Pages

Wednesday, May 20, 2020

ЭРХ ЗҮЙТ ТӨРИЙН ТӨЛӨВШИЛТИЙН ЯВЦ





ЭРХ ЗҮЙТ ТӨРИЙН ТӨЛӨВШИЛТИЙН ЯВЦ


Шагдарын Үнэнтөгс
Хууль зүйн шинжлэх ухааны доктор


Монгол Улсын Үндсэн хууль, түүний үзэл санааны талаар хэдэн зүйл хэлье.

Эрх зүйт төрийн төлөвшилтийн явц
Эрх зүйн шинэтгэлийн бодлого, арга хэмжээг эхлүүлэхэд улс төрийн болоод бас бус шалтгаануудын улмаас ч юм уу, төрийн бодлогын хэмжээнд төдийлөн цэгцтэй системчлэгдсэн байдлаар хэрэгжүүлээгүй явж ирсэн гэж болно.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөдрөөс мөрдөнөТухайлбал, 1992 оны 1 дүгээр сарын 16-нд БНМАУ-ын АИХ-аас Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хууль, БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийг батлан гаргасан байх агаад тус хуулийн “Хууль тогтоомжийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн шинэчлэх” гэсэн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “...Монгол Улсын Үндсэн хуульд заасан хуулиудыг Улсын Бага Хурлаас тогтоосон хуваарийн дагуу 1993 онд багтаан батлан гаргана.”, 5.4-т: “Хууль тогтоомжийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн бүрэн шинэчлэх ажлыг 1996 онд багтаан хийж дуусгана.” гэж тус тус заасан байдаг.


Мөн Улсын Бага Хурлын 1992 оны 14 дүгээр тогтоол гарч шинэ Үндсэн хуулийг дагаж мөрдөх, хууль тогтоомжийг шинэчлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан гаргаж, түүндээ банк, гааль, өмч, аж ахуйн харилцааг зохицуулж буй хуулиудыг болон төрийн байгуулалтын шинэтгэл, сонгууль, төрийн, нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг шинэчлэн зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх талаар эрх зүйн орчинг яаралтай боловсронгуй болгох зорилт тавин ажилласан байдаг.

Тухайн цаг хугацаанд хууль тогтоох байгууллагаас батлан гаргасан хууль, хууль тогтоомжууд нь манай улсын шилжилтийн үйл явцад үнэтэй хувь нэмэр оруулж, зорьж буй шинэ нийгмийн байгууллыг зөв голдиролд нь ороход ихээхэн үүрэг гүйцэтгэсээр байна. Гэсэн хэдий боловч тавьсан зорилтоо тодорхойлсон хугацаандаа амжаагүй, мөн гүйцэтгэлээ амархан шийдэх боломж ч байхгүй байсан гэж болно.

 Энэ үүднээс шинэ Үндсэн хууль батлагдснаас 8 жилийн дараа л системтэйгээр Эрхийн шинэтгэлээ хийхээр төлөвлөж, УИХ-ын 1998 оны 18 дугаар тогтоолоор “Монгол Улсын Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2000 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”, Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-г тус тус баталсан. Мөн УИХ-аас дээрх Үндсэн чиглэлийг удаа дараа шинэчилсэн байдаг.

 Энэхүү баримт бичгүүд нь урьд хийсэн эрх зүйн шинэтгэл, шинэчлэлд үнэлэлт өгч, цаашид төрөөс ямар чигийг баримтлахыг тодорхойлсон бодлогын барим бичиг болов уу. 

Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хууль, түүний үзэл баримтлалд нийцсэн ардчилсан нийгэм, эах зээлийн эдийн засгийн эрх зүйн үндэс бүрэлдэж эхэлсэн боловч эрх зүйн шинэтгэлийг үргэжлүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, нийгэмд шинээр үүсч буй харилцааг хуульчлан зохицуулах, тэдгээрийг олон улсын жишиг, загварт нийцүүлэх, хуулийг дээдлэх, ягштал хэрэгжүүлэх нийгмийн ухамсарыг төлөвшүүлэх шаардлага одоо ч хэвээр байна.

Хатуухан хэлэхэд 1998 оноос Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр, Хууль тогтоомжийг боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлагдан хэрэгжиж эхэлснээс хойш хууль тогтоох байгууллагаас батлан гаргасан хууль, хууль тогтоомжууд нь хэдийгээр нийгмийн амьдралд реформын шинжтэй суурь харилцаануудад зохицуулалт хийж ирсэн боловч зарим талаараа ухралт хийсэн, Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцээгүй, хууль, хууль тогтоомжийн уялдаа холбоо муутай, Үндсэн хуулийн Үндсэн бүтцийн бус хэм хэмжээнүүд гаргасаар байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуульд заасан хууль тогтоомжийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх зарчмаас зарим талаараа ухарсан үйлдэл, үйл ажиллагаа ч болсон гэж дүгнэж болох юм.

Тухайлбал, мөрдөж байгаад хүчингүй болгосон Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Бүчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай, Иргэний хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай, Монгол Улсын Яам болон Агентлагийн эрх зүйн байдлын тухай, Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай, Хууль тогтоомжийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай, Ашигт малтмалын тухай, Төсвийн тухай, Татварын багц хууль болон эдийн засгийн харилцааны зэрэг зарим суурь шинжтэй хууль тогтоомж нь Үндсэн хуулийн Үндсэн бүтцийн бус, уялдаа холбоо муутай, давхардал хийдэл ихтэй, нэг удаагийн шинжтэй байгаа нь учир дутагдалтайгаас илүүтэйгээр хөгжил дэвшил, нийгмийн найрсалтай болоход хор уршиг болоод байна.

Үүнийг Б.Чимид багшийн нөгөө хэлдэг “АЛТАН ЦЭЭЖТЭЙ, МӨНГӨН БӨГСТЭЙ, ЗЭСЭН ТУУРЬТАЙ, ГООЛИГ САЙХАН ЭРЛИЙЗ АДУУ”-тай манай эрх зүйн бүл, түүний бүрдүүлбэр хууль тогтоомжийг зүйрлэн хэлж болмоор байна.

Манай нийгмийн амьдралын бүх хүрээ, салбарт хийж буй шинэчлэл түүний дотор засаг захиргаа, түүний байгууламжийн гол цөм нь болох засаг захиргааны тогтолцоонд шинэтгэлийг зөв арга зүйтэй хийх зайлшгүй шаардлага байгаа нь хот, хөдөөгийн амьдралын ялгаа, төрийн байгууллагуудын үйлдэл, үйл ажиллагаа, ажилгүйдэл, ядуурал, орон нутгийн өнгө төрх, ард түмний амьдрал, нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдээс харагдаж байна.

Засаг захиргаа, түүний тогтолцооны өнөөгийн олон жижиг, удирдлагын тогтолцооны ойлгомжгүй нэгжүүд нь төсвийн үрэлгэн зардлыг нэмэгдүүлж, хүн амын нийгмийн хөгжлийг тэтгэх хүчин зүйл болж чадахгүй, зах зээлийн багтаамж бага, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих боломж хязгаардлагдмал, үүнтэй уялдан төрийн байгууллагын хүнд суртал, үндэслэлгүй чирэгдэл учруулах явдал нь иргэдийн төрд итгэх итгэл сулрах, төрөөс төлөвлөж, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа орхигдох зэрэг сөрөг үр дагавар гарахад нөлөөлж байна.

Нийгмийг Найрсалтай болгох нь

Төрийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, ард түмэндээ үр нөлөөтэй, шуурхай үйлчилж, тэдний үндсэн хэрэгцээг хангах, шударга ёсыг хэвшүүлэх, сайн засаглалыг бүрдүүлэхийг зорих нь Монгол төрийн гол зорилго байх ёстой билээ.
Гэтэл шилжилтийн үед дээрх бэрхшээл байх нь зайлшгүй мэтээр ярьж бичиж, улмаар нийгмийн удирдлагын түвшинд хүртэл хүлээн зөвшөөрөх хандлага газар авах байдал ажиглагдсаар удлаа.

Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрт хийсэн хяналт, шинжилгээ үнэлгээгээр тус хөтөлбөр нь үндсэндээ хэрэгжиж, шинэтгэлийн зорилт “хууль тогтоомжийн хувьд” биелэгдсэн гэж дүгнэсэн байх юм... 

Гэтэл нийгэм, эдийн засгийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжууд нь ойлгомжгүй, тодорхойгүй, хэрэгжих механизм нь харагдахгүй байсаар байгаа нь манай хуулийн үйлчлэл 3 хоног байдагт нөлөөлж байна. 

Гэвч одоо шилжилтийн үе дууссан эсэх талаар маргаж мэтгэлцэх шаардлагагүй бөгөөд хөгжлийн үе нэгэнт эхэлснийг хүлээн зөвшөөрч түүнд нийцэн алхах нь чухал болоод байна. Учир нь даяаршилын үед өрсөлдөөн улам ширүүсч, харгис шинжтэй болж, өчүүхэн хугацааг алдахад л хоцрогдох аюул байгаа бөгөөд улс орны оршин тогтнох эсэхтэй холбоотой болж байна.

Шилжилтийн үе нь өмнөх нийгмийн буруу тогтолцоог задлах үйл явцаар тодорхойллогддог бол Хөгжил дэвшлийн үе нь шинэ тогтолцоог эмхлэх, Нийгмийг Найрсалтай болгох үйл явцаар тодорхойлогддог.

Шилжилтийн үед хуулийн хэрэгжилт тааруухан байдаг бол хөгжил дэвшил, нийгмийн найрсал бүрдүүлэх явцад чухамхүү хуулийн чанд хэрэгжилт, шударга ёсонд тулгуурлах ёстой. Үүнийг зөвхөн эрх зүйн зөв шийдэл, хэм хэмжээ зохицуулах учиртай билээ.

Иймээс тэрхүү сайн цагийн хөгжлийн түлхүүрийг гардах гол хүчин зүйл болох хууль сахиулах салбарт шинэтгэлийг эрчимжүүлэх, дэлхий нийтийн чиг хандлага, хөгжил дэвшлийн технологийг тухайн салбарт нэвтрүүлэх нь туйлын чухал байна. Энэ нь эдийн засгийн шинэчлэлтийг хууль зүйн салбарын шинэтгэл гүйцэхгүй хоцорч байгаагаас хамаарч байна.

Чухам ингэж дүгнэх болсон шалтгаан нь бол манай хууль тогтоомжийн төсөл боловсрогдох, батлагдах үйл явц, түүний эх сурвалж, арга зүйн асуудалд  гол нь бэрхшээл байгааг илэрхийлэхийг зорьж байна. Учир нь манайхны хууль боловсруулж, батлагддаг технологи нь тун энгийн, гадны төсөл, зөвлөмж, гадаад томилолт, сургалт, хувь хүний, бүлэглэлийн хүсэл зоригоос л хамааран шийдэгддэг гэхэд хилсдэхгүй бизээ. Гэхдээ нийт хууль боловсруулагчдынхаа хөдөлмөр, зүтгэлийг үгүйсгэж буй хэрэг огт биш шүү

Басхүү үүнийг зөвхөн монголчууддаа нялзааж, хэтэрхий буруушаах нь бас зохисгүй байгаа юм. Өөрөөрхэлбэл, дэлхий нийтээр ноёлох байр суурьтай АНУ, Япон болон барууны орнууд, сүүлдээ хэт их гүрнүүд өөрийн эрх ашиг сонирхол, зах зээлээ тэлэх бодлогын үүднээс, үндэстэн дамнасан корпорациудын нөлөөгөөр Олон улсын гэрээ, хэлэлцээр, хамтын нийгэмлэгийн төлөв гэх нэрийн дор жижиг орнуудын зах зээлийг олон жилийн турш өөрсддөө хүчээр нээх бодлого баримтлаж, хэрэгжүүлж ирсэн олон улсын геополитикийн нөлөөгөөр эрх зүйн төлөвшил, шинэтгэлийг дам байдлаар олон улсад ашигладаг технологи нь нөлөөлсөн эсэхийг үгүйсгэх аргагүй мэт ...

Хууль гэдэг санааных ...

Ер нь Үндсэн хууль нь нийгмийн ашиг сонирхолуудын бүрдэл, улс төрийн хүчнүүдийн харьцаагаар тодорхойлогдох үзэл суртлын чиг хандлагатай баримт бичиг гэж шуудхан хэлж болох юм. Гэхдээ Үндсэн хууль бол нийгмийн бүх бүлэг, давхаргын эрх ашгийг нэгэн адил эн тэнцүү байдлаар тусган зохицуулах боломжгүй байдаг. Гэвч ардчилсан дэвшилтэт нийгэм байгуулахад үйлчилдэг, ашиг сонирхолуудын тэнцвэрт байдлыг хангах гол хүчин зүйл болдог.

Тухайлбал тухайн нийгмийн тэр үеийн хүчний харьцаа, нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, хувьсгалын болон Үндсэн хууль батлагдах үеийн улс төрийн тохироо зэргийн хүчин зүйлсийн нөлөөүр дүнд дэлхийн олон орны Үндсэн хуулиуд батлагдсан түүхтэй.

Иймээс Үндсэн хуулийн Үндсэн бүтцийн ерөнхий шинж нь:

-                        Үндсэн хуулийн заалт, хэм хэмжээ нь тухайн эрх зүйн тогтолцоонд анхдагч, хамгийн дээд хүчин чадалтай байдгаараа төрийн гол хууль болдог. Иймд Үндсэн хуульд харшилсан хууль, эрх зүйн бусад акт хүчингүй байна. Эрх зүйн ямар ч акт Үндсэн хуулийн хэм хэмжээнээс гажих ёсгүй. Ийм тохиолдолд хэд хэдэн сөрөг үр дагавар гарч болно. Тухайлбал, хууль ёс гажих, ардчилал, энэрэнгүй ёс алдагдах, мөн нэг гол шинж бол эрх зүйн салбарын онол, практикийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон үзэл баримтлалын шинжтэй байхаас гадна тэдгээрийн эрх зүйн суурь үндэс нь болно.

Үндсэн хуулийн хэм хэмжээ, зарчим заалт нь нийгэм, төрийн байгуулал, тэдгээрийг бүрдүүлдэг Үндсэн хуулийн элементүүд, эрх зүйн орчныг бүрдүүлэх хууль зүйн бааз болдог билээ. Хэдийгээр шинэтгэл маань хэрэгжиж байгаа ч гэсэн тулгамдсан асуудал олон байна.

Тухайлбал, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхгүй байх, нийгэм, төрийг үл хүндэтгэж, үл хүндэтгэж, үл тоомсорлож байгаа нь иргэдийн хууль эрх зүйн мэдлэг бага, хууль хэрэгжүүлэх механизм боловсруулагдаагүй байгаатай холбоотой юм.

Нөгөө талаас хуулийг ямар нэгэн ид шидийн хүчин чадалтай мэт үзэж тулгамдсан бүхий л асуудлыг ганц  далайлтаар шийдвэрлэх чадвартай хэрэглүүр гэсэн нийгмийн сэтгэлгээ ч дэлгэрэх хандлагатай байна.

Жишээлбэл, бүх шатны сонгуульд нэр дэвшигч, тэр байтугай байгууллагын удирдлагын сунгаанд хүч үзэгч хүртэл эрх зүйн орчинг боловсронгуй болгож асуудлыг чинь шийдэж өгнө гэдэг болжӨөрөөр хэлбэл олон нийтийн ухамсар бараг л асуудал нэг  бүрт тохирсон  шинэ шинэ хуулиуд баталж  байхыг шаардаж байна.

Энэ нь асар олон хууль тогтоомжууд шинээр батлагдаж, богино хугацаанд өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд иргэдээс хууль тогтоомжуудыг тухай бүр судлах, мэдээлэл авах, танилцах боломж тун хомс байгаатай холбоотой.

Ардчилал бол угтаа хуулийн диктатур /нийтийн хүсэл зоригийг илэрхийлдэг/ тул хуулийг хэрэгжүүлэх албадлагын механизмыг улам боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл бүх нийтээрээ хуулийг ягштал дагаж мөрддөг, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага нь тодорхой, механизм нь боловсронгуй бөгөөд хуулийг үл тоомсорлон биелүүлэхгүй байх замыг хаасан байх ёстой. 

Орчин үеийн төрийн гол философи, зорилт болон иргэн нь тайван, аюулгүй амьдрах орчинг нь бүрдүүлж өгөхөд оршиж байгаа бөгөөд энэхүү зорилтоо хэрэгжүүлснээр нийгэм, эдийн засаг нь дараа дараагийн шатандаа орж хөгжих боломж бүрдэх болов уу.

Үнэндээ хууль гэдэг хүний, хувь хүний хүсэл зоригийн илэрхийлэл, бүтээл нь л байдаг шүү дээ. Мэдээж та энэ бол үндэслэлгүй, сэтгэлийн хөөрлөөрөө хэлсэн, юмыг хэт нэг талаас нь харж буй нэгэн бацааны наукажаагүй гэнэн төсөөлөл гэж хэлэх байх л даа. Үнэн чанартаа үүнийг үгүйсгэж болох ганцхан үндэслэлийг би хэлмээр байна.

Үндсэн хуулийн Үндсэн бүтцийн онолын ерөнхий хүрээнд нь авч үзвэл Үндсэн хууль нь бодит асуудлыг, өөрөөр хэлбэл тухайн үед оршин байгаа аливаа асуудлыг бус, харин төрийн хэлбэр, төрийн байгууллагуудын тогтолцоо, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны арга хэлбэр, зарчим зэрэг нь Үндсэн хууль бүтээгчдийн урьдаас бодож төлөвлөсөн бүтээлийнх нь үр дүн болдог нийтлэг жишиг бий.

Энэ үүднээсээ ч төрийн бодит засаглал нь Үндсэн хуулийн агуулга бус, харин түүний зохицуулалтын обьект болж, тухайн цаг үеийн бодит байдлын тусгал төдий зүйл биш, эцсийн дүндээ хөгжил дэвшлийн загвар болох ёстой.

Уг шалгуур үзүүлэлтийн хүрээнд нь авч үзвэл БНМАУ-ын Үндсэн хуулийн 1990 оны Нэмэлтийн хууль болон одоогийн шинэ Үндсэн хууль, бусад 1990-1999, 2000-2010 онд батлагдсан тулгуур ориганик хуулиудын 70 гаруй хувь нь энэ Бяраагийн Чимидтэн гэх их хүмүүний бүтээл, оюун тархинд нь цогцлоосон үзэл санаа нь байсан, байсаар л байна. Байх ч биз ойрын ирээдүйд 100 жилд. Үүнд бид бүрэн итгэлтэй байж болно.

Эргэлзээд хэрэггүй дээ. Учир нь бидний амьдарч буй цаг үед хэн хэр их эрх мэдэлтэй, баян чинээлэг байснаар нь хамаараад түүх гэгч хэний ч нөлөөнд ордоггүй ноёнтон өөрийн хуудаснаа бичихгүй шүү дээ.

Ганцхан жишээ хэлэхэд л хувь хүн, хэсэг бүлэг, цаашилбал хүмүүсийн нэгдлийн дээд хэлбэр болох улс төрийн нам баримтлах чиглэл бодлого, үйл ажиллагаандаа дэмжлэг болох үүднээс хууль батлах замаар төрийн бодлогоор дэмжүүлдэг нь хэнд ч нууц биш.

            Тухайлбал, Энэ өнгөрсөн гурван арван жилд Бяраагийн Чимид гэх хүний хүсэл зоригоор Үндсэн хууль, органик хуулиуд, цаашилбал төрийн бодлого тодорхойлогдсон нь хатуу ч гэсэн үнэн.

Ийм байдлаар төр гэгч тодорхой хүнд, бүлгийн нэгдлээр төрийн бодлогоо тодорхойлуулан төрийн дархлаагаа бий болгон авч явдаг. Энэ нь тийм ч зохисгүй зүйл биш. Жам ёсны л тохиол. Яалт ч үгүй гашуун юм.

Харин дараагийн гурван арван жилд хэрхэх бол... Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуух...



Шагдарын Үнэнтөгс
Хууль зүйн шинжлэх ухааны доктор