Pages

Sunday, April 27, 2014

Маршал Х.Чойбалсан: Тусгаар тогтнолоосоо ухрахыг Монголын түүх, ард түмэн, эцэг өвгөдийн номлол, сургаал хэзээ ч зөвшөөрөхгүй

Маршал Х.Чойбалсан: Тусгаар тогтнолоосоо ухрахыг Монголын түүх, ард түмэн, эцэг өвгөдийн номлол, сургаал хэзээ ч зөвшөөрөхгүй

2012-02-13 12:09:00
 Манай хэсэг сэхээтэн 1940-өөд онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд орох өргөдөл бичиж байсан талаар арав гаруй жилийн өмнө нэг хэсэг шуугиад өнгөрсөн юм. Энэ өргөдлийг МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалын санаачилга, удирдлагаар бичсэн гэлцдэг. Гэвч өргөдөл гаргасан хүмүүсийн санаа зорилго бүтээгүй, өвөг дээдсийн гэрээсэлсэн улс гүрэн минь тусгаар хэвээр үлдсэн билээ. Өргөдөл гаргасан хүмүүсийн дийлэнх нь ЗХУ-д боловсрол эзэмшсэн сэхээтнүүд байжээ. Тэдний дунд хожим Зөвлөлтийн эсрэг үзэлтэн гэх нэр хоч зүүн хэлмэгдсэн МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очир, Л.Цэнд нар байсан нь сонирхолтой.
Захидал бичигсдийн сэдсэн ажил бүтэлгүйтсэний хойно буюу Маршал Х.Чойбалсанг нас барсны дараа Дотоод явдлын яамны сайд агсан Б.Жамбалдорж мөн л ЗХУ-ын бүрэлдэхүүнд орох өргөдөл гаргаж байсан гэдэг. Тэрбээр Маршалыг нас барсны дараа “Монгол Улс социализм байгуулах нь өнгөрлөө. Тиймээс ЗХУ-ын бүрэлдэхүүнд оръё” гэж бичиж байжээ.
Энэ сэдвээр Гадаад харилцааны яамны сайд агсан Н.Лхамсүрэн Ерөнхий сайд Х.Чойбалсантай уулзаж ярилцсанаа тэмдэглэн авчээ. Улсын архивын ерөнхий газрын дарга Д.Өлзийбаатар Н.Лхамсүрэн гуайг амьд ахуйд нь 1989 онд уулзаж Маршалын ярианы тэмдэглэлийг уншуулж, хуурцагт бичиж авсан байна. ТЕГ-ын тусгай архивт хадгалж буй дээрх ярианы нэг хэсгийг та бүхэнд хүргэе.
Х.Чойбалсан: Чамайг ЗХУ-ын Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулах саналыг Элчин сайд И.А.Иванов (ЗСБНХУ-аас Монгол Улсад сууж асан Элчин сайд) гаргасан. Би ч Улаан тугийн одонгоор шагнахаар шийдэж байгаагаа хэллээ. Гэтэл Ю.Цэдэнбал аль алиныг нь зөвшөөрөөгүй. Намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга татгалзаж байхад бид яах билээ. Хожим миний өрөөнд И.А.Иванов, Цэдэнбал нарыг байж байхад Бумцэнд (Улсын бага хурлын дарга)орж ирээд “Би Лхамсүрэнг ЗХУ-ын Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулах хүсэлт тавьсан. Тэр юу болсон бэ” гэж Элчин сайдаас асуулаа. Гэтэл И.А.Иванов “Танайхан зөвшөөрөөгүй шүү дээ” гэж хариулж байсан. Бумцэнд “Тэгвэл Монголынхоо Улаан тугийн одонгоор шагная” гэтэл Цэдэнбал “Тэгье, шагная, шагная” гэсэн. Ингэж л чамайг шагнасан юм шүү. Би үүнийг ярьснаараа чамайг Цэдэнбалын эсрэг хандуулах гэсэн юм биш. Хүнд итгэж болно, гэхдээ бас бодлоготой байх ёстой шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Чи гадаадын дипломатч нартай дотно харилцаатай байдаг чинь сайн хэрэг.
Улс эх орныхоо эрх ашгийг хамгаалж чадаж байна. Үүнийгээ алдаж болохгүй. Би удахгүй ЗХУ руу явна. Чамайг дагуулж явах санаатай байгаа. Чи Намын дээд сургууль гээд их, дээд сургуульд 10 гаруй жил багшилжээ. Ийм хүнд профессор цол олгодог юм байна. Манайд эрдмийн зэрэг цолтой хүн хэрэгтэй. Гэтэл тийм цол олгодог байгууллага бидэнд алга. Оросын холбогдох байгууллага, хүмүүстэй ярьж, чамд профессор цол олгуулах бодолтой байна. Бас нэг зүйл байна. Юрий Кондратьевич 1941 оноос МАХНын, би Большевик намын түүхийг судалсан. Юрий Кондратьевич МАХН-ын товч түүхийг намайг бич гэж зөвлөлөө. Тиймээс би материал, зураг сэлт олныг цуглуулсан. Мөн дээр үеийн хэвлэлийг хавтаслуулах гээд Чойжил (Зохиолч Чимидийн аав, тухайн үед Маршал Х.Чойбалсангийн референтээр ажиллаж байжээ)- оор нэлээд ажил хийлгэлээ. Тиймээс би чамайг Зөвлөлтийн архивт суулгаж, баримт цуглуулуулна. Жинхэнэ түүхийн үнэнд нийцсэн товч түүх бүтээмээр байна. Хоёулаа энэ ажлыг барьж авбал ямар вэ.
Саяхан Цэдэнбал, Сосорбарам хоёр надтай уулзлаа. Тэд “Лхамсүрэн Тито (Иосиф Броз Тито. Югославын коммунист намын тэргүүн)- гийн тухай материалыг хүмүүст тарааж байна. Титог магтаж, сайшааж байна гэж ярьсан. Энэ ямар учиртай юм бэ. Би чамаас асууя гэж бодож байсан юм.
Н.Лхамсүрэн: Эрчим хүчний инженер Тогоо тэргүүтэй хэсэг хүн Югославт очсон юм. Тэд ирэхдээ Югославын коммунист намын V их хурлын тогтоол, илтгэл болоод бусад материалыг надад авчирч өгсөн. Тэр материалыг би уншиж үзчихээд өөртөө хадгалж байсан юм. Гэтэл Сосорбарам тэр материалыг надад байгааг мэдээд “Югославын коммунист намын их хурлын материалаа надад үзүүлээч. Миний сургагч Коников бас үзье гэж байна” гээд аваад явсан. Гурав, дөрөв хонуулаад буцааж өгсөн.
Х.Чойбалсан: Тийм учиртай юм байж. Чамайг гүтгэж байгааг би мэдсэн л дээ. Сосорбарам тэр материалыг Кониковт үзүүлээгүй ч байж магад. Цэдэнбал Сосорбарамаар гэрч хийж, над дээр дагуулж ирсэн байх нь .Тэгээд “Ийм хүнийг бид тантай хамт Зөвлөлт рүү явуулмаарг үй байна” гэлээ. Хариуд нь би, тэгээд хэнтэй явах юм бэ гэсэн. Цэдэнбал “Та Шаравтай явж байсан, түүнийг дагуулаад явахгүй юү дээ” гэж байна.
Би Шаравыг танина, Цэдэнбалтай 1934 оноос хойш нөхөрлөж байгаа. Шарав Сосорбарамын хүргэн ах нь. Баян-Уулын танхимд хамт сурч байсан. Ерөнхий сайд А. Амарын референт байхад нь Зөвлөлтийн нөхөд намайг референтээрээ ав гэж зөвлөсөн. Би авсан. Эрхүүд Багшийн дээд сургуулийн тоо физикийн анги төгссөн. Дайны хүнд жилүүдэд эхнэрээ заавал авч явна гэсээр байгаад хамт явсан ч Орост гурван хүний амийг орхиод ирсэн нөхөр байгаа юм.
Сосорбарамыг ч мэднэ. Сонгинын комбинатад орлогч дарга хийж байсан хүн.Эрхүүгийн Хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөж ирээд тэнд ажиллаж байхдаа баривчлагдсан. Би нэг өдөр Дотоод яамаар явж байтал баахан хүүхдийг багш Чойжилсүрэн (Монгол рафбакийн монгол хэл бичгийн багш)-гийн хамт эсэргүүний хэргээр хорьсон байлаа. “Тахиа” Бямбажав гэдэг, их сэргэлэн хүүхэд надад болсон явдлыг шүлэглэн хэлж, ойлгуулсан. Тэдний дотор Сосорбарам байсан. Тэр хүүхд үүдийг би даруй цагаатгуулж, суллуулсан юм. Хүүхдүүдээс Сосорбарамыг сонгож, нууц мэдээлэгчээр авсан. Сүүлд их сургууль төгсөөд чиний шавь байсан биз дээ. Шавь чинь чамайг гүтгэж явна. Ер хүний мөсөөр муу хүүхэд байж. Цэдэнбалын баруун гар болсон. Тэгээд л дэвшсэн нь лавтай. За ийм л байна даа, Лхамс үрэн минь.Чи бол манай улсын гадаад бодлогын өдөр тутмын асуудлыг хариуцаж байгаа хүн. Тиймээс Улс төрийн товчооны бүрэлдэхүүнд багтаж, Ерөнхий сайдын орлогчийн хувьд Бүрэн эрхт улсынхаа тусгаар тогтнолыг сахин хамгаалахад гуйвалтгүй зогсох хэрэгтэй. Тусгаар тогтнолоосоо ухрахыг Монголын ард түмэн, Монголын түүх, өвөг дээдсийн номлол сургаал хэзээ ч зөвшөөрөхгүй. Нөхөр Цэдэнбал Сталины бичсэн “Эх хэл судлал” хэмээх номыг надад өгч, уншихыг зөвлөсөн. Би Лувсанчүлтэмээр энэ номын агуулгыг яриулсан байсан юм аа.
-“Удахгүй дэлхий нийт нэг хэлтэй болно” гэж Сталин хэсэн байна. Тиймээс Монголын бүх сургууль болон дугуйлан бүлгэмээр дамжуулан орос хэлийг нийтээр сургах ажлыг улс даяар зохион байгуулах нь зүйтэй гэж Цэдэнбал надад хэлсэн. Хариуд нь би:
-Оросын ард түмний хэлийг судлах хэрэгтэй. Бүр сайн судлах хэрэгтэй. Орос хэл сурснаар сүүлийн үеийн шинжлэх ухааны шинэ нээлтүүдтэй танилцаж, Монголд нэвтрүүлэхэд тустай. Манай их, дээд сургуульд багшилж буй оросууд хичээлээ эх хэлээрээ заадаг. Манай залуус орос хэл сурч байна, сайн хэрэг. Гэвч чамаас нэг зүйл асууя. Бээжингийн хятадууд Шанхайн хятадуудынхаа хэлийг ойлгодоггүй гэдэг, үнэн үү гэсэн чинь
Цэдэнбал “Үнээн, өмнө зүгийн хятадуудынхаа яриаг нь хойд нутгийнхан нь огт ойлгодогг үй. Тэд бичгээрээ дамжуулан харилцдаг” гэж байна. Тэгэхээр нь би:
-Би тэгж сонссон юм аа, үнэн байх нь Тэгвэл эд чинь нэг гэр бүл болоод хэдэн жил болж байгаа улс вэ. Дор хаяж 4-5 мянган жил болж байгаа гэдэггүй бил үү. Тэгэхээр нэг хэлтэй болоход мөн ч олон жил хэрэгтэй болох нь ээ. Тэрнийг чинь би лав үзэхгүй юм байна гээд хэлчихлээ. Цэдэнбал юм хэлсэнгүй.
Тэгээд намын Х их хурлаас кирил үсэг хэрэглэх шийдвэр гарсан. 1948 оны арваннэгдүгээр сард Шинэ үсэгт шилжих улсын комиссыг Цэдэнбал, Машлай (Ардын боловсролын яамны сайд, Төв хорооны боловсон хүчний хэлтсийн дарга асан Д.З) нар тэргүүлсэн. Энэ хоёр монгол бичгийг халж, кирил үсэгт шилжихэд голлох үүрэг гүйцэтгэсэн дээ. Цэдэнбал чамайг хатуу донгодсон тухайгаа надад ярьж байсан. Нөхөр Лхамсүрэн Дамдинсүрэн, Ринчен, Лувсанвандан нарын нөлөөнд орж, Ухуулгын хэлтсийн эрхлэгч байхдаа сонин хэвлэлийг шинэ үсгээр гаргах ажлыг саатуулсан гэж. Мөн чи аймгуудын Гэгээрлийн хэлтсийн дарга нарт семинар өгч байхдаа Чингис хааныг магтсан юм байна. Тэр ч бүү хэл “Та нарын дотроос шинжлэх ухааны Чингис, төрийн зүтгэлтэн заавал төрнө” гэж ухуулж байсан гэнэ. Гэж ярьсныхаа дараа Маршал их инээж, талархаж байсан. Бодвол Гадаад яаманд ямар ч гэсэн зөв хүнээ тавьжээ гэж бодсон байх л даа.
Монголын түүхийг баллаж, Монголын ард түмний түүхэн их ололтыг үгүйсгэж, Монголын соёл, хэв заншил, уламжлалыг хэрхэвч эвдэж болохгүй. Энэ талаар чи маш их зүйл хийх хэрэгтэй. Гэтэл танай Гадаад яаманд биеэ тоосон, Монголынхоо хэв заншлыг тоодоггүй хүн бас байдаг бололтой. Жишээ нь Сандаг, чиний орлогч сайд Пунцаг, Боловсон хүчний хэлтсийн дарга Чимид нар байна. Чимидийг ажилгүй явж байхад нь чи авсан гэл үү. Яах гэж авсан юм. Одоо эднийгээ Монголынхоо түүх, соёлыг хүндэтгэдэг болгох хэрэгтэй, сайн шах, шаард. Чи миний энэ тэмдэглэлүүдээс заасан хэсгийг хуулбарлан авах хэрэгтэй. Үүнийгээ Засгийн газарт өгөх хэрэггүй гэснээ нууцынхаа авдраас дунд хэмжээний тэмдэглэлийн гурван дэвтэр гаргаад, нэгийг нь үзүүллээ. Тэмдэглэлийн дэвтэр хөтөлсөн хүний бичгийн хэвийг үзэхэд Шаравынх байсан. Маршалын заасан хэсгийг уншихад:
-1947 оны наймдугаар сарын 27-ны 21.00 цагт Сочи хотын орчимд ууланд байдаг Рица нуурын эрэг дэх байранд нөхөр Сталин Маршал Чойбалсанг хүлээн авч уулзлаа. Уулзалт 24.00 цаг хүртэл үргэлжлэв.
И.Сталин: -Танай лам нар ямархуу байна вэ?
Х.Чойбалсан: -Бид нэг сүм нээсэн.
И.Сталин: -Цөөн биш үү. Энгийн иргэд насан эцэслэхдээ диваажинд очихын тулд сүсэглэдэг бус уу. Нэгийг нэмж байгуулбал яасан юм бэ. Лам нар бурхнаасаа бус, засгаасаа айж байх хэрэгтэй. Та нар хувьсгалч лам нарыг ол. Бид большевик лам нараараа сүм байгуулаад байгаа.
Х.Чойбалсан: -Бид өөрийн засгийг зөвшөөрс өн, өөрийн хяналт дор байгаа лам нараар тэр сүмийг байгуулсан. Тэр сүм ихээхэн ашигтай ажиллаж байгаа. Манай монголчууд сүсэг бишрэл ихтэй тул дахин олныг байгуулбал зүгээр юм уу.
И.Сталин: - Зүгээр зүгээр, дахиад хэд хэдийг байгуулчих. Одоо Наушкиас Улаанбаатар хүртэл төмөр зам тавих хэрэгтэй болжээ.
Х.Чойбалсан: -Би энэ асуудлыг өнгөрсөн онд танай нөхдөд тавьсан юмсан. Манайхан тээврээр ихэд дутагдаж байна.
И.Сталин: -Тэгвэл одоо цаг нь болжээ. Төмөр замыг бид өөрийн хөрөнгөөр тавьж өгнө.
Х.Чойбалсан: -Их баярлалаа, хэдэн оноос эхлээд хэдэн онд дуусгах юм бол.
И.Сталин: -1948 оноос эхлээд 1950 онд дуусгахаар төлөвлөж байгаа.
Х.Чойбалсан: -Энэ тухай би Улс төрийн товчоондоо дуулгах уу?
И.Сталин: -Олон нийтдээ ч дуулгаж болно. Чан Кай Шигийн чихэнд хүргэчихвэл бүр сайнсан. Тэр их уурлах байх даа. За хундагаа өргөе. Бүх монголчуудыг нэгдэхийн төлөө, та бол монголчуудын их жолоодогч, таны удирдлага дор монголчууд нэгдэхийн төлөө ууя.
Социализм байгуулахад тусгаар тогтнол хэрхэвч саад болохгүй
Х.Чойбалсан: -Нам, төрийн ажилтан, албан хаагч хэн ч байсан Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг бүхий л аргаар хамгаалан бэхж үүлэхэд амь биеэ хайрлахгүй зүтгэх учиртай юм. Үүн дээр онц анхаарах нь монгол хүний үүрэг. Гэтэл манай хүмүүсийн дотор монголчууд биеэ дааж социализм байгуулж чадахг үй мэтээр ярьдаг хүн цөөнгүй байна. Бид төр улсаа сэргээн мандуулж, ардын хувьсгалыг ялалтад хүргэсэн ард түмэн шүү дээ. Би 1951 оны зургаадугаар сарын 8-нд (Ардын их хурлын ээлжит сонгууль угтаж хэлсэн үг, мөн оны наймдугаар сард сонгууль болжээ. Д.З) сонгогчдын өмнө Монгол Улс социализм байгуулах үйлсэд тусгаар тогтнол хэрхэвч саад болохгүй гэсэн утгатай үг хэлсэн. Энэ үгээрээ улс орон, ард түмнээ бие дааж социализм байгуулж чадахгүй гэсэн үг яриатай хүмүүст цохилт өгөх гэсэн хэрэг. Чи Намын дээд сургуулийн багш, оюутнуудтай хийх лекц, яриандаа тусгаар тогтнолын талаар түлхүү ярьж байх хэрэгтэй. Монголын ард түмэн эрт дээр цагаас бүрэн эрхт, тусгаар тогтносон улсын төлөө ямагт тэмцэж ирснийг манай зарим хүн умартсан бололтой. Би учрыг нь ер ойлгохгүй юм. Намын IX их хурлын үеэр тарсан нэг сонин материал надад байх учиртай.
Нөхөр Төмөр-Очир, Авирмэд, Бадарч, Дүгэрс үрэн нараас Цэдэнбал бид хоёрын нэр дээр бичсэн захидал бий. Энэ захидлыг хэн санаачлан бичүүлснийг би тэр гээд хэлж мэдэхг үй. Бодвол Цэдэнбалын туслахаар олон жил ажилласан Бадарч, Эвлэлийн Төв хорооны нэгд үгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Дүгэрсүрэн нар санаачилсан байж болох юм.
Д.Өлзийбаатар: -ЗХУ-ын бүрэлдэхүүнд оръё гэдэг захидлын талаар та ярьж байна уу?
Н.Лхамсүрэн: -Тийм ээ, тэр талаар Маршал ярьсан юм. Тэрбээр цааш нь өгүүлэхдээ: -Энэ захидлыг бичих уг санааг энэ хоёрт Цэдэнбал хэлж өгсөн гэж би бодож байна. Тэр хоёр нь бусдыгаа ятгаж, ийм захидал бич үүлэхэд хүрсэн байх. Надад байгаа мэдээнээс үзэхэд аспирант Төмөр-Очир, Цэнд, Намын дээд сургуулийн “хар” хэмээх Дүгэрсүрэн нар Зөвлөлтөөс Авирмэдийн, Бадарчийн нэр дээр удаа дараа захидал бичсэн байна. Тэр ёсоор Авирмэд Намын дээд сургуулиас гэр авч, Сонгинын буланд барьж, тэндээ сууж байсан. Гэр орныг нь барихад Бадарч тусалжээ. Энэ бол 1950 оны зуны хэрэг. Тэд тэндээ хэдэн өдөр наргиж, захидал энэ тэрээ боловсруулжээ. Би бичсэн хүмүүсийг сайн санахгүй байна. Чи захидлыг үзсэн шүү дээ.
Н.Лхамсүрэн: -Тийм тийм, би үзсэн .Тэр хүм үүс захидлынхаа төгсгөлд нэрсээ үсгийн дарааллаар Авирмэд, Бадарч, Галбадрах, Дүгэрсүрэн, Төмөр-Очир, Цэнд гэж бичсэн байсан.
Х.Чойбалсан: -Захидлаа бичиж дуусаад, Цэдэнбалтай хамт зусланд гарсан Бадарчийнд ирж, мөн л хэд хоног наргиж, Цэдэнбалд танилцуулсан. Тэгж найрласныг бодоход тэдний захидлыг Цэдэнбал ихээхэн сайшаасан бололтой. Тэгээд надад бисэн захидлыг нь Цэдэнбал наадмын дараа (1950 оны долоодугаар сарын сүүлчээр) авчирч өгсөн. “Төмөр-Очир, Бадарч хоёр тантай уулзахыг хүсэж байна, та уулзвал зүгээрсэн” хэмээн олон удаа хэлж, шавдуулж байсан юмдаг. Түүний хүсэлтээр тэр хоёртой би уулзсан. Тэд захидлынхаа талаар надад танилцуулж, юу гэж бодож байгааг асуулаа. Тэр захидалд Монгол Улс тусгаар тогтноод, өөрийн хүчээр социализм байгуулж чадахгүй гэдгийг тал бүрээс нь нотлохыг оролдсон байсан. Би нөхөр Сталинтай хийсэн ярианыхаа тэмдэглэлээс тэдэнд нэг хэсгийг нь уншиж өглөө. Энд Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хадгалах талаар байсан юм. Гэвч түүнээс хойш Төмөр-Очир, Дүгэрсүрэн нар Монгол Улс социализм байгуулж чадахгүй гэдэг яриагаа бүр ч ихээр үргэлжлүүлсээр байгаа юм байна. Хачин юм даа. Тэд Монголынхоо түүхийг мэддэггүй бололтой. Нэг нь Намын дээд сургуулийн багш, нэг нь энэ сургуулийг төгссөн, нөгөө хоёр нь Зөвл өлтөд аспирант. Мэдлэг боловсролын хувьд чамлахааргүй ч Монголынхоо түүхийг умартсан хүмүүс юм байна. Түүний дотор нөхөр Дүгэрсүрэн “Би нам, төрийн удирдлагад гарвал Монголын малчдыг нэгмөсөн хамтралжуулна. Эс тэгвэл монголчууд ажил хийхгүй. Манайхан хоосон, ядуу байвал сая нэг ажил хийж сурна” гэж ярьсан. Энэ хүн хаана төрж, хэний өвөрт өсөж, хэний буянаар эрдэм номтой болсон билээ. Тэгээд ард түмнээ хоосруулна гэж ярьж яаж чадаж байна аа. Би ер ойлгохгүй юм. Нэг үе бид чинь хамтрал байгуулж, хэдэн сая малаа үгүй хийлээ дээ. Үүнээс болж ардын бослого ч гарсан. Ийм санаатай хүмүүсийн захидлыг Цэдэнбал зөв зүйтэй гэж сайшаасан байна. Энэ санаагаа Цэдэнбал албан ёсоор тавьж байсангүй. Харин нэг халамцуудаа Монгол Улс ЗХУ-тай нийлэхгүйгээр тусгаар улс байж чадахгүй гэж надад ярьсан. Тэгэхэд би чиний энэ санааг хэзээ ч зөвшөөрөхгүй. Ард түмэн ч дэмжихгүй гэдэгт би итгэлтэй байна гэж хэлсэн. ТөмөрОчир, Дүгэрсүрэн нарын захидалд хариу өгөх тогтоолын төслийг хүртэл бэлтгэчихсэн, надаар гарын үсэг зуруулахыг завдсан. Тэд захидалдаа нэрээ машинаар цохсон байснаас бус гарын үсгээ зураагүй байв. Намайг тийм гэнэн Ерөнхий сайд гэж бодсон бололтой. Хожим энэ асуудал сөхөгдвөл бид гарын үсэг зураагүй гэж мэлзэх нь л дээ. Энэ санааг ч Цэдэнбал тэдэнд хэлсэн биз. Түүнээс тэдний ухаан хүрэхгүй л дээ. Тэр марксизм, ленинизмийг нь Бумцэнд бид хоёр яаж мэдэх вэ. Гэсэн ч Улс төрийн товчоонд энэ сургаалыг гадарладаг хүн олон бий. Тэглээ гээд биднийг басамжлаад байгааг би хэрхэвч зөвшөөрөхгүй.
Н.Лхамсүрэн: -Тэр захидал бичсэн хүмүүсийн дотор Доржсүрэн гэж бас нэг хүн байсан.
Д.Өлзийбаатар: -Ямар Доржсүрэн бэ?
Н.Лхамсүрэн: -Их сургуулийн намын хорооны дарга байсан юм.
Жич: Тэдний ярианы нэг хэсэг ийнхүү дуусчээ. Н.Лхамсүрэн 1942 онд Булган аймагт Намын бага хурлын тогтоол, шийдвэрийг танилцуулж явахдаа Германтай дайн хийж буй Зөвлөлтийн ард түмэн, армид туслах хөдөлгөөнийг эхлүүлж байсан аж. Тиймээс дайны дараа оросууд түүнийг төрийн дээд одонгоороо шагнах гэсэн ч Ю.Цэдэнбал зөвш өөрөөгүй гэдэг. Маршалыг нас барсаны дараа Ю.Цэдэнбал Н.Лхамсүрэнг ажлаас нь халж, хөдөө цөллөгт явуулжээ.


Д.ЗАЯАБАТ

Sunday, April 20, 2014

ТӨГС ЭРХ ЗҮЙН ТӨЛӨӨХ ТЭМҮҮЛЭЛ



ТӨГС ЭРХ ЗҮЙН ТӨЛӨӨХ ТЭМҮҮЛЭЛ



XIX-XX ЗУУН БА ОРЧИН ҮЕИЙН ТӨРӨЛХ ХУУЛЬ


XIX зуун бол материализм, тусгаар тогтнол, позитивизмын зуун байлаа. Бие хүн ба бодит байдал, хувь хүн ба нийгмийн хоорондох харилцааг ойлгож мэдэрсэн хүмүүс нийгмийн дэг журам гэдэг байгалийн хуультай төстэй юм гэж ярьж байснаас эдгээр хуулийг төрөлх хуультай холбон авч үзээгүй байдаг. Харин XX зуун төрөлх хуулийн талаар эргэн харж, онцгойлон судалсан зуун болов. Аквинасын гаргаж байсан үзэл санааг шинэчлэн, сайжруулж, баяжуулан неосхоластикуудын "томоохон урсгал" гарч ирлээ.

Германы Стамлер, Италийн Дел Веккчио нар хамтдаа идеалист урсгалд шударга хуулийн үндсэн бүтэц, гол гол агуулгуудыг гаргаж ирэв. Мөн Гени, Дугуйт гэх мэт эмпирик ба социологийн хуулийн томоохон төлөөлөгчид энэ үед гарч ирсэн байна.

Тэд метафизикийн төрөлх хуулийг үгүйсгэн нийгмийн эв санааны нэгдлийн ерөнхий зарчмыг гаргаж ирэх талаар ихээхэн анхаарчээ. Англи оронд Дэлхийн II дайны өмнө ч тэр, дараа нь ч тэр төрөлх хуулийн ухаан төдий л сайн хөгжсөнгүй. Гэтэл АНУ-д Үндсэн хуулинд хүний оршин тогтнох үндэс суурь болсон хүний эрхийн асуудалд энэ талаар тусгаж өгөх, цаашилбал төрөлх хуульчдын хүрээг нэмэгдүүлэх талаар ихээхэн сонирхож эхэлсэн байдаг.

Яваандаа төрөлх хууль нь эрхзүйн үзэл баримтлал, улс төрийн онолд өөрийн гэсэн байр сууриа эзэлж чадлаа. Хууль, ёс суртахууны хамгийн гол ойлголт болон бодит амьдралаас урган гарсан үзэгдлийн учир шалтгаан, өөр хоорондын уялдаа холбоог гаргах болсноор позитивизм болон төрөлх хуулийн "урсгалууд" өөрсдөө тайлбарлаж, яриад байгаа шиг өөр хоорондоо тийм их ялгаа байхгүй гэдэг нь харагдах болов.

Төрөлх хуулийн талаархи Хартын гаргаж ирсэн гол гол ойлголтууд буюу төрөлх хуулийн хамгийн товч утга, агуулгыг Мак Кормик "ёсзүйн эрхзүй судлал (ethical legalism)" гэж нэрлэсэн бол Камбел "ёсзүйн позитивизм" (ethical positivism) гэж нэрлэсэн байна. Энэ бүхэн орчин үеийн тэргүүлэх позитивист сэтгэгчдийг төрөлх хуулийн талаар урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр сонирхоход хүргэсэн гэдэг.

Дворкин үүнийг тухайн хүн хэрхэн ангилж, зааглахаас ихээхэн хамаарна хэмээн үзсэн байна. Тэгвэл эдгээр нь "үнэнч шударгын тухай хууль" юмуу “Төрөлх хуулийн тухай онол” юм уу гэсэн асуултанд Дворкин итгэл муутайхан хариу өгсөн байдаг.

Гэсэн хэдий ч ёс суртахууны үнэлэмжийг хэт анхаарч үздэг онолын хувьд Дворкиний ангилж, зааглаад байгаа шиг орчин цагийн төрөлх хуулийн уламжлалыг бүхэлдээ заль мэтээр үзэх нь мөн л бэрхшээлтэй.


АЛДАА ГАРСНААС ҮҮДЭХ ҮР ДАГАВАР
 Рекс өөрийгөө хууль тогтоогч, шүүгчийн ажилд томилон өөрийн үзэмжээр эрх зүйн дүрэм, журам тогтоох гэсэн энэ оролдлого нь дараах найман алдаа гаргахад зүй ёсоор хүргэжээ. Энэ өгүүлэлд авсан жишээний адилаар хууль бий болгохдоо найман алдаа гаргавал мөн ийм л гамшигт хүргэнэ.




1.    Юун түрүүнхамгийнэнгийн бөгөөд ойлгомжтой алдаа бол асуудал бүхнийг тухай бүрт нь шийднэ гэсэн нь хууль журам бий болгох үндсэн зорилго шууд алдагдаж байна. Дээрх жишээнд гарсан алдаануудаас нэрлэвэл
2.    Тухайн хууль журам нь ядаж л маргаантай байгаа этгээдүүдэд урьдчилан мэдэгдсэн, ойлгомжтой байх ёстой атал хэвлэн нийтлэх, буюу хүмүүст журмын талаар ойлгуулаагүй
3.    Буцаан хэрэглэх боломжтой хуулиас татгалзах нь өөрөө өөрийгөө чиглүүлэх чадвар алдагдаад зогсохгүй, өмнөх хуулиа бүхэлд нь үгүйсгэж байгаа тул урьд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн дэвшилтэт үр нөлөөг авч үлдэх, залгамж халаа байхгүй болж байна.
4.    Тухайн дүрэм журмын ойлгомжтой байх зарчим алдагдсан
5.    Хуулийн заалтууд нь өөр хоорондоо зөрчилдөж, заалтууд нь нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн байна.
6.    Тухайн асуудалд холбогдох талуудын эрх мэдлээс хэт давсан үйл ажиллагаа явуулахыг шаарддаг дүрмүүд
7.    Хүн өөрийн үйл ажиллагаагаа цаашид чиглүүлж чадахгүй болтол нь хууль байнга өөрчлөгдөж байна.
8.    Гарсан дүрэм журмын заалт болон хэрэгжүүлэх байгууллагын үйл ажиллагаа нь хоорондоо тохирч байх зарчим алдагдсан зэрэг болно.

Энэ найман алдаанаас аль нэг нь гарлаа гэхэд тухайн хуулийн систем муу байна гэдэг хүрээгээр хязгаарлагддаггүй. Тухайн хуулийн системийг гажигтай болгож, хүчингүй болсон гэрээ хүртэл амь орох болгох сөрөг нөлөөтэй хэмээн Пиквикиан үзжээ.

Үнэхээр байхгүй хуулийн заалт биелүүлэх, эсвэл өөрөөс нь нуусан, үйл ажиллагаа өнгөрсөн хойно нь зохицуулах хууль батлагдах, ухаалаг бус, эсвэл нэг систем атлаа нэг нэгнийгээ үгүйсгэсэн заалтууд, мөн хэрэгжих боломжгүй заалтууд, эсвэл минут өнгөрөх тусам өөрчлөгддөг хуль байвал тухайн хүн хуулийн ёс суртахууны хариуцлага хүлээх ямар нэгэн боломжгүй болж байгаа юм.

Тухайн дүрэм нь төр засгаас гарсан тул хүн уг заалтыг хэрэгжүүлэхээс татгалзах эрхгүй боловч зарим талаараа энэ бүхнийг хэрэгжүүлэх нь эцэстээ ямар нэгэн утгагүй зүйл болон хувирдаг. Тухайлбал өөрийнх саналыг тооцохгүй гэдгийг мэдсээр байж санал өгөх жишээ байна. Социологич Симмел төр ба иргэний хоорондох эерэг харилцаа нь голдуу тухайн иргэн гарсан хууль дүрмийг хүндэтгэн үзэж байгаа нөхцөлд л бий болдогийг ажиглажээ. Төр өөрийн иргэндээ хандан “эдгээр нь чиний мөрдвөл зохих дүрэм байна. Хэрвээ чи үүнийг дагаж мөрдөх юм бол чиний үйлдэл бүхнийг зөвтгөх баримт болно” хэмээн хууль гаргана.

Төр өөрөө энэ холбоо, харилцаагаа хүчээр тасалсан тохиолдолд тухайн иргэн өөрийн үүргээ тодорхойлж, мөрдөх юу ч үгүй хоцордог. Иргэн өөрийн үйл ажиллагаа, алхамаа урьдаас төлөвлөх боломжгүй болно. Хэдийгээр гарсан хууль нь найман алдааны алийг нь ч гаргаагүй боловч Гитлерийн үеийн Герман орны эрхзүйн систем эрс доройтон унасан баримт байдаг.

Жишээ нь зарим хуулиуд гарсан боловч хамгийн чухал гэсэн нь батлагдсангүй. Ихэнх хууль нь үр ашигийн хувьд тун дэвшилтэй, өмнөх хууль тогтоомжийг чөлөөтэй буцаан хэрэглэх боломж олгох хуулиуд гасран хэдий ч тухайн эрх мэдэлтнүүд сонирхохгүй л бол ямар нэгэн ex post facto өөрчлөлт огт ордоггүй байна.

Тухайн гэмт хэргийн шүүх ажиллагаа нь тэр үед ноёрхож байсан дэглэмдээ үйлчилж цэргийн тусгай шүүх байгуулагдан, хууль журам гэдэг тухайн эрх мэдэлтэн зөвхөн өөрийн хүсэл сонирхолоос хамаарч байлаа. Ингээд төрийн гаргах хууль журам нь зөвхөн өөртөө чиглэсэн тул иргэн хуулийг амьдралдаа мөрдлөг болгох биш харин айлган, сүрдүүлэх хэлбэр болон хувирчээ. Энэ байдал даамжрахын хэрээр тухайн сонгогч өөрийнх нь саналыг тооцохгүй гэдгийг мэдсээр байж санал өгөх эсэх талаар бэрхшээлтэй байдалд ордог ажээ.

 Гитлерийн удирдлаган доорхи герман иргэн энэ системтэй эвлэрэн ямар нэгэн сайн өдрийн төлөөх бэлэгдэл, үзэгдэл төдий санал өгөхөд чиглэж байсан юм. Иймэрхүү нөхцөл байдалд тухайн иргэн хуулиа хүндэтгэн үздэг эсэх талаар энгийн шалгуур зарчмууд оршин байх ямар ч боломжгүй болно. Энд нэг зүйл тодорхой байна. Үндсэн хуулиар хамгаалагдсан төрийн эрх мэдэлтнийг хүндэтгэх гэдэг хуулийн системийг хүндэтгэнэ гэсэн үг биш юм.

 Рексийн жишээнээс харахад түүнийг хаан гэдгээр нь насан туршид нь хүндэтгэж байсан болохоос иргэд түүний хуулинд хэзээ ч үнэнч шударгаар хүндэтгэлтэй хандаж байгаагүй юм. Харин ч ийм юм бүү хийгээсэй хэмээн хүсэж байв.





ТӨГС ЭРХЗҮЙН ТӨЛӨӨХ ТЭМҮҮЛЭЛ

Бид хуулийг гаргахад найман алдаа байж болох тухай үзлээ. Ингэхээр хуулийг амжилттай хэрэгжих эсэх нь эдгээр найман шалгуураас хамаарна.
 
Тухайн хууль оршин байх хамгийн энгийн шалгуур нь хүний боломж чадавхид бүрэн нийцсэн байх явдал.
Харин хуулийн байж болох хамгийн дээд хязгаарт хүрэх тэмүүлэл нь утопи эрхзүйд төсөөлсөнөөр бүх дүрэм журам (rules) нь тодорхой, нэг нь нөгөөдөө уялдсан, иргэн бүрт ойлгомжтой, эргэж буцах шинж төрхгүй байна.

Утопи үзэл санаанд дүрэм журам гэдэг цаг хугацааны хувьд тогтвортой, шаардлагатай үед л бий болдог, шүүх, цагдаа зэрэг төрийн эрх мэдэл бүхий хүмүүс нь үүрэг хариуцлагаа үнэнч шударгаар мөрддөг байх ёстой.

Утопчууд эрхзүйн найман зарчим нь бүрдсэн үед хууль төгс төгөлдөр болно. Эдгээр найман шалгуураар эрхзүйн систем сайн ажиллаж байгаа эсэхийг мэдэж болно хэмээн үздэг. Миний бие бүтээлийнхээ эхний бүлэгт үүрэг хариуцлагын ёс суртахуун ба үүнд хүрэхийн төлөөх тэмүүлэл хоёрын хоорондох ялгааг авч үзэж байсан.

Энэ нь хүний хамгийн энгийн ёс суртахууны үүргээс эхлээд хүний хувьд хүрч болох хамгийн дээд хүсэл, зорилгыг хүртэл доороос нь дээш чиглэсэн хандлагатай байдаг. Үүрэг хариуцлагын дарамтгүй болж амжилт олж эхлэх тэр заагийг харуулдаг үл үзэгдэгч заалтуурын тухай би өмнө нь ярьж байсан.

Хуулийн дотоод ёс суртахуун нь тодорхой байх хэрэгтэй бөгөөд дээрх зарчмуудыг бүгдийг нь хангаж чадсан байвал зохино. Хүн өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмших, буруу хэмээн үзэх тэр доод заагийг олж тогтоох асуудал бидэнд байнга гарч ирдэг. Эхний бүлэгт авч үзэж байсан дүн шинжилгээний аргыг хуулийн дотоод ёс суртахууны чанарын ялгааг тогтооход ашиглахыг оролдъё.

Нийгмийн амьдралын энгийн ёс суртахуун гэдэг бие биендээ чиглэсэн харилцаа гэхээсээ хийж үйлдэж болох, болохгүйн заагийг харуулахад анхаардаг. Тухайлбал бусдын амийг бүү хөнөө, бүү гэм хор учруул, бүү залил гэх мэт.

Ийм үүрэг хариуцлага нь тухайн томъёолсон тодорхойлолттой харьцуулахад хамгийн энгийн хялбар ойлголт байдаг. Бид эрхзүйн юмуу ёс суртахууны талаар судлан үзэхэд хэдийгээр энд эцэс төгсгөл байхгүй ч гэсэн зарим нэг хийж болохгүй зүйлийн талаар загвар бий болгож болно.

 Хуулийн дотоод ёс суртахууны шаардлагууд нь хүнтэй харилцах харилцааг авч үздэг боловч буруу үйлийн тухай ярихаасаа шинж төрхийн хувьд зөв тийш чиглүүлэхэд илүү анхаардаг байна. Тухайлбал хуулийг ухуулан таниулах, ойлгомжтой тодорхой байлгах, таны гаргаж байгаа шийдвэрийг албан ёсоор гарсан мэтээр үзнэ. Эдгээр шаардлагуудад нийцэхийн тулд хүний үйл ажиллагаа нь ямар нэгэн ололт амжилтанд чиглэх ёстой болохоос муу үйлээс сэргийлэхэд чиглэгддэггүй.

Нэгэнт шаардлагууд нь зөвтгөх, бүтээлч шинж төрхтэй тул хуулийн дотоод ёс суртахуунд ийм төрлийн ёс суртахууны юмуу эрхзүйн үүрэг хариуцлагын асуудлыг гаргаж ирэхэд төдийлөн тохиромжтой биш байдаг. Хүний хүчин зүтгэл хэр зэрэг их байх нь энд огт хамаагүй бөгөөд хэрвээ бид ямар нэгэн хариуцлага хүлээх болбол бид аль үүрэг, хариуцлага нь зөрчигдсөн талаархи асуудлыг тодорхойлж шийдэх хэрэгтэй болно. Жишээлбэл хууль тогтоогч хүн өөрийн хуулиа тодорхой, ойлгомжтой байхаар хийх үүрэг хүлээдгийг дурьдахад хангалттай.

Гэхдээ бид тодорхой байх гэдэг талаар ямар нэгэн ойлголт байхгүй л бол түүнийг энэ үүрэг, хариуцлагаа ёсчлон биелүүлж байгаа эсэхийг тогтооход бэрхшээлтэй. Ингэхээр тухайн зүйл товч тодорхой байх гэдэг ойлголтыг мэдээж зарим төрлийн бэрхшээлээр хэмжинэ. Бидний авсан жишээнд хууль тогтоогч хуулиа боловсруулахдаа тодорхой байх ёстой гэдгийг хамгийн энгийн ёс суртахууны шалгуураа болгов. Гэхдээ энэ нь бэрхшээлийг ердөө л зайлуулах гэж оролдож байгаа болохоос хүн алив зүйлийг хийх гэж хичнээн удаа оролдож, бүтэлгүйтэж байж гаргаж ирсэнээр биш харин ойлгомжгүй зүйл байгаа эсэхээр нь шинжихэд илүү амар байдаг. Хуулийг ёс суртахууны хувьд сайн сайхны төлөө хийжээ гэдэг тийм ч чухал биш гэдгийг хаан Рексийн гаргасан санаа бүхэнд эсэргүүцэл тулгарч байснаар тайлбарлаж болно.

Энэ бүхнээс харвал хуулийн дотоод ёс суртахуун гэдэг үүрэг хариуцлага гэхээсээ илүү хүсэл тэмүүллийн ёс суртахууны талаар авч үздэг нь харагдаж байна. Мөн үүнтэй холбоотой нэгэн шүүмжлэл гарч ирдэг нь тухайн хуулийг ухуулан таниулах юмуу ядаж маргалдагч хүмүүс энэ хуулийн талаар мэдэх боломжтой байх тухай юм. Энэ нь маш энгийн байдлаар томъёологдсон байх ёстой.

Үндсэн хуулинд ямар нэгэн хууль олон нийтэд хэвлэгдэн нийтлэгдэхээсээ өмнө хэрэгжин, хүчин төгөлдөр болсон хэмээн үзэж болохгүй хэмээн зааж болно. Хэрвээ энэ заалтыг үр ашигтай болгох гэвэл үүнийг тусгайлан хуульчлах ёстой. Гэвч энд хэвлэн нийтлэлийг хүндэтгэн үзэх ёс суртахууны үүрэг хариуцлагын талаар тайлбарлахад тун амархан. Жишээ нь олонд хүлээн зөвшөөрөгдсөн хэвлэлээр дамжуулан ямар ямар тодорхойгүй зүйлс гарч болохыг тодруулахын зэрэгцээ, ямар томъёолол бүхий хууль гарч болох талаар тодорхойлж болно.

Үүнээс гадна хуулийг ямар нэгэн сүлжээгээр дамжуулан томъёолж, хэвлэн нийтлэх нь цаг хүч хэмнэсэн ажил болно. Хуулийн албан ёсны томъёолол стандарт нь хууль тогтоогчид өөрийн хуулиа хаана хэвлүүлэх ёстойг хэлж өгнө. Мөн тухайн хуулийн этгээд, өмгөөлөгч нь энэ хуулийг хаанаас олж авч болох талаар мэдэхэд амар байх юм. Мөн буцаан хэрэглэх хүчинтэй хуулийн зарчим нь өөр хууль дахин гаргах шаардлаггүй болтол хамгийн энгийн байдлаар томъёологдсон байж болно.

Эсвэл ийм дүрэм журам нь эрхзүйд хортой нөлөө үзүүлж болох талтай. Сонирхолтой нь эрхзүйн хамгийн энгийн нэгэн шаардлага нь өнөөдөр гарсан дүрэм журамд маргааш тохиолдож болох ямар нэгэн зүйлд зориулагдан гардаг болохоос өчигдөр юу болсон нь төдий л чухал биш байдаг. Ингэснээр хуулийн дотоод ёс суртахуунд томоохон бэрхшээлтэй асуудлуудыг үүсгэх нь бий.

Томъёололоос гадна эрхзүйд тавигддаг бас нэгэн шаардлага бол үндсэн хууль, шүүх ажиллагаа нь биднийг ёроолгүй ангалаас татаж, авардаг болохоос ямар нэгэн ач холбогдол бүхий зүйлд хүргэх мэтээр хэзээ ч үздэггүй гэдэг.

 Ш.Үнэнтөгс