Pages

Friday, November 25, 2011

ТУСГААР ТОГТНОЛ БА АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ




















ТУСГААР
ТОГТНОЛ БА АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ

Шагдарын Үнэнтөгс
Энэ цаг хугацаанд та бид эрх зүйт төр, нийгмийн шинэ байгууламжийг байгуулах зорилтыг гардан хэрэгжүүлцгээж байна. Энэ нь ч монгол төрийн түүхэн цаг үе, шинэтгэлийн асуудал, төр, түүний тогтолцоо, эрх зүйн зохицуулалтын талаар илүү их мэдээлэлтэй байхыг шаарддаг.
Иймээс Монголын төр, нийгмийн байгууллын ерөнхий тогтолцоог бүрдүүлж, бүрэн эрхт, тусгаар тогтносон төрт улсын баталгаа болсон анхдугаар Үндсэн хуулийн тухай санал бодлоо илэрхийлэхийг зорьсон юм.
Эрт эдүгээсээ монголчууд бид төрийн сүлднээ залбиран дээдэлж, хууль ёс, зан заншилын хэм хэмжээнд захирагдсаар ирсэн. Энэ үүднээсээ ч манай монголчууд хууль журмыг батлан мөрдөх, захирамжлан засах, даган засамжлах талаар арвин туршлага бүхий байж. Нөгөөтэйгүүр өөрсдийн төрт улсын эрхшээл болсон хууль цаазаас гадна бусдын эрхнээс хараат байхдаа хүртэл өөрсдийн төрт улсын эрхэмжийг бататган хадгалах үүднээс тухайлсан хууль гарган түүнээ мөрдөж байсан байх юм.
Тухайлбал, Их Монгол Улсын Их Засаг хууль, Юань улсын нэвтэрхий хууль, Монгол-Ойрадын хууль, Халх журам хууль, Монгол цаазын бичиг, Зарлигаар тогтоосон Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг, Зарлигаар тогтоосон Монгол Улсын Хууль зүйлийн бичиг зэрэг түүхэн сурвалжууд нь монголчууд эрх зүйн өндөр соёл, төлөвшилтэй улс байсныг гэрчлэх биз ээ.
Хэдий тийм боловч орчин цагийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бие даасан төрт улсын илэрхийлэл болсон Үндсэн хуулийг Монгол Улсын 14 дүгээр оны 10 дугаар сарын 30 бөгөөд аргын тооллын 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 17 минутад Улсын Анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлээр БНМАУ-ын Анхдугаар Үндсэн хуулийг баталсан юм.
Энэхүү Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтын талаар судлаачдын дунд янз бүрийн маргаантай асуудлыг дагуулдаг ч тус хуулийн Монголын төр, нийгэмд үзүүлсэн ач холбогдолын хувьд Монголын түүхнээ анх удаа хаант ёсыг эрх зүйн хэм хэмжээгээр тайван замаар халж, үндэсний ардчилсан өөрчлөлт, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн байгууламжийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж, төр улсынхаа тусгаар тогтнолыг дэлхий дахинд тунхагласан түүхэн ач холбогдолтой баримт бичиг мөн болохыг нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ.
Embedded image permalink

Нөгөө талаас энэхүү Үндсэн хууль бол Монгол төрийн бодит илэрхийлэл байж цаашдын хувь заяаг тодорхойлон бие даасан хараат бус, нэгдсэн төрт Монгол Улсыг бүрэлдүүлэхэд монгол төрийн зүтгэлтнүүдэд чиг баримжаа болсоор ирснийг хэн ч үгүйсгэж чадахгүй үнэн баримт. Тиймээс энэ талаар судлаачдын дотор өөр өөр үзэл баримтлал байгаа нь уг асуудлыг түүхэн талаас нь авч үзэх шаардлагыг нэмэгдүүлж байна.
Энэхүү Үндсэн хуулийн боловсруулагдан батлагдсан талаар янз бүрийн яриа байдаг. Тухайлбал, тэр үед Монголд ажиллаж байсан Зөвлөлт оросын сургагч Рыскулов, Всевятский нарын хүмүүс зохиогоод түүнийгээ Улсын Их Хурлын хуралдаанд Ерөнхий сайд Б.Цэрэндоржид өгч уншуулаад батлуулсан гэх явган яриа ч бий. Энэ нь үндсэндээ монголын үе үеийн төрийн зүтгэлтнүүд, эрдэмтэн ихэсийг маань хэт дорд үзэн басамжилсан явдал гэж ойлгохоос өөр яахан.
Монголчууд бид тухайн цаг хугацаанд дэлхийн буурай орны нэг байсан нь үнэн боловч дэлхийн соёл иргэншилээс суралцаж, зохих мэдээлэл авдаг, түүнийгээ ашиглан харилцах талаар муугүй байсныг энд дурдах нь илүүц биз ээ. Үнэндээ уг Үндсэн хууль батлагдан гарсан нь гэнэт ийм хууль хэрэгтэй болсноо ойлгоод л гадны хэсэг хүмүүсээр бичүүлээд л гаргачихсан юм биш. Богд хаант Монгол Улсын үеэс ийм хууль гаргах зайлшгүй хэрэгцээ шаардлагыг ойлгон ажлын хэсэг гарган, хол ойрыг судлан ажиллаж байсан байдаг юм. Тухайлбал, 1911 онд өрнөсөн үндэсний чөлөөлөх хөдөлгөөн нь монголын эрх зүйн хүрээнд шинэчлэл хийх бололцоог олгож, манжийн засаг захиргааг халж өөрчлөн, 65 дэвтэр бүхий төрөлжсөн хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулж, Улсын дээд хурлаараа хэлэлцүүлэн Богд хаанаар батлуулаад нийтэд хэвлэн тараах арга хэмжээг авч байсан. Ингэж хууль тогтоомжийг боловсруулан гаргахдаа баруун европын улсуудын эрх зүйн туршлагыг харьцуулан судлаж ашигласан мэдээ бий.
Үүнээс улбаалан 1921 оны ардын хувьсгалын дараа эрх баригчид барууны орнуудын эрх зүйг баримжаалан ажиллаж байсан байдаг. Энэ нь хувьсгалын дараахнаас эхлэн өрнөсөн тусгаар улсын Үндсэн хууль боловсруулах үйл явцын хүрээнд боловсруулагдсан гэх “Хэмжээт засагтай ард улсын Үндсэн хууль хэмээх баримт бичиг”-ийн төслөөс 1921 оны 11 дүгээр сарын 1-ний Ардын Засгийн газрын тогтоолоор “Богд хааны тухай зүйлүүд” гэсэн нэгдүгээр бүлгийг салган авч Тангарагийн гэрээ” болгон баталснаар нотлогддог.
Гэвч албан ёсоор Үндсэн хууль боловсруулах ажлын хэсгийг 1922 оны 5 дугаар сарын 19-нд Монгол Ардын Нам, Ардын Засгийн газрын “Хууль цааз зохиох тухай” тогтоолоор Ардын Засгийн газрын Шүүх яамны сайд, хурц гүн Магсаржаваар ахлуулан байгуулсан юм. Дээрх тогтоолд манай улс ардын эрхт хэмжээт цаазат засгийг явуулж бүхий боловч Үндсэн хууль зүйлийг тогтоон гүйцэтгээгүй нь аливаа хэргийг шийтгэн явуулахад дутагдалтай. Иймд одоогийн тусгай комисс урьд автономит засгийн үед зохион төлөвлөж, хараахан зарлан батламжлаагүй хууль зүйлийн бичгүүдээс авах гээхийг авч, европын олон улсын хууль дүрмийг харгалзан одоогийн засгийн үндсэн журамд нийцүүлэн боловсруулах талаар чиглэл өгсөн байдаг. Үүний дагуу ч манай тухайн үеийн сор болсон сэхээтнүүд Англи, Франц, Орос, Япон, АНУ, Бельги зэрэг улсын Үндсэн хуулийг орчуулан судлаж, практик хэрэглэгдэхүүн болгон өргөн хэрэглэсэн билээ.
Харамсалтай нь тус ажлын хэсгийн боловсруулсан Үндсэн хуулийн төслийг гадны болон дотоодын улс төрийн хүчин зүйлийн нөлөөлөл, шахалтаас улбаалан буруушаан, тус ажлын хэсгийг татан буулгаж Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан шинэчилсэн ажлын хэсгийг 1922 оны сүүлчээр байгуулан, тухайн үед Зөвлөлт Оросын дэлхий нийтэд шинэ дэглэм тогтоох санаархалын нөлөөллөөр Үндсэн хуулиа боловсруулан баталсан юм.
Гэсэн хэдий боловч манай анхны Үндсэн хуулинд урьдах ажлын хэсгийн боловсруулсан гол гол концепциуд тусгалаа олж чадсан. Энэ нь манай хууль 1918 оны Зөвлөлтийн Үндсэн хуулийн бүтэц, зохицуулалтаас эрс ялгаатай байгаагаас харагдаж байна.
Үндсэн хуулийг боловсруулан батлах үйл явцын хүрээнд манай улсын эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгон системчлэх, төрийн байгууламжийн сэтгэлгээнд асар их дэвшил гаргасныг энд өгүүлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, 1921-1924 оны хооронд Ардын Засгийн газраас суурь шинэтгэлийн шинжтэй Үндсэн хуульчилсан 69 хууль, дүрэм батлан гарсан байдаг. Энэ нь БНМАУ-ын Үндсэн хууль боловсруулагдан батлагдах үйл явцын хүрээнд засаг төрийн байгууламж, нийгэм, эдийн засаг, эрх зүй, боловсрол, хүмүүнлэг, шашин шүтлэг, харилцаа холбоо, уул уурхай, газрын төлбөр, гааль татвар зэрэг орчин цагийн төрт улсын эрх хэмжээг бүрдүүлэн анх удаа эрх зүйн хүрээнд зохицуулалт хийж, нэгэнт төсөөлөгдчихсөн нийгмийн байгуулалтыг цогцлоон бүрдүүлж эхэлсэн Монгол Улсын анхны Эрх зүйн шинэтгэлийн өрнүүн бүтээлч үе гэж тодорхойлж болох юм.
Энэ цаг хугацаанд суурь шинэтгэлийн шинжтэй хууль дүрмийг батлан гаргаснаас тоймловол; нэгд. засаг захиргаа, эрх мэдлийн хуваарлилтын хүрээнд: “Улсын хурлын дүрэм”, “Ардын сайд нарын зөвлөлийн дүрэм”, “Тангарагийн гэрээ”, “Хууль дүрмийг боловсронгуй болгон шинэчлэх тухай дүрэм”, “Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм”, “Аймгийн захиргааны дүрэм”, “Багийн дүрэм”, “Их Шавийн захиргааны дүрэм”, “Дарьгангын нутгийн захиргааны дүрэм”, “Улаанбаатар хотын хурал ба хотын захиргааны дүрэм”, “Мал тариалангийн яамны дүрэм”, “Худалдаа ба аж үйлдвэр зам тээвэр харилцан нэвтрэлцэх холбооны яамны дэргэдэх Зам тээврийн газрын дүрэм”, “Монголын олон засаг ба засаг бус ван, гүнгүүдийн эрх хэмжээний тухай дүрэм”, “Эцэг, хөвгүүн хоёр нэг яаманд албан хааж болохгүй тухай дүрэм”, хоёрт. эдийн засаг, банк санхүү, худалдаа, гааль, татварын чиглэлээр; “Монгол Улсын банкны дүрэм”, “Гаалийн татварын дүрэм”, “Телефон хэрэглэгчдээс хураах албан татварын хэмжээний тухай дүрэм", “Улсын хил хязгаараас бараа, эд зүйлс гаргах дүрэм”, “Торгуулийг хураах дүрэм”, “Худалдаа арилжаа хийгчдээс татвар хураах дүрэм”, “Гадаадаас нэвтрүүлэн авчрах цай, элсэн чихэрээс хураах акциз гэдэг тусгай татварын дүрэм”, “БНМАУ-ын Векселийн дүрэм”, “Гаалийн дүрэм”, “Гаалийн дүрмэнд өөрчлөлт оруулах тухай”, “Улсын тэмдгийн татварын дүрэм”, “Улсын сангийн орлого, зарлагын дүрэм”, гуравт. боловсрол, нийгмийн халамж, хөдөлмөрийн харилцааны чиглэлээр; “Бага сургуулийн дүрэм”, “Хүчин үнэлэхийн түр дүрэм”, “Дутуу тахир бологсодыг тэтгэх хөрөнгийн тухай дүрэм”, “Ардын бага ба дунд сургуулийн танхимуудын дагаж явах дүрэм”, дөрөвт. эрх зүйн хариуцлагын механизм, нотариат, арбитр, гадаадын иргэдийн асуудлаар; “Эрүү хорыг устгах тухай”, “Цагдан сэргийлэх хорооны эрх хэмжээний дүрэм”, Хотын дотор морьт, явган цагдаа ажиллуулах дүрэм, Мөрийтэй тоглоомыг хориглох тухай”, “Насанд хүрээгүй хүүхэд, охидын үйлдсэн хэргийн тухай”, “Гадаадад гарах, ирэх хүмүүсийн дүрэм”, “Гадаадтай холбоотой хэргийг шийтгэх дүрэм”, “Дотоод гадаадын пүүс хоршоо, хүн нь харилцан тогтоосон гэрээ бичгийг данснаа гэрчлүүлэн тэмдэглэх тухай дүрэм”, тавд. харилцаа холбоо, үйлдвэрлэл, уул уурхай экологийн чиглэлээр; “Өртөө улааны дүрэм”, “Газрын хууль”, “Ойн хууль”, “Газар худалдах дүрэм”, Гадаад улсын хүмүүст газар түрээслэн олгох тухай дүрэм”, “Уурхай нээх дүрэм”, “Тариа тарих дүрэм”, “Загас агнах, гөрөөлөх дүрэм” гэх зэрэг хууль эрх зүйн томоохон шинэтгэлийг авч хэрэгжүүлсэн байдаг.
Энэ нь манай эрх зүйн сэтгэлгээний үндэсний ардчилсан шинжийг илтгэн харуулахын хамт орчин цагийн туурга тусгаар бие даасан Монгол Улсыг байгуулахад тухайн үеийн Шүүх яам болон төрийн зүтгэлтнүүдийн оруулсан өгүүлшгүй гавьяа зүтгэлийн үр дүнгийн илэрхийлэл байсан юм.
Нөгөөтэйгүүр, дээр өгүүлсэнчлэн Монгол Улс нь эртнээс нааш эрх зүйн өндөр соёл, төлөвшилтэй, өөрийн гэсэн бичиг хэргийн боловруулах чиг баримжаа бүхий улс байсныг гэрчлэх томоохон нотолгоо.
Дүгнэж хэлэхэд Анхдугаар Үндсэн хууль боловсруулах үйл явцын хүрээн дэх энэ үе нь манай эрх зүйн системийг цоо шинээр бүрэлдүүлэн, европын эрх зүйн соёлыг нэвтрүүлэх эх сурвалж болж, цаашид эрх зүйн аль бүлийг даган хууль тогтоомжоо боловсруулан батлах чиг баримжааг тодорхойлсны сацуу энэ хугацаанд гарсан Үндсэн хуулийн ач холбогдолтой органик эрх зүйн актууд нь монголын хууль зүйн шинжлэх ухаанд ахиц гарган салбар эрх зүйн системүүд үүсэх эх суурийг тавьж өгсөн гэж хэлж болно.
Өөрөөр хэлбэл, 1922 оны 5 сарын 7-ний “Хууль дүрмийг боловсронгуй болгон шинэчлэх тухай дүрэм”-ийн агуулгаас нь шинжихэд манай улсын эрх зүйн системийг Эх газрын буюу Ром, германы эрх зүйн бүлд хамааруулан түүнийг баримтлан хууль тогтоомж боловсруулах аргачлалыг тодорхойлсон шинжтэй байна. Мөн дээр дурдсан эрх зүйн актууд нь төрийн эрх мэдлийн хуваарлилт, төрийн алба, нутгийн болон шашны захиргаа, харьяат газар нутгийн зохицуулалт буюу товчхондоо захиргааны эрх зүй, нийгмийн халамж, боловсрол, нотариат, арбитр, цагдаа, гааль, татвар, банк, санхүү, худалдаа арилжаа, хот байгуулалт, эрүү, захиргааны хариуцлагын тогтолцоо буюу салбар эрх зүй төлөвших эх суурийг тавьжээ. Түүгээр ч зогсохгүй экспортын бараанд акцизийн татвар, вексел нэвтрүүлсэн зэрэг нь тухайн үедээ л гадаад мэдээлэл сайтай байсныг илтгэх бөгөөд олон улсын жишигт нийцүүлэх оролдлого хийж байсныг харуулж байна.
Тус Үндсэн хуулиар анх удаа төрийн эрх мэдлийн хувираалилтыг ардчилсан зарчмаар дэлхий нийтийн жишигт нийцүүлэн зохистойгоор бүрдүүлэх үүднээс төрийн эрх барих дээд байгууллагыг хоёр танхимтай хууль тогтоох байгууллагын тогтолцоонд шилжүүлж, гүйцэтгэн захирамжлах байгууллагыг байгуулан, тэдгээрийн эрх хэмжээг тодорхойлон гаргасан байдаг. Үүгээрээ Улсын их хурал, Улсын бага хурал, түүний тэргүүлэгчид болон Засгийн газар, нутгийн захиргааны байгууллагуудын эрх хэмжээ, харилцан хамаарлын эрх зүйн үндсийг анхлан томьёолсноос гадна төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд ард иргэдийн сонгуулийн эрхийн оролцоог хүйсийн ялгаваралгүйгээр хуульчлан Бүгд найрамдах засаглалын хэлбэржилтийг бодитойгоор илэрхийлэх оролдлогыг хийсэн юм.
Анхны Үндсэн хууль нь:
- улсын тусгаар тогтнолыг бататган, иргэдийн эрх, эрх чөлөөг бэхжүүлсэн,
- хамжлагт ёс, сэтгэлгээг халж, иргэн ба төр гэсэн харьяат хамаарлын эрх зүйн үндсийг анх удаа тодорхойлсон,
- энгийн ардад хувийн болон улс төрийн эрх, эрх чөлөөг олгон, ардын эрхэт шинэ дэглэмийг хуульчилсан,
- нийгэм, төрийн байгуулал, эдийн засгийн үндэс, гадаад дотоод бодлогын чиглэлийг тодорхойлсон,
- итгэл үнэмшилтэй байх, шүтэн бишрэх, эвлэлдэн нэгдэх, соён гэгээрэх, зэрэг хүний заяамал эрхийг хүлээн зөвшөөрсөн,
- төрийн байгууллын зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоож, ард иргэдийн оролцоотойгоор төрөө байгуулан, хяналт тавих, тэдгээр байгууллагууд нь иргэдийн өмнө ажлаа тайлагнаж байх төлөөллийн ардчиллын үндсэн зарчмыг хуульчилсан зэрэг нь тухайн үедээ эрх зүйн цоо шинэ сэтгэлгээ, үнэт зүйлс агуулсан байлаа.
Тухайлбал, Тус хуулийн нэгдүгээр зүйлээр улсаа ардын эрхт Бүгд Найрамдах Улсаар тунхаглан, улсын дээд эрхийг ард иргэдэд эдлүүлж, улсын аливаа хэргийг тэдний төлөөллөөр байгуулагдсан Улсын Их Хурал, түүнээс томилсон Засгийн газар гүйцэтгэж байхаар тусгагдсан нь ардчиллын язгуур амин сүнсийг агуулж, цааш цаашдын Үндсэн хууль, хууль тогтоомжийн үндсэн суурь үзэл санаа болж, улам боловсронгуй болсоор өнөө цаг үетэй золгон шинэ Үндсэн хуулийн маань үзэл баримтлал болон биелэлээ олжээ.
Тус хуулиар УИХ, Улсын Бага Хурал, түүний Тэргүүлэгчид, Засгийн газар, төв ба нутгийн захиргааны байгуулага гэсэн ерөнхий тогтолцоотойгоор хуульчилж, төрийн эрх мэдлийн хуваарлилт, эрх хэмжээг тогтоосон байна. Энэ нь улсын дээд эрх мэдлийн байгууллагын хүрээнд аймаг, сум, хот, ардын цэргийн тойргууд шат дараалан хурал зохион байгуулах ба түүнээс сонгогдсон төлөөлөгчид тухайн орон нутгийн хүн амын тооноос шалтгаан УИХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, жил бүр хуралдаж байхаар тогтоосон бөгөөд УИХ-ын төлөөлөгчдийн 3/1 нь шаардсан тохиолдолд Улсын Онц Их Хурлыг зарлан хуралдуулж байхаар хуульчилсан.
Харин УИХ нь 30 гишүүнийг сонгож Улсын Бага Хурлыг байгуулах ба УБХ-ын эрх хэмжээ нь Засгийн газрыг байгуулах, гишүүдийг томилох, чөлөөлөх, хянан шалгах, үүрэг чиглэл өгөх, хууль, дүрэм, тогтоол, тушаал гаргах, УИХ болон Засгийн газрын хуралдааныг зарлан хуралдуулах өргөн эрх хэмжээтэй хамтын удирдлагын тогтолцоотой байгуулага юм. УБХ-ын тэргүүлэгчид нь улсын дээд эрхийг УИХ-ын чөлөө цагт бүрэн хэрэгжүүлж, тэд хууль санаачлах ганц субьектийн эрхийг эдлэхээс гадна Засгийн газар, нутгийн захиргааны байгууллагын эрх хэмжээнд шууд оролцох, хянах, Засгийн газар, түүний байгууллагуудын хоорондын болон тэдгээрээс шалтгаалан гаргасан иргэдийн гомдлыг шалган, эцэслэн барагдуулах, зарим үед шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлж, өршөөл уучлал үзүүлэх, ялыг хөнгөтгөх шийдвэр гаргахаар заасан байдаг. Түүнчлэн Улсын бага хурал нь жилд хоёр удаа хуралдах бөгөөд өөрийн үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнадаг байхаар хуульчилан тогтоогдсон байна.
Засгийн газар нь УИХ, УБХ-аас гаргасан хууль, дүрмээр олгогдсон эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулахаар тогтоосон. Нутгийн захиргааны ерөнхий тогтолцоог аймаг, сум, баг, арван гэрийн нэгжид хувааж, тус бүр өөрийн удирдлагын хуралтай, гүйцэтгэх захиргааны газар, даргатай байхаар заасан ба Засгийн газрын дэргэд эдийн засгийн зөвлөл байгуулахаас гадна улсын төрийн мөнгө, санхүүгийн бодлогыг эрхлэн гүйцэтгэх эрх хэмжээг тогтоож өгсөн байдаг нь нийгмийн шинэ харилцаанд шилжин, засаглалын байгууллагын эрх хэмжээ, уядаа холбоог ардчилсан зарчмаар зохицуулах гэсэн анхны оролдлого байсан гэж болно.
Нөгөөтэйгүүр Үндсэн хууль батлагдан гарснаар түүний зохицуулалтын үндсэн обьект болох Сонгуулийн хууль, УИХ, УБХ, түүний Тэргүүлэгчид, Засгийн газар, яам, төв болон нутгийн захиргааны байгууллагуудын эрх хэмжээг тодорхойлсон хууль дүрмийг шинэчлэх, нийгмийн шинэ шинэ харилцааг зохицуулсан бусад хууль дүрмийг боловсруулан Анхдугаар Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэн батлан гаргах далайцтай ажил хийгдэж ирсэн бүтээлч цаг хугацаа юм.
Мэдээж тус Үндсэн хуулинд учир дутагдалтай талууд байгаа нь ойлгомжтой. Социалист хэв маягийн Үндсэн хуулийн шинжийг агуулсан социалист эрх зүйн үзэл баримтлалын илэрхийлэл болсон ангич үзэл суртал, нийгмийн харилцааны дэг журам тогтоох, хувийн өмчийн хэлбэршилтийг үл зөвшөөрөх гэх зэрэг хувьсгалч шинжтэй зохицуулалтууд байсан. Үүний үрээр ч зарим талаар 1924 –1940 он хүртлэх хугацаанд батлагдсан 1924 оны Худалдааны хууль, 1926 оны Иргэний хууль, БНМАУ-ын Шүүх цаазын бичиг /1930 оны нэмэлт/, Аливаа хэргийн байцаан шийтгэх хууль, Улсын төр, шашны хэргийг тусгаарлан явуулах тухай хууль, Ардын аж ахуйг сайжруулах хоршооны дүрэм, 1930 оны Улсын прокурорын тухай дүрэм, Улсын хянан байцаах яамны дүрэм, 1931 оны БНМАУ-ын хэвлэлийн газрын дүрэм, 1931 оны Хөдөлмөрийн хууль зэрэг нь хэдийгээр нийгмийн харилцааг цоо шинээр зохицуулсан, олон улсын стандартад дөхөж очсон дэвшилтэт алхам байсан боловч зарим талаар үндэсний ардчилсан хэв шинжийг алгуур хязгаарлаж Зөвлөлтийн шахалт нөлөөн дор хувьсгалт ардчилсан хийгээд социалист хэв маягт аажмаар шилжихэд ихээхэн түлхэц үзүүлснийг ч хэлэх хэрэгтэй болов уу.
Энэ үүднээсээ ч 1931 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн БНМАУ-ын 24 дүгээр Бага Хурлаас гаргасан тогтоолоор 1924 онд батлагдсан анхдугаар Үндсэн хуулийн 11 ба 34 дүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Тодруулбал, УБХ-ын эрх хэмжээ болон сонгуулийн эрхийн хүрээнд өөрчлөлт оруулсан юм.
Ингэж анхдугаар Үндсэн хууль батлагдан гарснаар Монгол Улсад Үндсэн хуульт байгууллын хууль зүйн үндэс тавигдаж, төр эрх зүйн шинэ тогтолцоо бүрэлдэх үйл явц өрнөснөөр эрх зүйн салбарууд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бүрэлдэж эхэлсэн юм. Харин тэдгээрийн эх сурвалж болсон хууль тогтоомж шинэчлэгдсэн боловч, нэг талаас монголын уламжлалт хэв шинж бүхий заншлын эрх зүйн үнэт зүйлс, шашин, төр ёсыг хамгаалан бэхжүүлэхэд чиглэгддэг байсан үйл явц аажмаар солигдон социалист хэв шинж бүхий ч олон улсын стандартад нийцэх алхамаа хийсэн түүхэн цаг хугацааны эхлэл болсон юм.
Эцэст нь хэлэхэд энэхүү Үндсэн хууль нь Монгол Улсын түүхэнд Үндсэн хуульт ёсыг тогтоож бэхжүүлсэн, Бүгд найрамдах засаглал тунхагласан, манай эрх зүйн тогтолцоонд европын эрх зүйн соёлыг нэвтрүүлж хөгжлийн шинэ шатанд гаргасан анхдагч эх сурвалж болсноороо онцгой ач холбогдолтой билээ.
Энэхүү Үндсэн хууль нь дараа дараагийн Үндсэн хуулиудыг боловсруулан батлан гаргахад онол, арга, зүй, практикийн асар их ач тус бүхий тулгуур суурь болж, өнөөгийн манай шинэ нийгмийн байгууламжийн үзэл санааны эхлэл болсныг ч хэлэх хэрэгтэй.

Мөн Анхдугаар Үндсэн хуулийг Монгол Улс батлан гаргаснаараа тухайн цаг үед улсынхаа тусгаар тогтнолыг бэхжүүлэх, аль нэг улс оронд нэгдэн уусахгүй байх, бие даасан төрт улсыг байгуулан бүрдүүлэх талаар үе үеийн монгол төрийн зүтгэлтнүүдэд дархлаа бий болгож, аль нэг оронтой нэгдэн нийлэх талаарх гадаад, дотоодын хүчнүүдийн санаархалыг эрх зүйн хувьд ямар нэг байдлаар хазаарлаж, улс орноо тусгаар тогтнуулж, дэлхийн улс түмнээр хүлээн зөвшөөрүүлэх хүсэл тэмүүлэл, урам зоригийн эх ундарга болсоор ирснийг түүх нотлож байна.

Шагдарын Үнэнтөгс
2004.11.26.
Өдрийн сонин, Зууны мэдээ сонин, Өнөөдөр сонин
Төр, эрх зүй сэтгүүл, Хууль дээдлэх ёс сэтгүүл, Эрх зүй сэтгүүл