Pages

Tuesday, June 30, 2015

Говь-Алтай аймгийн угсаатны бүлгүүдийг " овог"-оор нь нэхэн судалсан байдал

Говь-Алтай аймгийн угсаатны бүлгүүдийг " овог"-оор нь нэхэн судалсан байдал / товчхон /


                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      
Засагт хан аймгийн түүхэн хүн ам зүй, нутаг дэвсгэрийн тухай товчхон:
/ Доорх 4 үеүүдэд тус аймгийн нутаг дэвсгэр угсаатны бүлгийн төлөвшил хамгийн ихээр явагдсан байх магадлалтай. /
Засагт хан аймгийн түүхийн асуудалд олон эрдэмтэн судлаачид өөрийн гэсэн байр суурьнаас үнэлэлт дүгнэлт өгсөөр ирсэн. Тус аймгийн нутагт эртнээс нааш олон овог аймаг оршин тогтносоор өнөөг хүрсэн билээ.
Говь-Алтай аймаг нь эртнээс нааш монгол угсааны болон харь угсааны овог аймгууд нутагласаар ирсэн өлгий нутаг юм. Тус аймгийн түүх, байгаль – газар зүйн талаар судалгаа шинжилгээний  ном зохиолууд олон боловч одоогоор “угсаа нийтлэг”-ын асуудлаар нухацтай авч үзэн дүгнэлт хийсэн нь үгүй байна. Миний бие энэ асуудлаар багахан хэмжээний судалгаа хийхийг оролдлоо.
Юуны өмнө тус аймгийн түүхэн ам зүйн талаар товч авч үзэх нь зүйтэй юм.
Сүүлийн үеийн угсаатны зүй болон судлаачдын үзэж буйгаар монгол угсаатны төлөвшил нь XIII зуунаас эхэлсэн гэж үздэг бөгөөд энэ үеэс эхлүүлэн авч үзье.
1,Их монгол улсыг байгуулсаныхаа дараагаар Чингис хаан засаг захиргааны хувьд аравтын зохион байгуулалт хийж 3 түмэнд дараах байдлаар хуваахад тус аймгийн нутаг Баруун гарын түмэнд багтаж Боорчийн эзэмшил нутаг болсон ба одоогийн Дэлгэр сумын нутаг нь Баруун түмний ноён  Аралуд хүлэг Боорчи тэргүүлж байсан ба тус аймгийн Хантайшир уул, Тайгам нуур, Тарлан хайрхан уулын домгууд нь Боорчитой холбогдсон нь бий. Мөн өнөөгийн “Зохиолчдын эвлэлийн хороо”-ны дарга  Х.Чилаажавын ахан дүүс “Аралуд Боорчи” гэсэн овогтой.[1]
            2,Мөн тус аймгийн түүхийн нэгээхэн чухал үе нь “Засагт хан аймаг”-ийн үетэй шууд холбогддог. Халхыг Батмөнх даян хааны бага хатан Жимсгэнээс гарсан хөвүүн Гэрэболдын захиргаанд өгсөн боловч тэр Халхад ирээд хэтэрхий хатуу догшин авир гаргаж ард олны стэгэлийг байдал гаргасан учир халхчууд түүнийг буцаан явуулж оронд нь Даян хааны отгон хүү Гэрсэнзийг бага хүүхэд байхад нь авчирч Халхын чонос овгийн Одонболд хөвүүнчлэн асарч байгаад Халхын эзэн болгосон гэж Шар тууж, Эрдэнийн эрх зэрэг зохиолуудад бичсэн байдаг.
Гэрсэнзийг үхсэний дараа түүний их хатан Хатанхай халхыг 7 хөвүүндээ хуваарилан өгсөнөөр халх 7 хэсэг болон бутарч халх 7 хошуу үүссэн.[2]Тус аймгийн нутаг дэвсгэр нь бүхлээрээ Засагт ханы нутагт багтаж нийт 20 хошуу 3 шавийн , 9 хошуу,1 шавь өнөөгийн Говь-Алтай аймгий нутагт хамаарагдаж байжээ.
Гэрсэнзийн ууган хүү Ашихай дархан хун тайж, Ашихайн ач хүү Лайхур, ахмад хөвгүүн болох Субадай, Норов, Норовын 2-р хүү Ванчиг, Норовын ууган хүү Чуу мэргэн, Норовын гурав дахь хүү Цэнгүн, Цэнгүний хүү Шар гэсэн хангуудыг дамжсаар Манжын ноёрхолтой золгосон. /одоо Засагт Хааны шууд угсааны хойчис Жаргалан сумын харьяат Бат-Очирын Өлзий-Осорын Дашням, Ичинхорлоо нар байна./
1.      Манжийн ноёрхолыг эсэргүүцсэн тэмцэлүүд тэр тусмаа Өөлдийн Галдан бошготын тэмцэл, ЗГХУ-н тэмцэлийн үе болон, манжийн ноёрхолд орсны дараагаар Манжын хаадын зүгээс явуулсан бодлогын үед мөн овог овог, аймгууд нутаг сэлгэн угсаатны төвлөрөл багагүй явагдсан байх магадлалтай. * дараагийн бүлгээс дэлгэрэнгүйг харах *
2.      Социалист системийн үед мөн овог, угсаатны сэлгэн суурьшилт багагүй байсан нь хүн амын тооллогын материалаас харагдаж байна. / хүснэгт үзэх /

















Говь-Алтай аймаг дахь овгийн нэршлээр угсаатны бүлгүүдийг тодруулах нь:
Монголчууд үндэс угсаа, овог түүхээ үр хүүхэд, хойч үедээ уламжлуулан үлдээхийг чухалчилж “Угийн бичиг” хөтөлж хүйч үедээ амаар болон бичгээр өвлүүлэн үлдээдэг байсан ч энэ заншил нэгэн тасалданги байдалд орж байсан. 1990 оны ардчилсан өөрчлөлтийн дараагаар хуучин өв соёлоо сэргээх хойч үедээ өвлүүлэн үлдээх ажил эрчимсэн ба үүний нэг нь ЗГ-ын 1997 оны 17-р тогтоолоор батлагдсан “Угийн бичиг хөтлөх журам” байсан юм. Үүний үр дүнд ард иргэдийн овгий асуудал нилээд тодорхой болж ирсэн нь энэхүү ажилд их дөхөмтэй байлаа.
Овгийн асуудлыг дараах байдлаар ялгаж болохоор байна.
1.      Эртний сурвалжит овгууд
2.      Хожим нь алт нэг овог / яс /-наас тасран гарсан үржвэр овгууд
3.      Урьдын отог, сум, баг, зэрэг цэрэг, засаг захиргааны зарим нэгж нь яваандаа овгийн байдалтай хэрэглэгдэх болсон аж.
4.      Аль нэг аймаг, ястны дотор хутгалдан ороод өөрсдийн жинхэнэ овгийг гээж, харин уугуул, аймаг, ястныхаа нэрээр овоглосон байдал ч ажиглагдаж байна.[3]
Говь-Алтай аймаг дахь  халх угсаатны / эртний монгол овгууд /:

Ер нь монголчуудын авсан ургийн овгийг хараад байхад бараг 97-99 он нь өөрсдийгөө халх  овогтой гэж үздэг ба голлох овгуудаас дурьдвал:
Боржигон овог нь эртний сурвалжит монгол овог бөгөөд аймгуудын хан болон ноёдын
удам угсаа өөрсдийгөө Боржигон овогтой гэж үздэг байсан бөгөөд Засагт хан аймгийн ноёдууд ч мөн адил ийм уламжлалтай байжээ.Энэ нь “ Хиад- Боржигон овогт” хэмээн уг  хөтөлдөг нь халхын ноёдын дээд өвөг Батмөнх Даян хаан хааны отгон хүү Гэрсэнз / 1513 – 1549 / бол Чингисийн 16 дахь үеийн ач болох учир үүнээс улбаалсан ажээ.[4]Өнөөгийн байдлаар ч мөн тус аймгийн нутагт Боржигон овог нь нилээд зонхилох байдалтай байна.
Урианхан, Олхонуд, Бэсүд, Жалайр, Элжигэн гэх мэтээр үргэлжлэх бөгөөд зонхилох овгуудын ихэнх нь эртний сурвалжит аймгуудаас үүсэлтэй байна. Жишээнь : Урианхан нь Эргүнэ Хунгийн дотогт гардгаар бол Бурхан Халдунаа нүүдэллэн ирэхэд Хиан, Никус,Хонгирад, Урианхан гэх овгууд байсан байдаг. Мөн урианхан овогтнууд их монгол улсыг байгуулахад Өрлөг жанжин Зэлмэ, Сүбээдэй баатар, Есөнтэй гээд ихээхэн гавъяа байгуулсан байдаг. Хожмоо Гэрсэнзийн отгон хүү Саму Бумаад харъяалагдах болсон байна.
Олхонууд нь мөн л эртний сурвалжит овог бөгөөд Дарлигины зонхилох 18-н овгийн нэг байжээ. Түүхэнд бүр 5-р зуунд Олоху гэсэн нэрээр тэмдэглэгдсэн байдаг. 13-р зууны үед Хиад, Боржигон аймагтай нягт холбоотой байж Өүлэн эх, Тулуй нарт өмчлөгддөг байжээ. Хожмоо Ашихайн ахмад хүү Баян Дарь хун тайжийн үр хойчист захирагдах болсон.
Бэсүд овог нь мөн л Их монгол улсыг байгуулахад хүчээ өгч байсан хүчирхэг овог байсан бөгөөд тод жишээ нь Зургаадай буюу Зэв жажин байж.Бэсүд овгийнхон Отчигон ноён, Илжигдэй нарын эзэмшилд байж Хүлэгүгийн улсыг байгуулахад гар бие оролцож явжээ.Хожмоо Юань улсын үед халх түмний нэг овог болж баруун тийш нүүдэллэн суурьшжээ.
Энэ мэт эртний сурвалжит овгуудаас гадна, бусад жижиг овгуудаас бүрдсэн нийт 70 орчим овог, мөн өвөг эцэг, оршин сууж байснаараа овоглосон багагүй овгууд байдаг. 
Говь-Алтай аймаг дахь ойрад угсааныхан: Тус аймгийн нутаг халх овогтон зонхиолдог боловч өөрсдийгөө өөлд,хойд, хотогойд гэх мэтээр овогтон гэж бүртгүүлсэн хүмүүс цөөн тоогоор байдаг.Эдгээр овгуудыг хүснэгт 2  харна уу?                                                
Харин эдгээр ойрад угсаагаар овоглосон хүмүүс хэдий, ямар шалтгаанаар ирж суурьшсан талаар тодруулах нь зүйтэй юм.
 Хуучнаар Засагт хан аймгийн Сүжигт засгийн хошуу нь Зүүн гарын хаант улсаас салан Манжид дагаар орон нутаг заалгасан тэндээ үлдсэн цорын ганц ойрад хошуу юм. XVIII зууны эхэн үед Манжын Энх-Амгалан буюу Канси  / 1662-1722/ хаан Зүүн гарын харъяат Хойдын Лувсан тайжыг өөртөө татах бодлогыг идэвхитэй  явуулсан ба түүнийг урвуулан авч “гүн” цол өргөмжилж Алшаагийн газар нутаг заан суулгасан боловч Зүүн гарын цэрэг нэвтрэн дайралтанд өртөх болсноор харъяат ардын хамт одоогийн Говь-Алтай аймгийн Шаргын говийн баруун талаар нутаглуулжээ. Энэ үед нь зэргэлдээ шаргын говийн хавиар Өөлдүүд нутаглаж байсан байдаг.[5]Энэ нутагт хойд, өөлдүүд нутагласнаар Засагт хан аймгийн Сүжигт гүний хошууны[6] үүсэл болжээ. Хил  хязгаар нь баруун этгээдэд  Заг овооноос , Шаргын гол, Цагаан нуур, Өртөөний худаг, Оцон хар толгойн худаг хүртэл Засагт хан Дайчин бэйсийн хошуутай, түүнээс зүүн тийш татаж Уушийн хадаг, Хужир булаг, Бага түргэн, Хавтгай, Сондуултыг дайрч Улаан давааны овоо хүртэл Баатар вангийн хошуутай, түүнээс зүүн тийш Хасагт хайрхны нуруугаар Хамар даваа хүртэл  Үйзэн бэйсийн хошуутай, Мөстийн нуруу,  Тээл гол дайрч Шаргын голыг хүртэл Засагт ханы хошуутай тус тус хил залгана.[7]  
Эдгээр Өөлд болон Хойдууд нар нь дотроо
1.       Их Өөлд, Бага Өөлд,Өөлд,
2.      Хойд, Бага хойд, Их хойд      гэсэн овгуудыг авсан байдаг ба тус аймгийн Халиун, Цээл, Шарга, Тонхил, Дарви, Төгрөг гээд бараг ихэнх сумдад цөөн цөөнөөр тархан суурьшсан байна.



















Говь-Алтай аймаг дахь бусад овогтнууд: Тус аймагт Сартуул, Тангуд, Цахар,
Оросынхон гэх өвөрмөц овогтнууд байдаг. Энэ мэт овгуудын талаар дэлгэрүүлбэл:
Ер нь дээрх овгуудаас хамгийн олон тоотой байгаа нь Тангуд овогтнууд бололтой юмаа.
Тангуд нь Чингисийн байлдан дагууллын үед 1226 оны орчим монголд дагаар орсон улс бөгөөд энэ үеэс гар урлал, цэрэг дайны зориулалтаар монголд ирж суурьшсан монгол угсааны бус хүмүүс юм. XV – XVI зууны үед халх түмний бүрэлдэхүүнд “тангад-халх” хэмээн XVI  зууны 2-р хагаст Гэрсэнзийн 6-р хүү Далдан Хөндлөнгийн эзэмшилд Сартуулын хамт шилжин Халх долоон хошууны үүсвэрийг тавилцсан отог болно.[8] Тангуд овогтон нь өнөөгийн монгол улсын Дорнод, Сүхбаатар, Архангай, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл зэрэг аймгуудын нутагт байгаагаас харахад хүн ам ихтэй, томоохон отог байсан нь харагдаж байгаа бөгөөд Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Цогт сумын нутгуудад тархан суурьшсан байна.
Монголчуудын ургийн овог авсан байдалд товч дүгнэлт хийвэл:
Судлаач Г.Цэрэнханд [9], Л.Билэгт [10] нарын үзэж байгаагаар “ Чингис хаан нэгдсэн төр улс байгуулахдаа Ьөв азийн нүүдэлчдийн дотор 400 орчим жил амь бөхтэй оршин тогтнож байсан “овог” хэмээх нийгмийн нэгжийг бүтэц, функцийн хувьд бодлолгоор устгаж, засаг захиргааны “мянгат” – ын зохион байгуулалтыг хийсэн байна. Ингэснээр овог гэдэг ойлголдт 13-р зуунаас өмнөх байдлаар нийт нүүдэлчдийн дотор байхаа больж мянгат, түмэн, гар гэдэг нэр түгээмэл хэрэглэгдэх болсон.[11]
Сүүлийн жилүүдэд монгол улсын хүн амын овог сэргээх үйл ажиллагаа нилээд эрчимтэй явагдаж, багагүй хөрөнгө зардал гарган явуулын шинжилгээ хийж, “овгийн лавлахыг” аймаг, сум, тус бүрээр хэвлэн гаргасан. Одоогийн байдлаар тэрээхэн төслийн үйл ажиллагаа үндсэндээ дуусаж олон нийтийн хэрэглээнд “лавлах, зөвлөмж” байдлаар оржээ. Энэ ажлыг монголын хүн амын нөхөн үржихүйд, ялангуяа цус ойртолт боллоо гэдэг шинжлэх ухааны судалгааны ор үндэслэлгүй шуугианыг үндэслэн судалгааг урьдчилан хийлгүй эхэлжээ. Тухайлбал  1918 оны хүн амын тооллогод “овог” гэж бичиж байсан зүйлийг “ фамилия, surname” байдлаар хэрэглэхэд тохирох эсэх талаар нарийвчилсан судалгаа хийгээгүй гэж судлаачид шүүмжлэлтэй хандаж байна.


        / Халх угсааны бус овгуудыг оруулсан болно. /
д/д
Сумын нэрс
Овгийн нэрс

1
Алтай
Хойд, тангуд , өөлд
2
Баян-Уул
Цахар, хойд, хотогойд,

Бугат 
Боржигон, Өөлд
4
Бигэр
Цахар, хотогойд, соод, их өөлд
5
Дэлгэр
Хойд, өөлд, соод, их өөлд, их хойд
6
Жаргалан
Боржигон, Хойд, өөлд, соод, их өөлд, их хойд, бага өөлд
7
Халиун
Цахар, их өөлд
8
Чандмань

Цахар, хойд, өөлд, их өөлд, бага дархад
9
Шарга
Оросынхон, хотогойд, өөлд, их өөлд, их хойд
10
Хөхморьт

Хойд, сартуул
11
Цээл
Цахар, тангуд, өөлд
12
Цогт
Цахар, тангуд, хойд, өөлд, сартуул, их өөлд
13
Төгрөг
Өөлд, их өөлд, бага өөлд, бага хойд
14
Тайшир
Бага өөлд
15
Эрдэнэ
Цахар, өөлд
16
Тонхил
Цахар, хотогойд, тангуд, өөлд
17
Дарви
Цахар, тангуд, өөлд
18
Есөнбулаг
/ гаргах боломжгүй /
                                              / хүснэгт 1 /
Хүн амын тоо :
Ястан, үндэстэн
1989
2000
хүн ам
     хувь
хүн ам
     хувь
Нийт хүн ам
62773
100.0
63673
100.0
Халх
62340
99,3
63352
99,5
Казак
98
0,2
47
0,1
Дөрвөд
81
0,1
36
0,1
Захчин
80
0,1
41
0,1
Баяд
58
0,1
21
0,0
Торгууд
36
0,1
29
0,0
Өөлд
22
0,0
114
0,2
урианхай
13
0,0
15
0,0
Бусад
45
0,1
18
0,0
Монгол улсын харъяат хүн ам
62761
100,0
63671
100,0
Гадаадын иргэд
12
0,0
2
0,0
       /  Хүснэгт 2

Ном зүй.
1.МУИС-НШУС “ Археологи, антропологи, угсаатан судлал”Эрдэм шинжилгээний бичиг. 2003он
2.ШУА – Түүхийн хүрээлэн.БНМАУ-ын Угсаатны зүй” боть 1, УБ хот ,
3.Д.Сүхбаатар “ Монгол улсын нутаг дэвсгэрийн хувиарлалтын түүхэн уламжлал” УБ хот, 2000 он,
4.А.Очир, Ж.Сэржээ “ Монголчуудын овгийн лавлах “ УБ хот, 1999 он,
5. Б.Б.Ариунсан, Н.Нагаанбуу нар Алтайн Дэлгэр нутаг мину” УБ хот, 2004 он
6. Монголын угсаатны зүй / удиртгал / Х.Нямбуу . УБ хот ,1992 он
7. Засагт хан аймгийн чухал хэргийн данс. УБ хот 2002 он
8. Монгол овгийн нэрийн учир .  ж.Сэржээ , УБ хот.2002 он
9.  Монгол улсын шастир , 1-р дэвтэр, А.Очир, З.Лонжид, Ц.Төрбат  УБ хот
10. Монголын хошуу нутгийн тэмдэглэл , /Монгол тулгар бичгийн цуврал / 1990 он.
11. МАУ-ын угсаатан судлал, хэл шинжлэлийн атлас. Б.Ренчин, УБ хот, 1987 он
12. Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого. “Говь-Алтай аймгийн тооллогын дүн” УБ хот, 2001он
13. Монголын нутаг дэвсгэр, хил хязгаарын түүх. / НТӨ3-р зуунаас – 19-р зуун /2 дахь хэвлэл.
Ж.Гэрэлбадрах, УБ хот , 2006 он .


Арын хүрээ

Говьалтай аймаг Жаргалан сум. Арын хүрээ /Үйзэн гүний хүрээ/ Ганданравжаалин хийд Засагт хан аймгийн Үйзэн засгийн хошуу буюу одоогийн Говьалтай аймгийн Жаргалан сумын нутагт байсан Арын хүрээ буюу Гандандаржаалин хийд нь 1819 онд тус хошууны Засаг гүн Ёндондашийн үед монгол гэр дуган нэгийг барьж Цогчин хурал үүсгэн нутаг хошууны дотор буурь сэлгэж нүүдэллэн явсаар байжээ.харин 1833 онд Засаг гүн Галсандондовын үед 2 модон дуган байгуулж Цогчин, Хайлан хурлыг хурах болсноор уг хүрээ суурин болж эхэлжээ.Дараа нь 1877 онд Засаг Түшээ гүн Мифисамбуугийн үед буюу 1877 онд Цаннид дацан, Үйзэн Түшээ гүн Дамдинсүрэнгийн үед буюу 1895 онд Манба хурлыг үүсгэн байгуулжээ.Ийнхүү Үйзэн засгийн хошууны хүрээ төвлөрсөн тэр газар нь одоогийн Жаргалан сумын Тэйл багийн нутаг Гүзээн тэйл хэмээх газар байжээ
Арын Хүрээ нь жирийн нэг хүрээ байсангүй, зөвхөн язгуур гаралтай Тойн лам нар л шавьлан суудаг байсан байдаг. Учир нь Арын хүрээ нь үе үеийн Засагт Хаадын шууд угсааны тахилын сүм байсан ба энэ  утгаараа нийтэд хаалттай маягийн, харц гаралтай хэт олон лам нар байдаггүй байсан байна. 20-р зууны эхэн үеэр Үйзэн гүний хүрээ Чойр, Манба, Хайлан, Цогчин, сахиусын 5,6 сүм дугантай 50-60 орчим лам хурдаг хурал номын газар байжээ.Хүрээ хийд хаагдахын өмнө уг хийдийн тэргүүн ла нь Баажаа лам хэмээх хүн байв.5-6 дуганыг дан түүхий тоосгоор ханыг нь өрж модоор дээвэрлэсэн байв.Дугануудыг тойроод лам нарын орон сууц болох жижиг шавар амбаарууд 20 гаруй байжээ.Хүрээнд зуны дунд сард Майдар эргэдэг намрын эхэн сард Ганжуур эргэдэг байсан ба харин Цам гардаг байсан тухай мэдээ байхгүй байна.Тус хийдийн лам нар зуны эхэн сард Батбуянтын овоо хэмээх овоог тахидаг байжээ.Арын хүрээний жас сан нийтдээ 2800 орчим толгой малтай мэдээ байдаг.1918 онд явуулсан хүн амын тооллогоор Үйзэн гүний хошуунд 549 өрх 1064 хүн ам тоологдсоноос эрэгтэй хүн 549 үүнээс 83 нь лам хуврагууд байжээ. Засаг ноён Бат-Очир, түүний том хүү Хошуу захирагч Туслагч гүн, дунд хүү Арын хүрээний Хамба лам-Абрамба, гутгаар хүү нь хошууны Мээрэн байв. Бага хүү Өлзий-Осор нь Арын хүрээнд шавьлан сууж байгаад Их Хүрээ рүү бадарчин болж явган явж бариа тавианаас амь аврагдаж 1985 он хүртэл Жаргалан сумандаа  Тахианы аж ахуй эрхлэн улсад нэртэй, төртэй хөдөлмөрлөж, олон түмэндээ Госоо гэж авгайлан дуудуулж хүндлэгдсэн нэгэн байв. Отгон охин нь тэр бариа тавианы үеэр алга болсон гэдэг ч сүүлд олдсон байдаг. Бат-Очирын бага хүү Б.Өлзий-Осор нь их номтой Зээрэмбэ хэргэмтэй том лам байсан ба социализмын хатуу тэр цагт ч аймгийн намын хорооны том дарга нар, Улс төрийн товчооны томчууд нууцаар шүтэж, харилцдаг байсан байдаг, бие барах үед Улаанбаатараас тусгайлан онгоцоор нарийн мэргэжлийн хоёр эмч ирүүлсэн байдаг. Батбуянтын овоо, Улаан хайрханыг нууцаар тахидаг байв. Одоо түүний дунд охин Өлзий-Осорын Дашням нь Засагт ханы Дайчин засаг вангийн хойчис Бадам-Осорын Мижидийн Шагдартай гэр бүл бололцон, улсад олон жил үр бүтээлтэй ажиллаж, Дуутхан компани байгуулан ажиллаж байна. Бага охин Ичинхорлоо нь эмнэлэгийн салбарт олон жил ажиллаж байгаа. Том хүү Содном, дунд хүү Базаррагчаа, охин Дүүриймаа, бага охин Даариймаа нар нь байлаа. 
1939 оны намар хүрээ хийдийг хүчээр тараан өвөл нь Нөлөө бүхий том лам нарыг /15-20 хүн/ баривчлан авч явжээ.Үлдсэн лам нар нь хөдөө гарч хар болсон бөгөөд эзгүйрч хоцорсон сүм дуганыг 1940 оноос эхлэн бурхан тахил судар номыг нь хураан авя шатааж устган сүм дугануудыг нураажээ. Холбогдох эх сурвалж: “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004










Монгол домог зүйн ертөнцийг үзэх үзэл
                                                                                                 Ер нь хүй нэгдлийн нийгмийн хүний           
                                                                                                             сэтгэлгээ нь бүхэлдээ домог зүйн
                                                                                                              сэтгэлгээ байсан гэж хэлж болно.                       
                                                                                                                                                  / С.Дулам/
Домог зүй / мифологи /
Дэлхйн аль ч улс орон, үндэстэн ястанд өөрийн гэсэн домог зүй байдаг байсан гэж болох юм. Монголын домог зүйн талаар судалсан байдлыг харвал тодорхой нэг үед монголчууд домог зүйгүй гэж үздэг байсан бол алдарт монголч эрдэмтэн Позниевский “ Монголд домог зүй” байсан гэхдээ эртний энэтхэг, төвдийн домог зүйтэй холбоотой байсан гэж үзсэн. Харин 1970 оноос Л.Лоринц “Монгол домог зүй нь буддын шашны хүрч чадаагүй тэр хэсэгт нь байна гэж үзсэн байдаг.
Монголын домог зүйн талаар чухал судалгаа хйиж, шинэ шатанд оруулсан хүн бол яах аргагүйС.Дулам гуай юм. Миний бодлоор бол хүн төрөлхтний ертөнцийг үзэх үзэл, ухамсар сэтгэлгээг нь  домог сэтгэлгээг судалдаг гэж бодож байна. Домог зүйн талаар хэл шинжлэлийнхэн, угсаатан зүйчид, философичид, түүх, нийгмийн гэх олон өнцгөөс харж тайлбар өгсөн нь эдүгээ 500 хол давсан тодорхойлолт байдаг.
Домог зүй гэж юу вэ?
Домог зүй нь байгаль нийгмийн аливаа үзэгдлийг сэтгэмжийнхээ тусламжтайгаар тайлах гэсэн анхны хүн төрөлхтөний оролдлогууд юм гэж тайлбарлаж болно. С.Дулам “ Монгол домог зүйн дүр” / 1989 он , УБ / гэдэг номондоо :
Байгаль – нийгэм
Юм – Санаа
Амьтай – Амьгүй – гэж ялгадаггүй нийлэг сэтглэгээтэй  байсан.[12]” гэж үзсэн байна.
             Үүнийг тодруулах юм бол нийлэг сэтгэлгээнд хийсвэр сэтглэгээ нь хөгжөөгүй, аливаа зүйл байдлын дүр зургийг илүү чухалчилж үздэг билээ. Энэ нь өнгө, дүрс, хэмжээг онцлоод энэ бүгдийг цааш, ямар нэг далдын хүч байна гэж сэтгэдэгбилээ.
Жишээ нь : Задын чулуу
              Домог зүй дэх ертөнцийг үзэх үзэл :
Эртний дэлхийн аль ч улс оронд ертөнцийн үүслийн талаарх домгууд байдаг байна. Харин бүгдэд нь байдаг нийтлэг нэг зүйл нь эмх цэгцгүй/ хоосон, хоолой зэрэг /-ээс энэ етөнц үүссэнгэж үздэг байна. Монгол угсаатны домгуудад ийм санааг ямар нэг хэмжээгээр хадгалагдаж байдаг. Эмх цэгцгүй – тайлбарлавал байнга гүн харанхуй шөнө я юм уу, ёроолгүй хоосон ус эсвэл гал , эсвэл аварга том үлэмж биетэн  гэх зэрэг зүйлсээс л ертөнц үүссэн гэж үздэг. Энэ талаар тодруулбал:
Харанхуйгаас  - гэгээтэйд
Уснаас – хуурай газарт
Хоосноос – ахуйд
Хэлбэргүйгээс – хэлбэртэйд  шилждэг гэж болно.
Монгол домог зүйд ертөнц анх хоосон, эмх замбараагүй байсан, ертөнц бий болохоос өмнө нь ямар байгаа талаар дүрсэлсэн байх нь тохиолддог.
Ингэхдээ энэхүү дүрслэл нь голдуу тууль, домгын эхэнд нь гардаг байна.  Жишээ нь :
“Абай – Гэсэр хөвгүүн “ – туужид
Газар эхийн
Замбараагүй үед
Галав эх тивийг
Бүтээгүй үед  гэж гаазар дэлхийг бүтээгүй, эмх цэгцгүй байгааг дүрсэлсэн байна. Үүнийг харвал монголчууд эхэн үедээ “ Домог зүйн – эрэн үедээ ертөнц эхлээд хоосон, бүтээгүй  байсан гэж үздэг байсан нь харагдаж байна.
Мөн цааш нь ертөнц хэрхэн бий болсон талаар бий болсныг дүрсэлдэг байна.
Ер нь дэлхий нийтэд эртний домгуудад еотөнц хоосноос үүссэн гэж дүрсэлсэн нь элбэг байдаг боловч тэр нь чухам ямар дүр төрх байсан талаарх төсөөлөл нь өөр өөр байдаг.
Жишээ нь : Ертөнц эхлээд үүрдийн харанхуй байсан талаар:
-          Полинезийн ард түмэнд
-          Африкийн зарим аймгуудад
-          Эртний Энэтхэгийн зарим судруудад  гардаг.  / Ригвээд, махасбхаарадам домог /
   Монгол домогт дэлхий ертөнц анх эх захгүй усан далайд байсан тухай өгүүлдэг нь их байдаг.
Үүнээс хэрхэн үүссэн талаар дурдахдаа орчлон үүсэж бүтэхдээ хөнгөн тунгалаг нь дээш  хөөрч хүнд  булигартай нь дүүш тунаж тэнгэр газар үүссэн гэж дүрсэлсэн байдаг.
Монголчуудын домог : “ Хөх тэнгэр, хар газар “ гэсэн эрэгцүүлсэн дүрслэл байдаг нь үүнтэй холбоотой юм.
Мөн ертөнцийн үүслийн домгуудад газрыг хэн бий болгосон тухай “ хэн нэгэн эх далайн ёроол руу шумбан атга шороо олж ирэн хуурай газрыг үүсгэж байна гэж гардаг байна. Энэ нь монголын бараг бүх домгуудад газрыг хэн бий болгосон тухай “ хэн нэгэн их далайн ёроол руу шумбан атга шороо олэ ирэн хуурай газрыг үүсгэж байгаа тухай бараг бүх домгуудад гардаг.
Ингэхдээ бурхан тэнгэрээр зугаалж яваад бууж амрах газар олдохгүй болохоор нь хуурай газар бүтээх санаа төрж туслахаа явуулдаг ба үйл явдал цаашаа  өрнөдөг. Энэ  тухай алтайчуудын хувилбарт
“ туурвигч тэнгэр нь – үлгэн
   Туслагчийг нь -  эрлэг байдаг ба эрлэг нь газар доорх ертөнцийн эзэн байдаг.
Харин халх хувилбарт :
Ертөнцийг бүтээгч нь  Очирваань бөгөөд туслагч нь Шунгуд  байдаг. / шороо авчруулдаг. /
Энэ үйл явцад нь чөтгөр саад хийн тэмцэл өрнөдөг бол Алтай хувилбат энэ тухай гардаггүй байна. Буддын шашны нөлөө орохоос өмнө Очирваань бурханы  оронд Хөхдэй мэргэн гэх домгын баатар байсан гэж судлаачид үздэг. Домогт гадгаар цагаан шунгуд хоёр удаа шумбадаг ба сүүлийнх дээрээ дом шивлэг хэрэглэн шороо авчирдаг үүнээс харахад монгол домог зүйд үйл хөдлөлөөс гадна үг нилээд чухал нөлөөтэй байсан нь харагдаж байна.
Харин буриад ардын домогт: Хөхдэй  мэргэн аварга мэлхийг харваж энэ хуурай газрыг бүтээдэг. Үүнээс харахад  шашны нөлөөгөөр домгын баатар нь Очирваань болж өөрчлөгдсөн байх магадлалтай юм.
Домгууд цаашаа үргэлжлэхдээ Алтайд: Очирваань – Эрлэг хоёр хоорондоо тэмцэлддэг бол халх домогт : Эрлэг бус шулмас байдаг бөгөөд бурханыг газрыг бүтээснйи дараа гарч ирдэг. Мөн нэг сонирхолтой зүйл нь : Буриадуудын домогт :
Хун шувуун ээжтэй
Хус модон эцэгтэй гэж гардаг.
Гэтэл ертөнцийн үүслийн домогт: Хун шувуу алаг мэлхий шороо атган эргэж байхыг хараад Очирваань хэлж санаа өгч ертөнцийг бүтээдэг. Эсвэл хун шувуу ч юмуу шумбагч шувуу ус руу шумбан шороог авч ирсэн тухай гардаг. Үүнээс харвал буриадууд ертөнцийн үүслийг шувуудтай холбон тэр тусмаа хун шувуудтай холбож үзээд хун шувуун хүндэлдэг байсан ба фетишизмийн хувьд өөрийн гарал үүслийг хун шувуу / шувуудтай / холбосон байх магадлалтай юм. Мөн монголчууд яст мэлхийг хүндэлж шүтэж байсан нь “ урт удаан настай, амгалан амьтан “ гэж хүндлэн шүтэж байснаа гадна ертөнцийг анх яст мэлхийн дээр бүтээсэн гэсэн домогтой холбоотой байж болох юм.
Алтай , Буриад, Халх ястангуудын ертөнцийн үүслийн тухай домгуудад нэг адил зүйрлэл, түүнтэй төстэй хэв маяг байгаа нь монголчуудын эрт үедээ нэг адил домог зүйтэй  байсан нь харагдаж байна.
Дүгнэж хэлэхэд:
Монгол домог зүйн “ Ертөнцийн үүслийн – талаарх домгуудад:
-          Ертөнц үүсэхээс өмнө хязгааргүй ус байсан
-          Ертөнцийг туурьвагч баатар болон туслагч нөхөр
-          Туслагч нь ихэнхдээ ус руу шумбан шороо авчирдаг
-          Мөн дайсантай болон өөр хоорондоо тэмцэлдэж байгаагаараа адил төстэй юм. Үүнээс харахад домгийн зүй тогтол нь ерөнхийдөө адил төстэй байгаа юм гэж болох байна.



















                              



















                                           









[1] Б.Б.Ариунсан, Н.Нагаанбуу нар Алтайн Дэлгэр нутаг мину” УБ хот, 2004 он, Тал 8.
[2]  
[3]А.Очир, Ж.Сэржээ “ Монголчуудын овгийн лавлах “ УБ хот, 1999 он,Тал 8
[4]  ШУА – Түүхийн хүрээлэн.БНМАУ-ын Угсаатны зүй” боть 1, УБ хот , 1987 он, Тал 30
[5] Энэ хэсэг Өөлдүүд нь 1696 онд Тэрэлжийн Зуун модонд манжийн цэрэгт цохигдсон Галданы цэрэг баруун зүг явсаар тус аймгийн нутаг болох Хасагт хайрхан, Хар азаргын нуруу орчмоор хэсэг зуур буудаллан хүчээ сэлбээд 1697 оны хавар одоогийн Тонхил сумын нутаг Алаг нуур, Ац амтат гэх газруудаар нутаглаж байгаад нас барсан байдагш байдаг. Галданы цэрэг ялагдаад баруун зүг явах замд нь тасарч үлдсэн айл өрхүүдийн нэг хэсэг нь бололтой.
[6] Сүжигт гүний хошуу нь Засагт хан аймгийн харъяанд байхдаа өнөөгийн Говь-Алтай аймгий Шаргын голоос зүүн тийш- Улаан туг, Сондуулт, Хамтын хүч багийн нутгийг хамарч байжээ.
[7] Д.Сүхбаатар “ Монгол улсын нутаг дэвсгэрийн хувиарлалтын түүхэн уламжлал” УБ хот, 2000 он, тал 88
[8]  ШУА – Түүхийн хүрээлэн.БНМАУ-ын Угсаатны зүй” боть 1, УБ хот , 1987 он, Тал 35
[9] МУИС-НШУС, ШУА-н “Угсаатны секторын эрхлэгч доктор, профессор
[10] МУИС-НШУС, ШУА-н “Угсаатны секторын эрхлэгч доктор, профессор
[11] МУИС-НШУС “ Археологи, антропологи, угсаатан судлал”Эрдэм шинжилгээний бичиг. 2003он, 210/19/ дэх дугаар, тал 135
[12] С.Дулам “ Монгол домог зүйн дүр “ УБ хот , 1989 он

No comments: