Pages

Monday, September 29, 2014

Сэтгэлийн хэлхээс



Ээж минь


Ээж минь ээ та
Эрх жаргалангийн минь
Элбэрэл нэгэн хайр
Элгэн садан түмний минь
Энгүй нэгэн шүтээн минү

Ээжи минь та
Амьдрал жаргалыг минь тэгшитгэгч
Амин нэгэн шүтээн
Ай даа хүмүүн оршихын эх сурвалж
Аврал нэгэн Дарь эх минү

Ээжи минь ээ би
Танийгаа л гэж бодож
Таньдаа л гэж бүхнийгээ дээжилж
Тансаг сайхан жаргалыг мөрөөдөхдөөн хүртэл
Таньтайгаа л цуг байдаг шүү Ээжээ

Ээжи минь ээ та
Нинжин сэтгэлийн угаас гарах
Нэр нь тодроогүй их гавьяатан
Нүглийг хугаслагч, буяны эзэн
Нээрээ тэнгэрийн дагина Миний Ээжий

Жам төөргийг минь тэгштгэн залагч
Жаргал зовлонгийн минь хамт хуваалцагч
Заяа буяны минь өөд нь дээжлэгч
Зам мөрийг минь цайлган ариутгагч

Ээ миний Ээжий
Эрдэнэ бүхний эх ундарга

Ээ мний Ээжий
Энхийн сүүн цагаан сэтгэл


------ оОо ------




Аав минь


Алдрай багадаа аав минь гэж
Анх би хэлд орсон
Аврал хишгээн хайрлаж
Аавдаан би ирсэн
Амьдрал тэмцэл алдаа оноо
Аль аль нь тэнцүүхэн
Аглаг энэ орчлонд
Ахин заяахгүй аав минь ээ
Алдрай хэдхэн биднийгээ
Арчаагүй болоод дорой болбоос
Алган боовоо  амсуулсан ч яахав
Ард нь хойно нь орохгүй болтол
Алгадаж аваад ухааруулсан ч яахав
Гомдохгүй ээ гомдохгүй харин ч баярлана
Гомдох ёсгүй ухааныг тэлнэ
Гунигт амьдралын нүдийг нээж
Гуулин бурхадын дүрийг таниулж
Гутамшигт орчлонгийн тоосонд бүдчүүлэлгүй
Гурай намайгаа гэгээрүүлж соёрх
Гучин дөрвөн модон хүний үлгэр лүгээ
Гурлин тэжээлт гунхсан модын адил лугаа
Гортиг доторх гэрэлт орчлонг
Годил толгойт хүүдээ таниулж хайрла
Нанчид өргөсөн сархдын мэлтээнд
Намираа бороон талимаан дундаас
Насны хутгын дүрийг олуулж
Нарийн учрыг нь мэдүүлж соёрх
Насны намрын толион дундаас
Намба төрхтэй буурийн учрыг ч
Нирваан дүртэй шулмын бодлыг ч
Насад мөнх таниулж хайрла
Насан хутгийг олуулж соёрх
Таван Богдын уулсаас өндөр
Шилтэй шөрмөстэй эр шиг эрийн
Шийдэмгий зангийн шулуун үгийг
Шийргүй хүүдээ шилгээж соёрх
Шинэ бүхнийг сэдүүлж соёрх

Аав минь

------ оОо ------



Буурал аавдаа

Будант хорвоогийн улбаанд бүүдийлгүй
Бусгаа цагийн эрхшээлд автаагүй
Буянт нирваан Буурал аав минь ээ
Буруутах зөвтөхийг залруулдагсан даа та
Бурхан шүтээндээ залбиран мөргөөд
Бүхий л биднийгээ хаацайлдагсан

Зурхайн ухаанд нэвтэрхий хэмээгдэж
Зуугийн хүрээнд алдартай явсансан
Зураг төөрөг, зөн совин
Заяа тавилан, дур зориг

Түүхэн улбаа, үнэний дэнс
Түүгээр ч баймгүй түмний нүд
Түүнийг тань гэрчилнэ ээ
Төвшин сайхан занг тань биширнэм

Сумын заан гэгдэж явсан тань саяхан
Суврага сүмд шавилаж байсан тань түрүүхэн ч
Сургаальт ухаалаг үгсийг тань сонсоход уужим
Сувдан хэлхээт эрхийг тань харахад гоёхон

Халх Монголын язгууртан 
Хаан угсаат Цагаан яст
Харьяат түмэндээ дээдлэгдсэн
Халдашгүй өндөр дээдэстэн

Ханхар янхигар биетэй
Харахад ч сайхан, халдахад ч сүрдэм
Харцага шонхорын дэвэлт лүгээ адил
Харах тань өөр, хайрлах тань далд аа

Тайван амгалан бясалгал үйлдэхийг тань харахад
Тэвчээр зориг улам нэмэгдэх мэт ээ
Тэнэг мугуйд зантныг гэгээрүүлэх тань
Тэнгэрийн элч чанх дэргэд ирсэн мэт адил аа

Сэтгэл зүрхэндээ танийгаа бид дээдэлж
Сэвгүй сайхан нэрийг тань дуурсгана аа
Оройн дээд шүтээн болгон залж
Огт сургаалийг тань гажихгүйг хичээнэ

------ оОо ------


Алтай минь


Мөнх цастай мөнгөн оргилоо
Мөрөөдөх сэтгэлт төрсөн нутгаа
Өөрийн минь төрүүлж
Өвгөдийн минь нутагласан
Өндөр сайхан Алтай нутгаа
Өөрийн зүрхнээс илүүд хайрланам зэ
Сүрлэг сайхан оргил юунд тань биширнэм
Сүртэй бараатай сүрэг аргалаас тань сүрднэм
Сүүмийн сүүмийх өндөр хясаа тань агуу өндөр
Сүүтэгнэн үсрэх эрээн ирвэс тань аяа гайхамшиг

Харах нүдний минь чимэг
Хайрлах зүрхний минь тольт
Хамгаас үнэтэй нандин бүхнээ
Харамгүй чамдаан өргөх юмсан тахил

Араатан жигүүртэн
Атгаг сэтгэлтэн
Аймхай хулчгарууд
Амиа бодогсод
Харин чамайг минь бүү гутааг
Хамаг даяар алдаршуулан түгээг

Алтай минь Алтай минь
Аюумшигт сүрдэм Алтай минь
Агуу түүхт Алтай минь
Чи миний төрсөн нутаг
Чин зүрхний минь мөрөөсөх сэтгэл

------ оОо ------






Ертөнцийг танихуй

Орчлон хорвоогийн ёсыг огоорсоор
Даянчлан суун бясалгал үйлдэвч
Олон ард юугаан асарч үл тэтгэвээс
Даян дэлхийн бясалгал юунд хэрэг

Сэтгэхүйн гүн ухдаас, юмс бүгдийг тайлавч
Сэргэн бадрахын цагт, сэвтэх нь бас л хачин
Хумхын тоос хэмээх харьцангуй ойлголтыг
Хувиршгүй үнэн хэмээвээс
Хийсвэр болох бус уу

Үнэмлэхүй үнэн тодорхой нэг нөхцөлд л
Үнэн хэмээх нэрээ хэвээр хадгалдагийн адил
Үүрдийн үнэн байхгүй гэдэгт итгэ
Үргэлж дандаа хувьсаж байдгыг мэд

Нагаржунайн төв үзлийн шунгийн ёсоор
Найдан шүгдэнгийн сэтгэлийн дууллаар
Нартад орших эх үндэс болох
Нандин гурван эрдэнэ нар, ус, агаарыг шүтюү

Захирч сургагчдын сургаалийг огоорон
Залгамж үе төрөл бүхэндээ
Замбуулин хорвоогийн юмсыг таниулан
Зах хязгааргүй орчилонг бэдчюү

Амьдрал хэмээх ахархан нэгэн хугацаа
Амьдарна хэмээх яггүй том үүрэг
Алхам тутам хөл нийлэн алхавч
Алдах нь харин олон янз байдаг бус уу?

Аз жаргалыг олно хэмээн санахдаа хүмүүс
Алдаж онохыг санадаг бил үүурьд нь
Ахин олдохгүй нэгэнт олдсон насаа гээд
Анзаарахгүй явсаар өнгөрдөг бус уубусдыг

Нисваанисын таван завсаргүй, таван шадар нүгэл
Наран гэрэлт Очирваанийн ом сан бирваан /бярман/
Найдан шүтэгч чин сүсэгт хүмүүст
Насад мөнх бүгдийг хайрлана гэдэгт эргэлзнэм би

Хан хорвоод хүн болж төрөөд
Хамаг даяар тусыг үл санаваас
Халин одох он цагийн эрхшээлд
Харин чамайг мартана гэдгийг сана !

------ оОо ------


Миний ертөнц

Уянгаланхан эгшиглэх ятгын аяс тэртээ сонсогдож
Уйтайхан намуухан намрын навчис хөл дор сарчигнахад
Усгал дөлгөөхөн чиний минь харц бодлогоширхуй
Угаас чулуу мэт зүрхэс хайлан урсах мэт болно оо
Надад олдоогүй түүнд олдсон чиний минь хайр
Насан турш шаналгах зүрхний минь толбо
Надаас бусдад тэврүүлэх чиний цогцос
Нартад бусдын дор орохгүйг сануулаж орхисон
Чамд би хайртай байсан чи хувирч хөндийрсөн
Чи надад дурлаж байсан би хулжиж одсон
Тэгэвч чи бүхнийг дуусахаар надад ирнэ
Тэр цагт харин би тэнгэрт ниснээ
Тэртээ дээрээс чамайг ширтэж
Түймрийн гал шиг үгээн тэвчинэ
Тэгсэн мөртөө шархаан сэдрээж
Тэмцэл дунд сөрөн зогсоно

Тийм ээ найз нь үнэндээ би чинь

Хууран мэхлэгчийг жигшин зэвүүцдэг
Хувь заяагаа голдоггүй боолхио хүн би
Түнэр харанхуйд сандардагүй мөртлөө л
Түрүүчийн цэцэгсийг хараад л тэвддэг

Цагийн шуурганд бөхийх вий гэж айдаг
Цагаас түрүүлж өндийсөнд нь баярладаг
Цаг цагаараа байдаггүй гэдэгт итгэдэг
Цагаан сүү ариун байдагт нь биширдэг

Бусдын зовлонг харж би шаналдаг
Бусдаас өргүүлж өрөвдүүлэхийг хүсдэггүй
Бие сэтгэлээн хайраар бүтсэнд эргэлздэггүй
Бүлээн цус минь магтаалд дургүйд нь гайхдаг

Өрөвдөх хайрлахын эсээс бүтсэн би
Өширөх атаарахын эсрэг төрсөн би
Зөвхөн л нэр гэдэг ариун хайртай
Зөөлөн хатуу алаг чулуу би л

------ оОо ------


Санамж 1

Өчигдөрхөн хуучирсан зүйлс эдүгээ хэрэг болох
Өндөр дээд бурхан явсан ч эргэх цагт бурхан болох
Өнгөт орчлонгийн жамыг дагахаас өөр яахан
Өчүүхэн сэтгэлийн улбаас тайлан яаж чадах

Ирээдүйдээ итгэх итгэлтэй зориг шулуун байж
Идэвхи тэнгэр эцгийн ивгээлийг хүртэх бус уу бид
Оргил сайхан жаргалыг нартайгаан зүйрлэвээс
Огторгуйн олон одод байж таарна хүмүүс бид

Өөрөө өөртөө итгэхээс эрхэм зүйл үгүй
Өрөвдөх сэтгэлийн чандад ч хашир зан хэрэгтэй
Өөдлөх буурах шалтгаан өөрт тань буй
Өнөр баян амьдрал ухаанаас тань хамаарна аа

Хар цагаанаар сүлэлдсэн салхи мэт орчлонд
Хазаар юугаан тааруулж хянаж яв өөрийгөө
Хамгаас үнэтэй зүйлээ зүрхэн дундаа нандигнан
Хардах, эс хардах ухааныг хослуулж яв өөртөө !


------ оОо ------

 

Миний философи


Үнэн сэтгэлийн илчийг түүртэлгүй цуглуулж
Үнэт эрдэнэсийн чулууг түг түмээр хураахуй
Үүрийн цагаан гэгээ үнэгэн харанхуйг ноёлж
Үрийн үрд дамжих мөхөшгүй хуулийг зохиоюу

Бурханаас заяасан авьяас хэдий байвч
Бузар бус сохор аз гэж бас байнам
Бултаж баршгүй үйлийн үрээс зарим нь
Бүхий л аргаар хаацайлж болно хэмээн сэтгэнэм

Хувилхуй ухаан хүний санаагаар хувирч
Хутагтын дөрвөн үнэнг бясалгахуй
Хоосон чанар сэтгэлийн дэнсээр тэнцэж
Хорвоод бас л оршсоор буй ахуй

Гутрах баясахын жаргал зовлонг амсаж бас эдлэж
Гуниг дагуулсан сүүдрээс гэрлийн толбо олохуй
Ганц олдох амьдралын утга учир оршиж
Гагцхүү хөгжих үндэс хүмүүст буй гэдгийг сана!

Өсөхийн жаргалыг жаргал хэмээн ташаарч
Өөрөөс бусдыг үл хайхран явахуй
Өнгө мөнгө хосолсон хяслант энэ орчлонд
Өлмий даран мөшгөх хариу байдгыг мартав за

Наран мандахуй, саран шингэхүй
Навчис соёолохуй, модод өгөрхүй
Ирээд ч байх, буцаад ч л явах
Эхэлж байвч, буцаад л дуусах …


------ оОо ------



Сэтгэлийн дуун

Цэлгэр сайхан талдаа цэнгэнхэн жаргаж
Цэлмэг хөх тэнгэртээ дүүлэнхэн баясаж
Цэв цэнхэр цэцгийн дэлбээнд нь шүтэж
Цэв хүйтэн усны харгианд нь биширьюү

Чамайг намайг нааданхан баясгаж
Чин зүрхний үгийг товлонхон дуулгаюу
Чилүүр тайлах намарын тэр нэгэн үдэш
Чи бидэн хоёрын мартагдашгүй дурдатгал

Чамайг л гэсэн миний сэтгэл
Чадахуйц бүхнээ бүгдийг зориулах хэмээн
Цаглашгүй сайхан итгэлээн тэтгэн
Цаг үргэлж санаж явнам би

Шижир алтан ганжир гэрэлтэн туяархуйд
Шигмуни тэнгэр бурхан нүдэнд үзэгдэхүйеэ
Ширүүн догшин авирт Эрлэг Номун хилэгнэвч
Шилмэл саран гуа Охин тэнгэр заларуулмой

Сэтгэлийн угаас гарах үнэнхүү хайр байвч
Сэрээд ирэхийн цагт нь хөрчихсөн байх тохиолдол
Сэтгэл зүрхний минь уянга эгшиглэнхэн дуулахуйд
Сайхан чамдаан би сэтгэлтэй хэмээн өчсү.


------ оОо ------







Өөрийгөө хайхуй


Гурван марал гудайх чанх тэртээх гүнээс
Гунигт баясалт түүхийг өгүүлнэм зэ
Гунихарсан сэтгэлийн хөг эгшиглэн
Гунхсан моддын шуугиан мэт ажаам

Буурал түүхийг өгүүлнэм хэмээн санахуй
Будант хорвоогийн жам ёсыг сөрьюү
Буурал өвгөдийн сургаал юуг дагаж
Булт бүгдээр зөв мөр дор явюу

Хамаг даяар алдаршин түгсэн
Хайдав хамбын гүн ухааныг биширьюү
Жинхэнэ Монгол зурхай юуг судлаж
Жир бус Зээрэмбэтэний зэргийг горилном би

Одон огторгүй, амьдын зурхай
Орчлон эргэх цагийн хүрд
Огт ялгалгүй шүтээн
Оргил чамайг тайлахыг би хүснэм

Жаргал зовлон хийсч ирж тойрч гардаггүй
Жам ёс төөрөг зургийг чинь толидож
Жаран жаран эргэн эргэх тоолонд
Жаяг түүхийн чинь хуудсыг сөхье, сөхье хэмээнэ би.


------ оОо ------






Үнэн төгс

Өчигдөрхөн хуучирсан зүйл эдүгээ хэрэг болох
Өндөр дээд бурхан явсан ч эргэх цагт буг болох
Өнгөт оорчлонгийн жамыг дагахаас өөр яахан
Өчүүхэн сэтгэлийн улбаас тайлан яаж чадах

Ирээдүйдээ итгэх итгэх итгэлтэй Зориг шулуун байж
Идэвх тэнгэр эцгийн ивгээлийг хүртэх бус уу бид
Оргил сайхан жаргалыг нартайгаан зүйрлэвээс
Огторгуйн олон одод байж таарна хүмүүс бид

Өөрөө өөртөө итгэхээс эрхэм зүйл үгүй
Өрөвдөх сэтгэлийн чандад ч хашир зан хэрэгтэй
Өөдлөх буурах шалтгаан өөрт тань буй
Өнөр баян амьдрал ухаанаас тань хамаарна

Хар цагаанаар сүлэлдсэн салхи мэт орчлонд
Хазаар юугаан тааруулж хянаж яв өөрийгөө
Хамгаас үнэтэй зүйлээ зүрхэн тушаа нандигнан
Хардах, эс хардахын ухааныг хослуулж яв өөртөө


------ оОо ------












Чамдаан

Сэтгэл санааны минь сайхан бүхэн илэрч
Саруул орчлонд гэгээн зүг тэмүүлэхүй
Ганц олдох амьдралын утга учир оршиж
Гагц тэр нэгэн дүрийг санан санан гэрвшинэ

Нартайд ч хуртайд ч
Надад нэг л гунигтай
Найрын дугараанд зонхилдог
Нанчид адил гашуувтар

Алаг цэцгийн дэлбээнд хучин хучин далдалхуй
Алдрай бяцхан зүрх минь сад татан урчина
Аглаг хөдөө талын унаган цэцгийн үнэр
Анхил таримал цэцэгсийн сүр юуг дармуй

Холын ойроос дурсах хэцүү бөгөөд жаргалтай
Ховорхон тохиох хүсэл бодитой эсэх нь эргэлзээ



------ оОо ------