БУЮУ ГҮТГЭЛЭГ, НЭР ТӨР ГУТААХ АСУУДЛЫН ТАЛААРХ
ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ
Шагдарын Үнэнтөгс
/Мэдээллийн бүрдүүлвэрийн эрхийн хүрээнд бичсэн цуврал өгүүлэл/
Гуравдугаар өгүүлэл Үргэлжлэл. /түрүүч нь ¹14, 15 дугаарт/
Аливаа улсын улс төр, нийгэм, эдийн засаг дахь өөрчлөлт, шинэчлэл нь эцсийн дүндээ хууль болон эрх зүйн бусад актаар дамжин илрэлээ олдог билээ. Хууль бол нийгмийг хөдөлгөгч хүч. Харин тэрхүү хөдөлгөгч хүчнийг залан жолоодох эсэх тухайн нийгмийн эд эс болсон хүн. Энэ үүднээс нь авч үзвэл эрх зүйт төрийн мөн чанар нь хүнийхээ эрх, эрх чөлөөг хэрхэн баталгаажуулан хамгаалсанаас ихээхэн хамааралтай гэж хэлэх байна.
1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн Хуулинд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг ард түмний өмнө тавигдсан эрхэм зорилго хэмээн тунхагласан. Энэ утгаараа эрх зүйт төрийн хамгийн гол зарчим бол хүний эрх, эрх чөлөөг өндөр түвшинд хангах явдал юм гэдгийг бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн явдал юм.
Олон улсын эрх зүйн хэм хэмжээнд Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай Пакт зэрэг буюу товчхондоо олон улсын Хүний эрхийн Биллд хүний үндсэн эрх, эрх чөлөөг хангахын зайлшгүй шаардлагыг заасан байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд хүний хувийн амьдрал, эрүүл мэнд, нэр төр, алдар хүндийг хүний үндсэн эрх, эрх чөлөөний нэг бүрэлдэхүүн хэсэг хэмээн тодорхойлж хамгаалахаар заасан байна. Эрх зүйт төрийн чухал зорилтуудын нэг бол иргэнийхээ зөрчигдсөн эрхийг аль болох шуурхай, шударга байдлаар сэргээх, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх механизмыг боловсронгуй болгон хэрэгжүүлэх явдал юм.
Иймээс өнөө цаг үед тулгамдсан асуудлын нэг болоод байгаа хүний сэтгэл санааны материаллаг бус гэм хор буюу нэр төр гутаах, гүтгэх гэмт хэрэг үйлдэх явдал, түүнийг арилгах, нөхөн төлүүлэх эрх зүйн харилцааны талаар цогцоор нь авч үзэх шаардлага гарч байна.
Сэтгэл санааны гэм хорын тухай ойлголт,
хууль тогтоомжид тусгагдсан байдал
Нийгмийн харилцаа улам бүр өргөжин, хөгжин дэвжихийн хэрээр бидний өдөр тутмын амьдралд санаа сэтгэл зовох, шаналах болон элдэв зовиур амсах зэрэг явдал ихээхэн тохиолддог. Ийнхүү ямар нэг байдлаар эрх нь зөрчигдсөний улмаас хүний материаллаг бус оюун санааны хүрээнд гарч байгаа сөрөг өөрчлөлт, үр дагавар, материаллаг бус баялагт нь учирч буй гэм хорыг арилгах механизмыг оновчтой бүрдүүлэх, хуулийн хүрээнд зөв зохицуулалт хийх шаардлагатай байдаг.
Монгол Улсын Үндсэн хуулинд хүний эрх, нэр төр, алдар хүндийг хуулиар тогтоон хамгаалахаар заасан бөгөөд мөн иргэд нь хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхолыг нь хүндэтгэхээр хуульчилсан нь уг харилцаа Үндсэн хуулийн зохицуулалтын обьект болж, Иргэний хууль, Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулагдаж байна.
Энэ утгаараа тус асуудал нь хүний эрх, эрх чөлөөтэй холбогдож туйлын их анхаарал татаж байгаа асуудал хэдий ч одоогоор энэ талаар манайд доктор Т.Мөнхжаргал, Д.Наранчимэг, судлаач Д.Туяа, Ц,Цолмон нараас өөр төдийлөн нухацтай судалсан, хууль тогтоомжид нарийвчлан тусгасан зүйл бага гэж хэлж болох байна.
Энэ талаар доктор Т.Мөнхжаргал Хохирол бол хариуцлага хүлээлгэх нэг нөхцөл юм. Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид хохирол эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус шинжтэй болохыг заасан, мөн тэр нь эрх зөрчигчийн ямар нэг үйлдлээр үүсэж, ямар нэг хэлбэрээр илрэх байдлыг ойлгоно. Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн зардал буюу гэмтэл, үүрэг хүлээгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид орох байсан орлогыг хохиролд тооцно гэж эд хөрөнгөний хохирлыг тодорхойлсон. Харин бусдын нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан явдал нь эд хөрөнгийн бус хохирол гэж тодорхойлсон байна. /Т.Мөнхжаргал Иргэний эрх зүй. УБ. 1997/
Харин доктор Д.Наранчимэг Гэм хор нь иргэний эрх зүйн хариуцлага үүсэх нэг нөхцөл мөн. Гэм хор нь субьектын амин хувийн эрх болон эд хөрөнгийн эрхийг зөрчсөн явдлаар илэрдэг гээд гэм хорыг материаллаг ба материаллаг бус гэж ангилсан байна. Материаллаг бус гэм хорыг дотор нь:
- хүний амь нас хохироосон, - хүний эрүүл мэндийг сарниулсан, -хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж ангилалт хийжээ. /Д.Наранчимэг Иргэний эрх зүйн үндсэн асуудал. УБ. 1999/
Түүнчлэн доктор С.Нарангэрэлийн Эрх зүйн толь бичигтээ “Гэм хор гэж иргэний эрх зүйд иргэний субьектив эрх буюу баялагийг багасгах, устгах. Хууль зүйн ном зохиол, шүүхийн практикт /хохирол/ гэсэн нэр томьёог хэрэглэдэг. Гэм хор ба хохирол гэсэн нэр томьёо нь хоорондоо яг нийцдэггүй. Гэм хор нь нилээд өргөн хүрээтэй ухагдахуун бөгөөд эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус гэж хуваагдана. Эд хөрөнгийн гэм хор гэдэгт үнэлгээний хэлбэр бүхий эрх зүйн зөрчлийн материаллаг /эдийн засгийн/ үр дагаварыг ойлгоно. Эд хөрөнгийн гэм хорын мөнгөн үнэлгээг хохирол гэж нэрлэнэ” гэж тодорхойлсон байдаг бол оросын иргэний эрх зүйн чиглэлээрх бүтээлд “Гэм хор гэдэг нь аливаа эд хөрөнгийн эрх эсхүл материаллаг бус баялагт халдсан болон зөрчигдсөн байдлыг ойлгоно”4 гэсэн байдаг. Мөн манай Хууль зүйн тайлбар толинд Гэм хор гэдэг нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан хохирол гэж тодорхойлсон байна.
Японы эрх зүйн тайлбар толинд гэм хорийг ......
Дээр дурдсан тодорхойлолтуудаас харахад гэм хор, хохирол гэсэн ойлголтууд нь агуулгын хувьд давхцаж байгаа нь харагдаж байна. Харин хууль тогтоомжид энэ талаар тусгасан байдлыг хувьд авч үзвэл:
1.Иргэний эрх зүйн харилцааны хүрээнд
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2002 онд батлагдсан Иргэний хуулийн 227 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэснээс үзэхэд хохирол гэдэгт хохирогчоос зөрчигдсөн эрхээ сэргээхэд буюу эрх зөрчигдөхөөс өмнөх байдалд эргүүлж оруулахад шаардагдах зардал болон эрх зөрчигдсөний улмаас алдсан орлогыг тодорхойлсон гэж болох байна.
Харин Иргэний хуулийн 497- 514 дүгээр зүйлд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан байдаг. Хуулинд “гэм хор” гэсэн ойлголтыг тодорхойлж өгөөгүй байгаа боловч гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь өөрөө гэрээний бус үүрэгт хамаарах учир гэм хор учирсан явдал нь талуудын хоорондын гэрээний бус харилцаанаас үүсэн гарсан эд хөрөнгийн болоод эд хөрөнгийн бус эрх зөрчигдсөний үр дагавар гэж ойлгож болно.
Тэгэхээр гэм хор, хохирол гэсэн ойлголтуудыг яг ижил ойлголт гэж авч үзэх нь тийм ч оновчтой биш байна. Гэвч 2002 онд батлагдсан Иргэний хуулинд энэ ялгааг нилээд тод гаргаж өгсөн гэж болох бөгөөд уг хуулийн 227 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаас харахад хохирол бол гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нөгөө талд учирсан материаллаг зардал, олох байсан орлого юм. Харин уг хуулийн 228-229 дугаар зүйлд гэм хорыг арилгах ерөнхий нөхцөл, журмыг тогтоосон бөгөөд өмнөх хуулийн ойлголтоос ялгагдах онцлог нь гэм хор арилгах үүрэг нь талууд хоорондоо гэрээний болон гэрээний бус харилцаанд байгаагаас үл хамааран үүсэхээр заажээ. Мөн хуулийн 230 дугаар зүйлд эдийн бус гэм хорыг арилгах талаар заасан бөгөөд Эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлж болох тухай заасан байна.
Иймээс Иргэний хуулийн заалтууд болон дээрх судлаачдын тодорхойлолтоос харахад гэм хор гэсэн ойлголт нь хохирол гэсэн ойлголтоос илүү өргөн утгатай бөгөөд түүнийг өөртөө багтаасан ойлголт гэж болох байна. Өөрөөр хэлбэл гэм хор нь шууд материаллаг хохирол болон эдийн бус гэм хор буюу сэтгэл санааны гэм хор гэсэн төрөлд хуваагдаж болох байна.
Энэхүү ойлголтоор авч үзвэл хүнд учирсан эдийн бус буюу сэтгэл санааны гэм хорыг арилгах, нөхөн төлүүлэх эрх зүйн зохицуулалтын талаар тоймлох шаардлага урган гарч байна. Тухайлбал, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд эдийн бус гэм хорыг арилгах тохиолдол, арга замыг зааж өгсөн. Уг зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн гэм хорыг арилгасныг үл харгалзан эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж заасан байна. Өөрөөрхэлбэл нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан, хувийн нууцтай хамааралтай мэдээг өөрийн нь зөвшөөрөлгүй тараасан, иргэнийг өөрийн зөвшөөрөлгүйгээр элдвээр дүрсэлж нийтэлсэн, олон нийтэд үзүүлсэн тохиолдолд учирсан эдийн бус гэм хорыг нөхөн төлүүлж болохоор хуульчилсан, мөн гэм хорын даатгалыг шинээр оруулсан нь өмнөх зохицуулалтаас илүү нарийвчилсан шинжтэй болсон.
Нөгөөтэйгүүр энд анхаарал татаж буй зүйл бол Иргэний хуулинд Эдийн бус гэм хор гэдэгт яг юуг оруулж тооцох вэ гэдгийг шууд тодорхой зааж өгөөгүй байгаа асуудал юм. Гэхдээ уг хуулийн 511.1-д зааснаар бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх тохиолдолыг эдийн бус гэм хор буюу сэтгэл санааны гэм хор гэсэн ойлголтын бүрэлдэхүүн хэсэгт хамруулан үзэх бололцоотой гэж үзэж болох байна.
Түүнчлэн эдийн бус буюу сэтгэл санааны гэм хорыг нөхөн төлүүлэх талаар манай хууль тогтоомжинд тодорхой зааж өгөөгүй бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эдийн бус гэм хорыг арилгах хэрэгсэл, хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох болон бусад аргаар няцаалт хийхийг үүрэг болгоно” гэж заасан байгаа нь хууль зүйн практикт уг зохицуулалтыг янз бүрээр тайлбарлах, ойлгож шийдвэрлэх тодорхойгүй байдлыг үүсгэх хандлага байна.
Үүнээс үндэслэн хэлэхэд сэтгэл санааны гэм хорыг манайд гэм хорын тусгайлсан төрөл болгож авч үзэхгүй байгаа бөгөөд харин эдийн бус гэм хорыг нөхөн төлүүлэхэд харгалзан үзэх шалгуур болгохоор хуульчилсан нь ажиглагдаж байна. Нөгөөтэйгүүр энэ нь эдийн бус хохиролд чухам яг юуг хамааруулан ойлгох талаар тодорхойлоогүй нь эдийн бус буюу сэтгэл санааны гэм хорын ойлголтын талаар маргаантай асуудлыг үүсгэж болзошгүй үр дагавар гаргаж болох байна. Тухайлбал, хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан эдийн бус гэм хороос гадна хүний амь нас хохироосон, хүний эрүүл мэндийг сарниулсанаас хүнд үүсэх сэтгэл санааны хохирол буюу үр дагаварын талаар хэрхэн зохицуулах талаар иргэний хуулинд тодорхой тусгагдаагүй нь учир дутагдалтай юм. Энэ нь манай шүүхийн практик ч ийм жишгээр явж байгаагаар харж болно.
Тухайлбал, Улсын дээд шүүхээс 1999-2004 оны хооронд хийсэн судалгаанаас харахад шүүхэд хандсан сэтгэл санааны гэм хорыг нөхөн төлүүлэх талаарх нэхэмжлэлүүдийн 35.5 хувь нь нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэж үзэж гэм хорын хохиролыг мөнгөн хэлбэрээр гаргуулахыг илэрхийлсэн, 68.5 хувь нь нэр төрөө сэргээлгэх, залруулга хийлгэх, уучлалт гуйхыг тус тус шаардан нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг судлан үзэхэд нэр төрөө сэргээлэхийг хүссэн 50 хувь, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэхийг 23.7 хувь, сэтгэл санааны хохиролоо арилгуулахыг 14.4 хувь, эрүүл мэндээр хохирсон гэх 9.2 хувь, олох ёстой орлогод сэтгэл санааны улмаас нөлөөлсөн гэх 2.7 хувь эзлэсэн байна.
Түүнчлэн Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн захиалгаар нийслэлийн 6 дүүргийн шүүхэд 3 жилийн байдлаар бидний хийсэн судалгаанаас1 харахад сэтгэл санааны гэм хортой холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн дагуу хэргүүдийн шийдвэрлэсэн байдал нь эдийн бус буюу сэтгэл санааны гэм хорын хохиролыг тооцох асуудал нь зөвхөн Иргэний хуулийн 511.1-д заасны дагуу хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх байдлаар л хязгаарлагдах хандлага байгаа нь харагдаж байлаа.
2. Эрүүгийн эрх зүйн харилцааны хүрээнд:
Иргэний эрх зүйн харилцаанд дээрх байдлаар зохицуулалт хийгдсэн байдаг бол Эрүүгийн эрх зүйн харилцаанд тухайн асуудал нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэйд тооцогдон тусгайлан зохицуулдагдаж байна.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2002 онд батлагдсан Эрүүгийн хуульд “Гүтгэх” гэмт хэргийг Хүний эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэрэг гэсэн бүлэгт хамааруулан 111 дүгээр зүйл болгон тусгасан байдаг бөгөөд мөн уг хуулийн 110 дугаар зүйлээр бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө, эсхүл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр доромжилсон эсэх асуудлыг хуульчилан зохицуулсан байдаг.
Гүтгэх гэмт хэрэг нь хүний нэр төр, алдар хүндийг гутаасан худал мэдээг амаар, бичгээр, элдэв дүрс бичлэг, хуурцаг болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан байхыг тодорхойлсон байна. Энэ нь уг хүний нийгэмд үнэлэгдэх зүй ёсны бодит үнэлгээг доройтуулан, гажуудуулсан ойлголтыг олон нийтэд тараахад чиглэгдсэн мэдээлэл байх бөгөөд тарааж байгаа мэдээ нь уг хүний зан төлөв, үйл ажиллагааны үнэн бодит байдалд нийцэхгүй байхыг ойлгоно. Энэ гэмт хэргийн онцлог шинж нь бусдын нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тарааснаар тодорхойлогддог.
Гүтгэлэг нь тухайн хүнд эдийн бус буюу сэтгэл санааны хохирол учруулдаг. Гүтгэлгийн бүрэлдэхүүн нь бодит байдалд үл нийцсэн мэдээлэл тарааж, түүгээрээ хүний нэр төр, алдар хүндийг гутаасан гэсэн ойлголт болно.
Энэ гэмт хэрэг нь хүний нэр төр, алдар хүндийг гутаах гэсэн шууд санаатай, сэдэлт нь өш хонзон санах, үзэн ядах, атаархах явдал байдаг. Гүтгэлгийг заавал олон хүнд тараасан байхыг шаардахгүй зөвхөн анхны хүнд мэдээлснээр төгсдөг нь тус эрх зүйн харилцааны онцлог юм.
Уг гэмт хэргийн хохирогч нь аливаа хүн тэр ч байтугай бага насны, хэрэг хариуцах чадваргүй түүнчлэн нас барсан хүмүүс ч байж болно. Обьектив тал нь илт худал гүтгэлэг тараасан идэвхтэй үйлдлээр илэрдэг бөгөөд гүтгэлэг нь хохирогчийг гутаасан шинжийг агуулж, нэр хүндийг нь басамжилсан мэдээ сэлт орно. Харин эдгээр гутаасан мэдээ сэлт нь үйл баримтад үндэслэсэн байх бөгөөд эрэгцүүлсэн бодлын байдлаар илрэх ёсгүй.
Харин бусдын нэр төр, алдар хүндийг гутаах агуулгатай гүтгэлгийг бодит байдалд нийцэхгүй, буруу ташаа дүгнэлт хийснээс болж тараасан гэж үзвэл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой байна. Өөрөөрхэлбэл таарсан мэдээ сэлт нь худал боловч уг хүнийг гутаагаагүй байвал гүтгэх гэмт хэрэгт тооцдоггүй. Мөн тараасан мэдээ нь хүний нэр төр, алдар хүндийг гутаахаар мэдээлэл агуулсан боловч бодит байдалд тухайн хүний зан төлөв, үйл ажиллагаанд илэрсэн зүйл байсан бол гүтгэлэг гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж үздэг. Хэрэв тухайн этгээд тараасан мэдээ сэлтээ бодит байдалд нийцсэн үнэн бодитой гэж итгэлтэй байсан боловч үнэн хэрэг дээрээ худал байвал гүтгэсэн гэх гэмт хэргээр хариуцлага хүлээхгүй байх боломжтой. Бас нэг онцлог нь энэ гэмт хэргийн субьект нь 16 насанд хүрсэн этгээд байдаг.
Нөгөөтэйгүүр гүтгэх гэмт хэргийн хамгийн аюултай төрөл нь хүнд, онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллуулахад чиглэн гүтгэсэн явдал байдаг. Энэ төрлийн гэмт хэргийг зориуд, худал мэдээлэх гэмт хэргээс ялгах явдал зайлшгүй чухал юм. Зориуд худал мэдээлэхэд гэм буруутай этгээдийн санаа нь хохирогчийг эрүүгийн хариуцлагад татуулах, харин гүтгэхэд хохирогчийн нэр төр, алдар хүндийг гутаахад чиглэгддэг байна . Жишээлбэл, хэдхэн жилийн өмнө манай нэгэн төрийн өндөр албан тушаалтныг эрүүгийн онц хүнд гэмт хэрэгт гүтгэн, нэр төрийг нь хохироосон явдал гарч байсан билээ.
Гэхдээ гүтгэх гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явагдаж, прокурорын хяналтын дагуу эрүүгийн журмаар шүүхэд хандаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзвэл дараа нь иргэний эрх зүйн журмаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шүүхэд хандаж болох байна.
Нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн
нэр хүндийн талаарх ойлголт, арга зам
Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан зөрчил гаргасан этгээдэд хүлээлгэх хариуцлагын ихэнх тохиолдолд нь Иргэний эрх зүйн чиглэлээр хариуцлага оногдуулж байгаа нь удаа дараагийн судалгаа, шүүхийн практикаас харагдаж байна .
Он
Хэрэг 1991 1992 1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001.
Нийт хэрэг
Иргэний хэрэг 7 5 5 3 8 13 23 31 30 39 10 174
Эрүүгийн хэрэг 3 1 4
Дүн 7 5 5 3 8 13 23 31 33 39 11 178
Харин шүүхээс хэрэг маргааныг шийдвэрлэх явцад гэм буруутай этгээдэд оноож буй эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлэх хэмжээг тогтоох нийтлэг шалгуур байхгүй байгаа. Энэ нь шүүгч өөрийн итгэл үнэмшилдээ дулдуйдан шийдвэр гаргах боломжтойгоос гадна нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гэсэн ойлголтууд нь хоорондоо ялгаатай боловч шүүхийн практикт өөрөөр хэлбэл, шүүх, хариуцагч, нэхэмжлэгч нар эдгээр ойлголтыг төдийлөн анхаарч үздэггүй байна.
Харин гадаад орнуудын хууль зүйн практикт энэ талаар нилээд тодорхой авч үздэг байна. Тухайлбал, европт шүүхийн практик болон хуульчдын дунд хүний эдийн бус буюу сэтгэл санааны гэм хорыг нөхөн төлүүлэхтэй холбоотой бүрдүүлвэр хэд хэдэн асуудлын нэг болох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хэрхэн тодорхойлж ойлгосноос шалтгаалан түүнийг сэргээх, гэм хорыг арилгах, нөхөн төлүүлэх аргыг тогтоох боломж бүрддэг.1
Юуны түрүүнд Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан тохиолдолд сэтгэл санааны гэм хорыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй этгээдэд хэнийг хамруулах вэ гэсэн асуудал чухал. Үүнд иргэн, хуулийн этгээд, эсхүл зөвхөн ганц иргэнийг хамруулах эсэхээ тодорхойлох ёстой. Иймээс нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гэсэн ойлголтуудыг өргөн хүрээнд авч үзэх хэрэгтэй болно.
Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийн талаарх онолын тодорхойлолтыг Монгол хэлний тайлбар толь, Үндсэн хуулийн нэр томьёоны дагалга, Эрх зүйн мэдлэгийн товч толь, Хууль зүйн тайлбар толь номонд хэрхэн тусгасныг авч үзье.
Монгол хэлний товч тайлбар толинд1
- Ёс суртахуун- хэвшиж тогтсон зан суртал
- Зан суртал-уламжлан заншиж ирсэн ёс, дүрэм, хүн нийтээр хүлээн зөвшөөрсөн дадал заншил
- Зан суртахуун- ямар нэг нийгэмлэгийн шаардлагад тохирсон хүний ааль, авир, дүрэм, төлөв
- Алдар 1. Нэрийн хүндэтгэл
2. олонд тарсан, дурдсан нэр /алдар хүнд/
3 үнэгүй бөгөөтөл хууран бадруулсан цуурхал
- Нэр алдар- ногдсон үүргээ нэр төртэй биелүүлэх
- Сэтгэл-элдвийг сэтгэх ухааны эрхтэний нь санаа, бодол, дур хүсэл
- Санаа сэтгэл- сэтгэл гэмтний санаа, амаргүй зүйл
- Санаа- бодол, сэтгэж буй зүйл гэсэн тайлбарыг хийсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн нэр томьёоны дагалгад1
Нэр төр, алдар хүнд гэдэг бол хамт олон, нийгэм төрөөс хүний хувьд өгсөн үнэлгээ юм. Хувь хүн нь нийгмийн гишүүний хувьд алдар хүндтэй байж нийгэм төрөөс оногдуулсан үүргийг нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ бие хүний тухайд нэр төрөө бодож түүнийг ямагт ариун байлгаж алдраа ямагт цуурайтуулах ёс суртахууны хийгээд хууль зүйн ач холбогдол бүхий эрхтэй, үүрэгтэй гэж тайлбарласан байна.
Эрх зүйн мэдлэгийн товч толинд3:
Нэр төр бол бие хүний талаар нийгмийн зүгээс өгч буй тодорхой үнэлэлт бөгөөд түүний нийгмийн бодит шинж юм. Бие хүний нэр төрийг түүний үйл ажиллагаа, үйл хэрэг, үзэл бодлоор тодорхойлно. Алдар хүнд нь бие хүний өөрийн үнэлгээнд илэрхийлэгдэнэ. Энэ үнэлэлт бол бие хүний ухамсар дахь бодит зүйлийн тусгал байдаг ч гэсэн түүнийг тусгайд нь авч үздэг. Иймд нэр төр, алдар хүндийг хооронд нь салгахгүйгээр авч үзэх ёстой. Өнөө үед нийгмийн ёс суртахууны зарчим, иргэд байгууллагын нэр төр, алдар хүндийг хамгаалах явдал нийгэм улс төрийн асар их ач холбогдолтой юм. Иргэний хууль тогтоомжоор иргэд байгууллагын нэр төр, алдар хүндийг хамгаална. Иргэд байгууллагын нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотлож чадахгүй бол уг мэдээг няцаахыг нэр төр нь гутаагдсан иргэн буюу байгууллага шүүхэд шаардах эрхтэй. Хэрэв дурсдан мэдээг хэвлэлд нийтэлсэн бол зохих няцаалтыг хэвлэлээр дамжуулан гүйцэтгэнэ. Бусад тохиолдолд няцаалт хийх журмыг шүүх мэдээ тараасан аргыг харгалзан тогтоодог.
Хууль зүйн тайлбар толинд
Нэр төр гэж хүний нийгэмд эзлэх байр суурь шинж чанар, төлөв байдлыг ёс суртахууны талаас нь илэрхийлсэн үнэлэмж буюу нийгэм эрх зүйн категор. Нэр төр нь хүний төрсөн өдрөөсөө эхлэн зөвхөн өөрт нь заяамал ба салшгүй чанар нь нэр төртэй байх явдал бөгөөд түүнийг хэн ч өөрчлөх, хүчингүй болгох эрхгүйгээс гадна бусдад шилжүүлж болдоггүй.
Алдар хүнд бол хүний авьяас чадвар, ертөнцийг үзэх үзэл, нийгмийн учир холбогдолд өгсөн өөрийн дотоод үнэлгээ юм. алдар хүнд нь санааа сэтгэл зовомтгой, хүмүүсийг өрөвдөж хайрлах сэтгэл, албан тушаал хөөцөлдөх, зусардан бялдуучлахыг зэвүүцэх зэрэг зан чанарууд хүүхэд ахуй үеийн хүмүүжилд суурилдаг өөрийн үнэлэлт юм. хэн сайн мэдэрч шударга ба шударга бус зан үйлийн ялгааг ухамсарлаж чадсан хүн алдар хүндтэй байдаг. Нөгөөтэйгүүр алдар хүнд гэж иргэн, хуулийн этгээд хөдөлмөр, үйлдвэрлэл, авьяас чадвар, ур ухаанаар онцгой амжилт гаргасныг төр, нийгэм, хамт олноос үнэлж өгсөн алдар цол, рэгэм зэрэг, өргөмжлөл юм.
Ажил хэргийн нэр хүнд гэж иргэн, хуулийн этгээд тухайн эрхлэж буй байгууллага, аж ахуйгаа үр ашигтай эрхлэн хөтөлж, үйлдвэрлэл, үйлчилгээ, бараа, бүтээгдэхүүнээрээ тодорхой зах зээл, хэрэглэгчийн хэрэгцээг тогтвортой хангаж, тэдний таашаалыг хүлээх нь тухайн иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг үнэлсэн нийгмийн үнэлэмж юм гэж тодорхойлсон байна.
Нөгөөтэйгүүр Сэтгүүл зүйн онол арга зүйн хүрээнд мэргэжлийн сэтгүүлчийн ёс зүйн зарчимд зааснаар үнэн зөв мэдээллийг шударгаар олж авах, бусдын нэр төрийг хүндэтгэх, худал зүйл мэдээлэх, гүтгэх, үндэслэлгүйгээр буруушаах, аливаа мэдээлэлд хувийн атгаг санаа оруулах, мушгин гуйвуулахыг хориглох, мэдээллийг үнэн зөвийг нотлох явдал хамаардаг байна. Энэ үүднээс нь авч үзвэл хүний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийн талаарх ойлголт, тодорхойлолт, хамгаалалт баталгааны хувьд цогц байдлаар хэрэгждэг, олон хүчин зүйлээс хамаардаг болох нь харагдаж байна.
Иймээс дээрх байдлаас үндэслэн дараах дүгнэлтийг хийж болох байна. Нэр төр гэдэг ойлголтыг хуулийн этгээдийн хувьд хэрэглэх боломжгүй бөгөөд хуулийн этгээд нь зохиомлоор бий болгосон бүтэц болохынхоо хувьд өөрийн ухамсар, сэтгэцтэй байх боломжгүй юм. Хуулийн этгээдийн хувьд ажил хэргийн нэр хүндийг нь гутаасан үед л түүнийг сэргээх талаар ярьж болох бөгөөд учир нь хуулийн этгээд гэдэг нь өөрөө ажил хэрэг явуулах л зорилготой байгуулагддаг ба түүнд зөвхөн ажил хэрэгч шинж чанар л байж болох юм. Иймээс ажил хэргийн нэр хүндийг хөндсөн гэх зөрчлийн үед 3 төрлийн хариуцлага тооцож болох юм. Үүнд:
1/ тараасан мэдээллийг няцаах
2/ учирсан хохирлыг нөхөн төлөх /материаллаг хохирол/
3/-сэтгэл-санааны-гэм-хорыг нөхөн төлөх явдал юм.
Харин иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан хэргийн хувьд дээр дурдсан 3 төрлийн хариуцлагыг аль алиныг нь тооцож болох бөгөөд гэхдээ хуулийн этгээдийн хувьд сэтгэл санааны гэм хорыг нөхөн төлүүлэх хариуцлага оноох боломжгүй юм. Хуулийн этгээд өөрийн гэсэн сэтгэл санаа байхгүй, өөрөөр хэлбэл хуулийн этгээд нь сэтгэлийн хөдөлгөөн, бие мах бодийн зовлон шаналал амссан байх боломжгүй. Иймд хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан тохиолдолд:
- худал мэдээлэлд няцаалт өгөх, - эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх гэсэн 2 төрлийн хариуцлагыг тооцож болно гэж үзэж байна.
Сэтгэл санааны гэм хорын нөхөн төлбөрийн
хууль зүйн үндэслэл
Манай улсын хууль тогтоомжид сэтгэл санааны гэм хорыг нөхөн төлүүлэх талаар шууд заасан заалт байхгүйг гэж болх юм. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Иргэний эрхийг эдийн бус гэм хорыг арилгуулах аргаар хамгаална”, 497 дугаар зүйлд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэл/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй “ гэж заасан байна. Эндээс харахад сэтгэл санаанд учруулсан гэм хорын талаар дурдаагүй байна.
Харин уг хуулийн 511 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол материаллаг хохирлыг арилгасныг үл харгалзан эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэсэн байгаа нь материаллаг хохирлын хажуугаар материаллаг бус хохирлыг нөхөн төлүүлөх бололцоог бүрдүүлсэн гэж болох байна.
Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эдийн бус гэм хорын хэмжээг мэдээ тараасан хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох”-оор зааснаас үзэхэд сэтгэл санаанд учирсан үр дагавар буюу сэтгэл санааны гэм хор нь эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх нэг үзүүлэлт болж байгаа нь харагдаж байна. Иймд манай хууль тогтоомжид заасны дагуу сэтгэл санааны гэм хорыг эдийн бус гэм хорыг нөхөн төлүүлэх аргаар арилгаж болох үндэслэл байна.
Эдийн бус гэм хор гэдэгт эдийн бус баялаг, хувийн эрх нь зөрчигдсөн байдлыг ойлгож болно. Эдийн бус баялагт амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, хувийн амьдралын халдашгүй байдал, хувийн болон гэр бүлийн нууц зэрэг орно. Эдийн бус хувийн эрх гэдэгт оршин суугаа газраа чөлөөтэй сонгох, зохиогчийн эрх, өөрийн нэрийг хэрэглэх эрх зэрэг орно. Эдгээр баялаг, эрхийг эдийн бус гэж тодорхойлох гол шалгуур бол түүнийг бусад этгээдэд дамжуулж болдоггүй, зөвхөн тухайн этгээдэд хамааралтай байдаг онцлогтой юм.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу өөрөөр хэлбэл эд хөрөнгийн болон эдийн бус эрх нь зөрчигдсөн үед гэм хор нөхөн төлүүлэхээр заасан боловч гэм хорын төрлийг нарийн зааглаж өгөөгүй байна. Эндээс үзвэл үүнд Иргэний хуульд заасан гэм хорын хоёр төрлийн аль алиныг нь ч төлүүлж болохоор ойлгогдож байна. Гэтэл 511 дүгээр зүйлд зааснаас харахад зөвхөн эдийн бус гэм хор учирсан тохиолдолд сэтгэл санаанд учирсан үр дагаврыг харгалзан үзэх талаар дээр дурдсанчлан заасан байдаг.
Өөрөөр хэлбэл сэтгэл санааны гэм хор нь эдийн бус гэм хор учирснаас л үүсэх үр дагавар гэж ойлгогдож байна. Уг зүйлийн 1 дэх хэсэгт эдийн бус гэм хорыг нөхөн төлүүлэх тохиолдлыг зааж өгсөн байна. Энэ нь бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан явдал юм. Үүнээс гадна иргэний хуулийн 511.3 –т заасны дагуу уг хуулийн 21.4, 21.5, 21.6-д заасан зөрчлүүд буюу хуулиар тогтоосон хувийн нууцад хамааралтай мэдээг тухайн иргэний өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр тарааснаас гэм хор учирсан гэж үзвэл, иргэний дүрсийг гэрэл зураг, кино, дүрс бичлэгийн хальс, хөрөг зураг болон бусад хэлбэрээр өөрийнх нь зөвшөөрөлгүй нийтэлсэн, олон нийтэд үзүүлснээс гэм хор учирсан зэрэг нь мөн эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлэх үндэслэл болох байна.
Түүнчлэн нас барсан хүний нэр төр, алдар хүндийг гутаасан тохиолдолд түүнийг нь хэрхэн хамгаалах, эд хөрөнгийн бус эрхийн хэмжээг хэрхэн тогтоох, нэр төр гутааснаас сэтгэл санаанд учирсан үр дагавар гэдэгт юуг ойлгох зэрэг асуудал хууль зүйн зохицуулалтын гадна үлдсэн мэт санагдана.
Бусад тохиолдолд гэм хорыг хэрхэн арилгах талаар Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт тодорхой заасан боловч дээр дурдсан тохиолдоос бусдад нь сэтгэл санааны гэм хорыг хэрхэн нөхөн төлүүлэх талаар нарийвчлан заагаагүй байна. Энэ байдлаас шалтгаалан шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ төсөөтэй бус, магадгүй өрөөсгөл гэж болохуйц янз бүрээр шийдвэрлэх хандлага байна гэж болох байна. Тухайлбал доорх судалгаанаас харж болох юм .
Нийслэлийн 6 дүүргийн 1999, 2000, 2001 оны хооронд хариуцагчаас нэхэмжилсэн мөнгөний дээд, доод, дундаж хэмжээ, мөн нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэрийн эд хөрөнгийн бус гэм хорын хэмжээг тогтоосон доод болон дээд, дундаж хэмжээг хүснэгтээр үзүүлэв.
¹
Хаанаас тогтоосон
/мөнгөн дүн/
доод хэмжээ
дундаж хэмжээ
дээд хэмжээ
1.
Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгөн дүн
100000 төг
2 сая - 30 сая
төг
400 сая төг
2.
Шүүхийн шийдвэрээр хариуцагчаас гаргуулахаар
тогтоосон мөнгөн дүн
42000 төг
200000-
500000 төг
1485000 төг
Мөн зарим тохиолдолд нэхэмжлэгчээс “...миний нэр төрийг мөнгөөр үнэлэх аргагүй”, эсхүл “... хариуцагчийн санхүүгийн боломжийг харгалзан” гэх мэтээр эд хөрөнгийн бус гэм хорын хэмжээг мөнгөөр үнэлээгүй байх бөгөөд зөвхөн нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан тохиолдол ч бий.
Харин Эрүүгийн хуулинд гэм буруутай нь тогтоогдвол зохих торгууль оногдуулах, тодорхой хугацаагаар баривчлах, хорих ял оногдуулахаар зохицуулсан байна.
Гэм хорын нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлох асуудал
Мэдээж дээр дурдсан байдлаас гадна шүүхэд нөхөн төлбөрийн хэмжээг объектив байдлаар тодорхойлох тусгай шалгуур байх ёстой. Тодорхой хэрэг бүрийн тухайд шүүгч тухайн хүний зөрчигдсөн баялгийн ерөнхий үнэлгээ, хууль зөрчигчийн гэм буруугийн хэмжээ, эрх зүйн зөрчлийн үр дагаврын хэмжээ, хохирогчийн амьдралын нөхцөл /албан ажлын, гэр бүлийн, ахуйн, материалын, эрүүл мэндийн байдал, нас/, худал мэдээлэл тараагдсан хүрээ, бие эрхтний гэмтлийн хэмжээ, нас барсан хүн болон нэхэмжлэгчийн төрлийн холбоо, талуудын материаллаг байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй юм.
Нөгөөтэйгүүр бас нэг анхаарах томоохон асуудал бол эдийн бус буюу сэтгэл санааны гэм хор учирсан гэх хүн буюу нэхэмжлэл гаргагч маань өөрийн хохирсон гэх үнэлгээгээ мөнгөн хэлбэрээр тооцон нэхэмжлэх, түүнийг нь шүүх хууль хяналтынхан хэрхэн үнэлэн тооцох аргачлал нэн хангалтгүй байгаа болно. Үүнээс шалтгаалан нэхэмжлэл гаргагчид өөрсдийн тооцолсноор буюу хатуухан хэлэхэд хүссэнээрээ нэхэмжлэлийн мөнгөн хэлбэрээ тодорхойлж байна гэхэд хилсдэхгүй байна.
1. Дотоодод нөхөн төлбөрийн
хэмжээг тодорхойлж буй аргачлал
Манай улсын хувьд эд хөрөнгийн бус гэм хорыг нөхөн төлүүлэх хэмжээг тогтоох асуудлын талаар Улсын Дээд Шүүхээс шинэ Иргэний хууль гаргахаас өмнө буюу 2000 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зөвлөмж1 гаргасан байдаг.
Тус зөвлөмжид дараахь байдлаар эдийн бус гэм хорын хохиролыг нөхөн төлүүлэх аргачлалын зөвлөмж гаргасан байна. Үүнд:
“Шүүх эд хөрөнгийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчид учирсан сэтгэл санааны үр дагавар зэргийг харгалзана” гэдгийг доорхи утгаар ойлгоно. /хуучин Иргэний хуулийн 392 дугаар зүйл, шинэ Иргэний хуулийн 511 дүгээр зүйл/
А/ Эд хөрөнгийн бус хохирлын үнэлгээг тогтоохдоо мэдээ тараасан аргыг харгалзан үзнэ. Мэдээг үгээр илэрхийлэх нь зургаар, фото зургаар, дүрс бичлэгээр, дуу авиагаар, бичгээр илэрхийлэхээс зарчмын ялгаатай юм.
Б/ Мэдээлэл тараасан хэрэгсэл нь үнэлгээ өгөх бас нэг нөхцөл юм. Энэхүү арга хэрэгсэл гэдэгт шуудан холбооны бүх төрлийн техник хэрэгсэл орохоос гадна приставка, компьютер, факс гэх мэт зүйлс хамаардаг. Утсаар ярих, факс илгээх нь хоёр өөр тул хохирлын үнэлгээг ялгамжтай тогтооно.
В/ Эд хөрөнгийн бус хохирлыг үнэлэхдээ мэдээлэл тархсан хүрээ, тодруулбал газар нутгийн байршил, нэвтрүүлэх хэрэгслийн хүчин чадлыг харгалзан үзвэл зохино. Жишээлбэл, мэдээг телевизээр нэвтрүүлэхдээ сум, аймаг, улс дэлхийд дамжуулах, олон захиалагчтай хэвлэлд нийтлэх нь цөөн захиалгчтай сонинд нийтлэхээс ялгаатай болно. Түүнчлэн радиогоор нэвтрүүлсэн бол радио цэгийн тоо, сонсогчийн тоог ч ойролцоогоор тогтоож болох юм.
Г/ Хохирогчид учирсан сэтгэл санааны үр дагавар гэдэгт нийгмийн амьдралд идэвхтэй оролцож чадахгүй болох, ажлаас халагдах, шагнал, урамшлаас хасагдах, гэр бүл захидал харилцаа болон өвчний нууц алдагдах, гэр бүл, эцэг эх, үр хүүхдийн сэтгэл санаанд нөлөөлөх, сэтгэцийн гутралд орох, ажил сургуульдаа явж чадахгүй байх, гудамжинд гарахдаа олон түмнээс ичих зэргээр сэтгэл санааны таагүй байдалд орсон байхыг ойлгоно” гэж тус тус заасан байна.
Мөн уг зөвлөмжид заасны дагуу шүүх эдийн бус гэм хорыг нөхөн төлүүлэхдээ дээрх хуульд заасан нөхцөл байдлаас гадна төлбөр хариуцагчийн цалин, орлого, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн хэмжээ, мэдээ тараасан санаа зорилгыг харгалзан үзэж гэм хорын хэмжээг тогтооно гэсэн байна. Энэхүү зөвлөмж нь шүүхүүдээс иргэдийн эдийн бус гэм хорын хохиролыг нөхөн төлүүлэх, арилгах, сэргээхтэй холбогдсон харилцааг арга зүйн хувьд обьектив байдлаар шийдвэрлэх боломжийг бүрдүүлж байна гэж болох байна.
2. Гадаад орнуудад нөхөн төлбөрийн
хэмжээг тодорхойлж буй аргачлал
Гадаад орнуудын хууль зүйн практикаас харахад нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлохдоо дараахь шалгуурыг харгалзан үздэг байна.
• гэм хор учруулагчийн гэм буруугийн хэмжээ
• хохирол учирсан этгээдийн хувийн онцлогтой холбоотой бие махбодийн болоод ёс суртахууны зовлонгийн /гэм хорын/ хэмжээ
• бодит нөхцөл байдал болон хохирогчийн хувийн онцлогийг тусгасан бие махбодийн болоод ёс суртахууны зовлонгийн /гэм хорын/ шинж чанар
• шударга ёсны шаардлага
Гэм хор учруулагчийн гэм хорын хэмжээ, хуулинд гэм буруу хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэж заасан нөхцөлд хэрэглэгдэх бололцоотой.
Зовлонгийн хэмжээ гэдэгт түүний хир гүнзгий байгааг /зовлонгийн гүн гэдэг нь магадгүй тохиромжгүй үг байж болох юм, ийм байдлаар бид жишээлбэл, “сул”, “тэсвэрлэмээр”, “хүчтэй”, “тэсвэрлэшгүй” өвдөлт гэх мэтээр бид хир их гүнзгий зовж байгааг тодорхойлно/ ойлгоно. ”Дундаж” хүний хувьд зовлонгийн гүний хэмжээ эд хөрөнгийн бус баялагын төрлөөс болон түүний багассан хэмжээнээс хамаарах ба харин хохирогчийн хувийн онцлог нь энэ зовлонгийн гүнийг ихэсгэх буюу багасгаж болох юм. Иймд “дундаж” хэмжээг анхааралдаа авах /гэм хор/ шаардлагатай бөгөөд хувийн онцлогоос хамаарч өөрчлөгдөх өөрчлөлтөөр шүүх бодит сэтгэл санааны гэм хор болон түүнд тохирсон нөхөн төлбөрийн хэмжээг тогтоодог.
“Сэтгэл санааны гэм хор” нь хууль бус үйлдлийн нийгмийн үнэлгээг тусгадаг. Иймд нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлохдоо ёс суртахууны болон бие мах бодийн зовлонгийн төрөл /шинж чанар биш/, харин эдгээр эд хөрөнгийн бус гэм хор учирсан баялагийн ач холбогдол шинж чанарыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үздэг. Тэдний үзэж байгаагаар бодит сэтгэл санааны гэм хорын нөхөн төлбөрийн хэмжээ “байж болохуйц сэтгэл санааны гэм хорын нөхөн төлбөр”-ийн хэмжээнээс дөрвөөс илүү дахин хэтрэхгүй байх нь тодорхой төрлийн эрх зүйн зөрчлийн хувьд нөхөн төлбөрийн дээд түвшинг тогтоох бололцоог бүрдүүлдэг гэж үздэг байна.
Эдгээр дурдсан асуудлыг шийдвэрлэх аргачлалыг зарим нэгэн эрдэмтэд гаргсан байдаг. Тухайлбал дээр дурдсан бүх төрлийн шалгуурыг тусгасан доорхи томъёог доктор ноён Эрделевский санал болгосон байдаг.
D=d*f(v)*I*c*(1-f(s))
D-бодит сэтгэл санааны гэм хорын хэмжээ
d-учирч болохуйц сэтгэл санааны гэм хорын хэмжээ
f(v)-гэм хор учруулагчийн гэм хорын хэмжээ
i-хохирогчийн хувийн онцлогийн коэфициент
0c-гэм хор учирах үеийн анхаарал татахуйц нөхцөл байдал
0
0
Энэ томъёоллоос харахад бодит сэтгэл санааны гэм хорын нөхөн төлбөрийн дээд хэмжээ учирч болохуйц сэтгэл санааны гэм хорын хэмжээнээс 4 өөс илүү дахин хэтрэхгүй байхаар харагдаж байна. Энэ томъёоллыг хэрэглэхэд гэм хор учруулагчийн гэм буруугийн хэмжээнд дараахь үнэлгээг хэрэглэж болно гэж үздэг. Үүнд:
F(v)= 0.25 энгийн болгоомжгүй
F(v)=0.5 бүдүүлэг болгоомжгүй
F(v)=0.75 шууд бус санаатай
F(v)=1 шууд санаатай
Мөн гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдал нөхөн төлбөрийн хэмжээг бууруулж болох ба хэрэв санаатай гэм хор учруулсан бол үүнийг харгалзан үздэгүй гээд ийм үед дараахь томъёоллыг хэрэглэж болно гэжээ. Энэ нь:
D=d*f(v)*I*c*(1-f(s))*p
p-гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдал
0.5
Эцэст нь хэлэхэд Улсын Дээд шүүхээс гаргасан дээрх зөвлөмжид эдийн бус гэм хорыг тооцоход хэд хэдэн асуудлыг тодруулан зааж өгсөн нь нилээд дэвшилттэй боловч зарим зүйлийг шинэчлэн найруулсан Иргэний хуульд нийцүүлэх болон илүү тодруулах замаар өөрчлөлт оруулах нь зүйтэй болов уу. Үүнд нэр төр гутаагдсан гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдийн хүрээ хязгаарыг тогтоох /хэт алслагдсан гэм хорыг нөхөн төлүүлэхгүй зэрэг/ болон нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох аргачлалыг улам боловсронгуй болгох, гадаад орнуудын туршлагыг судлан нэвтрүүлэх боломжийг судлах, бусад хуульд энэ талаар заасан заалтыг хэрэглэх зэрэг асуудлуудын зохицуулалтыг хийх шаардлагатай болов уу.
Хүндэтгэсэн,
хууль зүйн шинжлэх ухааны доктор Шагдарын Үнэнтөгс
-------- 0 0 0 --------