Засагт хан Доржпаламын Содномравдангийн Түүхэн үүрэг

Доржпаламын Содномравдан нь (1867-1912) 1898-1912 оны хооронд Халхын Эрдэнэ бишрэлт Үнэн сүжигт Оройн дээд Дархан Засагт Хан ор сууж байлаа. Тэрбээр Засагт хан Цэрэндондовын Доржпаламын хоёрдугаар агь болон мэндэлжээ.
Засагт хан Д.Содномравдан бол тухайн үедээ Халх, Ойрд, Өвөрлөгч, Урианхай, Буриад, Хөх нуурын олон монгол ноёдын дотор асар өндөр нэр хүндтэй дээдэс байсан юм. Засагт хан Д.Содномравдан нь эцэг хан Цэрэндондовын Доржпаламын хамтаар (мөн өвөг эцэг хан Манибазарын Цэрэндондов) Монгол Улсаа туурга тусгаар болгоход бүх амьдралаа зориулсан бөгөөд энэхүү бодлого, үйл ажиллагааныхаа хүрээнд Орос, Англи, Япон, Буриад, Төвөдийн нөлөө бүхий хүмүүстэй холбоо тогтоон ажиллаж, бүх “Монгол ноёдын холбоо”-г өвөрлөгч голлох ноёдын хамт санаачлан, богино хугацаанд олон талт байдлаар нэн амжилттай ажиллаж, 1911 онд Монгол Улсаа тусгаар тогтнуулах бүх зохион байгуулалтыг гардан хэрэгжүүлсэн их гавьяатан билээ.
Манж Чин гүрний Гуансюйгийн 24 дүгээр онд буюу 1898 онд (Гуансюй 24-р он) Засагт хангийн хэргэмийг Манжийн хааны зарлигаар Доржпаламын Содномравдан залгамжилжээ.
Манжийн хаан 1908 онд Гуансюй хаан нас барж, Цыши хатан нас барсаны дараа нь 1909 онд 2 настай Пу И буюу Сюаньтун хааны үед Чин улсын сүүлчийн шинэчлэлийн бодлогын үр дүнд бий болсон (资政院) Зөвлөх Парламент маягийн байгууллага байгуулагдсан байдаг.
Манжийн хааны зарлигаар Сюаньтунгийн 2 дугаар онд буюу 1910 онд Засагт Хан П.Содномравданг Халхыг төлөөлсөн хааны сонгосон гишүүн буюу Манж Чин улсын 资政院-д Зөвлөх Парламентын гишүүнээр томилсон байдаг нь “Чин Ши Гао” (清史稿, “Чин улсын түүхийн ноорог”) нь Чин улсын (Qing dynasty) түүхийн эх сурвалжид тэмдэглэгдсэн байна.
Засагт Хан П.Содномравдан Манж Чин улсын 资政院-д Зөвлөх Парламентын гишүүнээр томилогдон Бээжинд жасаалж байх үедээ бүх “Монгол ноёдын холбоо”-г өвөрлөгч голлох ноёдын хамт санаачлан байгуулж богино хугацаанд олон талт байдлаар монголоо тусгаарлах бодлогыг нэн амжилттай хэрэгжүүлж ажиллах үндсийг тавьсан байна.[баримт хэрэгтэй]
Засагт Хан П.Содномравдангийн Монгол Улсаа тусгаар тогтнуулахад оруулсан үүрэг роль, түүхийн үнэ цэнэтэй баримтууд Оросын эзэнт гүрний Цэргийн жанжин штабын архив, Хаан Оросын Газар зүйн нийгэмлэгийн (Русское географическое общество) экспедицийн тайлангууд, XIX–XX зууны Орос–Монголын дипломат болон захиргааны баримт бичгүүдэд тэмдэглэгдсэн байна. Тухайлбал, “Русское географическое общество” (РГО)-ийн экспедицийн тэмдэглэл, Монгол дахь Засагт хан аймгийн ноёдын зураг, тэмдэглэлүүд, Ф. 180 – “Китайские и монгольские дела” - Монгол, Хятадтай холбоотой дипломат бичиг, захидал, гэрээ, Ф. 152 – Сибирийн чиглэлийн дипломат харилцаа-Халх, Зүүнгар, хилийн бүсийн ноёд, Засагту хан Содномравдан мэдээлэл, Ф. 400 – Главный штаб (Генеральный штаб)-Монгол дахь цэргийн ажиглалт, тайлан, Ф. 483 – Сибирийн цэргийн тойрог (Сибирский военный округ)-Халх дахь хилийн цэргийн мэдээ, Ф. 846 – Ази дахь цэргийн экспедицийн материалууд-Монгол, Төв Ази руу хийсэн судалгаа Ф. 391 – Ази, Сибирийн захиргааны баримт, Ф. 560 – Хилийн бүсийн захиргааны материалуудад тодорхой эх сурвалжууд тэмдэглэгдсэн байна.
1898 онд Цэрэндондовын Доржпалам хан өөрийн хан ширээгээ том хүү Д.Цэрэнгомбожавт бус, бага хүү Д.Содномравданд залгамжлуулсан.

Харин том хүүгээ Арын хийдэд тойн лам болгожээ. Арын хүрээ нь Засагт хааны алтан ургийн тойн лам нар байдаг, хаалттай хийд байсан бөгөөд Хан Тайширын оройд буй Их Хоригийг хариуцан тайдаг байсан. Зөвхөн алтан ургийн тойн лам нар хийдэд байдаг, гаднын лам оруулдаггүй хатуу журамтай байжээ.[1]
Дашинчилэн хэмээх номын нэртэй энэхүү бунхан овоог дээр цагт Засагт ханы хүрээнийхэн буюу Арын хүрээнийхэн, Засагт ханууд тахиж тайдаг, тайлга тахилгын үеэр тэргүүн зэргийн тайжаас дээших язгууртнууд (алтан ургийн тайж нар зөвхөн тэргүүн зэргийн тайж байдаг), гэлэнгээс дээших санваартнууд л гардаг хоригтой, мөн Засагт хануудыг энэхүү голлох бунхны өвөрт оршоодог байсан гэдэг. Алтай хотын баруугаар сүндэрлэх Хантайшир уулын нэгэн ноён оргил бүхий дүнхгэр нурууг Шарилын нуруу, нутгийн ардууд заримдаа Овоон нуруу ч гэх билээ. Энэ нуруу Алтай хотоос 20 гаруй км, Жаргалан сумын дундах зайд бий. Энэ нурууны орой дээрх онго тахилгатай дөрвөлжилсөн бунхан овоо байх ба түүний ээвэр бэлд 6 томоохон бунхан, мөн нэлээд хэдэн багавтар булш байдаг. Хантайширын нурууг Их эзэн Чингис хааны онгон тахилгатай холбоотой болох тухай хэд хэдэн домог бий.
Их хааны онгоныг урд зүгээс залж энэ нуруунд оршоохдоо тэрхүү онгоны харуул хамгаалалт болгон зүүн зүгээс эртний сурвалжит аймгуудаас нүүлгэн авчирч, тэмдэг эдгэртэл уг онгоны харуул хамгаалалт байдалтайгаар нутагшуулсан гэсэн домог бий. Тэдгээр нүүдэллэж ирсэн (Бэсүд) овогтнууд Хантайширын нурууг тойрсон байдалтайгаар он удаанаар нутаглаж иржээ.
Засагт Хан П.Содномравдангийн талаарх түүхэн мэдээ, эх сурвалжууд төдийлөн дурдагдалгүй явж ирсэн тул монгол, орос, хятад, англи, герман, франц зэрэг орны архивын түүхэн баримт, материалууд, түүхийн гадаад, дотоодын эх сурвалжуудад тулгуурлан бичсэн бөгөөд өмнө нь ил болж байгаагүй түүхийн асар их үнэ цэнтэй баримтуудыг иж татсан болно.
Хаад, Ноёдын хэрэглэх Фүс, Тамга

Фүс нь Манж Чингийн үеэс улбаатай Богд Хаант Улсын үе хүртэл Ноёдын хэргэмийг илэрхийлэх Хүрмэн дээр хаддаг байсан элдэв зүйлийн амьтны дүрсийг оёж хатгасан дөрвөлжин торгон тэмдэг юм. Чин Ван хүн хоёр эсрэг харсан, хоёр зөрүү харсан нийт дөрвөн Луут фүс хаддаг байсан бол Жүн Ван хүн дөрвөн зөрүү харсан Луут фүс хэрэглэдэг. Бэйл хүн 2 эсрэг харсан луу, Бэйс хүн хоёр зөрүү харсан Луу хаддаг байжээ.
Богд хааны хувьд тэнгэр язгуурт угсаа гаралгүй ч улсын эзэн, шашны тэргүүний хувиар Хааны фүст алтан сёомбо, хорол хүрдийг авч хэрэглэхээр болсон гэдэг. ЭРТНЭЭС АЛТАН УРГИЙН ЦАГААН ЯСТ ХААДЫН ХУВЬД ЗӨВ ЭРГЭЛТТЭЙ ХАС ФҮС ХЭРЭГЛЭХ НЬ УЛСЫН ЭЗНИЙГ БЭЛГЭДДЭГ БА ХАЛХЫН ХАНГУУД ДОТРООС ЭРТНЭЭС ЗАСАГТ ХАН "ЗАСАГТ ХААН" гэсэн тамга хэрэглэж, ХАС ФҮС ХЭРЭГЛЭЖ БАЙЖ. Энэ нь Манж Чин Улсын эзэн хаан Найралт төвийн хоёрдугаар онд Халхын Засагт ханд тамга олгохдоо Тамганы улны бичээс нь "Эрдэнэ бишрэлт Засагт Хааны тамга" гэж сийлсэн байдаг. Бусад Халхын гурван хангийн тамганы улны бичээст хаан биш Хан гэж бичээстэй байдаг нь сонирхол татдаг. Уг Тамганы улны бичээсийн фото зураг болон Хааны тамганы хайрцгийн фотог оруулав.
Тамганы хайрцгийг модоор хийж хүрэн булгиараар бүрж битүү мөнгөөр тоногложээ. Мөнгөн тоног нь дээд орой дээрээ таван хумстай луун хээ товойлгосон хийцтэй. Урд нүүрэн дээрээ галт шувууны дүрслэлтэй, өнцөг буландаа угалзан хээг хөөмөлдөж хийсэн байдаг.

БУСАД ХАНГУУД БОГДЫН АДИЛ СОЁМБО ХЭРЭГЛЭЖ БАЙВ. Дээрх фото зурагт буй Засагт Хан Д.Содномравдангийн ёслолын хувцаснаас зөв эргэлттэй Хас Фүс хэрэглэсэн байгааг харж болно. Түүхийн фото зургуудаас Хас Фүс хэрэглэсэн Халхын хангууд байхгүйг анхаарах буй за.
УЧИР НЬ АШХАЙ ДАРХАН ХУНТАЙЖИЙН УУГАН ХҮҮ ГЭДЭГ УТГААРАА ХАЛХЫН ХАНГУУД ДОТРООС ЗАСАГТ ХАН ТЭРГҮҮЛЭХ ЗЭРЭГТЭЙ ХАН БАЙСАН БА ЭРТНЭЭС УЛСЫН ЭЗЭН ГЭЖ ТООЦОЖ ИРСЭН АГУУЛГААР ХЭРЭГЛЭЖ БАЙЖЭЭ.
Түүнчлэн Монголын Хан хэргэмтэй язгууртнууд ёслолын дээлэн дээрээ эртний Монголын ямбаны Ууж өмсөж хэрэглэдэг байсан. Кинон дээрх Цогт хунтайж шиг, мөн Түшээт хан Цэрэндоржийн Насанцогтын хатантайгаа авхуулсан фото зурагт хаан язгуур угсааг илтгэсэн ууж өмссөн байдаг, сүүлд төрт ёсны энэхүү түүхэн уламжлалыг дагаж Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг батламжлахдаа дээлэн дээрээ Төрийн тэргүүний ууж өмсгөлийг өмссөн байдаг.
Угсаа гарал
Түүний дээд өвөг Гэрсэнз жалайр хунтайж нь Даян хааны 2 дахь их хатны бага хүү бөгөөд ах дүү дундаа хамгийн отгон нь байжээ. Жалайр хунтайж 1549 онд нас барсны дараа түүний 7 хүү тус бүрдээ Ар Халхын 7 отгийг хувааж авсан. Үүнээс түүний дээд өвөг Ноёнтой хатанбаатар Бэсүд, Элжигин отгийг өмчилж, нэгэн хошуу болж Халхын баруун гарын бүрэлдэхүүнд багтжээ. 1580-аад оноос Ашихай дархан хунтайжийн ач хүү Лайхур хунтайж Засагт хан аймгийн үндсийг тавьсан. Чин улсад Халхын 3 ханлиг дагаар орсны дараа 1732 оны хэрэг явдлаас хойш Засагт ханы тамга Ашихай дархан хунтайжийн удмаас Ноёнтой Хатанбаатарын удмын Гэлэг-Ямпилд шилжсэн. Энэ нь 1924 он хүртэл үргэлжилсэн. Шууд удмыханаас үлдээгүй, үеэл үйзэн засгийн түшээ гүнгийн удмаас бий.
Эхэн үедээ Халхын долоон хошууны баруун гарт 7 отгоос бүрдсэн 4 хошуу багтаж байгаад 1590-ээд оноос Лайхур анх хан болоход хан, жонон, хунтайжийн гурван отог болжээ. Энэ үеийн Халхын үйсэн цаазад Зүүн, Баруун гарыг "зургаан хошуу" гэж байсны учир үүнтэй холбоотой. Үүнийг бас "Манай баруун этгээдэд Лайхур хаан, Жалайрын Убаши хунтайж, Бэсүдийн Сэцэн жонон нар, зүүн этгээдэд Очирай хаан, Цогт хунтайж, Далай жонон бүлгээ" гэж тодорхойлсон Чахундорж хааны үг (1686 он) бий. Ийнхүү гурван гол хошуун дээр 1610-аад оноос Ноёндай хатанбаатарын удмын Элжигиний Бадам дайчин Хатанбаатар ноёны захирсан нэг хошуу нэмэгдэж 4 хошуутай болсон. Эдгээр дөрвөн хошуу захирсан ноёдыг "их ноёд" гэж нэрлээд, хошуу захирах ноёнд захирагдаж хувийн отгоо захирах ноёдыг "бага ноёд" гэдэг байсан. 1655 онд Элжигиний Хатанбаатар ноёны байр суурийг эвдэж бага ноён болгон, Далдан хүндлэн ноёны удмын Сартуулын Хүндлэн тойныг хошуу захирах их ноёны зэрэгт дэвшүүлж өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлтөөр Засагт хан аймгийн дотор өрнөсөн эрх мэдлийн төлөөх тэмцэлийн эхлэж, энэ нь даамжирсаар Халх, Зүүнгарын хаант улс, Чин гүрнийг хамарсан ихээхэн үймээний эхлэл болсон.
1691 онд Манжид дагаар орсноос хойш хэд дахин хуваагдаж 1755 онд Хойтын 1 хошууг тус аймагт хавсарган захируулжээ. 1911 онд аймаг 19 хошуу, 3 тамгатай хутагтын шавьтай байв. Гомбожавын зургадугаар үеийн ач Дашцэрэнд 1912 онд Монгол улсын Жавзандамба хутагт Богд хаан Итгэмжит засаг цол хүртээж тусгай засаг хошуу болгон Засагт хан аймагт захируулжээ.
1932 онд дахин засаг захиргааны шинэчлэлт хийгээд Алтай, Завхан, Хөвсгөл зэрэг аймагт хуваасан. Эдүгээ 2015 оны байдлаар Говь Алтай, Завхан, Хөвсгөл аймаг, Баянхонгор, Увс, Ховд аймгуудын зарим сумд болсон байна.
Тусгаар улсын эзэн

Олноо Өргөгдсөн Монгол Улсын үеийн ихэс дээдсийн давраажилт нь нэг талаас Алтан ураг, нөгөө талаас хутагт, хувилгаадын дүр тодруулалтаас улбаатай. Богд Живзундамба хутагт хааны хишиг тараах анхны “лүндэндээ аливаа цол хэргэм зэргийг хэвээр хэрэгжүүлж нийтээр дагатугай” гэж Манж Чин улсаас олгосон цол хэргэмийг хэрэгжүүлэхээр заасан.
Дараа нь 1915 оноос “Монгол Улсын Хууль зүйлийн бичигт” хэргэм зэрэг залгамжлах хуучин зүйлийн заалтуудыг оруулсан бөгөөд энэ хэргийг Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яам Богд хааны зарлигийн дагуу хэрэгжүүлэх болсоныг заасан юм. Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамны түшмэлийн хэлтэс нь олон ван, тайж, түшмэлийн зэрэг залгамжлах гэрийн үеийн дансыг хянаж байх үүрэгтэй байжээ.
Засагт хан Д.Содномравдан нь Манж Чин улсын үеийн олон Халх, Ойрд, Хөх нуур Дээд Монгол, Алтайн Урианхай, Өвөрлөгч 49 хошууны монгол ноёдын дунд өндөр нэр нөлөөтэй байсан.
Хэвт ёсны 2 дугаар онд буюу 1910 онд Манжийн хааны зарлигаар Засагт Хан П.Содномравданг халхыг төлөөлөн хааны сонгосон гишүүн буюу Манж Чин улсын 资政院-д Зөвлөх Парламентын гишүүнээр томилсон.
Засагт Хан П.Содномравдан Хааны Зөвлөх Парламентын гишүүнээр 资政院-д орсноор Манжийн төв засгийн бодлогод оролцох, нөлөөлөх боломжтой болсон.
Засагт Хан П.Содномравдан Манж Чин улсын 资政院-д Зөвлөх Парламентын гишүүнээр томилогдон Бээжинд жасаалж байх үедээ бүх “Монгол ноёдын холбоо”-г өвөрлөгч голлох ноёдын хамт санаачлан байгуулсан.[баримт хэрэгтэй]
Ийм учраас шинэ хаан сонгохдоо эхлээд Засагт хан Доржпаламын Содномравданг Улсын хаан болгохыг хүссэн байдаг. Хамгийн сонирхолтой нь Түшээт хан Засагт ханаа өргөсөн явдал байдаг. Гэвч Д.Содномравдан хан татгалзаж байснаар дараагийн удаад Ханддорж чин ван, Цэрэнчимэд да лам нар Түшээт хан Дэмчигдоржийн Дашнямыг өргөмжлөх санал гаргасан ч бүтээгүй юм. Эцэстээ Засагт хан Д.Содномравданы бусад гурван хантайгаа зөвшилцөн өргөснөөр Жавзандамбын 8-р дүрийг Монгол Улсын Хаан болгожээ. Тусгаар тогтнолоо сэргээж, улсаа тунхаглан зарлаж, Богдыг хаан ширээнээ залах Хааны Алтан навчит алтан өргөмжлөл, алтан ялтас дээрх Хааны Алтан тунхаглалыг Засагт хан өргөсөн байдаг. Энэ алтан өргөмжлөл, алтан тунхаглал одоо Эрдэнэсийн санд хадгалагдаж буй.[1] Богд уулын Төр хурах, Шажин хурахын аманд хуралдсан ихэс ноёд, лам нарын нууц хуралдаанаас гаргасан тэмдэглэлт мэдээ бий.
Энэ нь Монгол Улсаа тусгаарлахад шийдвэрлэх нөлөөтэй байсан гэгддэг Ханддорж чин ван, Цэрэнчимэд да лам нар Түшээт ханыг хаан болгох санал гаргасныг няц дарж, хүлээн зөвшөөрүүлээгүй байна гэдэг бол шийдвэр гаргагч гол өөр хүн байсан нь нотлогдоно. Энэ хүн бол Улсаа туурга тусгаар болгох гол санаачилга гаргагч зохион байгуулагч зонхилогч эзэн дээдэс Засагт хан Доржпаламын Содномравдан байсан нь маргашгүй үнэн юм.
1904 онд Түшээт хан Цэрэндоржийн Насанцогтыг бие барсны дараа түүний үеэл дүү тайж Дэмчигдоржийн том хүүг буюу сул тайж Дэмчигдоржийн Дашнямыг 19 настайд нь Түшээт ханыг залгамжлуулсан тул нөлөө сул байсан байж магадгүй.
Монгол Улс байгуулагдахад Барга монголчууд, Шинжаан дахь Илийн хязгаарын 26 ойрад хошуу, Дээд монголчуудын 26 хошууны 24 нь, Өвөр Монголын 49 хошууны 35 нь өргөх бичиг илгээн дагаар оржээ. Харин Өмнөд Монголын хятадажсан эзний шинэ торгууд, зүүн өмнөд хошуунууд Монголд дагаар ороогүй байна. Урианхайчууд бас дагаар орохоо өргөх бичгээр илгээсэн. Буриадын зарим ноёд бичиг өргөсөн байдаг. Товчхондоо 1911 онд бүх Монгол угсаатнууд тусгаар тогтносон Монгол Улсдаа нэгдэн орохоо мэдэгдсэн байдаг ба ийм үйл явдал Монголын түүхэнд урд хожид гараагүй. Цаашид ингэх түүхийн боломж дахин гарч ирэхгүй биз ээ.
Эндээс харахад маш богино хугацаанд буюу 4 сарын дотор бүх монгол үндэстэн нэгэн зэрэг Олноо өргөгдсөн Хаант Монгол улс байгуулагдахад нэгдэн орохоо мэдэгдэж, өргөх бичгээ үндэстэн ястнуудаараа төлөөлөн гарын үсэг, тамгаа дарж Дагаар орох бичгээ Их Хүрээнд хүргүүлсэн гэдэг нь өмнө нь маш их урт хугацаанд хэлэлцэн зөвшилцөж бэлтгэсэн байсан нь харагддаг.
Монголчууд олон зуун жилийн турш баруун зүүн өмнөд гээд хоорондоо талцан нэгдэж чадахгүй явж ирсэн байдлаа богино хугацаанд ойлголцож, нийлэн нэгдсэн нь Засагт хаан Д.Содномравданы ухаалаг, холч, уужим талбиун, удирдан манлайлагч бодлого, үйл ажиллагаа голлон нөлөөлсөн юм.
Засагт хан Д.Содномравданы энэ түүхэн үнэ цээтэй үүргийг Монголын түүхэнд орхигдуулж ирсэн нь харамсалтай. Монгол Улсаа тунхаглаад удалгүй хорлогдсон болохоор Хаант улсаа байгуулахаас өмнө түүний хийсэн үйлдэл тэмдэглэгдэхгүй явж иржээ. Гол нь нэгдсэн улсын зохион байгуулалтыг Засагт ханыхан гурван үеэрээ урт хугацаанд зангидаж, төлөвлөж, удирдаж, зохион байгуулсан нөлөө бүхий удирдагч Засагт хан байхгүйгээр тусгаар тогтнох түвшинд хүрэх боломжгүй нь тодорхой. Тухайн үед арав гаран жил үргэлжилсэн маш олон газарт хүчтэйгээр зэрэг зэрэг өрнөсөн тэдгээр олон үйл явдлуудыг хяналтаасаа алдахгүй нэгтгэн зангидан удирдаж, арга зүй, санхүүжилт, зохион байгуулалтаар хангах хүн институцгүйгээр тэдгээр бүх үйл явдлыг зангидах боломжгүй. Тэр хүн бол Засагт хан Д.Содномравдан, түүний шадар албатууд, халх, өвөрлөгч ноёд байлаа.
Засагт хан Д.Содномравданы энэ үйл хэрэгт Түшээт жүн ван Чагдаржав нэгэн мөрийн хүчээр тусалсан гэдэг. 1907 онд Богдын ордонд Засагт ханы оросын худалдаачдаас дамжуулан нууцаар авчруулсан зэр зэвсэг хураан нуух болсон баримт буй. Тэр үеэс халх, өвөрлөгч, барга, эх орончид сүлбээлэн бүлхэмдэж эхлэсэн. Тэр үүднээсээ Засагт ханы харьяаны Их Хүрээний Дашчойнбол дацангийн хэсэг лам нарын үүсгэсэн зодооны дараагаас удалгүй Халхын Их Хүрээний хэргийг түр хамаарах газар байгуулж Түшээт ван Чагдаржав удирдсан. Тэр утгаараа сүүлд хаан сонгох болоход Түшээт хан Д.Дашням, Түшээт хан аймгийн чуулган дарга Түшээт ван Чагдаржав нар анхлан Засагт хан Д.Содномравданг өргөсөн бизээ.
Богдыг гол хүн байсан гэж төлөөлөн ойлгодог ч тухайн засаг захиргаа нийгмийн байгууллын хувьд шашны зүтгэлтэн төрийн хэрэгт оролцох боломж зөвхөн Их Хүрээгээр хязгаарлагдаж байсан. Өвөрмонголд шашны тэргүүн нь Жанжаа хутагт, ойрдод нэг, урианхай, буриадад Агваан Хайдав зэрэг тус тус шашны том төлөөлөл нь байж түүнийгээ дээдэлдэг байсан байхад Халхын Богдын нэр нөлөөгөөр бусад монголчууд дагасан гэвэл өрөөсгөл болно. Наад зах нь баяд, дөрвөдийн аймаг түүнд тулгуурлаагүй, Засагт ханд итгэж дагасан. Богд Их Хүрээнээс гадгашаа гарах бол Бээжингээс зөвшөөрөл авдаг тийм явцуу хүрээнд байсан. Харин Засагт хан Улиастайн Амбан, Жанжины газар, Халхын аймгуудын чуулган, жасааг бодитойгоор удирдах боломжтой, баруун талдаа алтай, урианхайн хязгаарыг хамаарч, Бээжинд төвлөн Монгол жургаанд жасаалдаг, Манжийн төрийн шийдвэр гаргах түвшний эрх мэдэл, мэдээлэлд ойр өвөрлөгч хорчин, харчин аймгийн ноёдуудтай ойр дотно харилцаатай, түүгээрээ дамжуулан өвөрмонгол урианхай ойрд дээд монголын том ноёдтой хэдэн үеэрээ холбоо харилцаа тогтоосон гэх мэт асар өргөн цар хүрээтэй олон талт хамтын ажиллагаатайгаар ажиллаж байсан.
Засагт хан Д.Содномравдан, Хорчин аймгийн ноён Б.Гончигсүрэн чин ван, Бээжин дэх Гадаад Монголын төрийг засах явдлын яамны сайд Харчин аймгийн ноён В.Гүнсэнноров чин ван нарын холбоо сүлбээ, үүсгэл санаачилга, санхүүжилт, зохион байгуулалтгүйгээр 1911 оны хувьсгал гарах, ялах боломжгүй байсан нь түүхэн үнэн юм.[баримт хэрэгтэй]
Хамгийн гол шалтгаан нь Их гүрнүүдийн 1881 онд байгуулсан "Петрбургийн гэрээ"-нд зааснаар Манж Чингийн нутаг дэвсгэрийн бүсэд өөрсдийн нөлөөлөө хувааж авсан. Энэ гэрээ ёсоор Ар монгол, Баруун Монголыг Оросын нөлөөнд оруулж, түүндээ Төвөдийг нөлөөний бүсдээ татах ажлыг эртнээс төлөвлөгөөтэй зохион байгуулж ирсэн байх магадлалтай бөгөөд үүндээ Засагт ханыг талдаа татах байдлаар оролцуулж байсан байж болзошгүй харагддаг.
Засагт хан Д.Содномравдан 1911 оны 10 дугаар сарын хятадын Учаны бослогын талаарх шуурхай мэдээг Гадаад Монголын төрийг засах явдлын яамны сайд Харчины В.Гүнсэнноров чин ван болон Манжийн хааны дотоод ордны Хааны Хиагийн захирагч Сайн ноён хан аймгийн Сайд Сэцэн чин ван Наянт нараас буухиа мэдээ авмагц "Манж гүрнийг хамгаалах 5000 цэрэг татна" гэж Улиастайн амбан, Манж жанжинд хамгийн эхлэн Засагт ханы хувиар мэдэгдэл хүргүүлж, дараа нь мөн Их Хүрээний Манж амбанд Халхын хануудын нэрийн өмнөөс Их Хүрээний хэргийг түр хамаарах сайд Түшээт ван Чагдаржаваар мэдэгдэл хүргүүлж, цэрэг татлага эхлүүлж, эс дэмжсэн хариу өгөхөд нь: тэгвэл Манж Чингийн явдал бидэнд хамаагүй болжээ, тийм учир тусгаарлаж, урьдын төрөө сэргээнэ гэсэн байдаг. Эзэнт гүрнийг юу хэлэх, юу хийхээ тодорхойлж амжаагүй байхад нь ийнхүү шийдвэр гаргасан нь урьдчилан боловсруулсан төлөвлөгөө хэрэгжсэн явдал байлаа. Улмаар хүрээнд 500-2000 цэрэг хурж, Хүрээ, Улиастайн Манжийн амбан, манж хятад цэргүүд аргагүй бууж өгч, Монгол нутгаас зайлсан.
Улиастайн Манж жанжин бол 200 жилийн турш Халх 4 аймаг, Ховд, Урианхайн хязгаарын бүх хэргийг ерөнхийлөн захирах цэрэг, захиргааны гол албан тушаалтан байсан бөгөөд шууд Манж хаан болон Гадаад Монголын төрийг засах явдлын яаманд л захирагддаг байв. Энэ үүднээсээ Засагт хан Д.Содномравдан 1912 оны нэгдүгээр сарын 21-нд хамгийн түрүүнд Улиастайн Манж жанжны газрыг гартаа оруулж авсан байна. Улиастай хотын Манж жанжин, сайд нар бууж өгч монголоос зайлан одсон.
Улиастайн монгол амбан нь Засагт ханы Сартуул сэцэн Засгийн хошууны ноён жүн ван Жалцангомбоцэдэн-Иш байсан тул өөрийн дураар хөдлөхөд дэм болжээ. Нөгөөтэйгүүр Улиастайн монгол амбанаар нь Засагт ханы хорин хэдхэн настай цэл залуухан Сартуул ванг томилуулсан нь Гадаад Монголын төрийг засах явдлын яамны сайд В.Гүнсэнноров чин вангаас нөлөөлж, урдаас бэлтгэсэн төлөвлөгөөний нэг хэсэг нь байх магадлалтай харагддаг.
Бээжинд суугаа Гадаад Монголын төрийг засах явдлын яамны сайд, Харчины В.Гүнсэнноров чин вангаас Манж Чингийн төрийг татан буулган Дундад Иргэн Улс зарлан тунхаглах товлосон өдрийн талаарх мэдээг хүлээн авсан Засагт хан Д.Содномравдан яаравчлан Халхын ханууд ноёд дээдэстэй тохиролцож Их Хүрээнд богино хугацаанд Богдыг хаанаар 1911 оны 12 сарын 29-нд өргөмжлөн, Монгол Улсаа тунхагласан бөлгөө. Монгол Улс тунхагласнаас хойш 2 өдрийн дараа Дундад Иргэн Улс байгуулагдснаа тунхагласан байдаг ба хятадаас өмнө улсаа байгуулснаа зарласан нь түүхийн болон олон улсын эрх зүйн хувьд асар чухал ач холбогдолтой үйл явдал болсон. Монголчууд үнэхээр олон талт шуурхай мэдээлэлтэй ажиллаж байсныг илтгэдэг.
Нөгөө талаасаа Дундад Иргэн Улс зарлан тунхаглах товлосон өдрийн талаарх мэдээг урдаас хүлээн авсан Засагт хан Д.Содномравдан яаравчлан Халхын ханууд ноёд дээдсүүдийг цаг хугацааны хайчаар шахамдуулан яаравчлуулан шийдвэр гаргуулаагүй бол Хэн нь Хаан суух талаар маргалдан тэмцэлдсээр түүхийн гашуун тавилангаа давтах байсан бөгөөд түүнээс сэргийлсэн Монгол Төрийн их бодлогтон дээдэс билээ.[баримт хэрэгтэй]
Засагт хан Д.Содномравдан Богдоо 1911 оны 12 сарын 29-нд хаанд залах ёслол үйлдээд л Улиастай хотыг зорьсон байдаг. Шалтгаан нь Халх дахь Манжийн засаг захиргааны төв Улиастайн Манж жанжны газрын буулгаж авах нь хамгийн амин чухал стратегийн нүүдэл байв.
Улмаар Засагт хан бараа бологчдын хамтаар өвлийн -40 градусын тэсгим хүйтэнд маш богино хугацаанд 1500 гаруй км зам мориор туулан нутгаа зорьж очсон. Улмаар эртнээс бэлдсэн бэлтгэлийнхээ дагуу Улсаа тунхагласнаас хойш 22 хоногийн дараа буюу 1912 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр Улиастайн Манж Жанжин сайд Аан И болон Манж Амбаны газрыг татан буулгаж, Монголоос хөөн явуулсан байдаг. Хөөн явуулаад Улиастайн эрхэлсэн сайдаар өөрийн итгэмжит хүн Засагт ханы Чин Ачит Засгийн хошууны ноён Гончигдамба бэйлийг тавьсан байна.
1912 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр Улиастайн Манж жанжин сайд Аан И бууж өгч, Манж Жанжны газар татан буугдсанаар Халхад Манжийн засаг захиргаа, ноёрхол олон улсын хууль ёсоор де факто дуусгавар болсон юм.[баримт хэрэгтэй]
Түүний хажуугаар Засагт хан Д.Содномравдан баруун хязгаарын олон ноёд дээдсийг талдаа татах ажлыг зохион байгуулж байв.
Мөн дүн өвлийн хүйтнээр тусгайлан өөрийг нь зорьж ирсэн Хаант Оросын Засгийн газрын биет төлөөлөгч бөгөөд Оросын Сангийн яамны Дорнод хэлтсийн эрхлэгч барон В.Л.Котвичийг 1912 оны 2 сарын 27-нд Засагт ханы хүрээ дэх өргөөндөө хүлээн авч уулзсан байдаг. В.Л.Котвич нь гадаад Монголыг тусгаарлах гол бодлогыг тодорхойлогч байсан юм.
Мөн Ховдын Манж амбаны газрыг татан буулгахаар цэрэг татан төвлөрүүлэн дарж авахын тулд Улиастай хот болон өөрийн аймагтаа төвлөрөн асар завгүй ажилласан байдаг тул Их Хүрээний Богдын Засгийн бялуунаас хүртэхээр булаалдах цаг хугацааны боломж байгаагүй байх магадлалтай. Нөгөөтэйгүүр 5 яам байгуулахад Засагт ханыхаас суудал хуваарилагдаагүйгээс шалтгаалсан байж болзошгүй бөгөөд Их Хүрээ рүү Засагт ханыг буцаж ирэхгүй, 1912 оны Цагаан сараар ч ирж золгоогүй шалтаг заагаад байсан тул Богдын Дондогдулам хатан Засагт хан Д.Содномравданы хатан Жамсраны Цэсрэнг дуудан авчирч буцаахгүй 4 сар гаран дэргэдээ шадарлуулсан мэдээ байдаг.
Улмаар Ховдыг чөлөөлөх цэрэг цуглуулахаар бүс нутгийн ноёдыг татан ятгаж, Дөрвөд, баяд хошуудын Түмэндэлгэржавын 700 цэрэг, Тагна урианхайн хошуудын Гомбодорж ноёны 300 цэрэг, Алтайн Урианхайн Ши бэйсийн 17 сумын 300 цэрэг, Засагт хан, Сайн ноёны хошуудын 400 цэрэг зэрэг цугларан Жалханз хутагт, Зоригт ван Наваанцэрэн, гүн Хатанбаатар Магсаржав, гүн Манлайбаатар Дамдинсүрэнд хариуцуулан баруун хязгаарын асуудал цэгцэрсэн тул аргагүй эрхэнд 1912 оны хавар Богдод дуудагдан Засагт хан Д.Содномравдан Их Хүрээнд морилсон байдаг ба хаанд бараалхаж очиж ирээд хоёр хонолгүй 5 сарын 8-нд хоронд хордсон байдалтайгаар таалал болсон.
Улиастай хот Халх дахь Манжийн дарангуй цэргийн гол төв болж, тэнд Халх монголыг захирах манжийн төлөөний жанжин сайд сууж, хязгаар дахинд холбогдох чухал хэргийг шийтгэх, 4 аймгийн цэргийн бэлтгэлийн хэргийг захирах, өртөө харуулыг цагдах, оргодол, босуулуудыг байцаан барих зэрэг хэргийг товчлон захирах үүргийг гүйцэтгэж, гагцхүү Манжийн хаан ба Гадаад монголын төрийг засах явдлын яаманд захирагддаг, халх дахь манжийн цэргийн ба иргэний захиргааны дээд эрхийг барих төв байсан юм. Улиастайн Манж жанжны газар нь бас Хөвсгөл нуурын Урианхай, Тагнын Урианхайнхошууд, тэдний газар нутаг дээрхи өртөө, харуулуудыг болон Их Хүрээний Манж Амбан, Ховдын Манж Амбанг харъяалан захирдаг байлаа. Улиастайн жанжны дэргэд манж, монгол нэжгээд сайд суудаг байсныг хуувийн (зөвлөх) сайдууд, сүүлд амбан хэмээдэг байв.
Их Хүрээний Манж амбан нь халхын 4 аймгийн хэргийг хамаардаггүй зөвхөн Богдын хүрээгээ хариуцсан албан тушаалтан байсан бөгөөд Улиастайн Манж жанжны газарт шууд харьяалагддаг байв. Ховдын Манж Амбан нь мөн Улиастайн Манж Жанжны газарт шууд харьяалагддаг байв. Улиастайн Манж Жанжин гагцхүү Манжийн Эзэн хаанд шууд захирагддаг байв.
Манай түүхчид энэ зүйлийг ч мэдэхгүйгээр Их Хүрээний Сан до Амбангаар төлөөлүүлэн их олон түүх, зохиол бичдэгт нэн харамсалтай. Улиастайн Манж Жанжин сайдыг Манж Амбаныхаа удирдлагад байдаг албан тушаалтан байсан мэтээр тухайн үеийн засаг захиргааны хуваарилалтыг судлахгүйгээр кино хийж, зохиол бичсэн түүхийг гуйвуулсан ичгэвтэр явдлууд бий.
Улиастай хот манжийн дарлалын үед Халхын 4 аймаг, Ховд, Алтай Урианхайн хязгаарын Нийслэл төв нь байж халх 4, ховдын хязгаарын аймгийн чуулганууд хуралддаг, жас нийлдэг хэрэг заргаа эцэслэн шийддэг төв байсан. Гэвч Их Хүрээ нь 1870-аад оноос хойш хятадын Цайны замын Орос руу дайран гардаг гол суурин газар болсон бөгөөд мөн Богд оршин суудаг, олон хөлийн худалдааны төвлөрсөн суурин газар байснаар өргөжин тэлж стратегийн чухал ач холбогдолтой төв болсон байна.
Засагт хан Д.Содномравдан Манжаас салах нь ганц монгол үндэстний асуудал гэж хязгаарлалгүй Төвөдийн 13 дугаар Далай лам Түвдэнжамцыг энэ үйл хэрэгтээ татан оролцуулж, Засагт ханы Дорлиг лхаарамба, буриад лам хамба Агваанаар дамжуулан халхад дүрвүүлэн авчирч 3 жил байлгаж байгаад буцаасан. 1912 онд Төвөд улс тусгаар тогтнолоо зарласан байдаг. 13 дугаар Далай лам Түвдэнжамц халхад очих болсон тухайгаа 1910 онд Энэтхэгт байхдаа тэмдэглэсэн нь байдаг бөгөөд Засагт ханы хүсэлт зуучлалаар оростой холбоо тогтоосон гэдэг.
Халхын дөрвөн Ханы дэмжлэг авахгүйгээр Эзэн Чингис хааны алтан ургийн биш, харь төвөд хүнийг улсын хаан болгох санаачилга гаргах монгол хануудын харьяат монгол ноёд гэж ямар ч тохиолдолд байхгүй өндөр ёс суртахуунтай цаг үе байв.
Сүүлд зохиосон түүхээр Сайн ноён хан санаачилж хаан болгосон гэдэг нь огт ор үндэслэлгүй бөгөөд Халхын эзэн Засагт хан, Түшээт ханы өмнүүр орж бусад ханууд дэг эвдэх ёсон эртнээс үгүй байсан. Тэр дундаа өөрийнх нь аймгийн харьяат хошууны ноён байсан Сайн ноёныхон тийм үйлдэл гаргах ёс суртахууны эрхгүй гэдгээ гүнээ ухамсарлан мэддэг байлаа. Түүнчлэн Халхын нэр нөлөөтэй Засагт хан, Түшээт хан нар дараалан 3 сарын зайтайгаар асар богино хугацаанд хорлогдож, цэл залуухан Сэцэн хан Цэрэндондовын Навааннэрэн туршлага дутаж байсан тул Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн яалт ч үгүй төрийн жолоог татахаас аргагүй болсон байдаг. Богдыг хаан ширээнд суулгаад эхэн үедээ Халхын дөрвөн хан Богд хааны Тэргүүн шадар сайдаар томилогдсоноос өөр албан тушаал хашаагүй нь зөвшилцөл тохиролцооны ихээхэн зөв гаргалгаа байсан нь харагддаг.
1911 онд Жавзандамба хутагт болон Халхын дөрвөн Ханы нэр хамтарсан бичигтээ Гадаад монгол, Өвөр монгол, Барга, Ойрд, Урианхайн хязгаарыг багтаасан Их Монгол улсыг байгуулахдаа Орос улсаас тусламж авах, худалдааны зэрэг харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Монголын төлөөлөгчдийг Орос улсын Гадаад явдлын яамны хэргийг түр эрхлэгч А.Нератов, Сайд нарын зөвлөлийн дарга П.А.Столыпин, Оросын Эзэн хаан II Николай хаан хүлээн авч уулзжээ. Оросын II Николай хаан «Танай улс учиргүй их улс болохыг бүү яар. Гагцхүү тогтнохыг хичээх нь эрхэм!» гэж зөвлөсөн гэдэг.
Засагт Хануудын улсаа тусгаар тогтнуулах бодлого
Халхын Эрдэнэ Бишрэлт Үнэн сүжигт Оройн дээд Дархан Засагт Хан Доржпаламын Содномравдан нь Өвөрлөгч Харчин баруун хошууны Засаг ноён Ванданнамжилын Гүнсэнноров Чин вантай, мөн Хорчины зүүн хошууны засаг, Бинт чин ван Б.Гончигсүрэн нартай нягт хамтран Монгол Улсаа Манжаас тусгаарлах бодлого үе шаттай явуулж ирсэн бөгөөд тэрхүү бодлогын үрээр Халх, Ойрд, Хөх нуурын Монгол, Өвөрлөгч 49 хошууны монгол ноёдын дунд ихээхэн нэр нөлөөтэй болсон байв. Өвөрмонголын В.Гүнсэнноров Чин вангийн байгуулсан “Төвийг эрхэмлэгч” монгол сургуульд Засагт хан хошууныхаа монгол хүүхэд залуусыг явуулж сургаж байсан бөгөөд тэдний номын сан, хичээлийн хэрэгсэл, байр сууц, хоолны зардлыг Харчин вангийхан дааж байсан мэдээ хятад эх сурвалжид тэмдэглэгдсэн байдаг.
Манжийн хааны зарлигаар Сюаньтунгийн 2 дугаар онд буюу 1910 онд Засагт Хан П.Содномравданг Халхыг төлөөлсөн хааны сонгосон гишүүн буюу Манж Чин улсын 资政院-д Зөвлөх Парламентын гишүүнээр томилсон байдаг нь “Чин Ши Гао” (清史稿, “Чин улсын түүхийн ноорог”) нь Чин улсын (Qing dynasty) түүхийн эх сурвалжид тэмдэглэгдсэн байна.
Засагт Хан П.Содномравдан Манж Чин улсын 资政院-д Зөвлөх Парламентын гишүүнээр томилогдон Бээжинд жасаалж байх үедээ бүх “Монгол ноёдын холбоо”-г өвөрлөгч голлох ноёдын хамт санаачлан байгуулж богино хугацаанд олон талт байдлаар монголоо тусгаарлах бодлогыг нэн амжилттай хэрэгжүүлж ажиллах үндсийг тавьсан байна. Энэ үеэс Өвөрлөгч Харчин баруун хошууны Засаг ноён Ванданнамжилын Гүнсэнноров Чин ван, мөн Хорчины зүүн хошууны засаг, Бинт чин ван Б.Гончигсүрэн нартай нягт хамтран Монгол Улсаа Манжаас тусгаарлах бодлого хэрэгжүүлж, монгол ноёдын холбоог бүлхэмдэн үүсгэн эхэлсэн байдаг.
Харчин баруун хошууны Засаг Ванданнамжилын Гүнсэнноров их Чин ван Монгол, Төвөдийн жургааны ерөнхийлсөн сайдын тушаалд ажиллахдаа Хааны Зөвлөх Парламентын гишүүнээр ажиллаж байсан Засагт Хан Доржпаламын Содномравдантай нягт холбоотой байж Ар Монголд 1911 онд үндэсний хувьсгал ялалтыг талархаж, Өвөр Монголын хошуудын ноёд язгууртанд ухуулах ажлыг эхлүүлж, нэр нөлөө, санхүүжилтээр дэмжиж байсан эх сурвалжууд олноор байдаг.
Тухайлбал, 1911 оны Монголын эрх чөлөөний хөдөлгөөн үүсгэхэд Засагт хан Д.Содномравдантай үгсэн тохиролцсоноороо Манж Чингийн төрийн Бээжин дэх Монгол, Төвөдийн журганы ерөнхийлсөн сайд бөгөөд угтаа тухайн үед манжийн төрд бүх монгол үндэстнийг тэргүүлж байсан Харчины баруун хошууны Засаг ноён Ванданнамжилын Гүнсэнноров их Чин ван өөрийн итгэмжит албат Зостын чуулганы Харчин баруун хошууны түшмэл Баянтөмөрийн Хайсан гүнг, түүний том хүүгийн хамт өөрийнхөө төлөөний хүн болгон Халх Монгол руу явуулсан.
Мөн Хорчины зүүн хошууны Засаг ноён Бинт чин ван Б.Гончигсүрэн өөрөө болон Хорчины баруун хошууны Засаг ноён Б.Удай Засагт чин ванг, түүний хоёр дүү Сахалт лам Б.Бөхбаян, Хорчин хойд хошууны засаг ноён гүн Б.Раашминжүүр нарыг өөрийн төлөөний хүн болгон Халх руу явуулсан байдаг. Сүүлд Харчины баруун хошууны цэргийн жанжин гүн Бавуужавыг халх руу явуулж цэргийн хэрэг эрхлэхэд туслалцуулсан.
Хорчины зүүн хошууны Засаг ноён Бинт чин ван Б.Гончигсүрэн Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч сайд, Удай Засагт чин ван Богд хаант улсын Цэргийн яамны дэд сайд, Зостын чуулганы Харчин баруун хошууны түшмэл Баянтөмөрийн Хайсан Чин зүтгэлт Улсад туслагч гүн цол хүртэж, Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны эрхэлсэн түшмэл болж, Б.Раашминжүүр гүн Гадаад яамны эрхэлсэн түшмэл болсон. Тэдгээр хүмүүс Монголд 1911 оны хувьсгал гарахад шийдвэрлэх нөлөө үзүүлсэн.
Хорчины баруун хошууны Засаг ноён Удай ван, Рашминжүүрийн хамт хятадын маршал Жан Золингийн орчин үеийн зэвсэглэлтэй 15 мянган их цэргийг удаа дараа бут цохисон байдаг.
Харамсалтай нь Засагт хан Д.Содномравданг нэн харамсалтайгаар хорлож алсан явдалд болон халхын ноёдын увайгүй үйлдлээс болж өвөрлөгчдийн хамгийн нөлөө бүхий ноён Харчины В.Гүнсэнноров Чин ван сүүлд 1912 оны сүүлч гэхэд хятадын хувьсгалын удирдагч Сүнь Ят сений талд зогсож байв.
Харчины В.Гүнсэнноров чин ван санаачлан өвөрлөгч 49 хошуудын 35 хошууны ноёдыг тэргүүлэн Богд хаант Монгол Улсад дагаар орох үйл хэргийг гардан удирдсан боловч, халхын ноёдын жалга довын эрх мэдэл булаалдсан явцуу эрх ашгаас болж цаашаа эргэсэн байдаг.
1916 оны Цагаан сараар Монголын их урвагч, Хятадын эх оронч Ши Янь Шань буюу Гадаад явдлын яамны сайд, хичээнгүй гүн Балингийн Цэрэндорж Дундад иргэн улс Хятадын бүрэн эрхэт төлөөлөгч Чен Лу-тай наргиж суухдаа, Харчины сахалт лам Бөхбаяныг Гадаад Монголын тусгаар тогтнолын үйл явдлыг анх өдөөн эхлүүлэгч этгээд хэмээн тодорхойлж, хэрэв Хайсан, Удай, Бөхбаян нар халхад ирээгүй бол яавч тусгаар тогтнолын хэрэг өрнөхгүй байсан юм гэж харуусан үглэж байжээ. Яг тэр үед нь Ханддорж хорлогдож, Хайсан, Удай ван буцаагдаж байсан билээ. Сахалт лам Бөхбаян мөн урвагч дайснуудад хорлогдон, амь насаа харамсалтайгаар алджээ.
Харин Алтайн хязгаарыг хамаарсан амбан байсан Торгуудын Балт ван Засагт ханы Нэгдсэн Монголыг тусгаар улс болгох бодлогод тээг болсон урвагч байсан нь үнэн бөгөөд түүний урвагч үйлдлээс болж Шинжаанаас салалгүй баруун хязгаар, баруун өмнөд хязгаар бие даасан засаг захиргааны нэгжгүй өнөөгийн нөхцөл байдалд орж, эцсийн дүндээ хуучны Зүүнгарын нутаг болон Хуучин Торгууд болон Эзний голын шинэ торгуудуудын төрлөх монгол нутагт монгол хүний мөргүй болж хятад, казахуудын төрлөх нутагт тооцогдох болжээ одоо. Торгуудын Балт ван Ойрадын улсыг байгуулах гэж байна гээд дөрвөдийн Баянт бэйс гэх мэт хүмүүсийг ашиглан хагалан бутаргах үйлдэл гаргаж, тухайн үедээ гоминданы засагт үнэнчээр зүтгэж, мөн японд тал алдалгүй зүтгэсэн байдаг. Түүхэнд буруу хүний эрх мэдэлд шунасан тэрхэн зуурын амин хувиа хичээсэн байдал түүхэнд ямар их гарз дагуулдаг жишээ энэ юм.
Засагт ханы Улсаа тусгаар тогтнуулах их үйлсэд Орос, Хятадын талаас монгол урвагч ноёдын оролцоотойгоор их саад хийсэн байдаг.
Засагт ханы харьяалдаг Урианхайн хязгаарын байгалийн баялаг алт, мөнгө, нүүрс хайж, Оросын тариачид нь тариа тарих газар хайж түрж орж ирсэн. Урианхайд 1830 онд Оросын анхны алтны уурхай нээгдэж байсан бол 1896 он гэхэд 11 алтны уурхайд 500 хүн ажиллаж байлаа. Энэ түрэлттэй хүссэн ч эс хүссэн ч Засагт хангийнхан тулж зогсохоор аргагүй байжээ.
1896 онд 169 Оросын иргэнтэй анхны орос тосгон Туран байгуулагдав. 1908 он гэхэд Урианхайн хязгаарт Оросын 200 гаруй тосгон гацаатай болчихжээ. Оросын иргэд тэр үед Урианхайн хязгаарт сайндаа ч ирээгүй юм л даа. Худалдаачид нь Урианхайн хязгаарын байгалийн баялаг алт, мөнгө, нүүрс хайж, тариачид нь тариа тарих газар хайж л ирсэн юм. Урианхайд 1830 онд анхны алтны уурхай нээгдэж байсан бол 1896 он гэхэд 11 алтны уурхайд 500 хүн ажиллаж байлаа.
1904-1914 онд Оросууд 25 тонн алт олборлож байжээ. Ийнхүү Бээжингийн гэрээгээр оросын худалдаачид баруун Монгол болон Урианхайн хязгаарт татваргүй худалдаа хийх эрхтэй болсноор оросын худалдаачид урианхайн хязгаарт ирж оросын худалдаачид урианхайн ард иргэдийг мөлждөг болсон юм. Тэр үеэс орос худалдаачдын араас Уринахайд ирсэн оросын тариачид ус, хөрс сайтай үржил шимтэй газар нутгийг урианхайчуудас булаан авч тариа тарьж баян чинээлэг орос тариачид буй болж урианхайн хязгаарт 200 гаруй орос тосгон байгуулж нутгийн урианхайчуудын хувьд бэлчээр үржил шимт газар нутгаа оросуудад алдаж амьдрахад хүнд болж ирсэн юм.
1830-аад онд оросын алт хайгчид Урианхайн Сыстык Хэмд алт олж урианхай болон манж монголын хууль цаазыг үл тоож нууцаар алт олборлож эхлэв. 1896 он гэхэд 11 алттай газар олж 11 алтны уурхай ажиллуулж, 500 гаруй ажилчин ажиллуулж их хэмжээний алт олборлож оросын цагаан хааны санг баяжуулж байв. 1881 онд гэхэд оросууд Урианхайд 9.5 сая алтан рублийн үнэтэй 446 пуд буюу 25 тонн алт олборлож байв. Оросын алт хайгчид улам их шуналтаж хууль бусаар алт олборлох ажиллагаагаа улам өргөжүүлж 1904-1914 онд алтны 29 уурхайнаас 1140 пуд алт олборлож байв. Урианхайн нутагт харийн олз хайгчид өчнөөн их алт олборлох тутам уриахайн ард түмэн төчнөөн ихээр ядуурч байв.
Хорьдугаар зууны эхнээс эхлэн Оросын эзэнт гүрэн алтаар баян Урианхайн хязгаарыг эзлэн авах далд санаагаа хэрхэн хэрэгжүүлэх талаар бодож эхэлсэн юм. 1911 онд Хятадад Синьхайн хувьсгал өрнөж Манж Чин улс мөхсөн нь цагаан оросын эзлэн түрэмгийлэгчдэд өчүүхэн жижигхэн ч гэсэн үлэмж их баялагтай Урианхайн хязгаарыг Монголоос таслан авах таатай нөхцөл бүрджээ. Монголд Богд хаан тэргүүтэй монгол ноёдууд Манж Чин улсаас туурга тусгаарлаж Богд хаант Монгол улсыг 1911 оны 12-р сарын 29 –ны өдөр байгуулав.Чухам энэ үед монгол туургатан сэргэн мандаж нэгдсэн Их Монгол улс байгуулагдах таатай нөхцөл бүрдсэн юм. Өвөр Монгол, шинжааны монгол, буриад монголчууд бүгд л энэ чухал үйл явдлыг баярлан угтаж Монгол улсдаа нэгдэн орохыг ард түмнээрээ хүсэн тэмүүлж байлаа.Харин Урианхайн хязгаарын ноёд бүгд нэгдэж Монгол улсаа дэмжихийн оронд тэд гурав хуваагдсан байлаа. Урианхай ноёдын нэг хэсэг нь Монгол улсынхаа бүрэлдэхүүнд орно хэмээн зөв ярьж байхад, нэг хэсэг нь бие даасан тусгаар улс болно хэмээн төөрөлдөж, нөгөө хэсэг нь Оросын эзэнт улсын бүрэлдэхүүнд орно хэмээн мунхаглаж байв. Тэр үед ганц, хоёр түм хүрэхгүй цөөхөн урианхайчууд өөр хоорондоо ингэж самуурч тэрсэлдэж байсныг бодоход урианхайчууд улс Монголоо гэсэн эх оронч үзлээ гээж, Бурханы сургаал, эзэн Богд Чингис хааны сургаалиа ор тас мартаж, харийн гүрнийг шүтэж буруу номтон болж байжээ.
1912 оны 1 дүгээр сард Урианхайн хошуу ноён Буянбадрах, амбан ноён Гомбодорж, хамба лам Лувсанжамц нар нь “Урианхайн хязгаарыг Оросын эзэнт улсын бүрэлдэхүүнд оруулж өгөөч” гэсэн өргөх бичгийг Оросын цагаан хаанд өргөн барьж байжээ.
Ингэж анх урианхайн ноёдын Монгол улсаас салж харийн орны нөмөр нөөлөгт орох гэсэн урвалт эхэлсэн юм. Тэр үед урианхайн ноёд, лам нарын олонхи нь Оросын нөлөөнд орох сонирхолгүй байсан. Тэд Монгол улстайгаа нэгдэх хүсэлтэй байсан нь мэдээж. Гэвч улс төрийн харалган бодлоготой цөөн хэдхэн урианхай ноёд Оросын эзэнт гүрний алт мөнгөөр баян Урианхайн хязгаарыг Монголоос салгаж өөртөө нэгтгэх гэсэн далд санааг мэдэхгүй байлаа. Оросын хаант засаг ч гэсэн тэр үед шинээр байгуулагдсан гоминданы Хятад улстай харилцаагаа муутгахыг хүсэхгүй байсан бөгөөд шууд л Урианхайн хязгаарыг Орос мэдэлдээ авч хараахан зүрхлэхгүй байсан юм.
1915 оны Орос, Монгол, Хятадын “Хиагтын гэрээ”-ний 11 дүгээр зүйлд “Урианхайн хязгаар бол гадаад Монголын бүрэлдэхүүн юм” хэмээн тусгагдсан нь Монгол улсын хувьд чухал заалт байв. Товчхондоо Засагт хан Д.Содномравдан, Дотоод хэргийн сайд Г.Цэрэнчимэд нарын үхэл Тагна Урианхайн хязгаар, Алтай хязгаарыг Орост алдахаас сэргийлэх бодлого үйл ажиллагаа явуулснаас болж хорлогдсон.
Гэвч удалгүй энэхүү гэрээг хаант Орос улс уландаа гишгэсэн юм. 1921 онд Орос улаан цэргүүд Урианхайд орж ирэв. Дараа нь цагаан гвардийн генерал Андрей Бакичийн цагаантан цэргүүд орж ирэв. Большевикууд цагаантныг ялж, Бакич генералыг 1922 оны 6-р сард буудан хөнөөв. 1917 онд улаан хувьсгал Орос оронд ялж еврей коммунистуудын улаан хядлага Орос орон даяар өрнөж хэдэн сая гэм зэмгүй ард иргэд улаантнуудад алагдаж тэрхүү улаан хувьсгалын хор уршиг Урианхайн хязгаарт 1921 онд хүрч ирсэн юм. Оросын А.Кравченко, П.Щетинкины удирдсан улаан цэргүүд Урианхайн хязгаарт цөмрөн орж ирлээ.
1921 оны 8-р сарын 16- нд Тувагийн 9 хошууны хурал болж Оросын улаантан большевикуудын нөлөөнд автсан тувачууд “Бүгд Найрамдах Тува Ард Улс” гэгчийг тунхаглан зарлажээ.
Оросууд Урианхайн амбан ноён Гомбодоржоор дамжуулж Тагна Туваг тусгаарлах гэж элдвээр оролдож, сүүлд Засагт ханыг хорлогдохоос яг өмнөхөн халимаг Дамбийжаа ламыг хоёр тэмээтэй ачаатай (олон гулдмай алт) оруулж ирж түйвээлгэх гэж оролдсон. Дамбийжаагийн балаг ардын хувьсгал хүртэл үргэлжилж Улаан оросын хатгаасаар Ардын хувьсгалын Шижээ гэх мэтэстэй нийлэлдэн баруун монголын БНАУ тунхаглах гэж хүртэл дөвчигнөж, Богдын захиас Жалханз хутагтын зөвлөгөөгөөр Д.Сүхбаатар жанжин оросуудыг сөрж, өрсөж Дамбийжааг устгаж дарж авсан байдаг.
Хятадууд болохоор Торгуудын Балт ванг ашиглан Ойрдын улс байгуулна хэмээн баяд, дөрвөдийн аймгийн ноёдыг Баянт бэйс гэх мэтсийг талдаа татаж ашиглах гэж удаа дараа оролдож хорлох үйлдэл хийж ирсэн байдаг ба Засагт хан Д.Содномравдан тухай бүрд нь шийдвэртэйгээр тас цохиж байсан байдаг.
Тухайлбал, Засагт ханы Алтан харуул овгийн харуул зангиудыг Жирэмийн чуулганы өмнөд Горлос хошууны Энхбилэгтийн Тогтох тайж нартай явуулж гэр бүлийн нь хамт бариулж авчирч, Эзний голын шинэ торгуудын ноёдод бас хатуухан жавтий хүртээж байж, тэд савраа татсан байдаг. Тэгж шийдвэртэй арга хэмжээ авсны хүчинд 1911 онд Монгол улсаа тунхаглахад урианхайчууд, илийн ойрдын 26 хошуу, хуучин торгууд хошууд, баяд, дөрвөд аймаг нэгдэн дагаар орох бичгээ өргөн барьсан байдаг. Сүүлд Тувачууд бүүр болохоо байгаад ирэх үед Засагт ханы зарлигаар Засагт ханы Жалханз хутагтын өртөө гэж байгуулж Урианхайн хязгаараас шууд мэдээ ирдэг байдлаар зохион байгуулсан байна. Засагт ханы Жалханз хутагтын отогт хөвсгөл, тувагийн зарим хойд сумыг харьяалдаг байсан.
Засагт хан Д.Содномравдан 1910 онд Халхын Нара Банчэн хутагтыг өөрийн шадар Дагвын Бат-Очир Түшээ гүнгийн хамт Хорчины зүүн гарын хошууны Засаг, Бинт их чин ван Б.Гончигсүрэн, Монгол, Төвдийн журганы ерөнхийлсөн сайд бөгөөд Харчин баруун хошууны Засаг В.Гүнсэнноров чин ван нартай уулзуулахаар өвөрмонголд очуулж ертөнцийн хамаг явдлыг хардаг хутагт ирж гэж бужигнуулж байсан мэдээ байдаг. Бинт их чин ван Б.Гончигсүрэнгийн халхаас ирсэн зочидтой уулзах гэж Өвөр Монголын баян, ядуу, хөлтэй хөлгүй хамаг амьтан цуглаж өдөржин шөнөжин дугаарлан Нара Банчэн хутагтад хувь төөргөө үзүүлж байв. Нара Банчэн сүсэгтнүүдийн асуултанд заримдаа амаар хариулж, заримдаа дээлээ тайлан нуруугаа үзүүлэхэд нуруун дээр нь Монгол, Түвд үсгээр бичиг тодорч бүдгэрэн байсан нь бүр улс амьтныг бишрүүлж байж. Тэдний өвөрмонгол, Бээжинд очсон шалтгаан нь Манж Чин улсын дотоод нөхцөл байдлыг өөрийн биеэр үзэж танилцах, Бээжин дэх Монгол ноёдын холбооны ноёдыг ятган сэнхрүүлэх, тандах ажил байх учиртай. Манжийн төрөөс тэднийг сэжиглэн баривчилж магадгүй байгааг Бээжинд сууж Манжийн хааны дотоод хамгаалалтын хиагийн захирагчийн алба хашиж байсан Сайн ноён хан аймгийн Сэцэн чин ван Наянтийн сэрэмжлүүлэн хэлснээр тэд яаран нутаг буцсан байдаг.
Жилийн дараа Өвөр Монголын Хорчины зүүн гарын хошууны Засаг, Бинт их Чин ван Б.Гончигсүрэн Өвөрлөгч 49 хошууны олон ноёдоо оройлон Богд Хаант Монгол Улсад дагаар орох тухай бүх өвөрлөгч 35 хошуудын өргөх тамгатай бичгээ барин Хүрээнд ирж, Богд хаант Монгол Улсын Бүгд ерөнхийлөн захирах яамны дэд сайд буюу Ерөнхий сайдын орлогчоор томилогдсон билээ. Хорчин зүүн гарын Их Чин вангийнхан хэдэн үеэрээ Монголоо тусгаарлахад Засагт хануудтай хамтарсан байдаг.
Д.Содномравдан ханы өвөг эцэг Халхын Эрдэнэ Бишрэлт Дархан Засагт Хан Манибазарын Цэрэндондов, мөн эцэг Засагт Хан Цэрэндондовын Доржпалам нар Манж дайчин гүрний үед Өвөрлөгч Хорчин зүүн гарын хошууны Засаг, Төрийн Их Чин ван Б.Сэнгэринчин, түүний хүү С.Буяннэмэх их чин вантай хамтран хятадуудын бослого, 8 гүрний их цэргийн дайралтыг зогсооход хүчин зүтгэсэн бөгөөд тэр үеэс Монголоо тусгаарлах бодлого явуулж эхэлсэн байдаг. Манж чингийн цэргийн эрхийг гартаа атгаж байсан Цэргийн их жанжин Б.Сэнгэринчин Их Чин Ван Оросын хаант улсаас зэр зэвсэг худалдан авахдаа өөрийн биеэр Халхад ирж, Засагт хан М.Цэрэндондовтой Хиагт орчим уулзсан нэгэн эх сурвалжид тэмдэглэгдсэн мэдээ байдаг. Тэрхүү уулзалтын дараагаас Манж чингийн төр хоёр ихэсэд олон дарамт учруулсан. Манжийн найман тугийн их цэргийн эрх мэдлийг өвөрмонгол ноён Сэнгэринчингээс салгахын түүс болсон байдаг. Чин улсын үед Төр гэрэлт, Түгээмэл элбэгт, Бүрэн засагч хаадад хүчин зүтгэж явсан цэргийн жанжин. Б.Сэнгэринчин Их Чин Ван тэрээр Хар тамхины хоёрдугаар дайны Балишаогийн тулалдаан болон Тайпин, Нианий бослогуудыг дарж, Англи, Францын армийг ялсан гавьяа байгуулснаараа алдаршсан. Түүнийг Англи, Францынхан “Сэм Коллинсон" гэж нэрээр дурдсан байдаг.
Өвөг эцэг Халхын Эрдэнэ Бишрэлт Дархан Засагт Хан Манибазарын Цэрэндондовын үед Цагаан малгайтны (лалууд) бослогыг дарахад монголчуудаас хүн хүч дайчилсан бөгөөд түүнийг эсэргүүцэн 1880 онд Засагт хан Манибазарын Цэрэндондовын харьяат албат Онолтын цэргийн бослого Улиастайд гарсан байдаг. (Цэрэг Онолтын Улиастайн бослого- 1880 онд хятад дахь “Цагаан малгайтны бослого”-ыг даруулахаар Улиастайд цуглуулсан Монгол цэргүүд Онолтын удирдлага доор бослого гарган тэмцсэн. Засагт хан, Сайн ноён, Хэвэй гүнгийн хошууны цэргүүд босож манжийн цэргийг хаяж, Манжийн амбанд нутаг орондоо буцаах шаардлага тавьсан. (Онолтыг Сайн ноёны харьяат албат гэж андуурах нь бий).
Мөн эцэг Халхын Эрдэнэ Бишрэлт Дархан Засагт Хан Цэрэндондовын Доржпаламын сүүлч, мөн Д.Содномравдан ханы ширээнд суусан эхний үед Манж Чингийн төрөөс хятадуудын Ихэтуаны Улаан малгайтны (улаан алчууртны) бослогыг дарахаар Халхаас 20 мянган цэрэг дайчлан явуулахаар цэрэг татсан ч 2000 цэрэг л татагдан ирсэн бөгөөд, 1900 онд ахин Засагт ханы харьяат албат Энхтайван Зангиар удирдуулсан бослого гарч Улиастайн Манж Жанжны газар, манж амбанг талан таран одсон сонирхол татахуйц баримт байдаг.
Занги Энхтайвангаар удирдуулсан Монгол 2000 цэргийн Улиастайн бослого 1900 онд гарч, Манжийн цэргийг хядаж, хятад пүүсүүдийг талж, Чингийн төрийн дарангуйлалыг Халхад сууриар нь ганхуулсан тул Хүрээ, Ховдын Амбан, Урианхайн Амбаны газрыг шинэчлэн нэмж байгуулсан.
1907 онд Манжийн засгийн газар Ховдын хязгаарыг хоёр хуваан Ховдын шинэ хязгаар байгуулсанаар Шиньжаан дахь нутаг нь Алтайн хязгаарт харъяалагдах болжээ.
Эдгээр бослого толгойлсон хүмүүс бол Засагт ханы шууд харьяат албатууд бөгөөд түүний бодлогын үр гэж манжууд харддаг тул Хан ширээг хүүд нь залгуулсан.
Манж Чин гүрний Гуансюйгийн 28 дугаар онд буюу 1902 онд Манж Чингийн Засгийн газраас Засагт Хан П.Содномравданд болон Засагт хан аймгийн дэд жанжин Туслагч гүн Лувсандамдин нарт Ихэтуаны улаан малгайтны (улаан алчууртны) бослогыг дарахад гавьяа байгуулсан хэмээн Манжийн хааны зарлигаар шагнал олгосон байдаг.
Мөн 1903 (1918 онд дахин) онд анх гарч тэмцсэн Засагт ханы Дайчин вангийн хошууны харьяат албат Ард Аюушийн Цэцэгнуурын дугуйлангийн тэмцэл ч даамжиран, улмаар Улиастайн Манж Амбаны газарт есөн эрүү давах процесс болж орон даяар дуулиантай манжийн засгийн бодлогыг шүүмжилсэн аяныг орон даяар өрнүүлсэн нь сонирхол татдаг.
1910 оны 3 сарын 26-ны өдөр буюу цагаан нохой жил Засагт ханы Дашчоймбол хийдэд “Домын дамжаа” болох үед Их хүрээн дахь Хятадын өргөн чөлөөний хойшоо харсан том хүрэн дэлгүүрийн үүд хавьцаа лам нар болон хятадуудын хооронд нэлээд сүрлэг зодоон болсон гэдэг.
1910 оны 3 сарын 26-ны тэр өдөр Их Хүрээний Д.Содномравдан Засагт ханы шууд харьяаны Дашчоймбол хийдийн хэсэг лам толгойлон монголчуудаа өмөөрч Их хүрээний зах дээр хятадын Да Юй Юан пүүсийн худалдаачидтай эхлэн зодолдоод, хоршоо дэлгүүрийг нь бусниулсан. Хүрээний Манж цэргүүдийн баривчилсан Дашчоймбол дацангийн лам нараа хэдэн зуун лам “Цус, сэвсээ үзэлцэнэ” гээд хашгиран дайраад тэднийг чөлөөлж, Сандо Амбангийн жуузыг чулуугаар шидэж буулган, Хүрээний цагдаагийн дарга Амарыг барьж аваад хөлдүү газар дээш нь савж шидсэн зэрэг маш их дуулиан тарьсан байдаг. Зодооны шалтгаан нь Гандан, Хүрээ хоёрын хооронд байрласан Хятадын том том пүүсүүдийг анх Халхаас зөвшөөрсөн Маймаа хот руу нүүлгэх шаардлага байж. Лам нарын зодооны дараа Их Хүрээнд манжийн засаглал үндсэндээ нөлөөлөх чадалгүй болгожээ. Дээрх зодооны улмаас сүйдсэн Хятадын Да Юй Юан пүүсийн талд Манж Амбан үйлчилж, уг пүүсийн сүйрэлд 2000 шахам лан мөнгийг аймаг, шавиас тулган төлүүлсэн нь ноёд лам нарын дургүйцлийг туйлд нь хүргэсэн байна.
Д.Содномравдан Засагт ханы шууд харьяаны Их Хүрээний Дашчоймбол дацангийн лам нарын 1910 оны 3 сарын 26-нд үүсгэсэн энэ том зодоон 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын эхийг тавьсан юм.
Эндээс харахад Засагт хан М.Цэрэндондов, Ц.Доржпалам, Д.Содномравдан нарын үед арван жилийн давтамжтайгаар Манж Чинг эсэргүүцсэн маш далайцтай бослого, хөдөлгөөнийг өөрийн шууд харьяат итгэлт албатуудаараа толгойлуулан гаргаж, манжийн засгийг сулруулахаар халх, ойрд, дээд монгол хөхнуур, урианхай, өвөр монголын голлох том ноёдтой хамтран үе залгасан далайцтай том бодлого явуулж байсан нь дээрх түүхэн баримтуудаас харагддаг.
Ерөнхийдөө Халх Монгол, Урианхай, Ховдын хязгаарыг бүхэлд удирдах гол төв нь Хоёр зуун жилийн хугацаанд Улиастайн Манж Жанжны газар байсан бөгөөд Аймгуудийн Чуулган, Жасааг Улиастайд төвлөрүүлэн жилд тогтмол хуралдуулан, Улиастай хотоос Монголыг төвлөрүүлэн аймгуудын жасааг манж хүмүүсээр удирдуулдаг байлаа. Иймд өөрийн нутагт нь байгаа Улиастай хотоос шалтгаалан Засагт хануудын үүрэг роль гарцаа байхгүй өндөр түвшинд, голлох тэргүүлэгчийн үүргийг гүйцэтгэхээс аргагүй байсан. [2]
Манжийн сүүл үеийн улс төр, эдийн засаг, соёлын гэсэн үндсэн гурван чиглэлээр өрнөсөн “Шинэ засгийн бодлого” Монголд харгис, сөрөг нөлөөтэй, дарьтай торх булсан байсан тул бүх монголын ноёд сөрөх бодлого явуулахаас өөр гарцгүй болгосон. Тухайлбал, Өвөрлөгч 49 хошуу буюу харчин, хорчины монголчуудыг хятад тариачид "монгол хүнийг нь алж, газрыг нь авья" хэмээн уулгалан дайрч 45 хоногийн маш богино хугацаанд 150.000 мянган монголчуудыг хүйс тэмтэрсэн байдаг.
1905 онд Сун Ят Сэн нарын хятадын салан тусгаарлагчид "Харийнхны дарлалыг устгах хөдөлгөөн" гэдгийг байгуулахдаа харийнхан гэдгээ Монгол гэж ойлгогдох ханзаар бичсэн, газрын эрхийг тэгшитгэнэ гэсэн нь Шинэ засгийн бодлогоос өөрцгүй байсан зэргээр дургүйцлийг төрүүлж асан тул Өмнөд Монголд тусгаарлах хөдөлгөөн улам эрчимжжээ.
Тайпиний бослогын үед Манж Чин гүрний хятад бус үндэстнүүдийн дунд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж байжээ. 1862-1881 онд дунгааны бослого өрнөж, дунгаан, салар, уйгур, казах, киргизүүд оролцож байв. Тэд дийлдэх үедээ Монгол нутагт орж ирж түйвээж байсан билээ. 1863 онд Якуб-Бэкийн бослого гарч, Монголд казахууд ирж суурьшихын эхийг тавьсан. 1865-1877 онд Еттишар буюу Долоон хотын улс тогтнов. Хулжийн Султанат гэх улс ч байгуулагдаж байв. 1871-1881 онд Хаант Оросын цэрэг Манж Чингийн харьяаны Шинжааныг эзэлж, бослого хөдөлгөөнийг дарж, эв нь олдвол салгаж авахаар анаж байлаа. 1881 онд оросууд Тувад онцгой эрхтэй болсон бол, 1883 онд Алтайн урианхай тувачууд үүнийг эсэргүүцэн Алтан Майдарын бослогыг (Засагт ханд илтэд түшиглэж) дэгдээлээ. Энэ бүх бослого тэмцлийн дүнд уулгалтаас халх, зүүнгар, тагна-урианхай, өвөр, хөх нуурын монголчуудыг Засагт хан халхлаж (Засагт ханы Дайчин вангийн Алтанхаруул овгийн Харуул Зангиуд), Засагт ханы нэр нөлөө, улс төр-дипломатын бодлого, цэргээр хамгаалж байсан байдаг бөгөөд түүний үрээр нийт монгол ноёдын итгэл, хүндлэлийг сүүлийн Засагт ханууд хүлээсэн байна. Газар зүйн байрлалаараа Засагт хан аймаг баруун бүс нутагт өрнөж буй геополитикийн тэдгээр том асуудлуудад хүссэн ч, эс хүссэн ч татагдан орохоос аргагүй нөхцөл байдалд байлаа.
Тухайлбал, XIII Далай лам Түвдэнжамц хорин есөн сүүдрийн модон луу жил буюу нийтийн тооллоор 1904 оны 6 дугаар сарын 15-ны шөнө цөөхөн тооны хүмүүс дагуулан Лхасаас оргон гарч Хөх нуурын Хүрлэг бэйсийн хошуу нутгаар дамжин, Монголын нутагт орж иржээ. Жамбал донирын өгүүлснээр “Дээд Монголын Хүрлэг бэйс Далай ламыг нутагтаа угтан аваад өөрийн биеэр бараа болон Засагт ханы хүрээ, Ламын гэгээний хүрээ, Их Хүрээ хүртэл дагалдан ирсэн” гэжээ. 13 дугаар Далай лам Түвдэнжамц 1904 оны 6 сард нутгаасаа зугтаж гарсан шалтгаан бол Англи цэрэг Төвөдөд орж ирсэн явдал гэдэг. Манж чингийн зөвшөөрөлгүй Английн түрэмгийлэгчдээс дайжин Монголд ирж 2 гаран жил суухдаа анхлан буриад Агваан хамба болон Засагт хангийн зуучлалаар ирж, Засагт ханы хүрээ, Ламын гэгээний хүрээ цааш Сайн ноёныд бууж, улмаар Их Хүрээнд Гандантэгчилэн хийдэд өвөл хавар зуныг өнгөрөөж, дараа нь хөх могой жилийн намрын дунд сард 1905 оны 9-р сарын 15-д Түшээт хангийн Дайчин вангийн хүрээний Диваажингийн хийдэд заларч, өвөлжиж хаваржиж зунжин намаржсан байдаг. 13 дугаар Далай лам Түвдэнжамцын гол зорилго нь буриадын Агваан Дорж, Засагт хан Д.Содномравдангийн зуучлалаар Оросын хаант улстай холбоо тогтоох байсан гэдэг. 13 дугаар Далай лам Түвдэнжамц Засагт хангийн хатан Цэсрэнгийн зуучлалаар Оросын Хаант улсын газар зүйн нийгэмлэгийн шугамаар монгол нутагт томоохон экспедиц хийж байсан алдар аялагч Пётр К.Козловтой Их хүрээнд Засагт хангийн өргөөнд уулзсан тухай баримт Оросын хаант улсын газар зүйн нийгэмлэгийн архивын мэдээнд байдаг. Эндээс эхлэн Шамбалын орны талаарх оросын алдарт судлаачдын жим эхэлсэн. Энэхүү уулзалтын дараагаас 13 дугаар Далай лам Бээжинд буцсан. Тухайн үед 13-р Далай лам Төвөд рүү хараахан буцаагүй, Бээжингийн Шар сүмд сууж байсан бөгөөд 1908 онд Бээжинд Хатан Цы Ши болон Манжийн хаантай уулзаж, хаанд сөгдөн мөргөхөөс татгалзаж, нэлээн зэмлэл хүртэж, зарим бараа бологсод нь хатуу цээрлүүлсэн цаазлуулсан, улмаар төвдөдөө буцсан. Энд Ханд вангийн ууган хүү хамрагдсан байж магадгүй. Гэвч Монгол Улсын үед гүнгийн зэрэг хүртсэн Ф.А. Ларсонгийн дуртгал номд бичсэнээр Ханддорж вангийн энэ хүү 1906 онд 13-р Далай ламыг дагаж нутгаасаа гарч яваад Бээжинд очоод ханиад хүрч, 1908 онд өвчнөөр нас барсан гэжээ. Ханддоржийн ууган хүү Шаньси муж, Бээжингийн Шар сүм зэрэг газар 13-р Далай ламыг дагалдан бараа болж хоёр жил орчим явжээ. Гэхдээ Ханддоржийн тэр хүү балчир насны биш нас биед хүрсэн идэр залуу гүн хэргэмтэй байсан нь Ларсон гүнгийн бичсэн баримтад байна. Далай лам төвдөд буцаж очоод засгийн газраа өөрчлөн тусгаарлах бодлого явуулж эхэлсэн тул 13-р Далай ламыг татан буулгахаар Манжаас 1908 онд Төвдөд цэрэг оруулснаас 13-р Далай лам Энэтхэг дүрвэн гарсан. Хятадын 1913 онд Цинхайн хувьсгалын дараа Энэтхэгээс буцаж Төвдөд ирээд Монголын нэг адил Төвөд улс тусгаар тогтнолоо зарлан, Богд хаант улстай тусгаар тогтнолоо харилцан хүлээн зөвшөөрсөн Анхны гэрээг Засаг ханы Д.Бат-Очир түшээ гүн, түүний хүү лхаарамбын оролцоотойгоор байгуулсан байдаг. Энэхүү түүхэн баримт, үнэ цэнэтэй мэдээ сэлтийг монголын түүхэнд дурдахгүй алгасдаг учир юун бол.
Нөгөөтэйгүүр Улиастайн Монгол Амбанаар Засагт ханы Сартуул сэцэн жүн ван Жалцангомбоцэдэн-Ишийг томилсон явдал нь Засагт хан Д.Содномравдан бие даан чөлөөтэй хөдлөх бололцоотой болж, өөрийнхөө хүссэнээр Улиастайг, Монгол аймгуудын жасаа, чуулганыг хөдөлгөж байжээ. 1912 оны нэгдүгээр сарын 21-нд Улиастай хотын Манж жанжин, сайд нар бууж өгч монголоос зайлан одсон.
Энэ утгаараа Халхын Эрдэнэ Бишрэлт Дархан Засагт Хан Доржпаламын Содномравдан нь нийт монгол үндэстний ноёдын итгэл хүндлэлийг хүлээсэн, албан бусаар хүлээн зөвшөөрөгдсөн де факто хаан байсан гэж харагддаг.
Энэ нь Хятад, Орос, Япон, Солонгос, Англи, Францын архивын түүхэн эх сурвалжуудаар нотлогддог. Түүхэн цаг хугацааны хувьд ч Орос-Монголын Гэрээ байгуулах хэлэлцээрийн өмнө, Ховдын хязгаарыг бүхэлд нэгтгэх эсэх, Монгол Улсад нэгдэхээр Ойрд, Хөх нуурын Монгол, Алтайн Урианхай, Барга, Өвөрлөгч 49 хошуудын ноёдоос өргөсөн шийдэгдээгүй чухал асуудал, Таван замын цэрэг хөдөлгөх эсэх асуудлын яг өмнөхөн 1912 оны хавар 5 сард Засагт хан Д.Содномравдан гэнэт нэн сэжигтэйгээр таалал болсон. Мөн түүний нас эцэслэсний дараа Засагт хан аймгийн баруун урд, урд хэсэг, Ховдын хязгаар, Алтайн хязгаар, Урианхайн хязгаар, язгуурын монгол нутаг дэвсгэрийн зарим нэлээд том хэсэг улсын хилийн гортигийн гадна үлдэх болсон нь анхаарал татдаг.
Гэрээ хэлэлцээр - Ээдрээт цаг үе - Их гүрнүүдийн нөлөө
Засагт хан Д.Содномравдан хан ширээнд сууж буй ахуйдаа тухайн бүс нутгийн олон улсын геополитикийн (Орос, Англи, Төвд, өвөрмонгол, хөхнуур, тува, алтай, казак, уйгар, туркстан, хятадын) ээдрээт нөхцөл байдалд их бага хэмжээгээр татагдан оролцож, нөлөөлж байсан байдаг ба түүний амьд ахуйд болон түүнээс хойших хугацаанд өрнөсөн, байгуулагдсан гэрээ, хэлэлцээрүүдийг нэгтгэн авч үзэх нь тухайн цаг үеийн түүхийн бодит байдлыг тодотгоход чухал ач холбогдолтой.
1. Монгол-Оросын Гэрээнд 1912 оны 11-р сард Өргөө хотноо гарын үсэг зурсан. Хэлэлцээрт хоёр тал өөрсдийн байр суурийг хамгаалж нэг сар гаруй маргалдсаны эцэст уг Гэрээг байгуулжээ. Энэхүү гэрээгээр Гадаад монголыг хятадтай харилцах автономит эрхтэй завсрын бүс болгохоор шийдэж хэрэгжүүлсэн юм.
Бээжинд сууж байсан Оросын дипломат төлөөлөгчийн газраас 11-р сарын 9-нд "Journal de Pèkin“-д нийтлүүлсэн Орос-Монголын хэлэлцээрийн бичвэрийг "Онцгой тохиолдолд Орос улс Ар Монголыг зэвсгийн хүчээр ч гэсэн хамгаалах болно гэж Оросын элч төлөөлөгч түүнд бас батлан хэлсэн" ажээ. Бээжин дэх Германы элч төлөөлөгч 1912 оны 11-р сарын 11-нд Германы Гадаад хэргийн яамандаа илгээсэн байна.
Монгол-Оросын 1912 оны гэрээ нь Их гүрнүүд бага буурай оронд өөрийн хүсэл эрмэлзлийг тулган хүлээлгэдэг эрх тэгш бус зарчим үйлчилж байсаны нэг тод жишээ болсон юм. Энэ үед Манжийн дарлалаас салсан Монгол ба Хятад нь тус тусдаа өөрийн тусгаар тогтнолыг зарлаад байсан үе юм. Хаант Оросын Засгийн газар энэ шинээр тусгаар тогтнолоо зарласан улсуудыг алийг ч хүлээн зөвшөөрөөгүй байсан үед энэхүү гэрээний хэлцэл явагджээ. Монгол-Оросын 1912 оны гэрээний дараа 1914 онд Орос-Монголын хоорондын нууцаар байгуулсан дөрвөн зүйлийн гэрээг (мөнгө зээлүүлэх, буу зэвсгийн, төмөр зам байгуулах, цахилгаан мэдээ байгуулах) Хаант Оросын консул Миллер, Дотоод яамны тэргүүн сайд Дашзэвэг, Сангийн яамны тэргүүн сайд Чин ван Чагдаржав, Гадаад яамны дэд сайд гүн Цэрэндорж нар хэлэлцэн тогтоосон. 1915 оны Хиагтын гурван улсын гэрээ нь Монгол-Оросын энэхүү 1912 оны Гэрээ үндэс болсон байна.
2. Япон Орос улс 1907 онд гэрээ байгуулсан. Оросын хувьд 1905 онд Японтой хийсэн дайнаар Солонгос, Манжуурын нөлөөллийн бүсээ алдсан, түүнийг тэнцвэржүүлэх бүс нь Гадаад Монгол, тэр дундаа Баруун Монголын асар уудам нутаг дэвсгэр байлаа. 1907-1945 онд Монгол болон түүний эргэн тойрон дахь бүс нутгийг сонирхогч гурван гүрэн байсан нь Орос/ЗХУ, Хятад, Япон байв. Орос-Японы дайн (Япон: 日露戦争, にちろせんそう, орос. Русско-японская война) -Оросын Хаант Улс, Японы эзэнт гүрний хооронд Манжуур, Солонгос, Шар тэнгист өөрийн эрх мэдлийг тогтоох ашиг сонирхолын зөрчилдөөнөөс үүсэж 38 орныг хамарч, 1904 оны 2-р сарын 9-нд эхлээд–1905 оны 9-р сарын 5-нд дууссан дайн юм. 1871-1881 онд Хаант Оросын цэрэг хуучин зүүн гарын нутаг Шинжааныг эзэлж 10 жил хяналтаа тогтоосон, 1881 онд Тувад эзэн эрхээ тулгасан тэрхүү эгзэгтэй үед гол хаалт болж байсан субъект бол Засагт хан Доржпаламын Содномравдан байлаа. Тэр утгаараа ч Өргөө дэх төв Засгийн газрын байдалд анхаарал хандуулах боломж олдоогүй биз.
3. Япон Орос улс 1912 оны 7 дугаар сарын 8-нд нууц конвенц байгуулсан. Энэ конвенцын дагуу Монголын нутаг дэвсгэрийг Бээжингийн уртрагаар (Гринвичийн 116 градус 21 минут) хоёр хувааж, түүний Дорнод хэсгийг Японы, Баруун хэсгийг Оросын нөлөөний хүрээ гэжээ. Үүнээс хойш Outer Mongolia - Гадаад Монгол, Inner Mongolia - Өвөр Монгол гэдэг статус бүрэлдсэн юм.
Энэхүү нууц конвенц нь нууц заалтуудтай байж, түүгээр "Монголд онцгой эрх эдлэх Орос улсын байр суурь зэргийг Японы талаас хүлээн зөвшөөрсөн".
Энэ конвенцийн дараа Орос улс, Монголын талаар 5 дугаар сард тодорхойлсон зарчмуудаа 8 дугаар сарын 15-нд яамдын сайд нар, II Николай хаанаар хүлээн зөвшөөрүүлээд засгийн газрынхаа бүрэн эрхт төлөөлөгчөөр Коростовецийг Хүрээнд томилов. Коростовец 1912 оны 9 дугаар сард Нийслэл Хүрээнд иржээ. Оросын талаас Коростовец, монголын талаас да лам Цэрэнчимэд толгойлж байсан төлөөлөгчид Монгол хэмээх нэрэнд хамааруулах газар нутаг, статусын талаар маргалдаж, Коростовец хурал хаяж байсан боловч гэрээнд гарын үсэг зуржээ. Коростовец ”Гадаад монгол” гэсэн томьёоллоос “Гадаад” гэсэн үгийг хасаж, өргөн утгаар ойлгож болох “Монгол” гэсэн үгийг орос эхэд, “Монгол улс” гэсэн томьёоллыг монгол эхэд хэрэглэхийг зөвшөөрөх, “автономия” гэсэн грек гаралтай үгийг монгол эхэд “өөртөө тогтнож”, “өөртөө эзэрхэх” ёс журам хэмээн хөрвүүлэхийг үл татгалзах зэрэг буулт хийсэн байна. Ийнхүү хоёрдмол утгатай болсон боловч, Хаант Оростой бие даан гэрээ байгуулсан нь монголын хувьд маш чухал ач холбогдолтой байлаа. Гадаад монголыг XX зууны эхэн үеэс сонирхох болсон Япон юуны өмнө Өвөр монгол дахь нөлөөний хүрээгээ Оростой дахин баталж авлаа.
Оросын хаант улс 1907, 1910 онд Гадаад Монгол дахь "тусгай эрх ашгаа" Япон улсаар зөвшөөрүүлэн байр сууриа бэхжүүлж, улмаар Урианхайн хязгаарыг авахаар тэмүүлж байв. Гэвч Япон, АНУ, Герман зэрэг орнууд мөн монголын газар нутаг, худалдааны боломжийг судлан, хятадын худалдаачдаар зуучлуулан бараагаа борлуулж, оросуудыг шахаж, алт нүүрсний уурхай байгуулах боллоо. Энэ нь хүчний тэнцэржилтийг түр торгоосон байж болзошгүй.
Япон улс мөн Солонгос дахь "тусгай эрх ашгаа" Оросоор зөвшөөрүүлээд, Манжуураар дамжуулан Ази тивд нөлөөгөө ихэсгэж байсан тул Орос улс монголтой хиллэсэн хилийнхээ дагуу цэргийн ангиудаа байрлуулсан байлаа. Хүчирхэг гүрнүүдийн Алс Дорнод, Хятад дахь дайн, Орос, Хятадын хувьсгалт хөдөлгөөн манжийн зах хязгаар монголд нөлөөлж, зах зээлийн харилцаа нэвтэрч, гадаад орны үйлдвэрийн бүтээгдэхүүн шинэ сонин хачин зүйлс монголчуудыг гайхшруулан хоцрогдлыг нь ойлгуулж байв.
Орос-Монголын хэлэлцээрийн талаар Оросын хаан улсын Гадаад хэргийн сайд Сазоновтай ярилцсан тухайгаа Германы хэргийг түр хамаарагч 1912 оны 12-р сарын 25-нд мэдээлжээ. Тэр ярилцлагаар хэргийг түр хамаарагч Оросын уг хэлэлцээрийг байгуулах болсон жинхэнэ учир шалтгааны талаар бага сага юм мэдэж авчээ. Тийнхүү Сазонов: „Монголын амар амгалан малчин ардын оронд идэвхтэй, тайван бус хятадууд хилийн хөрш нь болохыг Орос улс ямар ч нөхцөлд тэвчиж чадахгүй.“ хэмээн мэдэгдсэн ажээ. Сазонов уг хэлэлцээрийг үндсэндээ 1881 оны Петербургийн худалдааны гэрээг шинэчилсэн хэрэг гэж үзэж байгаагаа хэлжээ. „… угтаа монголчуудын хүссэн шиг ‚ивээл хамгаалал‘-д авах асуудал яригдаагүй. Орос улс шинэ ачаа үүрмээргүй байна.“[26] гэсэн аж. Тэгээд Сайд Сазонов тэр хүртэл хэвлэгдээгүй байсан нэмэлт протоколын тухай ярьсан байна. Ингээд Оросын албатууд Монголд газар авах боломжтой болно гэдгийг тэр онцолсон байна. Ярианы төгсгөлд тэр Петербургт монгол ноёдын төлөөлөгчид ирэх гэж байгааг хэлж. Эцэст нь: "Тэр ‚ноёд‘-той улс төр ярихгүй. Бэлэг, амттан л өгнө.“[27] гэж Сазоновын хэлснийг Германы элч төлөөлөгч нямбайлан тэмдэглэж авсан байв.
Орос улс ч бас их гүрэн байсан, гэхдээ монголчуудтай шууд хөрш, түүхэн ойр, өмнөд хөрш Хятадаас урьдаас л болгоомжилдог байснаас ашиг сонирхол нь бусад их гүрнийхээс өөр тогтоцтой байжээ. Хэрвээ Орос улсын мөнхийн ашиг сонирхлын нэг нь Сибирийн уудам орон зайн аюулгүй байдал байсан юм бол түүнийг хангах нэг арга зам нь монгол үндэстний төр улсын тусгаар тогтнолыг тогтоож, хадгалах явдал байсан. Тийм сонирхол Оросоос өөр ямар ч улсад байх боломжгүй байсан. Өнөөдөр ч гэсэн байдал огт өөрчлөгдөөгүй бололтой.
4. Германы Эзэнт улс Оросын хаант улсын Петрбургийн гэрээ 1881 онд байгуулагдсан. Тус гэрээгээр хятад дахь нөлөөгөө хувааж тохирсон. "Монгол орон тусгаар тогтнолоо зарлаж, Орос, Хятадын дундах жийргэвч улс болох нь Оросын ашиг сонирхолд нийцнэ. "Монголыг нэгтгэх“ нь Янцзе (Jangtse)-гийн гэрээг зөрчиж буй хэрэг гэж Германы Эзэн хаан үзэж буй бөгөөд тэр тохиолдолд Британийн ашиг сонирхолд ч аюул заналхийлэх болно гэж протоколд тэмдэглэсэн байдаг.
Орос улс Гурвалсан холбоо (Dreibund) болон Гурвалсан Антантыг (Triple Entente) зөнд нь орхиж болохгүй гэсэн шаардлагыг тэр тавьж байсан.[14]
Германы Гадаад хэргийн яамны "Монголын асуудал"-ын талаарх 1910 оны мэдээлэл
"Монголын асуудал“ Германы эзэнт гүрний Гадаад хэргийн яамны анхаарлын төвд 1910 оноос илүүтэй их орох болсон байна. Үүний шалтгаан нь Орос, Япон хоёр улс 1907 оны 7-р сарын 30-нд гэрээ байгуулж ойртсон явдал юм. Гэрээ нь нууц заалтуудтай байж, түүгээр „Монголд онцгой эрх эдлэх Орос улсын байр суурь зэргийг Японы талаас хүлээн зөвшөөрсөн.“[5] гэж Гадаад хэргийн яам таамаглаж байв. Хятадын зах зээлд Германы эдийн засгийн чөлөөтэй үйл ажиллагаа явуулах боломжийг Орос, Япон улсууд хязгаарлаж болох байсан тул уг хоёр гүрний ойртсон явдал Гадаад хэргийн яамны Зүүн Азийн бодлогод ихээхэн учир холбогдолтой байсан.
Баримт бичгүүд дээр зах хөвөөгөөр нь гараар бичсэн тэмдэглэлүүдээс үзэхэд Германы Эзэн хаан II Вильхелм (Wilhelm II.)тайлан мэдээнүүдийн нэг хэсгийг байнга уншдаг байжээ. Тэрээр 1910 онд "Монголын асуудал“-тай байн байн тулгарч байсныг бид энэ маягаар олж мэднэ. Тухайлбал Орос, Япон улсууд удахгүй Манжуурын статус квог гэрээгээр тохиролцох гэж байгааг „Daily Telegraph“ Санкт Петербургээс мэдэгдсэн тухай Лондонд сууж байсан элчин сайд 1910 оны 6-р сарын 24-нд мэдээлсэн байдаг.Үүнтэй холбогдуулан Германы Эзэн хаан II Вильхелм: „Хятадад алдагдалтайгаар Манжийг Японоос, Монголыг Оросоос салгаж авах хэрэгтэй … хэрэв Америк, Японы хооронд мөргөлдөөн гарвал …“ хэмээн тэмдэглээд, „ Азид Орос улс Японд … дэмжлэг үзүүлэх шахаанд орвол, бусдаар бол Владивостокийг алдана, Монгол, Зүүн Сибирийг ч бас.“[6] гэж дүгнэсэн буй. Манжуур, Монголын тухайд тэр Япон, Орос улсууд Манжуур, Монголыг бусад улсад хаалттай болгож, Хятадаас салган бутаргаж, “нээлттэй хаалганы зарчим”-аас ухрах вий хэмээн эмээж байж.
Эзэн хаан II Вильхелм 1910-оны 7-р сарын дундуур хамгийн ойрын зөвлөхүдийнхээ хүрээнд Орос, Японы гэрээний талаар дахин ярилцсан байна. Эзэн хаан Орос, Японы нутаг дэвсгэрийн санаархалд "ирээдүйн төлөө тээг тавих“ санаатай байгаа гэж түүний ойрын хүрээллээс дуулджээ. Герман улс АНУ-тай ижил санаа бодолтой байгааг тэр онцолж байв. "Монголыг нэгтгэх“ нь Янцзе (Jangtse)-гийн гэрээг зөрчиж буй хэрэг гэж Эзэн хаан үзэж буй бөгөөд тэр тохиолдолд Британийн ашиг сонирхолд ч аюул заналхийлэх болно гэж протоколд тэмдэглэсэн буй. Хэд хоногийн дараа Рейхийн канцлер эзэн хаан II Вильхелмд ханджээ. Тэр түүнд Санкт Петербург, Япон хоорондын гэрээний бүрэлдэхүүн хэсэг нь зөвхөн Манжуур болохыг мэдэгдсэн байна. Алс Дорнод дахь Оросын оролцоо улс төрийн хувьд л зөв зүйтэй байна уу гэхээсэнэ маягаараа бол Орос улс „Японы хилийн хөрш болж, улмаар ирээдүйд ноцтой толхилцоонд хүргэж мэднэ.“[7] хэмээжээ. Англи Оросыг Германы эсрэг санаа зорилготойгоор нэгтгэсэн шиг Герман улс Оросыг хүчээ Алс Дорнодод байлгаж байхыг сонирхож байв. Нарийндаа ярьвал энэ нь дэлхийн 1-р дайнд хүрэх замыг зассан тоглолт байсан билээ.
5. "Зийбертийн баримт бичиг"-т 1912 оны 5-р сарын 1-ний өдрийн Бээжин дэх Оросын элч төлөөлөгч гадаад хэргийн сайддаа бичихдээ, Орос улс "Умард Манжуур, Монгол, Баруун Монгол-Хятад"-ад цэргийн ажиллагаа явуулдаг юмаа гэхэд гадаад улс гүрнүүдийн зүгээс ямар нэг эсэргүүцэл үзүүлэхээргүй байна гэжээ. АНУ-ын дипломат төлөөлөгч "Түүнд буй зааварт Монгол, Манжуур дахь манай үйл ажиллагааг таслан зогсооход хүргэж болзошгүй зүйл огт байхгүй" хэмээн мэдэгджээ. Их Британийн төлөөлөгч батлан хэлэхдээ: "Та нар одоо Баруун Хятад, Ар Монголд ямар ч эргэлзээгүй огтхон ч санаа зовох юмгүйгээр ажиллагаа явуулж болно ..." гэсэн байна.[23]
Орос, Япон хоёр улс Өвөр Монголыг Бээжингийн уртрагаар баруун, зүүн хоёр хэсэгт хуваасан нэмэлтийг 1907 оны 7-р сарын 17-30-ны гэрээний нууц заалтад оруулж нөлөөллийн хүрээгээ шинээр тогтоох гэж байгааг Гадаад хэргийн яам 1912 оны 6-р сарын 19-ний өдрийн „Зийбертийн баримт бичиг“-ээс мэджээ. Баруун хэсэг нь Оросын, зүүн хэсэг нь Японы нөлөөллийн хүрээ болох ёстой байв.
William Woodville Rockhill – The Land of the Lamas (1891) “Outer Mongolian prince Zasagt Khan”
Тэр нөхцөлд Орос улс 1-д Манжуур дахь ашиг сонирхол, 2-т 1881 оны Петербургийн гэрээг шинэчлэн засварлах асуудалд анхаарлаа хандуулж байв. Үүнтэй холбогдуулан Оросын хаант улсын Ерөнхий сайд Сазонов "Монголын асуудлын цаашдын чиг хандлагын талаар, тус улс цаашид Хятадын эзэнт гүрний автономит эрхтэй бүрэлдэхүүн хэсэг байна гэсэн утгаар “[19] ярьж байж. "Хятад улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалах зарчимд шууд харшлах улс төрийн ашиг сонирхлоо бид нягталж үзэх ёстой.“[20] тул Монголын асуудлыг шийдвэрлэхээ хойшлуулах шаардлагатай гэж Гадаад хэргийн сайд үзсэн. Энэ болон бусад мэдэгдлүүдээс нь харахад Оросын Гадаад хэргийн яам нээлттэй хаалганы зарчмыг хадгалж, улмаар Хятад улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үзэхийн хамтаар "Монголын асуудал“-ыг шийдвэрлэхийг улам бүр сонирхох болсон байна.
Берлин дэх Оросын элчин сайдын яамны зөвлөх нэг ярилцлагаараа "Орос улс Хятадын бүрэн эрх, бүрэн бүтэн байдлыг алдагдуулах гээгүй, Монголд Хятадын давуу эрхийг хадгалахын сацуу гагцхүү Бээжинтэй зөвшилцсөний үндсэн дээр эдийн засгийн асуудлуудыг зохицуулах хүсэлтэй“[22] байгааг дахин нотолсон байна.
Тус яам Хятадын үндэсний эрх ашгийг хүндэтгэн үзсэндээ ч тэгсэн бус, бусад их гүрэнтэй л Хятадад зөрчилдөхийг хүсэхгүй байсан хэрэг. Тэр ч үүднээс Оросын Гадаад хэргийн яам Түвдийн асуудлаар Түвд болон Хятадын Засгийн газар, тэрчлэн Хятад болон Түвдтэй хэлэлцээ хийж байсан Их Британийн алхам нэг бүрийг маш анхааралтай ажиглаж байлаа.
Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргын орлогч 1912 оны 1-р сарын 24-нд Рейхийн канцлерт мэдээлэхдээ: „Өнөөг хүртэл бүх улс гүрэн Хятад улсын бүрэн эрхт, бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, нээлттэй хаалгыг бүгдэд хадгалж байх талаар удаа дараа гаргасан мэдэгдэлдээ үнэнч байж, тус улсын дотоод хэрэгт оролцолгүй хол байж ирэв … Гэтэл олны танил эх сурвалжаас авсан мэдээнд дурьдсанаар Орос улс Монгол дахь Хятадын бүрэн эрхийг албан ёсоор хөндөхгүй байх, тэр бүү хэл Монгол орон тусгаар тогтнолоо тунхагласныг авч хэлэлцэлгүй алгасан дараачийн сэдэвт орохыг хүсч байна.“[21] гэжээ.
"Зийбертийн баримт бичиг“ Оросын Хаант улсын Сайд нарын Зөвлөлийн нэгэн хурлаар яригдсан дотоод асуудлын талаар 1910 оны 11-р сарын „Зийбертийн баримт бичиг“-ээс мэдэж авсан байна. Орос улс Японтой гэрээ байгуулснаар илүү баталгаатай боллоо гэж үзэх болсон ажээ. Японы зүгээс заналхийлэх аюул алга байв. Бас Япон-Хятадын холбоо бий болохоос сэрэмжлэх ч хэрэггүй болжээ. Эрхүү болон Амурын бүс нутгийн цэргийн тойргууд дахь 29.000 хүний бүрэлдэхүүнтэй хилийн цэргийн корпус нь ганц Хятадын эсрэг гэхэд л хангалттай хүч байв. Сайд нарын Зөвлөл Хятад дахь Оросын гэрээний эрхийг "бүхий л хүчээрээ“ хамгаалах, шаардлагатай бол консулуудаа "албан хүчээр томилж ажиллуулах“-ыг шаардаж байв. Хурлын протоколд: "Биднийг өөрсдийн эрхийг ухамсарлан эрс хатуу шаардлага тавих бүрийд Хятад бууж өгдгийг туршлага харуулсан.“[8] гэсэн байлаа. Оросын Сайд нарын Зөвлөл зардал, олон улсад ээдрээ төвөгтэй байдал үүсэх, хүн амаа дургүйцэх вий гэсэндээ "Хятадаас нэг муж тасдаж авах“-аас татгалзсан байна. Орос улсад Монголын талаар ч бас баримтлах бодлого олон талаас нь иж бүрэн бодож боловсруулсан үзэл баримтлал хэрэгтэй болохыг тэдгээр хүчин зүйлс харуулжээ.
Германы Гадаад хэргийн яам өөр нэг "Зийбертийн баримт бичиг“-ээс Токиод сууж байсан Оросын элчин сайдын Японы Гадаад хэргийн сайд Комуратай хийсэн ярилцлагын талаар мэдэж авчээ.
Санкт Петербургт сууж байсан Германы элчин сайд 1912 оны 1-р сарын 4-нд Оросын хаант улсын Гадаад хэргийн сайд Сазоновтой шинээр уулзалт хийсэн тухайгаа мэдээлжээ. Гадаад хэргийн сайд Сазонов Хятадад одоо Манжийн хаант засаг бүрмөсөн ялагдсан гэж үзэж байв. Хятадад тусгаар тогтнох гэсэн хүсэл эрмэлзэл илэрч байгаа талаар хоёул санал бодлоо солилцжээ.Гадаад хэргийн сайд Сазонов "Монголын хойд хэсэг“-ийн талаар яриа өрнүүлсэн аж. Тэр Монголыг, ядахдаа хойд хэсгийг нь Оросын эзэнт гүрэнд нэгтгэх монгол ноёдын хүсэлтийн талаар ярьсан байна. Сазоновын хэлснээр Орос улс тэрхүү гуйлт хүсэлтийг хүлээж авахаас ямагт татгалзаж ирсэн аж. Харин сүүлийн үед Монголын шинэ төлөөлөгчид Цагаан хаанд өргөх бичиг хүргэж ирснийг тэр хэлжээ. Оросын Эзэнт гүрэнд нэгдэх байна уу, Оросын ивээл хамгаалалд багтах байна уу, аль нь ч байлаа гэсэн "Хятадын үймээн бужигнаан“-ы улмаас, дээр нь бас Оросд санхүүгийн шинэ дарамт үүсэх учраас Засгийн газар татгалзсан юм гэсэн аж. Сазонов: "Монгол орон тусгаар тогтнолоо зарлаж, Орос, Хятадын дундах жийргэвч улс болох нь Оросын ашиг сонирхолд нийцнэ.“[16] хэмээн мэдэгдсэн байна. Уг баримт бичгийн энэ хэсэгт Германы Эзэн хаан II Вильхелм: "Утгагүй юм. Тэд тэднийг авах ёстой, эс бөгөөс япончууд хүрч ирнэ!“[17] хэмээн захад нь тэмдэглэсэн байх ажээ.
6. Герман Хятадын Худалдааны гэрээг Бээжинд 1861 оны 9-р сарын 2-нд байгуулсан.
Германы Хятадтай 1861 оны 9-р сарын 2-нд байгуулсан Худалдааны гэрээний дагуу Герман улс Монголд 1881 оны Петербургийн гэрээгээр Оросын эдэлж байсантай адил эрх эдлэх эрхтэй. „Хэрэв Хятад улс Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, өмнө жилийн 11-р сарын 3-ны протоколд дурьдсан Оросын онцгой эрхийг зөвшөөрөхөөр шийдвэл“[30] энэ боломж алдагдахаар байна гэсэн аж. Тэгээд төрийн нарийн бичгийн дарга цааш нь хэлэхдээ: „Монгол оронд эдийн засгийн ашиг сонирхлоо цааш нь өргөжүүлэх боломж бүрдүүлэхийн тулд одоо мөрдөгдөж байгаа Герман-Хятадын гэрээний заалтуудыг Монгол орны хувьд үргэлжлүүлэн мөрдөх баталгаа болсон төр эрх зүйн харилцааг Монгол, Хятадын хооронд тогтоомоор байна. Үүний тулд Орос-Монголын гэрээг хүлээн зөвшөөрөхөөс цааргалж ирсэнд нь Хятадын Засгийн газарт зохистой гэсэн хэлбэрээрээ урам өгч, Монголыг Өргөөгийн хэлэлцээр (Орос-Монголын хэлэлцээрийг хэлжээ)-ийн үндсэн дээр олон улсын худалдаанд нээлттэй болгохыг зөвлөх нь зүйтэй болов уу. Энэ нь Хятад улс тухайлан Монголд цэргийн арга хэмжээ, засаг захиргааны үйл ажиллагаагаа тодорхой хэмжээгээр хязгаарлах, тэрчлэн колоничлолын хурдыг сааруулах замаар Оросын хүслийг бодолцож үзэхэд саад болохгүй.“[31] гэжээ.
"Нээлттэй хаалганы зарчим"-ыг баримтлах угтвар нөхцөл нь Хятад улсын төрийн бүрэн эрхт, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалах явдал байсан учраас Герман улс тэр үед монголчуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөнгүй юм. Герман улс тэр үед Монгол орны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй ч Ар Монгол дахь Хятадын цэргийн ажиллагааны чадамж, засаг захиргааны үйл ажиллагаа, тэрчлэн Хятадын колоничлолыг хязгаарлахыг дэмжихэд бэлэн байсан мэт. Энэ нь Монгол, Хятадын харилцааны талаарх Орос-Монголын хэлэлцээрийн гол гол заалтад нийцэж байсан. Их гүрнүүдийн ашиг сонирхол, тоглолттой харьцуулахад энэ нь тийм ч бага юм биш байсан.
7.Хаант Орос улс, Дундад Иргэн улс 1913 оны 11 дүгээр сарын 5-нд Бээжингийн тунхаглах бичгийг байгуулсан. Тунхаг бичиг нь үндсэн 5 зүйлтэй, хоёр хавсралт бичигтэй, хавсралт тус бүр дөрөв, дөрвөн зүйлтэй. Тунхаг бичгийн гол агуулга нь Орос улс ДИУ-ын Гадаад Монголыг хэмжээтэй эзэрхэх эрхийг зөвшөөрсөн. Гадаад Монголын автономит эрхийг ДИУ зөвшөөрөх, ДИУ Гадаад Монголын дотоод хэрэгт оролцохгүй байх, Хаант Орос улс Гадаад Монголд консулыг хамгаалах цэргээс өөр цэрэг суулгахгүй байх, Гадаад Монголын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, Монгол-Оросын 1912 онд байгуулсан гэрээг ДИУ хүлээн зөвшөөрсөн.
Монгол улсын Богд хааны Засгийн газар Бээжингийн тунхаг бичгийг эсэргүүцэн Хүрээн дэх Оросын консулын газарт нот бичиг илгээж байсан. Хаант Орос улсад айлчлал хийж байсан Ерөнхий сайд Т.Намнансүрэн өөрийн Засгийн газрын байр суурийг илэрхийлэн “Манай Монгол улс Хятадын холбогдлоос бүр мөсөн салсан учраас Монгол улс зөвшөөрөөгүй байхад тогтоосон ямар ч холбоог огт хүлээхгүй, Монгол, Хятадын харилцааны асуудлыг гагцхүү Монгол улс өөрөө шийдэх ёстой” хэмээн эсэргүүцэж байсан нь оросын тухайн үеийн сонинд бичигдсэн байна.
8. Монгол-Түвдийн хооронд найрамдлын гэрээ 1913 оны 2 дугаар сарын 4-нд байгуулагдав. Монголын талаас Гадаад явдлын яамны дэд сайд Нягт билэгт Да лам Равдан, эрхэлсэн түшмэл Манлайбаатар ван Дамдинсүрэн, Улсын Түшээ гүн Дагвын Бат-Очир, Түвдийн талаас Далай ламаас томилогдсон Гүжир Цансан Ханчин Луузаннаваан, Донид Агваан ёнзон нар оролцов. Есөн зүйл бүхий уг гэрээгээр хоёр улс бие биенээ тусгаар тогтнож, хаан өргөмжлөгдсөнийг хүлээн зөвшөөч, харилцан туслалцах, худалдаалах ба санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэх талаар зөвшилцөлд хүрчээ.
9. Халх, Ойрд, Өвөрлөгч ноёдын холбоо 1908 онд байгуулан гол зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан хоёр дээдэс болох Засагт хан Доржпаламын Содномравдан, Хорчингийн Бинт их чин ван Б.Гончигсүрэн нар хорлогдсоноос хойш Монгол Улсад нэгдэхээр тэмүүлж, ихээхэн санаачилгатай ажиллаж байсан Ойрд, Хөх нуур, Алтайн Урианхай, Өвөрлөгч 49 хошуудын голлох нөлөөтэй том ноёд нь үндсэндээ Богдын төрөөс зайгаа авч, замаа бодох болсон нь харагддаг. Харин цэргийн хэрэг эрхэлдэг дунд, бага ноёдоо зүтгүүлсэн байдаг. Энэ нь Таван замын их цэрэг өмнө зүг хөх нуур, өвөрмонгол нутаг хошуунд нь орсон байхад ч нэг их идэвхийлээгүй нь баримтаар харагддаг.
Хаант Оростой баруун хэсэгт шууд тулан зогсож байсан асар нэр нөлөөтэй Засагт хан Д.Содномравдан 1912 оны хавар гэнэт таалал болсон тул тэрхүү орон зайд нөхөж ажиллахаар үнэн хэрэгтээ тухайн үедээ Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байсан Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамны Тэргүүн сайд Гомбын Цэрэнчимэд Да лам Төв Засгийн газрынхаа тэргүүн, сайдын албанаас шилжин Баруун хязгаарын засан тохинуулах сайдаар томилогдон Урианхайн хязгаараас Ховдын хязгаар орох замдаа оросуудад хорлогдон 1914 оны 5 сарын 7-нд сэжиг бүхий байдлаар насан эцэслэсэн эмгэнэлт тавиланг дахин давтсан. Тэрээр 1914 онд Монголын баруун хязгаарыг тохинуулах сайдыг тушаал хvлээж зам явах зуураа «... энэ сарын шинийн долоонд тахиа цагт (1914.05.07)... улс төрийн албыг дуусгаж чадсангүй нь үнэхээрийн хайран хэмээн нулимс цувруулан дахин дахин гэрээслэн хэлж гэнэт амьсгал татаж» нас баржээ хэмээн тэмдэглэсэн байна. Сүүлчийнх үг нь ямар их чухал даалгавартайгаар баруун хязгаарт томилогдоод, даалгавраа амжуулаагүйдээ харамсч байснаас харж болно. Гомбын Цэрэнчимэд Да ламыг албанаас хавчин зайлуулсан гэх золбин яриа ор үндэслэлгүй юм. Гомбын Цэрэнчимэд Да ламыг Богдын төр хамаг чухал ажилдаа томилж явуулдаг байсан. Тухайлбал, Оростой холбоо тогтоосон, Японтой холбоо тогтоолгохоор Цэрэнчимэд Да лам, Бин ван Гончигсүрэн нарыг Хайлаар явуулж байсан байдаг. Баруун хязгаарт Богдын төр маш их ач холбогдол өгч ирсэн байдаг нь Засагт ханы үйл ажиллагаа болон Хатанбаатар Магсаржав чин ванг цэрэглэн Алтай Урианхайн хязгаарт удаа дараа суулгасан, Засагт ханы Жалханз хутагтыг удаа дараа Баруун хязгаарыг тохинуулах сайдаар томилон ажиллуулж байснаас харж болно. Бүүр болохоо байгаад ирэх үед нь Засагт хан Д.Содномравдангийн шийдвэрээр 1910 онд Жалханз хутагтын өртөө гэгчийг зөвхөн Урианхайн хязгаараас шууд мэдээ ирдэг байдлаар зохион байгуулсан бөгөөд энэ нь 1923 он хүртэл ажилласан байдаг.
Засагт хан Д.Содномравдан, Да лам Г.Цэрэнчимэд нарын хорлогдсон гол шалтгаан бол, Таван замын их цэрэг өвөрмонгол, дээд монголд орох асуудал болон Богдын төрөөс Алтайн хязгаар болон Урианхайн хязгаар буюу Баруун хязгаарыг засан тохинуулахад онцгой анхаараад, түүнийг нь Хаант Оросоос эрс эсэргүүцэн тулгалт хийж байсан шалтгаан юм. Энэ нь 1900 онд Улиастайн Монгол 2000 цэргийн бослого гарч, Манжийн цэргийг хядаж, Чингийн төрийн дарангуйлалыг Халхад сууриар нь ганхуулсан тул 1907 онд Манжийн засгийн газар Ховдын хязгаарыг хоёр хуваан шинэ хязгаар байгуулснаар Шиньжаан дахь нутаг нь Алтайн хязгаарт харъяалуулж хуваасан явдлаас үүдэлтэй гэж харагддаг. Өөрөөрхэлбэл тэр үеийн засаг захиргааны нэгж болох Ховдын хязгаарыг хоёр хуваалгалгүй, хуучнаараа бүхэлд нь буюу 1871-1881 онд Хаант Оросын цэрэг хуучин Зүүн гарын нутаг Шиньжааныг эзэлж 10 гаруй жил хяналтаа тогтоосон байгаа Алтайн хязгаараа гэрээ байгуулахаас өмнө Монгол Улсдаа нэгтгэж авах бодлого, үйл ажиллагаа байсан.
Түүнчлэн Хаант Орос улс 1881 онд алтаар баян Тувад эзэн эрхээ тулгаад, цэргээ оруулах гээд Урианхайн ноёдыг Гомбодорж Амбан ноён, хошуу ноён Буянбадрах нараар дамжуулан хоёр хувааж урвуулаад байгаа явдал болон түүнийг нь 1883 онд Алтайн урианхай тувачууд эсэргүүцэн Алтан Майдарын бослогыг дэгдээж, Засагт хан Д.Содномравдангаар дамжуулан Монгол Улсдаа нэгтгэж авах талаар олон удаагийн өргөх бичиг Богдын төрд барьсан, мөн Хатанбаатар Магсаржав чин ван цэрэглэн Тувад орсон зэрэг нөхцөл байдлаас үүдэлтэй юм.
10. 1913 оны 1 дүгээр сарын 24-нд Монгол Улсын Цэргийн явдлын яамнаас Өвөр Монголыг чөлөөлөхийн тул Таван замаар цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөөд хэрэгжүүлж байсан.
Ийм учраас Засагт хан Д.Содномравдан Монгол-Оросын Гэрээнд 1912 оны 11 дүгээр сард гарын үсэг зурагдахаас өмнө, мөн Таван замын их цэрэг урд зүг орохоос өмнө буюу 1912 оны 5 сарын 8-нд хорлогдсон. Хиагтын Гурван Улсын Гэрээ байгуулагдахаас өмнө Да лам Г.Цэрэнчимэд 1914 оны 5 сарын 7-нд хорлогдсон, мөн хятадуудтай хэл үгээ ололцохын тулд Хиагтын гэрээг ахлах ёстой Ерөнхий сайдын орлогч Өвөр Монголын Бинт хошой Чин ван Б.Гончигсүрэн 1914 оны 4 сарын 20-нд хорлогдсон, мөн Хиагтын гэрээ байгуулагдахаас яг 2 сарын өмнө Эрдэнэ дайчин хошой чин ван Минжиддоржийн Ханддорж 1915 оны 2 дугаар сард бусдын гарт алагдаж, 1919 оны 11 сарын 19-нд Монголын автономит эрхийг Монголын ноёд лам нарын өөрийн хүсэлтээр устгах Чэн И-гийн 64 зүйлт гэрээ байгуулахыг хэлэлцэхийн өмнө Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн 1919 оны 4-р сарын 20-ны өдөр гэнэт нас барсан, мөн уг гэрээг хэлэлцэхийг гацааснаас болж, мөн генерал Сүй Шүжаныг Монголд ирүүлэхээс урьтаж Ерөнхий сайд, Дотоод хэргийн яамны сайд Шанзав Г.Бадамдорж 1919 оны 7 дугаар сард гэнэт нас барсан нь харагддаг.
11. Хиагтын Гурван Улсын Гэрээ 1915 оны 5 сарын 25-ны өдөр Хиагт хотноо байгуулагдав. Хиагтын гэрээ (Франц: L'accord tripartite de Kiakhta, Орос: Кя́хтинский догово́р) -1915 оны 5-р сарын 25-нд Хиагт хотод Монгол, Орос болон байгуулагдаад удаагүй байсан Дундад Улсын төлөөлөгчдийн байгуулсан гэрээ.Хиагтын хэлэлцээр 1914.08.26-аас 1915.05.25 хүртэл бүтэн 9 сар сунжран үргэлжилжээ. Гурван улсын гэрээ нь колоничлол ид ноёрхож байсан цаг үед байгуулагдсан бөгөөд энэ үед их гүрнүүд бага буурай оронд өөрийн ашиг сонирхолыг тулган хүлээлгэдэг эрх тэгш бус зарчим үйлчилж байв. Энэхүү Гурван улсын Хиагтын гэрээгээр Монгол улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг хязгаарлаж, "Өөртөө эзэрхэх Гадаад Монгол"-ын хилийг зөвхөн Халх дөрвөн аймаг, Ховдын шинэ хязгаар, Урианхайн хязгаараар зааглаж, Монголчууд нэгдмэл нэг улс болох үйл хэргийг хүчээр таслажээ.
Засагт хан Д.Содномравдангийн олон жилийн эцэг, өвгөөсөө үе дамжин хэрэгжүүлж ирсэн бодлого үйл ажиллагаа, эцэстээ амь насаараа төлсөн зүтгэлийнх нь үрээр 1915 оны Орос, Монгол, Хятад гурван улсын “Хиагтын гэрээ”-ний 11 дүгээр зүйлд “Урианхайн хязгаар бол Гадаад Монголын бүрэлдэхүүн юм” хэмээн тусгагдсан нь Монгол Улсын хувьд амин чухал заалт байв. Гэвч Хиагтын гэрээнд Алтайн хязгаарыг Гадаад Монголын бүрэлдэхүүнд оруулж чадаагүй, оросын мэдэлд орсон. Одоо энэ хязгаар нутаг ОХУ, Казакстан, БНХАУ-ын нутагт хамаардаг.
Монголын талаас Засгийн газрын бүрэн эрх барих төлөөлөгчдийн тэргүүнээр Дотоод яамны тэргүүн сайд, нэйс билигт, улсад туслагч гүн Дотоод яамны тэргүүн сайд Да лам Дашжав (эхний 13 удаагийн уулзалтад оролцсон), Сангийн яамны тэргүүн сайд түшээт чин ван Г.Чагдаржав, зөвлөх нараар Шүүх яамны дэд сайд засагт чин ван Удай, Цэргийн яамны эрхлэн зөвлөх сайд жүн ван Манлайбаатар Ж.Дамдинсүрэн, Гадаад яамны дэд сайд хичээнгүй гүн Цэрэндорж, гүн Жигжиджав, орчуулагч түшмэлээр гүн Цэнд, Цэвээн Жамсран, Цогт Бадамжав, эх зохиох түшмэлээр гүн Насандэжид нарын 4 хүнийг тус тус тохоон томилсон байна. Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Халхын ноёдоос гадна Монголоос ирсэн Удай ван, Манлайбаатар Дамдинсүрэн, Цэнд, буриад угсааны Цэвээн Жамсран, Цогт Бадамжав нарыг оруулсан нийт Монгол үндэстний эрх ашгийг төлөөлүүлэх зорилго өвөрлөжээ гэж үзэхээс өөр аргагүй.
Хаант Оросын бүрэн эрх барих төлөөлөгчдийг 1913 оны 8 дугаар сараас Нийслэл Хүрээнд Ерөнхий консулаар томилогдон ирж ажиллаж байсан туршлагатай дипломат А.Я.Миллер тэргүүлж, зөвлөх нараар Хиагт дах оросын хилийн комиссар, Жанжин Штабын хурандаа А. Д. Хитров, Нийслэл хүүрээн дэх Оросын ЕКГ-ын дэргэдэх Оросын худалдаа, аж үйлдвэрийн яамны төлөөлөгч А.П.Болобан, нарийн бичгийн даргаар Бруннерт, барон Рэнне нар, орчууулагчаар Абидуев ажиллаж байв.
Хятадын талын бүрэн эрх барих төлөөлөгчдийн тэргүүнээр Хар мөрөн /Хэйлунцзян/ мужийн цэрэг, иргэний захирагчаар ажиллаж байгаад дуудагдан ирсэн генерал Би Гуйфан, зөвлөх нараар Мексикт Элчин сайдаар ажилаж байсан туршлагатай дипломат Чэнь Лу, Монгол-Төвдийн хорооны зөвлөх Чэнь И, нарийн бичгийн даргаар Ван Цзиньци, Фан Ци гуань нар, орчуулагчаар Фан Фынь, Фу Хай нар томилогджээ. Эдний дундаас Чэнь Лу, Чэнь И нар Хиагтын бага хурлын дараа Монголд суух ДИУ-ын төлөөний сайдаар тус тус томилогдон ажиллаж байсан бөгөөд ялангуяа Чэнь И гадаад Монголын автономийг устгах "64 зүйлийн бичиг" гэдгийг боловсруулж байснаараа онцлогтой. Би Гуйфан, Чэнь Лу нар Хиагтын бага хуралд оролцсон тухай дуртгалаа бичиж, Би Гуйфан 1928 онд, Чэнь Лу 1919 онд Шанхайд тус тус хэвлүүлжээ.
12. 1921 оны 11 сарын 5-ны Зөвлөлт Орос Улс - Монгол Улсын Найрамдлын гэрээ байгуулагдсан. Тус гэрээнд ардын Засгийн газрыг Монголын хууль ёсны засгийн газар л хэмээн хүлээн зөвшөөрсөн юм. Энэ бол тусгаар тогтнолыг нь хууль зүйн хувьд бүрэн зөвшөөрөх эхлэл болсон.
13. 1924 оны 5 дугаар сарын 31-нд "Л.Караханы тунхаглал" Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс ба Дундад Иргэн Улсын хоорондын асуудлыг зохицуулах ерөнхий зарчмуудын тухай гэрээ (ханз. 中蘇解決懸案大綱協定, Орос: Соглашения об общих принципах для урегулирования вопросов между Союзом ССР и Китайской Республикой) хэлэлцээрийг 1924 оны 5 дугаар сарын 31-нд Дундад Иргэн Улсыннийслэл Бээжин хотод байгуулсан. Зөвлөлт Орос улсболон Дундад Иргэн Улсууд байгуулсан байна. Энэ гэрээг бас Л.Караханы тунхаглал гэж нэрэлдэг. Гэрээнд ЗОУ-ыг төлөөлж Л.М.Карахан, Дундад Иргэн Улсыг төлөөлж Гу Вэй цюнь (Веллингтон Ку) нар гарын үсэг зурсан байна.
"Л.Караханы тунхаглал" энэ Гэрээний 5-р зүйлд: “ЗСБНХУ нь Гадаад Монголыг Дундад улсын бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрч, Хятадын бүрэн эрхийг хүндэтгэнэ” гэж заажээ. Эл заалт 1919 оны Зөвлөлт засгийн газрын тунхаглал, 1921 оны Монгол, Зөвлөлтийн Найрамдлын гэрээнд харшилсан төдийгүй, бодит байдал дээр Хиагтын гэрээнээс ч ухарсан хэрэг болжээ. Үүний хамт Зөвлөлтийн цэргийг Монголоос гаргах асуудал ч гэрээнд багтсан байв. Энэ гэрээний дагуу Өргөө хотоос улаан оросын цэрэг гарсан байна.
Гэвч Орос улс хууль эрх зүйн хувьд Монголыг Хятадын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөх боловч, тэндээс Хятадын нөлөөг аажмаар шахаж, өөрийн нөлөөний бүс болгох бодлогыг мөн тууштай явуулсан юм. Жишээлбэл, Гадаад хэргийн ардын комисар Г. Чичерин Монгол дахь ЗХУ-ын бүрэн эрхт төлөөлөгч Никифоровт “БНМАУ нь Хятадын суверенитетийн дор автономи байх хэлбэрийг бид тунхаглах боловч хэрэг дээрээ улс төр, эдийн засгийн байгууллын хувьд Монголыг Зөвлөлт маягийн хэлбэрт ойртуулахын тулд бид ажиллана.” гэсэн заавар өгч байжээ. Харин дэлхийн II дайнд ЗХУ болон түүний холбоотон ялсан явдал Гадаад Монголыг Хятадаас бүрмөсөн салгаж, тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөх боломж олгосон билээ.
14. 1926 оны 8 дугаар сарын 16-нд Монгол ба Тагна Тува хоёрын хооронд Найрамдлын холбоо байгуулах тухай' 12 зүйлтэй Гэрээ Улаанбаатар хотноо байгуулагдсан. Туваг зөвлөлтийн коммунистуудын шахалт шаардлагаар БНМАУ хүлээн зөвшөөрчээ.
Харамсалтай нь 1921 онд орос улаан цэргүүд анх Урианхайд орж ирээд, 1922 онд Андрей Бакичийн цагаантнууд орж ирсэн. Улмаар хошуу ноён Монгуш Буянбадрах гэгч Тува БНАУ байгуулсан. 1926 онд Туваг зөвлөлтийн коммунистуудын шахалт шаардлагаар БНМАУ хүлээн зөвшөөрчээ. Зөвлөлт Холбоот Улс Монголын Урианхайн газар нутгийг гурван удаа таслан авсан байдаг юм. Энэ талаар хэн ч бичиж судалж байсангүй. Хаант Орост алдаагүй Урианхайн хязгаараа ЗХУ-д алдсан.
1932 онд Тувагийн хүн ам 80,000 байв. Оросын колонистууд тэр үед Тувад 10,000 га газар эзэмшиж, уул уурхайн үйлдвэрүүдийг эзэмшиж байв. 1929-1930 онуудад Тувад зөвлөлтчлөх хатуу бодлого явагдаж Тувад байсан буддын 15 сүм хийд, 4000 лам хувраг, бөө нарыг бүгдийг нь баривчилж ихэнхийг нь буудан хөнөөв. 1930-аад онуудад зөвлөлтийн коммунистууд, Коминтерний нөлөө Тувад улам хүчтэй болж И.Шагдаржав, С.Тока нарын тува коммунист залуусыг тувагийн коммунист намын байгууллагуудын удирдлаганд шургалуулан томилж анхны Ерөнхий сайд Буянбадрах болон түүний нөхдүүдийг “хувьсгалын эсэргүү, хар шар феодалууд” хэмээн зохиомол хэрэг тулгаж тувагийн удирдлагаас зайлуулж амь насыг нь хөнөөж, зөвхөн зөвлөлтийн талыг баримтлагч харгис коммунистуудын нөлөөг Тувад улам бэхжүүлэх бодлого явуулж байв.
Монгол Тувагийн харилцаа хориод оны сүүлч,гучаад оны эхээр улам хурцдаж монголын газар нутгийг Тува тасдан авч зөвлөлтийн талд өгөх, өөрсдөө зөвлөлтийн бүрэлдэхүүнд орох асуудлыг дэвшүүлж байсан нь тэр үеийн монголын удирдагчдын дургүйцлийг хүргэж байжээ. Монгол Тувагийн хилийн асуудлыг шийднэ хэмээн зөвлөлтийн тал монголын газар нутгийг нь салгаж авах асуудлыг ярих болжээ. Тувачууд энэ бохир ажилдаа зөвлөлтийн коммунист удирдлагыг ашиглаж зөвлөлтийн удирдагчдаар дамжуулан монголын талд шахалт үзүүлж байв. Зөвлөлт Холбоот Улс Монголын Урианхайн газар нутгийг гурван удаа таслан авсан байдаг юм. Энэ талаар хэн ч бичиж судалж байсангүй. Харин би энэ талаар судалсан тул үнэнийг өгүүлье. Эхний удаа 1921 оны 8-р сард монголын Урианхайн хязгаарыг улаан оросын цэрэг хяналтдаа авсан байдаг. Хоёр дах нь 1932 онд Тувагийн нутгийг буцаан өг хэмээн зөвлөлтийн тал монголын талд хатуу шаардлага тавьж монголын уугуул нутаг болох Танну Ола хэмээх нурууны өмнөх бүх нутгийг булаан авсан юм. Одоо энэ нутагт Тувагийн Монгун Тайга район, Овюрийн район, Тэс Хэмийн район, Эрзиний хошуу оршиж байна. Улаан Монгол улаан Оросын эсрэг юу ч дуугарч чадсангүй. Чойбалсан ч дуугарсангүй, монголын төр засаг ч чимээгүй өнгөрөв. 1933 оны зун Увс аймгийн Цагаан нуурын дамжлага баазын цаана оршдог Тэмээн чулуу, Орос даваа, Жаргалант, Бор хаг, Дөрвөд даваа зэрэг монголын уугуул нутагт зусаж байсан монгол айлуудыг гэнэт улаан орос цэргүүд дайран ирж айлуудын гэрийн бүслүүрийг нь хутгаар огтолж монгол малчдад буу тулгаж хүчээр хөөж уугуул нутаг орны нь улаан оросууд булаан авчээ. Гурав дах нь зөвлөлтийн тал Монгол дахь элчин сайд В. Молотовоор дамжуулан 1957,1958 онд “Тувагийн үлдсэн нутгийг өг” хэмээн монголын талд хууль бус шаардлага тавьж монголын хойд нутгаас 2450 хав дөр км нутаг булаан авсан юм.
Зөвлөлтийн тал Монгол дахь элчин сайд В.Молотовоор (Сталины үед ЗХУ-ын ГЯЯ-ны сайд байсан) дамжуулан 1957, 1958 онд онд “Тувагийн үлдсэн нутгийг өг” хэмээн монголын талд хууль бус шаардлага тавьж монголын хойд нутгаас 2560 хав.дөр км нутаг булаан авсан. Зөвлөлтийн Монгол дахь элчин сайд В.Молотов монголын Увс аймгийн хойд нутгийг зөвлөлтийн талд өг хэмээн удаа дараа шаардахад хуучнаар Засагт хан аймгийн Бишрэлт гүний хошуу, одоогийн Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайд Содномын Аварзэд эрс эсэргүүцэж “Монголын унаган газар нутгийг хэн нэгэн зөвлөлтийн албан тушаалтан шаардахад өгдөггүй юм" гээд 6 сар гаруй хэлэлцээрийг сунжруулж, эцэстээ албан тушаал амь насаараа төлсөн.
Хаант Оросын Газар зүйн нийгэмлэгийн судалгаанууд
Эдгээр баримтууд нь Монголын баруун бүс нутагт Хаант Орос улс хэрхэн их ач холбогдол өгч анхаарал хандуулж байсан нь монголын баруун хязгаарт Хаант Оросын Газар зүйн нийгэмлэг нэрийн дор асар өндөр зардалтай хийсэн олон удаагийн экспедицүүдээс нь харагддаг. Оросын газар зүйн нийгэмлэгийн экспедицүүд навигацийг хөгжүүлэх, шинэ газар нутгийг нээх, судлах, цаг уур, уур амьсгалын мэдээлэл бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Монгол нутагт Н.М.Пржевальский, Г.Н.Потанин, П.К.Козлов, В.Л.Котвич, И.М.Майский, А.Кропоткин, И.Д.Черский, М.В.Певцов болон М.Е.Грумм-Гржимайло, В.А.Обручев, Н.Н.Миклухо-Маклай, А.И.Воейков, Клеменц.Д.А, Ю.М.Шокальский нарын хийсэн экспедицүүд баруун монголын газар нутгийг судлахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Майский И. Современная Монголия. Иркутск, 1921 гэх зэрэг. Хожим тэдгээр судалгаанууд нь монголын түүхийн тэр эгзэгтэй үеийн талаар бодитойгоор мэдэхэд асар үнэтэй эх сурвалжууд болж байна. Клеменц.Д.А. 1893-1894 онд Засагт хангийн хүрээ, Улиастай, Ховдоор аялаж ихэс ноёдын фото зургууд ихээр авч баримтжуулсан.
Хамгийн сонирхолтой нь Монголыг тусгаарлан автономит эрхтэй улс байгуулахад түүхэн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн хүн бол Оросын хаант улсын Сангийн яамны Дорнод хэлтсийн тасгийн эрхлэгч В.Л.Котвич юм. В.Л.Котвичийн 1912 оны хавар (1912 оны 7 дугаар сарын 14-нд буцах замдаа захиа бичсэнээс үзэхэд) Жамсрангийн Цэвээн гэгч орчуулагчтайгаар К.М.Масков нарын хамт монголын хойд хэсэг, Орхон голын сав нутгаар хээрийн шинжилгээний ажлаар явж, монгол, түрэг хэлний үсэг бичгийн судалгаанд чухал хувь нэмэр оруулсан байна. Тэрээр Их Хүрээ, Монголын төв болон Засагт ханы хүрээнд удсан, мөн Баруун аймгуудаар явж байхдаа сүм хийдийн төлөөлөгчид, янз бүрийн давхаргын хүмүүстэй уулзаж, тэр үеийн монголын амьдрал ахуй, засаг захиргааны байгуулал, нийгмийн харилцааг ул үндэслэлтэй судалжээ. Түүнийг монголд байх үед Оросын Гадаад яаманд монголын талаарх бодлогыг тодорхойлсон уулзалт болжээ. Оросын Гадаад яам, Оросын ерөнхий сайд, Цагаан хаанд монголын талаарх баримтлах бодлогыг тодорхойлоход В.Л.Котвичийн монголд, тэр дундаа баруун Монгол, мөн Засагт хан Д.Содномравдантай хийсэн олон удаагийн уулзалт аяллын дүгнэлтээр шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэдэг. В.Л.Котвичийн судалгааны тайланд Засагт хан Д.Содномравдантай хийсэн уулзалт, түүний талаарх урт хугацааны судалгаа, хатан Ж.Цэсрэнгийнх нь талаарх мэдээлэл томоохон хэсгийг эзэлдэг.
Тэр аяллын дараа 1914 онд В.Л.Котвичийн зурснаар Монголын анхны орчин үеийн газрын зураг анх удаа хийж, хэвлүүлсэн байдаг. Энэ газрын зургийн хэвлэгдсэний дараа 1915 онд Хиагтын гэрээ хийгдсэн. Монголын энэ газрын зургийг Петербург, Лондон, Берлинд олон тоогоор хэвлэсэн байдаг. Гэхдээ өөр өөр хувилбартай.
В.Л.Котвичийн тэр судалгааны дүгнэлтийн дагуу Оросын Гадаад харилцааны сайд Сергей Дмитриевич СазановМонголын талаарх бодлогоо "Өөрийн улсын хил дээр цэргийн хувьд хүчирхэг улсыг батжуулан бэхжүүлэхгүй байх" гэж томъёолсон байдаг. Оросын II Николай хаан Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнг хүлээн авч уулзахдаа «Танай улс учиргvй их улс болохыг бүү яар. Гагцхүү тогтнохыг хичээх нь эрхэм!» гэж зөвлөсөн гэдэг.
Энэхүү үе залгасан бодлогын хүрээнд бүх Монголын ихэс ноёд Засагт хан Д.Содномравданг хүрээлж, Богд хаант Монгол Улс байгуулахад бүгд дагаар дэмжсэн нь ийм учиртай.
Тийм ч учраас Засагт хан Д.Содномравдангийн В.Л.Котвичтой хийсэн тэрхүү удаа дараагийн уулзалтын дараагаас Монголыг хүчирхэгжүүлэн бие даалгах гол стратегич Д.Содномравданг нэн тэргүүнд ямарч аргаар хамаагүй замаасаа зайлуулах бодлого баримтлах болсон байж болзошгүй бөгөөд тэр уулзалтаас хойш удалгүй богино хугацаанд 1912 оны 5 сарын 8-нд Засагт хан хорлогдсон. Түүнийг монголоос орос руугаа буцаагүй байхад гэнэт таалал болсон нь таамаглал бодит байхыг үгүйсгэмгүй. В.Л.Котвич 1912 оны 2 сард ирээд 7 дугаар сарын 14-нд Орос руу буцсан байдаг.
Д.Содномравдангийн Нэгдсэн Монгол Улс байгуулах төлөвлөгөө, цар хүрээ, бүх монголчуудыг хамруулан татан оролцуулсан өргөн далайцтай явуулж буй бодлого, үйл ажиллагаа, холбоо сүлбээ, мэдээллийн суваг, цаашид төлөвлөсөн зүйл нь Оросын Хаант улсын эрх ашгийн хувьд аймшигтай нөлөө үзүүлэх санагдсан байж болзошгүй. Олон жилийн турш оросууд хажуудах агентуудаар нь дамжуулан Засагт ханы хийж ирсэн ажил, хийхээр төлөвлөсөн зүйлээ нэн амжилттайгаар хэрэгжүүлдэг, стратегич бодлоготонг нь мэддэг тул хөнөөхөөр яаран хөдөлсөн нь харагддаг. Хардахад В.Л.Котвич монголоос буцахаасаа өмнө Засагт хан Д.Содномравданг цааш харуулж байж, оростоо буцсан байж болзошгүй. Өвөрмонголоо нэгтгэж авахаар таван замын цэрэг оруулахгүй байлгах, Нэгдмэл Монгол Улс байгуулахаас сэрэмжилсэн бололтой байдаг. Энэ нь В.Л.Котвичийн монголоос буцаж орост очоод эзэн хаандаа өргөсөн айлтгал бичгээс хойш Хаант Оросын монголын талаарх бодлогод үндсэн өөрчлөлт гарч Өөрийн улсын хил дээр цэргийн хувьд хүчирхэг улсыг батжуулан бэхжүүлэхгүй байх бодлого баримтлах болсон. Түүнчлэн Монголын Таван замын их цэрэг хөх нуур, өвөрмонголд орсон явдалтай холбогдуулан II Николай эзэн хаан "Монголын империализм сэргэж байна гэж хөмсөг зангидан удаа дараа хэлдэг байжээ" гэсэн мэдээ тэмдэглэгдсэн байдаг. Николай эзэн хаан ханхүү байхдаа Сибирээр дамжин Японд айлчлахдаа Буриад монгол, халхын Сэцэн хан аймгаар аялсан байдаг тул монголын түүхийн талаар өргөн мэдлэгтэй байсан.
Түүнчлэн Оросын Хаант улсын Гадаад хэргийн яамны сайд Сазановын Германы Элчинтэй хийсэн уулзалтын тэмдэглэлд “… “… угтаа монголчуудын хүссэн шиг ‚ивээл хамгаалал‘-д авах асуудал яригдаагүй. Орос улс шинэ ачаа үүрмээргүй байна.“ гэсэн аж. Тэгээд Сайд Сазонов Оросын албатууд Монголд газар авах боломжтой болно гэдгийг тэр онцолсон байна. Ярианы төгсгөлд тэр Петербургт монгол ноёдын төлөөлөгчид ирэх гэж байгааг хэлж. Эцэст нь: "Тэр монгол ноёд”-той улс төр ярихгүй. Бэлэг, амттан л өгнө.“ гэж Сазоновын хэлснийг Германы элч төлөөлөгч нямбайлан тэмдэглэж авсан байв.
Германы эзэн хаан II Вейлхелм 1910 оны 7 сард “Монгол орон тусгаар тогтнолоо зарлаж, Орос, Хятадын дундах жийргэвч улс болох нь Оросын ашиг сонирхолд нийцнэ. Харин Оросын хаант улс өөртөө "Монголыг нэгтгэх“ нь Янцзе (Jangtse)-гийн гэрээг зөрчиж буй хэрэг гэж Германы Эзэн хаан үзэж буй бөгөөд тэр тохиолдолд Британийн ашиг сонирхолд ч аюул заналхийлэх болно гэж протоколд тэмдэглэсэн байдаг.
Энэхүү мэдэгдэлийн дараа Оросын Гадаад явдлын яамны сайд Сазонов: "Монгол орон тусгаар тогтнолоо зарлаж, Орос, Хятадын дундах жийргэвч улс болох нь Оросын ашиг сонирхолд нийцнэ” гэсэн тухай мэдээ сонинд гарсан байдаг.
Ийнхүү Монголын асуудал их гүрнүүдийн анхаарлын төвд ямагт байсаар ирсэн бөгөөд хүчний тэнцвэрээр аль нэг улсад нэгтгэдэхгүй тусгаар улсаа тунхаглах боломж олдсон байна.
Оросын шинжлэх ухааны академийн Хүн судлал, угсаатны зүйн Хүрээлэн /Кунсткамер/-гийн сан хөмрөгт хадгалагдаж буй Клеменц.Д.А. 1893-1894 онд авсан Засагт хан, түүний гэр бүлийнхний фото зургууд байдаг.
Засагт хан Д.Содномравдангийн дээр дурдсан том гүрнүүдийн эрх ашгийг Нэгдсэн Монголоо тусгаарлахад татан оролцуулсан бүс нутгийн томоохон тоглогч болж явуулсан олон талт ажиллагаа, өргөн цар хүрээтэйгээр хөдөлсөн бодлого, үйл ажиллагааг хэр баргийн хүн хийж чадахааргүй. Тэрээр далайцтай алсын бодлоготон дээдэс байсан нь харагддаг бөгөөд хэрэв улсын хаан болсон бол илүү ихийг бүтээх байсан болов уу. Гэхдээ түүхэнд хэрэв ээ гэж үгүй билээ.
Гэнэтийн үхэл
1912 онд Халхын 4 ханы нэг Засагт хан Д.Содномравдан хан гэнэт нас баржээ. Түүний үхлийн талаар олон яриа байдаг Тэдгээрийг дурдвал:
- Бас нэг ихээхэн сонирхол татах эх сурвалж бол одоо нэгэнт ил болсон Хаант Оросын Эрхүүгийн цэргийн тойргийн Монголын талаар хийж байсан тагнуулын мэдээлэлд: "Монголын Засгийн газарт Хаант Оросын гурван эх сурвалж байгаа. Нэг монгол ноён, хоёр буриад түшмэл, гурав дахь нь Засагт Хааны нэг Хатан. Тэр хатан маш чухал ... гэсэн байдаг. Үүнээс харахад Засагт Хааны Жамсрангийн Цэсрэн хатан оросуудын гар хөл болж, энэ нь Богдын тагнуулын албад мэдэгдэн, түүнээс шалтгаалан Засагт хан Содномравданг Хаан болох хуйвалдаан хийж байна гэж хардагдан сэрдэгдэх үндсийг тавьж, Богдод хорлогдох шалтгаан болсон байж болох юм. Засагт хан, Богдод хорлогдсноос хойш Засагт ханыхан Богдын төрд сүжиг буурч, Засагт ханы Үйзэн Засгийн Батын Дагвын Бат-Очир Улсын Түшээ гүн ноён (үе улиран бэйлийн зэрэгтэй) оройлон эсэргүүцэн татгалзаж, Засагт ханы Баатар вангаас бусад нь Богдын төрд нэг их идэвхийлээгүй байдаг. (энэ мэдээ болон дээрх Ханы фото зургийг оросын эзэн хааны жанжин штабын ахлах офицер Клеменц.Д.А. Газар зүйн нийгэмлэгийн судалгааны нэрийн дор монголд ирэх үедээ авсан. Оросын архивт хадгалагдаж байна.)
- Түүнийг хэрхэн таалал төгссөн тухай нэгэн сонирхолтой дуртгал болох, 1946 онд эргэн сэргээн байгуулсан Гандантэгчилэн хийдийн хамба лам Н.Эрдэнэпил агсны дурдснаар "...1912 оны хавар Засагт хан таалал төгсөв. Нэг өдөр Засагт ханы харьяаны Дашчоймбол дацанд хурал хурж байсан бүх ламыг Засагт ханы бие муудсан тул аваачиж ном уншуулсан юм. Маргааш өглөө нь Засагт ханы харьяат нэгэн ламаас миний асуухад манай Хан тэнгэр болов. Богдын ордонд бараалхаж очоод тэнд хор зооглосон юм гэнэ. Тэгээд үнээний сүү уугаад тус болсонгүй нас эцэслэлээ" гэжээ. Хуучны хүмүүс Д.Содномравдан ханыг жуузнаас буугаад ирэхэд толгойн оройноос нь гэрэл цацарсан, гэгээн дээдэс байсан гэлцдэг.
- Халхын Эрдэнэ бишрэлт Үнэн сүжигт Оройн дээд Дархан Засагт хан Д.Содномравдан ханыг албан ёсоор улсын хаан болох эрхтэй учраас Богд хаан хорлосон байх магадлалтай гэж үздэг. Тухайлбал, Д.Сүхбаатар жанжинг хорлон алсан гэх хэргээр баривчлагдсан Богд хааны оточ маарамбын Дотоодыг хамгаалахынханд баригдан өгсөн мэдүүлэгтээ бэйс Д.Сүхбаатарын судасыг барьсан үнэн бөгөөд хор өгч алсан нь үгүй. Харин Засагт хаан Содномравдан, Түшээт ван Чагдаржав, Бинт ван Гончигсүрэн, Эрдэнэ далай ван Намсрай нарт хор өгсөн нь үнэн хэмээн мэдүүлэг өгсөн нь тэмдэглэгдсэн нь байдаг.
- Д.Содномравдан Засагт ханыг хэрхэн таалал төгссөн тухай нэгэн сонирхолтой дуртгал болох, 1946 онд эргэн сэргээн байгуулсан Гандантэгчилэн хийдийн хамба лам Н.Эрдэнэпил агсан дурдатгал үлдээсэн байдаг. "...1912 оны хавар бүгдийн манлай Засагт хан таалал төгсөв. Нэг өдөр Засагт ханы харьяаны Дашчоймбол дацанд хурал хурж байсан бүх ламыг Засагт ханы бие муудсан тул аваачиж ном уншуулсан юм. Маргааш өглөө нь Засагт ханы харьяат нэгэн ламаас миний асуухад манай Хан тэнгэр болов. Богдын ордонд бараалхаж очоод тэнд хор зооглосон юм гэнэ. Тэгээд үнээний сүү уугаад тус болсонгүй нас эцэслэлээ" гэж хэлсэн байдаг тухай тэмдэглэж үлдээжээ. ОРОС-ын архивын эх сурвалж: Засагт Хан П.Содномравдангийн Монгол Улсаа тусгаар тогтнуулахад оруулсан үүрэг роль, түүхийн үнэ цэнэтэй баримтууд Оросын эзэнт гүрний Цэргийн жанжин штабын архив, Хаан Оросын Газар зүйн нийгэмлэгийн (Русское географическое общество) экспедицийн тайлангууд, XIX–XX зууны Орос–Монголын дипломат болон захиргааны баримт бичгүүдэд тэмдэглэгдсэн байна. Тухайлбал, “Русское географическое общество” (РГО)-ийн экспедицийн тэмдэглэл, Монгол дахь Засагт хан аймгийн ноёдын зураг, тэмдэглэлүүд, Ф. 180 – “Китайские и монгольские дела” - Монгол, Хятадтай холбоотой дипломат бичиг, захидал, гэрээ, Ф. 152 – Сибирийн чиглэлийн дипломат харилцаа-Халх, Зүүнгар, хилийн бүсийн ноёд, Засагту хан Содномравдан мэдээлэл, Ф. 400 – Главный штаб (Генеральный штаб)-Монгол дахь цэргийн ажиглалт, тайлан, Ф. 483 – Сибирийн цэргийн тойрог (Сибирский военный округ)-Халх дахь хилийн цэргийн мэдээ, Ф. 846 – Ази дахь цэргийн экспедицийн материалууд-Монгол, Төв Ази руу хийсэн судалгаа Ф. 391 – Ази, Сибирийн захиргааны баримт, Ф. 560 – Хилийн бүсийн захиргааны материалуудад тодорхой эх сурвалжууд тэмдэглэгдсэн байна.
Засагт хан Доржпаламын Содномравданы орыг түүний хүү Содномравданы Агваанцэрэн 1912-1915 залгасан боловч удаагүй хорлогджээ.
Хамгийн сүүлчийн Эрдэнэ бишрэлт Засагт хан нь Доржпаламын ахмад хөвгүүн тойн Доржпаламын Цэрэнгомбожав (1915-1923) залгамжилжээ.
Сонирхол татах баримт нь Засагт хан Д.Содномравдан, Түшээт хан Д.Дашням нарыг хөнөөгдсний дараа балчир хөвгүүд нь хан ор сууж угсаа залгаад 2 жил хүрэлгүй бусдад хорлогдож, хоёр хангийн ах, дүү нар нь Хан ор суусан байдаг. Эндээс хоёр дээдсийн уг үндсийг оргүй таслах өш хонзон ханхалдаг.
1923 оны 10 сарын 19-ны Засгийн газрын хуралдааны дараахан 1923 оны 10 сарын 24-нд Хантайшир уулын хошууны чуулган Хантайшир уулын Жаргалант гол гэдэг газар хуралдан, хошуундаа 11 сум шинээр байгуулж, Хошууны даргаарЗасагт хан Доржпаламын Цэрэнгомбожавын ганц хүү 8 настай Цэрэнгомбожавын Ванчинжавыг сонгож байсанбайдаг.
1912 онд Өргөөд байсан Засагт хан Д.Содномравданг учир битүүлгээр нас барахад Богд хаанаас лүндэн буулган бүх хүрээ хийдээр хойдын буянг үйлдэн хурал хурж, Засагт ханы шарилыг нутагт нь хүргэх 200 лан зардал хөрөнгийг гаргаж нутагт нь авчирч оршоосон тухай мэдээлэл бий. Юутай ч анхны Ашихай ханаас Засагт хан Д.Содномравдан, түүний хүүг хүртлэх 17 ханы олонхыг Хан Тайширын нуруунд Их Хоригт оршуулж ирсэн нь тодорхой юм. Харин их хэлмэгдүүлэлтийн өмнөхөн Арын хүрээнд тойн лам болсон сүүлчийн хан Д.Цэрэнгомбожавын ухаан самуурч байгаад бие барсанд тэмээнд ачиж, Улаангангад булсан гэдэг.
Энд дурдагдсан Жаргалант гол нь аймгийн төвөөс холгүй, Хантайшир уулын ар бэлд байх Ар Гүүбариач орчимд бий. Мөн Эрдэнэ бишрэлт Засагт ханы хүрээний туурь нь ч тэнд байгаа билээ.
1938 онд Өвөр Монголын нутагт Засагт ханы угсаа залгамжлах эрхтэй хан хүү Бат гэгч хүн өөрийн шадар туслах Лодой гэдэг ламтай хамт дүрвэж очсон байсан гэх мэдээллийг Дани улсын жуулчин Хазбанди гэгч тэмдэглэн үлдээжээ. Энэ Лодой гэх ламын зурсан зураг Данийн үндэсний Музейд тавигдсан байдаг аж. Лодой ламын дуулсан Алтан богд гэгч бэсрэг уртын дууны бичлэг ч бас байна билээ. Угсаа залгамжлах эрхтэй тэр Бат гэгч хүн нь Д.Содномравданы ойр төрлийн хүн гэдэг нь ойлгомжтой.

Засагт ханы Үйзэн Засгийн хошууны Улсын Түшээ гүн, үе залгамжлах тэргүүн зэрэг тайж Батын Дагвын Бат-Очир, түүний үр хүүхдүүдийг (Манж чингийн үеийн Монгол жургааны монголын ноёд ван, гүнгийн угсаа, зэрэг залгах гэрийн удмын данс болон Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Халхын Засагт хан аймгийн ноёд тайж нарын гэрийн үеийн бичмэл, Халхын Засагт хан аймгийн ноёдын уг эх, Халхын Засагт хан аймгийн Шадарт явах Заг голын эх Бидэръяа нуурын чуулганы зүүн гарын дундад Үйзэн засгийн хошууны Түшээ гүнийн зэрэг Улсын түшээ гүн, үе залгамжлах тэргүүн зэрэг тайж Батын Дагвын Бат-Очирын гэрийн үеийн бичмэл, Богд хаант улсын Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамнытүшмэлийн хэлтсийн Засагт хан аймгийн хан ван бэйл бэйс, гүн засаг тайж нарын анх түшмэл залгамжилснаас эдүгээ хүртэлхийн төрөл овог, гавьяа эндэгдлийг тодорхойлон бичсэн олон ван, тайж, түшмэлийн зэрэг залгамжлах гэрийн үеийн дансанд бүртгэлтэй ноёд бөгөөд дээд өвгөд нь 1727 онд Орос-Манж чингийн Буурын гэрээг тогтооход оролцож байсан, мөн 1913 онд Монгол-Түвдийн хооронд найрамдлын гэрээг байгуулахад оролцож байсан нь түүхэн данс бүртгэлтэй. 1918 оны хүн амын тооллогод бүх гарал үүсэл нь бүртгэгдсэн.) Эрдэнэ бишрэлт Үнэн сүжигт Оройн дээдийн шууд удмын цагаан яст хүмүүс билээ. Дагвын Бат-Очирыг зарим эх сурвалжид Түшээ гүнгийн зэрэг гутгаар зэргийн тайж Хас-Очир гэж тэмдэглэсэн нь бий. 1919 онд эмхэтгэж дууссан Монгол Улсын шастирын Халхын Засагт хан аймгийн ноёдын уг эхэд тэмдэглэгдсэн байдаг. Мөн Баруун аймгуудын бослого толгойлсон гээд бариа тавианы үеэр түшээ гүн Дагвын Бат-Очирын том хүү хошуу захирагч, Улсад туслагч гүн Бат-Очирын Бэндэрьяа, хоёр дахь хүү тайж, хошууны Мээрэн Бат-Очирын Доржсүрэн, мөн дунд хүү Арын хүрээ, Гандандаржаалин хийдийн хамба лам, Агарамба-Лхарамба Бат-Очирын Дорлиг (Лхасын Цанид дацанд 7 жил сууж, Аграмбын дамжаа барьсан. Төвдийн Лхасын Цанид дацангийн Цанто дансанд бүртгэл нь одоо ч байдаг. Мөн Бат-Очирын Дорлиг аграмба, лхарамба нь Монголоос анх удаа Жагарын буюу Энэтхэгийн Наландад 7 жил суралцан гүн ухааны оргилд хүрсэн гүүш байсан юм. Түүнийг монголын заяаг даасан ч гэж ярилцах нь байсан гэдэг. Түүний бүтээсэн монголын ирээдүйн бошиго Эрдэнэсийн санд өөр хөлгөн судрын нэрээр хадгалагдаж байна. Нарийвчлан судлах хэрэгтэй. (сонирхолтой нь Засагт хан аймагт Дорлиг нэртэй 5 аграмба байсан нь Цагаатгах комиссын тогтоолд байна), мөн хүргэн хүү тайж П.Цэрэнбалжир нарыг нь баривчилж, хөрөнгийг хурааж, цаазалсан. (Монгол Улсын Дээд шүүхийн 1992.01.16 улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгасан 02, 08, 112, 126 тогтоолоос...). Өндөр настай болсон Батын Дагвын Бат-Очир түшээ гүн хөвгүүдээ Улиастайд баригдаж очсоноос хойш араас нь очиж, ухаан самуурсан байдалтай удаан хугацаагаар Улиастайн шоронгийн хавьцаа байхад нутагт нь урьдын албатууд нь авчирсан гэдэг. Дагвын Бат-Очир Түшээ гүн ноёны хатан нь Даржаагийн Цэенпил (Даржаа тайжийн дунд охин), долоон хүүхэд буюу таван хүү, хоёр охин төрүүлж өсгөсөн. Дөрөв дэх охин (нэрийг мэдэхгүй, Дэндэв гэдэг хүнтэй суусан, хэлмэгдээд сураг тасарсан Завханы Цагаанхайрхан, Цагаанчулуутад байсан гэх), тав дахь охин ноёхон Бат-Очирын Замбаг, зургаадугаар хүү тайж тойн лам Бат-Очирын Өлзий-Осор, долоодугаар хүү Бат-Очирын Даваажав (яаруу даваажав) нар байлаа. Хэлмэгдүүлэлтээс болж өнгөрсөн том хүү Бат-Очирын Бэндэрьяагийн охин буюу ач охин Норовжав, мөн дунд охин Бат-Очирын Замбагын нөхөр хүргэн хүү тайж П.Цэрэнбалжирын хүү Ц.Санжмятавыг буюу зээ хүүгээ, мөн зээ охиноо өөрөө өргөж авсан. Нутаг хошуундаа "Начин Бандихай", Даншигийн начин Бат-Очирынхон хэмээн авгайлан хүндлэгддэг байсан. Хуучнаар Завхан аймгийн Жаргалан сум буюу одоогийн Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тэйл баг-Гүзээн тэйл, Бүрэн багийн нутагт аж төрж байсан. Завханы Цагаанхайрханд бас ураг төрлүүд нь олноор байсан гэдэг.

Зургаадугаар хүү Бат-Очирын Өлзий-Осор гэж нутаг орондоо төдийгүй, улс даяар цуутай мундаг том Зээрэмбэ ламтан байсан. Алтан богд хаадын тайлга (Дашинчилэн), Улаанхайрхан, Батбуянг үе удмаараа уламжлан тахидаг байсан. Засагт хан аймгаас тодорсон, хожмын үеийн (Говь-Алтай, Завхан, Баянхонгор) цуутай гэгдэх бүх гэгээнтнүүдийн багш нь байсан бөгөөд социализмын үед нууцаар бүгдээр сэм ирж мөргөдөг ном нийлдэг байсан билээ. Улиастай хотод 108 суварга босгуулсан гэгээнтнүүдийн ихэнх нь түүний шавь нь байлаа. (1979 онд Далай лам Данзанжамц БНМАУ-д анх удаа айлчлан ирэхэд уулзуулсан байдаг, мөн Латимор гуайг ирэхэд уулзуулж Дилав хутагтын мэндийг уламжилсан ч гэх сул яриа бий. Мөн Төв Хороо, Улс төрийн товчооны том дарга нар ч ил далд ирж уулздаг, таалал болохын өмнөхөн нь 1984 онд МАХН-ын Төв Хороо, төвөөс өгсөн үүргийн дагуу аймгийн намын хороо, хүн эмнэлгээс тусгай үүргийн онгоцоор нарийн мэргэжлийн алдартай 2 эмч, сувилагчтай очуулж гэрт нь эмчлүүлж онцгой анхаарч байсан байдаг. Жаргалан сумынхан одоо хүртэл тэр тухай ярьдаг. Тэрхүү эмчилж байсан 2 эмч хожим монголын алдартай удам дамжсан мундаг эмч нар болсон). Бат-Очирын Өлзий-Осор нь хүүхэд байхдаа тойн лам болж Арын хүрээнд тойн лам (сүүлчийн Засагт хан асан) Доржпаламын Цэрэнгомбожав үеэл ахынхаа гэрт амьдарч байгаад тэрээр хэцүү цагаар хавчиг үүрэг үүрч, хоёр мод тулан бадарчин болж явганаар Хүрээ орж баригдаагүй үлдсэн бөгөөд Их Хүрээний Засагт ханы харьяа мэдэлд байсан Дашчоймбол дацанд шавилан суусан. Хожим нутагтаа ирж эхнэр Гомбожав тавнангийн охин Хөнхөртэй гэр бүл болж, зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн. Жаргалан сумын Батнайрамдал нэгдэлдээ анхны тахианы аж ахуйг байгуулан эрхлэн удаа дараагийн таван жилийн гавшгайч, төрийн өндөр дээд одонгуудаар шагнагдаж өндөр нэр хүндтэй ажиллаж амьдарч байлаа. Үр хүүхдүүд нь Өлзий-Осорын Содном, Өлзий-Осорын Базаррагчаа, Өлзий-Осорын Доодиймаа, Өлзий-Осорын Дашням, Өлзий-Осорын Ичинхорлоо, Өлзий-Осорын Даариймаа нар болно.
Холбоотой мэдээлэл
Эшлэл
- Батмөнх, Баасанхүү (2025-06-18). "Засагт хан аймгийн Баатар засгийн хошууны хүн амын овгийн бүрэлдэхүүн". Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology. 14 (1): 93–101. doi:10.22353/mjaae.2024130209. ISSN 1810-5025.
- Насан (2000-09-26). "Өвөр Монголын мал аж ахуй ба нутаг бэлчээрийг ашиглах тухай". Journal of International Studies: 90–100. doi:10.5564/jis.v1i1.2302. ISSN 2663-7871.
Ном зүй
- 見祁韻士《皇朝藩部要略》、《清史稿》藩部傳
- 《清史稿》列傳三百八 藩部四
- 周学军,哲布尊丹巴政权内阁总理大臣设置考——兼与吕一燃先生商榷,中国边疆史地研究1999年第3期,第69-8
- Ци Юньши-гийн «Хаант улсын харьяат аймгуудын тойм» болон «Чин улсын түүхийн ноорог»-ийн харьяат аймгуудын намтар хэсгийг үзнэ.
- «Чин улсын түүхийн ноорог», намтар, 308-р бүлэг, харьяат аймгууд IV.
- Жоу Сюэцзюнь, “Жавзандамба хутагтын засгийн газрын ерөнхий сайдын албан тушаалын бүтэц, зохион байгуулалтын судалгаа — мөн Лю Ижаньтай хийсэн хэлэлцүүлэг”, Хятадын хилийн түүх, газарзүйн судалгаасэтгүүл, 1999 оны 3-р дугаар, 69–82-р тал.
- “某年,某子索特那木拉布坦袭扎萨克汗” (“... онд хүү Содномравдан Засагт хангийн хэргэмийг залгамжлав”
- Owen Lattimore – Inner Asian Frontiers of China (1940
- William Woodville Rockhill – The Land of the Lamas (1891)
- Henry Serruys – Mongol studies articles (1950–1970)
- C. R. Bawden – The Modern History of Mongolia
- Paul Pelliot – Notes on Mongolia
- Missions géographiques en Mongolie (1890–1910)
- Otto Franke – Geschichte des chinesischen Reiches
- Erich Haenisch – Mongolian historical texts
- Walther Heissig – Die Mongolen
- РГВИА – Цэргийн түүхийн архив (Российский государственный военно-исторический архив)
- РГИА – Төрийн түүхийн архив (Российский государственный исторический архив)
- РГО – Оросын Газарзүйн Нийгэмлэг (Русское географическое общество)
- Засагту хан Содномравдангийн тухай Оросын эзэнт гүрний Цэргийн жанжин штабын архив, Хаан Оросын Газар зүйн нийгэмлэгийн (Русское географическое общество) экспедицийн тайлангууд, XIX–XX зууны Орос–Монголын дипломат болон захиргааны түүхийн баримт бичгүүдэд тэмдэглэгдсэн байна.
- “Русское географическое общество” (РГО)-ийн экспедицийн тэмдэглэл, Монгол дахь Засагт хан аймгийн ноёдын зураг, тэмдэглэлүүд, РГВИА Ф.400, РГО экспедици, АВПРИ Ф.180, РГИА Ф.391, АВПРИ + РГО, РГВИА Ф.483, Ф.846. Ф. 180 – “Китайские и монгольские дела” - Монгол, Хятадтай холбоотой дипломат бичиг, захидал, гэрээ, Ф. 152 – Сибирийн чиглэлийн дипломат харилцаа-Халх, Зүүнгар, хилийн бүсийн ноёд, Засагту хан Содномравдан мэдээлэл, Ф. 400 – Главный штаб (Генеральный штаб)-Монгол дахь цэргийн ажиглалт, тайлан, Ф. 483 – Сибирийн цэргийн тойрог (Сибирский военный округ)-Халх дахь хилийн цэргийн мэдээ, Ф. 846 – Ази дахь цэргийн экспедицийн материалууд-Монгол, Төв Ази руу хийсэн судалгаа Ф. 391 – Ази, Сибирийн захиргааны баримт, Ф. 560 – Хилийн бүсийн захиргааны материалуудад тодорхой эх сурвалжууд тэмдэглэгдсэн байна.
- Ермаченко И.С. Политика маньчжурской династии Цин в Южной и Северной Монголии в XVII в. М.: Наука. Главная редакция восточной литературы, 1974 — 196 с
- Козлов П. | Тибет и Монголии
- The romantic story of the Mongolian Independence
- LES RUSSES EN MONGOLIE
- A Tour in Mongolia 1920 by Beatrix Bulstrode (Mrs. Edward Manico Gull)
- История Монгольской народной республики. Изд. 3-е. — М.: Наука. Главная редакция восточной литературы, 1983 — 660 с
- William Elliott Butler. The Mongolian legal system: contemporary legislation and documentation. p.255
- Thomas E. Ewing, Revolution on the Chinese Frontier: Outer Mongolia in 1911, Journal of Asian History (Wiesbaden), v. 12, pp. 101–119 (1978). (англ.)
- Thomas E. Ewing. Between the Hammer and the Anvil. Chinese and Russian Policies in Outer Mongolia, 1911–1921Bloomington, IN, 1980. p. 36. Tsedev, pp. 40, 46. (англ.)
- МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ЭХИЙГ ТАВЬСАН ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ЗАСАГТ ХАН ДОРЖПАЛАМЫН СОДНОМРАВДАН ЭЭДРЭЭТ ХУВЬ ЗАЯА https://unentogs.blogspot.com/2026/01/
- Батсайхан О. 2008. Монголын суулчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба. Улаанбаатар: Адмон
- Кузьмин С. Л. Русско-Монгольское соглашение 1912 г. и независимость Монголии. – Вестник Московского городского педагогического университета, серия "Исторические науки", № 1, 2015, с. 80-87 (орос.)
- History of Mongolia, Volume 5. Mongolian Institute of History, 2003.
- Bat Ochir baavain lekts 1 http://www.youtube.com/watch?v=twc9mF-oJow 08м:45с
- Istoriya Tuvy [History of Tuva], v. 1, pp. 354–55.
- Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Халхын Засагт хан аймгийн ноёд тайж нарын гэрийн үеийн бичмэл
- Халхын Засагт хан аймгийн ноёдын уг эх. Халхын Засагт хан аймгийн Шадарт явах Заг голын эх Бидэръяа нуурын чуулганы зүүн гарын дундад Үйзэн засгийн хошууны Түшээ гүнийн зэрэг Улсын түшээ гүн, үе залгамжлах тэргүүн зэрэг тайж Батын Дагвын Бат-Очирын гэрийн үеийн бичмэл. 1913 г., октября 23. — Декларация России и Китая о признании автономии Внешней Монголии.
- Batsaikhan, O. The Last King of Mongolia, Bogdo Jebtsundamba Khutuktu. Ulaanbaatar: Admon, 2008, p.293 – ISBN 978-99929-0-464-0
- Нутаг орноо чөлөөлсөн нь
- ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭСНИЙ БАЯРЫН ӨДӨРТ (Memento 30. Арванхоёрдугаар сар 2019 цахим архивт) О.Батсайхан
- Төрийн ордны танилцуулга
- Монгол улсын нийгэм, эдийн засаг соёл 1911 он
- Шагдарын Үнэнтөгс. ТУСГААР ТОГТНОЛ БА АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ 2008 он
- Богд Хаант Монгол Улсын Төрийн Хамгаалалт (Memento 2. Аравдугаар сар 2019 цахим архивт) Төрийн Тусгай Хамгаалалтын Газар.
- История Эрдэни-дзу. Факсимиле рукописи / Пер. с монг., введ., комм. и прил. А.Д. Цендиной. М.: Издательская фирма «Восточная литература» РАН, 1999. — 255 с ISBN 5-02-018056-4
- Лубсан Данзан. Алтан тобчи (“Золотое сказание”) / Пер. с монг., введ., комм. и прил. Н.П. Шастиной. М.: Наука. Главная редакция восточной литературы, 1973 — 439 с
- Скрынникова Т. Д. Ламаистская церковь и государство. Внешняя Монголия. XVI — начало XX века. — Новосибирск.: Наука. Сиб. отд-ние, 1988. — 104 с ISBN 5-02-029353-9
- Цааджин Бичиг (“Монгольское уложение”): Цинское законодательство для монголов 1627—1694 гг. Монгольский текст. Введ., транслитерация монг. текста, пер. и комм. С.Д. Дылыкова. М., 1998
- Шара туджи: Монгольская летопись XVII века. Сводный текст, пер., введ. и прим. Н.П. Шастиной. М.; Л., 1957.
- ang Mu jokiyaba. Namyun, Banzaraγča mongγolčilaba. Mongγol-un qosiγu nutuγ-un temdeglel (dumda). Ündüsüten-ü keblel-ün qoriy-a.
- Майский И. Современная Монголия. Иркутск, 1921.
- Ц.Цэрэндорж. Засагт хан аймаг. МОНГОЛЫН ТҮҮХИЙН ТАЙЛБАР ТОЛЬ.
- О.Батсайхан, З.Лонжид, О.Баяртөр, Л.Алтанзаяа. (2012). МОНГОЛЧУУД: XX-XXI зуунд Зурагт түүх. Улаанбаатар. МОНСУДАР
- Г, Бадамсамбуу (2018). "Баруун Халхын хямрал хэзээ эхлэв: "Элжигинийг эвдсэн" хэрэг, түүний үр дагавар". Historia Mongolarum. 17: 42.
- "ЗАСАГТ ХАН, ХАНТАЙШИР УУЛЫН АЙМАГ, АЛТАЙ АЙМАГ, ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ГАЗАР НУТГИЙН ХАМААРАЛ". Эх хувилбараас архивласан: 2020-01-29. Татаж авсан: 2022-07-28.
- "ЗАСАГТ ХАН, ХАНТАЙШИР УУЛЫН АЙМАГ, АЛТАЙ АЙМАГ, ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ГАЗАР НУТГИЙН ХАМААРАЛ". Эх хувилбараас архивласан: 2020-01-29. Татаж авсан: 2022-07-28
- Ц.Цэрэндорж. Засагт хан аймаг. МОНГОЛЫН ТҮҮХИЙН ТАЙЛБАР ТОЛЬ.
- О.Батсайхан, З.Лонжид, О.Баяртөр, Л.Алтанзаяа. (2012). МОНГОЛЧУУД: XX-XXI зуунд Зурагт түүх. Улаанбаатар. МОНСУДАР
- Шагдарын Үнэнтөгс “Төгс эрх зүйн төлөөх тэмүүлэл” 2009 он. "Засагт хаан Доржпаламын Содномравдан" http://unentogs.blogspot.com/2013/12/blog-post_6515.html
No comments:
Post a Comment