Pages

Tuesday, January 26, 2016

Үзэгдэх өнгөндөө цэвэр, цэмцгэр боловч үзэл хандлагадаа үгүй бол цэвэр цэмцгэр нь нүд хуурсан зэрэглээ төдий

Тэнэг шавийн тэрсүүд багштайгаа хэлцсэн үгсээс


  • Багш, багш.. Урьд орой та яагаад айлын эзэгтэйн засаж өгсөн орон дээр нь унтсангүй, гадаа бараан дээр чичирч хонохыг эрхэмд үзэв? Таныг үргэлж ийн хатуужлийг эрхэмлэдгийг би үл сананам...
  • Би хатуужлыг эрхэмлэсэндээ гадаа бараан дээр даарч хоносонгүй, цээр цэврийг эрхэмлэж тийн хонов.
  • Энэ айлыг цэвэр бус гэж та хэрхэн хэлнэ вэ? Үзтэл хог үгүй, хир үгүй цэмцгэр байсан бус уу?.
  • Орныхоо толгой дээр оймсоо тохсон айл цэвэр хийгээд цэмцгэр байх уу? Цэмцгэр гэдэг ч, цэвэр гэдэг ч үзэгдэх өнгө, үйлдэх хэв, үзэл хандлагад гурвуул хосолж байж сая мөн болдог болой... Энэ гурваас үзэл хандлага нь эхлэл юм. Үзэгдэх өнгөндөө цэвэр, цэмцгэр боловч үзэл хандлагадаа үгүй бол цэвэр цэмцгэр нь нүд хуурсан зэрэглээ төдий билээ.
  • Багш минь, орны толгойд оймс байх нь үзэл хандлага цэвэр бусаас үүдсэн хэрэг үү?
  • Тийм, шавь минь. Юу дээр, юу доор байхыг үл мэдэх, үл ойлгох, үл мэдрэхээс цэвэр, цэмцгэр бус үзэл эхэлдэг.
    Цэвэр цэмцгэр бус үзлээс
    Цээр, хориог үл ялгах үйлдэл үүсдэг.
    Цээр хорио үгүй бол
    Тоос тортог үгүй ч
    Дотор чанар үнэхээрийн бохир буй.
    Хир буртаг үгүй ч
    Хилэнц бузар арвин буй.
    Түрүү, толгойн бөөс хоёроо ялгаж үл чадваас
    Үйл үртэс, үнээ сааль төдийхнийг мэдэгч энэ мэт гэрийн эзэгтэй ч,
    Үй олныг мэдэгч хаан захирагч ч ялгалгүй
    Үйл хийгээд хүмүүний
    Үнэн худал хоёрыг ялгаж хэрхэн чадах билээ.
    Үнэн худал хоёрыг ялгаж үл чадваас
    Үйлс буян хэрхэн арвидах билээ...
  • Багш минь та, тэгвэл өглөө юунд цай үл амсан, энэ өглөө дияаныг эхлүүлж буй хэмээн худал хэлэв. Та бидэн энэ оны дияаныг эрт цагт дуусгасан биш билүү? Таны энэ үйл үнэн худал хоёрын алин болохыг үл ялганам би...
  • Өлөн хирээ угаалгүйгээр
    Өглөөн цайгаа үйдэг эхнэрийн
    Өргөсөн идээ ундааныг амсах нь
    Өөр хэнд ч хор үгүй
    Өдөржин өлөн шогшихоос илүү зовлон учраас тэр билээ.
  • Тийм бол та юунд эхнэрийг үл зэмлэв?
  • Үнэн төрхийг нь чичлэн хэлээд
    Өчүүхэн эхнэрт хараалгаснаас
    Өдөржин өлөн хоосон шогших минь
    Өөрт илүү чухал үнэн учраас тэр билээ. Ингэхэд үнэн гэдэг их олон өнгө хальстай буюу...
  • Багш минь, та хүсээгүй байхад минь надад үргэлжид номыг залхтал номлох атлаа өглөг өргөн хүсэн гуйж буй тэр айлын эмд юунд юуг ч үл номлов...? Үнэн байдлыг нь өгүүлвээс өөдөөс ихэд хараана хэмээн та юунд таав?
  • Өчигдөр тэр эхнэр өөрийгөө өөгүй тунгалаг, үлгэр жишээ эхнэр хэмээн ихэд магтан магтан хэлснийг чи сонсоогүй юу, шавь минь?
  • Тиймээ, сонссон багш минь. Бас үлгэр жишээ гэр бүлд үлгэр жишээ хүмүүжин өссөн хэмээн яхир хахир дуунаар ярин ярин сайрхсаныг ч энэ хоёр хулгар минь сонсон сонсон суусан билээ...
  • Яхир хахир дуугаа
    Яруу эгшиг хэмээх,
    Хийрхүү сайрхуу зангаа
    Хэлэмгий сайхан гэх,
    Хэм үгүй явдлаа
    Хээгүй сайхан гэх
    Үлгэр үгүй өссөнөө
    Үзтэл сайнд тооцох,
    Өөд урууг ялгахгүйгээ
    Үнэхээрийн баясгалант гэнэн гэх нь
    Тогтоол ус
    Толинд туссанаас ялгаа юун.
    Ийм хүмүүнд үнэн үг хэлэх нь
    Тогтоол усыг тонгочуулж самрахаас өөрцгүй.
    Тогтоол усыг самраваас юу болох буй?
  • Булингар болно, багш минь...
  • Тийм аваас үг хайран бус уу... Үг хайран төдий ч бус, булингар босгож, буртаг нэмэх хэрэг юун.
  • Тийм аваас та юунд тэр айлын хүнийг ихэд эрхэмлэн, номгүй мухар хар хүн атал хормой дор нь мөргөв?
  • Тэр хүмүүний
    Балчиг намаг дотор
    Баясгалантай амгалан суугаа
    Барагдашгүй их тэвчээр дор мөргөсөн билээ...
    Үзтэл мунхаг эхнэрийн
    Үнэнийг мэдэх атлаа
    Үл ажрах их бодь сэтгэл дор мөргөсөн билээ...

No comments: