтуанийн бослогын их үймээнээр Бээжингээс дутаан гарсан германчууд тэдгээрийг нутагтаа аваачсан бөгөөд уг үнэт хөргүүд одоо угсаатны зүйн дэлхийн хамгийн том музейн нэг Берлин хотын Угсаатны зүйн музейд (Museum für Völkerkunde) хадгалагдаж буй тэдгээр зургуудийг энд толилуулж байна.
Б.Бат-Амгалан
Цорос гүн Даваа
Дөрвөд хан Цэрэн
Гэндэн бэйс
Буянтөгс бэйс
Эрдэнэ засаг
Гандорж бэйл
Торгуудын Цэвэгдорж чин ван. 1771 онд Ижил мөрнөөс Алтай руу нутаг буцсан торгуудын их нүүдлийг санаачлан зохион байгуулагч. Дондог-Омбо хааны ач, Галданноровын хүү.
Хийрэв тайж. Цэвэгдоржийн дүү. Турктэй хийсэн дайнд Халимагийн цэргийг удирдсан.
Гунгаацэрэн ноён. Цэвэгдоржийн хүү.
Арагвай ноён
Мамуд бэйс
Хошуудын Яримпил бэйс
Буянцог бэйл
Мөнгөн тайж
Ноохой тайж
Цэвэгжав тайж
Хэнз тайж
Зүүн чихэндээ ээмэгтэй эр хүний тухайд. Эзэн богд Чингис хаан айлын голомт залгах ганц эр хүнийг зүүн чихэндээ ээмэг зүүхийг зөвшөөрсөн ба тийм эр хүнийг цэрэгт дайчилсан ч тулаанд оруулдаггүй, голомтыг нь таслахгүй гэж ийм шийдвэр гаргасан гэдэг. Харин тэдгээр эрчүүд тулаанд орж байгаа эрчүүдийн бэлтгэл болоод арын албыг зохицуулдаг байсан гэдэг
No comments:
Post a Comment